Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 183/2023/01163/И |
Дугаар | 183/ШШ2024/01430 |
Огноо | 2024-04-02 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2024/01430
2024 оны 4 сарын 02 өдөр | Дугаар 183/ШШ2024/01430 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,*******,
Нэхэмжлэлийн шаардлага: Сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******д холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Хан-Уул дүүргийн 118 дугаар сургуулийн захирлын албан тушаалд 2011 оны 7 дугаар сард томилогдож ажиллаж байгаад 2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн шийдвэрээр 2020 оны 02 дугаар сард ажилдаа эргэн томилогдож байсан. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулах******* гаргасан захирамжийн хүрээнд үүрэгт ажлаасаа
чөлөөлөгдсөн. Уг сахилгын шийтгэл үндэслэлгүй бөгөөд албан тушаал бууруулж 52 дугаар сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилсон. Энэ үйлдэл нь тухайн сургуулийн захирлын эрх мэдэлд халдсан, төрийн албан хаагчийг үйл ажиллагаа явуулахад хөндлөнгөөс нөлөөлсөн үйлдэл гэж үзэн 52 дугаар сургуульд ажиллах боломжгүй талаар уг сургуулийн захиралд мэдэгдсэн. Нийслэлийн нь 642 хүүхдийн багтаамжтай сургууль байсан. Сургууль байгуулагдсанаас хойш 92 жилийн дараа анх 770 хүүхэд уг сургуульд орж байсан бол хоёр жилийн дараа 1600 хүүхдээс дээш тооны хүүхэд сургуульд оруулж байсан. 2022 онд 2640 хүүхэд суралцаж байсан. Энэ хугацаанд сургууль дээр 300 гаруй хүүхдийн өргөтгөл нэмээд нийт 960 болсон. 2022 оноос 2023 он хүртэлх хичээлийн жилд буюу сахилгын шийтгэл гарснаас хойш хугацаанд нийт суралцагчдын тоо 3400 болсон. Тухайн сургууль дээр суралцах бололцоогүй болсон бөгөөд үүнээс өмнө анги дүүргэлт хийж нэг ангид 63 хүүхэд орж байсан. Энэ хугацаанд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр 161 дүгээр сургууль Хятад Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар баригдаад дуусах дөхөж байсан. 1200 хүүхдийн багтаамжтай 163 дугаар сургууль баригдаад мөн адил дуусаж байсан. Хичээлийн жил эхлүүлэхэд амралтын үеэр дуудаж ажилд оруулаад 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 161 болон 163 дугаар сургууль 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд ашиглалтад орох бөгөөд уг сургуулиудад суралцах хүүхдүүдийг шилжүүлж суралцуулах талаар Боловсролын хэлтсээс үүрэг даалгавар өгч байсан. Учир нь уг сургуулиуд баригдаж байх явцад барилгын ажиллагаатай байнга танилцаж байсан бөгөөд тухайн баригдаж байсан сургуулиуд хүчин чадлын хувьд тай хамааралтай байсан. Сургуулийг барьж байсан компаниудын удирдлагуудтай уулзаж ажлын газар дээр нь очиж үзэж байсан бөгөөд тухайн сургуулиуд ашиглалтанд орох болоогүй тул хүүхдүүдийг шилжүүлж болохгүй талаарх тайлбарыг Боловсролын хэлтсийн дарга болон тухайн сургуулийн захирлуудад өгсөн бөгөөд хүүхдүүдийг шилжүүлэн суралцуулах бололцоогүй учир ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүй талаар хэлэхэд тухайн сургуулиудын захирлууд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр байрлах д сурч байгаа болон бусад сургуульд сурч байгаа хүүхдүүдийн гэрт очин шинээр баригдсан сургууль 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад орох бөгөөд нэг сарын хугацаанд цахимаар хичээл орох талаар яриад багш нарын сонгон шалгаруулалтыг зохион байгуулаад явах үед миний бие тухайн хоёр сургуулийн захирлыг дээрээ дуудаж уулзаад 1044 хүүхэд шинээр баригдсан сургуульд шилжиж очиход энэ хүрээнд манай сургуулийн багш нарын бүтэц орон тоонд өөрчлөлт гарах бөгөөд анги бүлэг зохион байгуулалтад мөн адил өөрчлөлт орох бөгөөд хамгийн түрүүнд багш нарыг ажлын байраар хангах ёстой. Үүнийг шийдээгүй тохиолдолд сонгон шалгаруулалт зарлаж багш авах боломжгүй талаар хэлсэн бөгөөд хэрэв 1044 хүүхэд явбал манай сургуулиас нийт 24 багш тухайн сургуулиудад шилжиж ажиллах шаардлагатай талаар захирлуудад тайлбарласнаар шинэ сургууль руу шилжин ажиллах тооны хүмүүсийг ажиллуулах баримт дээр гарын үсэг зурсан. Энэ талаарх баримтыг хэргийн материалд хавсаргасан байгаа. Миний ямар нэгэн оролцоо байхгүйгээр сонгон шалгаруулалт явагдаад эхэлсэн байсан. Сургууль ашиглалтад ороогүй байхад хүүхдийг шилжүүлэх буруу гэх талаар байнга хэлж байсан. Боловсролын салбар хоёрдмол удирдлагатай. Хамран сурах тойрог тогтоох тухай Нийслэлийн боловсролын газрын даргын тушаал гарсан. Энэ хүрээнд 21 дүгээр хороо буюу одоогоор газар зохион байгуулалтаар өөрчлөгдөөд 25 дугаар хороо болсон. Тухайн үед 8, 16, 21 дүгээр хороонд оршин суудаг сурагчид д суралцаж байсан. 25 болон
26 дугаар хорооны тодорхой хэсгийн нутаг дэвсгэрт оршин суух сурагчид 161 дүгээр сургуульд суралцах,******* 2 хотхоны хэсэг 163 дугаар сургуульд суралцах байдлаар хамран суралцах байдлыг тогтоосон. Дүүргийн Боловсролын хэлтэс уг ажиллагааг зохион байгуулан явуулж байхад тухайн захирамжийг гаргасан н.Цэрэн дарга мэдэж байсан. 163 дугаар сургуулийн захирал н.Батнасан тухайн сургуульд нэгдүгээр ангийн сурагчдыг хичээллэх боломжоор хангаж өгөх талаар хэлсэн бөгөөд бусдыг нь зохион байгуулсан талаар мэдэгдэхэд нэгдүгээр ангийн сурагчдыг д хичээллэх боломжийг хангасан. 9 дүгээр сарын 01-ний өдөр болж сургалтын үйл ажиллагааг явуулж байх хүрээнд эцэг эхчүүдээс 1044 хүүхдийн талаарх янз бүрийн санал гомдол ирж байсан. Үүнийг Дүүргийн Боловсролын хэлтэст холбогдох газруудад саналаа хэлэх хэрэгтэй бөгөөд миний хувьд шийдвэрлэж чадахгүй асуудал гэх талаар хэлсэн. Хэдийгээр хамран тогтоох тойрог тогтоосон ч гэсэн хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах асуудал бий болсон. Тухайн сургуулийн багтаамж хүрэлцэхгүй. Тухайн үед н.Цэрэн даргын туслах гэх хүн 9 дүгээр сарын 01-ний өдөр утсаар холбогдож, хоёр хүүхдийг д үлдээх талаар хэлэхэд нь боломжгүй бөгөөд 1044 хүүхдийн эрх ашгийн талаар яригдаж байгаа тул даргын танил талаар ганц хоёроор нь шийдэхгүй буюу хүүхдүүдийн эрх тэгш байх ёстой талаар хэлсэн. Тухайн үед энэ талаар Боловсролын хэлтсийн дарга н.Отгонхоролд хэлэхэд ямар нэгэн асуудал Боловсролын хэлтсээр дамжиж хэлэлцэж байж шийдвэрлэнэ гэх хариуг хэлж байсан. Энэ талаар шийдэлд хүрээгүй бөгөөд байж болохгүй зүйлийг эсэргүүцэж байсны төлөө намайг буруутгасан. Хан-Уул дүүрэг дээр дуудаж хуралдсан ба хурал дээр зөвхөн намайг буруутгах асуудал яригдаж байсан бөгөөд ажлын хэсэг байгуулж байсан. Тухайн ажлын хэсэгт байсан хүмүүсийн нэг болох хариуцагчийн төлөөлөгч байсан. Ажлын хэсэг нь зөвхөн намайг буруутгах зорилготойгоор байгуулагдсан ажлын хэсэг бөгөөд хуулийн дагуу буруутай үйлдэл байхгүй гэх талаар хэлсэн. Миний бие төрийн ажил албыг шударгаар гүйцэтгэж байгаа. Ямар нэгэн даргын шахалтаар хүүхдийн эрхтэй холбоотой зүйл хийхгүй талаар тайлбарласан. Сургуулийн захирлын өрөөг хүртэл анги танхим болгоод өрөө байхгүйгээр захирлын ажил үүргээ явуулж байсан. Гэтэл шударга хандаж хүүхдийн эрх ашгийн талаар бодолцож хүүхэд шилжүүлээгүй байсны төлөө буруутгаж байгаа нь хуульд нийцээгүй буюу шударга бус байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүүхдийн сурч боловсрох эрхийн талаар, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд ялгаварлан гадуурхалгүй эрх тэгш байх зарчмын талаар заасан байдаг. Тиймээс тухайн тушаал шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Шүүхийн шийдвэр гарсны дараа цалингийн зөрүүг тооцох тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай гэж шаардлагаа тусад нь гаргана гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн гэж заасан байдаг. Мөн Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийн хүрээнд хүүхдүүдийг сургуульд хамруулах үйл ажиллагааг дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дээр удирдан зохион байгуулсан. 2022 оноос 2023 оны хичээлийн жилд Хан-Уул дүүргийн шилжилт хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулаад 161 болон 163 дугаар Ерөнхий боловсролын сургуулиудын барилгын ажил явагдаж байсан. Үүнтэй холбогдуулаад 7, 8 дугаар саруудад дүүргийн Засаг дарга болон ажлын албад холбогдох үүрэг даалгавруудыг өгч, зохион байгуулсан. Сургуулийн анги дүүргэлтийн үйл ажиллагааг дээшлүүлэх, хичээлийн шинэ жилийг нээх ажлыг хэрэгжүүлсэн. Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 118 дугаар сургуулийн эцэг эхчүүдээс хүүхэд сургуулиас хассан гомдол ирүүлсэн. Уг асуудлын хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Удирдах зөвлөл шуурхай хуралдаад нэхэмжлэгч өөс тайлбар авч, холбогдох асуудлын хүрээнд судлах ажлын хэсэг байгуулахаар болж, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 464 дугаар захирамжаар Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн үйл ажиллагаа болон 2022 оноос 2023 оны хоорондох хичээлийн жилд суралцагчдын сурах эрхийг хангаж байгаа талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг уг сургууль дээр ажиллаад дүгнэлт гаргасан байдаг. 161 болон 163 дугаар сургуулийн тойрогт орсон гэх шалтгаанаар хүүхдүүд хичээл тасалсан байдалтай байсан. Уг сургуулиуд руу шилжсэн хүүхдүүд бүгд д бүртгэлтэй, хамруулж сургах тойргийг жил бүр тогтоодог. Дүүргийн хажуу талын 32 дугаар байранд оршин суух хүүхэд д сурч байгаа бол дараа жилийн хамруулж сургах тойргоор 32 дугаар байр тойргоос хасагдчихвал 3 дугаар ангид сурч байгаа хүүхэд шууд сургуулиасаа хасагдах асуудал гардаг. Шинэ сургуулиудад бол 1 дүгээр ангид элсэн суралцах талаар яригдаж байгаа асуудал. Албан ёсны бүртгэл нь д байгаа боловч шинэ сургуулийн хичээлийн танхимд хүүхдүүд суралцаж байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ажил олгогч, төрийн төлөөлөгч нь энэ асуудлыг тогтоогоод гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй байна гэж тогтоосон тул Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/55, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/60 дугаар Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0456 дугаар итгэмжлэл, Нийслэлийн ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/70 дугаар Нийслэлийн боловсролын газрын даргын тушаал, хавсралт, 118 дугаар сургуулийн дотоод журам, иргэн өөс 52 дугаар сургуулийн захирал Л.Цэрэнханд танаа гэх бичиг, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар сургуулиас 161, 163 дугаар сургуулиудад шилжүүлэх багшийн тоо гэх баримт, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/129 дүгээр 118 дугаар сургуулийн захирлын тушаал, иргэн Э.Бадамцэцэгийн 118 дугаар сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/19 дүгээр ийг ажилд томилох тухай Нийслэлийн Засаг даргын захирамж, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/03 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан захицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, бүртгэл хяналтын карт, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 04/6084 дүгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 04/1999 дүгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын албан бичиг, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаар Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаал, хавсралт, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2022/0062 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11/87 дугаар итгэмжлэл, хариу тайлбар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/55 дугаар Засаг даргын захирамж, захирамж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар, Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, хурлын шийдвэр, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/464 дүгээр ажлын хэсэг байгуулах тухай Засаг даргын захирамж, д 2022 оноос 2023 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын удирдамж, илтгэх хуудас, фото зураг, иргэн Х.Мөнхзул, Б.Түмэндэмбэрэл, Э.Бадамцэцэг нарын Засаг дарга Ж.Алдаржавхланд гаргасан өргөдөл, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/03 дугаар хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/394 дүгээр албан тушаалын тодорхойлолт батлах тухай захирамж, хавсралт, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн 264 дүгээр тайлбар хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг,
Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2023/10379 дүгээр захирамжаар Нийслэлийн боловсролын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/70 дугаар хамран сургах тойрог тогтоох тухай тушаал, тушаалын хавсралт, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/12 дугаар 118 дугаар сургуулийн захирлын тушаал, тойрог тогтоох ажлын төлөвлөгөө, хамран сургах тойргийн санал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын албан тоот, 2022 оноос 2023 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийн судалгаа, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/69, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/94, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/66 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамж зэрэг баримтууд ирснийг хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/55 дугаар захирамжаар д сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулсан нь хуульд нийцээгүй гэж сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, шүүхийн шийдвэр гарсны дараа цалингийн зөрүүг тооцож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай гэж шаардлагаа тусад гаргана гэж тайлбарласан.
3.Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хан-Уул дүүргийн 118 дугаар сургуулийн захирал албан ёсны шийдвэр гараагүй, ашиглалтад ороогүй сургуульд хүүхдийг шилжүүлсэн, тойргийн хүүхэд биш, элсэн сурах боломжгүй гэж хүүхдүүдийг сургуулиас хассан үйлдэл нь хууль зөрчсөн, албан тушаал бууруулж сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
4.Зохигчдын тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдов.
5.Нийслэлийн боловсролын газар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ийг Хан-Уул дүүргийн 118 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилж, 2020/03 тоот хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулжээ.
6.ийг 118 дугаар сургуулийн захирлын ажил үүргээ гүйцэтгэж байхад Хан-Уул дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Б.Цэрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/55 тоот захирамжаар ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1, 40 дүгээр зүйлийн 40.4.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны А/464 дүгээр захирамжаар батлагдсан ажлын хэсгийн 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хяналт шалгалтын илтгэх хуудсыг тус тус үндэслэн Нийслэлийн ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн захирал Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх болох сурч боловсрох эрхийг зөрчин, тушаал гарган батлалгүйгээр 2-12 дугаар ангийн суралцагчдын нэрсийн жагсаалт гарган үйл ажиллагаа нь ашиглалтад ороогүй 161, 163 дугаар сургуулиудад хүргүүлэн сургуулиас завсардуулж, д суралцаж байсан суралцагчдыг өмнө сурч байсан ангидаа үргэлжлүүлэн хичээллэх, сурч боловсрох эрхийг хязгаарласан үйлдэл гаргаж, хамран сургах үүргээ биелүүлэлгүй хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, тэдэнд суурь боловсрол заавал эзэмшүүлэх үүргээ биелүүлээгүй үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулав... гэжээ.
7.Нэхэмжлэгч тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан сургууль ашиглалтад ороогүй байхад хүүхдийг шилжүүлэх буруу гэдэг талаар байнга хэлж, хамран сурах тойрог тогтоох тухай Нийслэлийн боловсролын газрын даргын тушаал гарч, энэ хүрээнд дүүргийн Боловсролын хэлтэс уг ажиллагааг зохион байгуулан явуулж байсныг Б.Цэрэн дарга мэдэж байсан ба тухайн сургуулийн багтаамж хүрэлцэхгүй байхад Б.Цэрэн даргын туслах хоёр хүүхдийг д үлдээх талаар хэлэхэд нь боломжгүй гэдгээ хэлж, миний бие шударга хандаж, хүүхдүүдийн эрх ашгийн үүднээс хүүхэд сургуулиас шилжүүлээгүйн төлөө буруутгагдаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэрэн хувийн байдлаар хандаж дээрх хууль бус шийдвэрийг гаргасан, мөн намайг ажлаас чөлөөлөхдөө Нийслэлийн боловсролын газрын саналыг аваагүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.
8.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Боловсролын тухай хуулийн 31.1.12 дахь заалтыг нэмэн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх, эрхийг дүүргийн Засаг даргад олгосон, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт оруулахад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна гэж ажил олгогч, төрийн төлөөлөгч нь тогтоосон тул шийдвэрээ гаргасан, Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40.4.2-т зааснаар Засаг даргын сахилгын шийтгэл оногдуулах буюу хариуцлага тооцдог, томилдог, чөлөөлдөг эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцсон нь хуульд нийцсэн гэж тайлбарласан болно.
9.Хан-Уул дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн ийг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан гэх боловч Боловсролын тухай хуулийн /2002 оны/ 31 дүгээр зүйлийн 31.1.12-т Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх эрхийг сум, дүүргийн Засаг даргад олгожээ.
10.Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэрэн Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн захирал ийг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилохдоо Боловсролын тухай хуулийн /2002 оны/ 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан Сум дүүргийн Засаг дарга сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх заалтыг зөрчсөн байна.
11.Ажил олгогч ажилтанг хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан тохиолдолд өөрийн санаачлагаар албан тушаал бууруулж, сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргах эрхтэй боловч уг тушаал нь хууль зөхчсөн, ажилтны эрх ашгийг хөндсөн байхад дээрх тушаалыг гаргасан ажил олгогчийн үйл ажиллагааг зөвтгөх боломжгүй байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Б.Цэрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/55 тоот захирамжийг хүчингүй болгож, ийг Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.
12.Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарсны дараа цалингийн зөрүүг тооцож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай гэж шаардлагаа тусад гаргана гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар ийг Нийслэлийн ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН