Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/223

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/52 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлээр Б.Бд холбогдох 2103 00276 0358 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Б-н Б, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... хамт .... дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

Б.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 59 дүгээр гудамж, 9 тоот хашаанд байрлуулсан байсан “Жей Траст Кредит” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Corolla Fielder” загварын 66-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 2.26 хувийн согтолттой үедээ 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орбит 59 дүгээр гудамжны замд “Жей Траст Кредит ББСБ” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Corolla Fielder” загварын 66-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус гудамжны 36 тоот блокон хашааг мөргөж, уг автомашинд сууж явсан зорчигч 47 настай, эмэгтэй А.Батцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, С.Баасанжавын эзэмшлийн эд хөрөнгөнд нийт 768.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хэргийн 97 дугаар талд авагдсан “жолоочийн лавлагаа, мэдээлэл”-д Б.Бд 2010 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдсон, үнэмлэхийн дугаар 665940, үнэмлэхийн төлөө хэсэгт “хүчинтэй” гэж, мөн доод хэсэгт үнэмлэхийн хүчинтэй хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр гэж тэмдэглэгдсэн байх ба Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр дуусгавар болсон байх үед 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бгээс “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дуусгавар болсон байсан, жолоочийн үнэмлэхийн хугацааг сунгуулаагүй байсан” гэж мэдүүлсэн, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 665940 дугаартай жолооны үнэмлэхэд хүчинтэй огноо 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гэж тэмдэглэгдсэн байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд “тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох” талаар заасан ба 15.2 дахь хэсэгт “Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна.” гэж заасан. Мөн хуулийн 17 дугаар зүйлд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хүчинтэй байх хугацааг заасан ба 17.2 дахь хэсэгт “Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил, Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаагаар олгоно. Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох үед тухайн жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа гурван жилээс хэтрэхгүй байвал уг хугацаагаар хязгаарлана.” гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно: 18.1.1 дэх заалтад “жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх журам”-ын 2.6-д Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ээс 18.1.3-т заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон хүн автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд жолоодох эрхийн үнэмлэхийг хурааж, холбогдох хууль, журамд заасан шийтгэл оногдуулна” гэж журамласан.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон Б.Бгийн жолоочийн мэдээлэл, лавлагаанд үнэмлэх хүчинтэй, эсхүл хугацаа дууссан гэсэн хоёр өөр тэмдэглэгээ лавлагаа гарсан тул уг асуудлыг тодруулж, улмаар шүүгдэгч Б.Бгийн үйлдэлд Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” этгээд үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нэг мөр шалгаж тогтоох нь зүйтэй ба энэхүү байдал нь шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын шинж чанарт шууд хамааралтай байна.

Иймд Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг тус прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б нь жолоочийн үнэмлэхээ сунгуулаагүй зөрчил нь гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохгүй гэж үзэж байна. Хууль тогтоогч жолооны үнэмлэхээ сунгуулаагүй, сунгуулах ёстой гэдэг нь мэдэгдэх боломжгүй ийм нөхцөл байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу нийгэмд илүү аюултай гэж үзээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хүндрүүлэх шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх аваагүй буюу зохих мэдлэг эзэмшиж, дадлага хийгээгүй, эсхүл эрхтэй байсан боловч зөрчил гарган холбогдох хуулийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ тодорхой хугацаанд хасуулсан хүнд хамааруулсан юм. Шүүгдэгчийн жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан нөхөн авч амжаагүй байдал нь түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзэн буруутгах үндэслэл болохгүй юм. Хэрвээ тухайн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй байх хугацаа дууссан байхад тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь зөрчлийн шинжтэй гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. ...” гэж заасан. Энэ хэргийн хувьд гэмт хэргийн шинж нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шинжтэй байна гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Тээврийн прокурорын газраас Б.Бг “2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 59 дүгээр гудамж, 9 тоот хашаанд байрлуулсан байсан “Жей Траст Кредит” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Corolla Fielder” загварын 66-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 2.26 хувийн согтолттой үедээ 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орбит 59 дүгээр гудамжны замд “Жей Траст Кредит ББСБ” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Corolla Fielder” загварын 66-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус гудамжны 36 тоот блокон хашааг мөргөж, уг автомашинд сууж явсан зорчигч 47 настай, эмэгтэй А.Батцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, С.Баасанжавын эзэмшлийн эд хөрөнгөнд нийт 768.200 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээлэл нь нотлох баримт болох бөгөөд баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хүн, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон Б.Бгийн жолоочийн мэдээлэл, лавлагаанд үнэмлэх хүчинтэй, эсхүл хугацаа дууссан гэсэн хоёр өөр тэмдэглэгээ лавлагаа гарсан тул уг асуудлыг тодруулж, улмаар шүүгдэгч Б.Бгийн үйлдэлд Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нэг мөр шалгаж тогтоох шаардлагатай...” гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь, хавтаст хэргийн 97 дугаар талд авагдсан Б.Бгийн “жолоочийн лавлагаа, мэдээлэл”-ийн үнэмлэхний төлөө хэсэгт “Хүчинтэй” гэсэн атлаа үнэмлэх хүчинтэй огноо хэсэгт “2020/11/09” гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэмт хэрэгт холбогдсон тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай байна.

Хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт, бодитой тогтоосноор гэмт хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршигт нөлөөлөх ба анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ.

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох”, 15.2 дахь хэсэгт “Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна” гэсэн бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жилийн хугацаагаар олгоно.”, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно”, 18.1.1 дэх хэсэгт “жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан” гэж тус тус заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан Б.Бгийн жолооны үнэмлэхний олгосон хугацаа нь 2010 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдсон хүчинтэй хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр гэж тэмдэглэгдсэн бөгөөд жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон байдлыг тодруулах нь зүйтэй.

Мөн Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх журамд “тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох үндэслэлд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно, тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон хүн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд жолоодох эрхийн үнэмлэхийг хурааж, холбогдох хууль, журамд заасан шийтгэл оногдуулна.” гэжээ.

Иймд прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/52 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/52 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ