Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд  суулган улсын яллагч Ч.Мөнхзул, шүүгдэгч С.Эрдэнэбаяр, Н.Тэмүүжин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаалзай хөгдүүд овогт Сарансүхийн Эрдэнэбаяр, Бодонгууд овогт Нямсүрэнгийн Тэмүүжин нарт холбогдох эрүүгийн 1721000000056  дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1993 оны 06 сарын 18-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Бүсийн адаг” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:ЖА93061810/, Улаалзай хөгдүүд овогт Сарансүхийн Эрдэнэбаяр.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1992 оны 02 сарын 08-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:ЖА92020818/, Бодонгууд овогт Нямсүрэнгийн Тэмүүжин. 

Шүүгдэгч С.Эрдэнэбаяр нь согтуугаар 2017 оны 08 сарын 25-ны орой 17 цагийн орчим Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг “Өндөр булаг” гэх газарт Н.Тэмүүжинтэй “хүндэлсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар хохирогч Н.Тэмүүжингийн биеийн цээжин тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн,   

Шүүгдэгч Н.Тэмүүжин нь согтуугаар 2017 оны 08 сарын 25-ны орой 17 цагийн орчим Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг “Өндөр булаг” гэх газарт С.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хохирогч С.Эрдэнэбаярыг зодож биед нь “...зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацарт зулгарсан...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/   

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.  

Шүүгдэгч Н.Тэмүүжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.  

Хохирогч Н.Тэмүүжин мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 сарын 25-ны өдөр 13 цагийн орчим ангийнхаа Батаа гэх залуутай таарч бид хоёр дэлгүүрээс 1 том Сэнгүүр пиво аваад хувааж уучихаад би гэрлүүгээ буцах замдаа зогсож замын хойно уугаад сууж байхад зүүн талаас машинтай хүмүүс ирсэн ба дотор нь Эрдэнэбаяр явж байгаад машинаас бууж үлдсэн...Эрдэнэбаяр бид хоёр архи ууж байгаад яг юунаас болж маргалдснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан би Эрдэнэбаярын нүүрэнд цохиод заамдалцаад зогсож байхад гэнэт л миний цээжээр чийг даагаад нойт оргиод явчихаар нь би сандраад цээжээ үзэхэд цус гарч байхаар нь гутлаа тайлаад ороолтоороо цээжээ ороосон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/     

Хохирогч С.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг мал руугаа машинаар хүргүүлэхээр явж байтал замд Тэмүүжин ах сууж байхаар нь би нөгөө машинаасаа бууж үлдсэн...архи пиво ууж байхдаа хоорондоо маргалдсан бөгөөд Тэмүүжин ах “Чи намайг хүндлэхгүй байна” гээд нүүрэн тус газар шанаадаад авахаар нь би халаасанд байнга авч явдаг улаан өнгийн тонгорог хутгаар сандраад 2 удаа хатгасан...Тэмүүжин ах биенээс нь цус гарсныг мэдээд  уурандаа “Чи хүн алах нь уу? гээд хэд хэдэн удаа цохиод өшиглөж байгаад намайг орхиод мотоциклоо асаагаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/    

 Гэрч А.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Н.Тэмүүжингийн ээж нь байгаа юм. ...Сая болсон асуудал нь хүүхдийнхээ шинжилгээг өгөх гээд сумын төв ороод буцах замдаа Эрдэнэбаяртай таараад архи дарс ууснаас болж хоорондоо маргалдаж нэг нь нэгнийгээ хутгаар хатгаж нөгөөх нь нэгнийгээ зодсон асуудал болсон байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

-Хохирогч Н.Тэмүүжин, С.Эрдэнэбаяр нарын биед үзлэг хийсэн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 21, 30/

-Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-ийн 22-24, 31-33/

-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 504, 506 тоот дүгнэлтүүд /хх-ийн 25.34/

-Шүүгдэгч Н.Тэмүүжингийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42/            Шүүгдэгч С.Эрдэнэбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.   

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:      

Шүүгдэгч С.Эрдэнэбаяр согтуурсан үедээ 2017 оны 08 сарын 25-ны орой 17 цагийн орчим Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг “Өндөр булаг” гэх газарт хохирогч Н.Тэмүүжинтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,  

Шүүгдэгч Н.Тэмүүжин нь  согтуурсан үедээ  2017 оны 08 сарын 25-ны орой 17 цагийн орчим Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг “Өндөр булаг” гэх газарт хохирогч С.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Н.Тэмүүжингийн мөрдөн байцаалтад өгсөн “...С.Эрдэнэбаяр бид хоёр архи ууж байгаад хоорондоо маргасан. Ямар ч байсан би эхэлж Эрдэнэбаярын нүүрэнд гараараа цохиод заамдалцахад миний цээж рүү хутгаар хатгачихсан....цээжээ юмаар боочихоод Эрдэнэбаярыг хүн алах нь уу гээд хэд хэдэн удаа нүүр рүү нь гараараа цохиод өшиглөчихөөд явсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 41-42/, шүүгдэгч С.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Тэмүүжин ахтай архи уугаад сууж байхдаа маргалдсан. Тэмүүжин ах надад томроод “Чи намайг хүндлэхээ болилоо” гэх зэргээр үг хаяж байснаа миний нүүрэн тус газар шанаадаад унагаад босоод ир гэхээр нь би айж сандарсандаа халаасанд байнга авч явдаг улаан өнгийн тонгорог хутгаа гаргаж ирээд Тэмүүжин ахын бие рүү 2 удаа хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/, түүнийг давхар нотолсон Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 28-ны өдрийн 504 тоот дүгнэлтэд: "…Н.Тэмүүжингийн биед цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй” /хх-ийн 25/ гэх дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 28-ны өдрийн 506 тоот дүгнэлтэд: “...С.Эрдэнэбаярын биед зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацарт зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй” /хх-ийн 34/ гэсэн дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч С.Эрдэнэбаяр, Н.Тэмүүжин нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:  

Шүүгдэгч С.Эрдэнэбаяр, Н.Тэмүүжин нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 28-ны өдрийн 504, 2017 оны 8 сарын 28-ны өдрийн 506 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Эрдэнэбаяр, Н.Тэмүүжин нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.    

 Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний хохирогчид учуулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгч С.Эрдэнэбаяр, Н.Тэмүүжин нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүр 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.        

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч С.Эрдэнэбаярын ЖА93061810, шүүгдэгч Н.Тэмүүжингийн ЖА92020818 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгох нь зүйтэй байна. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

 

1. Шүүгдэгч Улаалзай хөгдүүд овогт Сарансүхийн Эрдэнэбаяр, Бодонгууд овогт Нямсүрэнгийн Тэмүүжин нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сарансүхийн Эрдэнэбаяр, Нямсүрэнгийн Тэмүүжин нарыг тус бүр 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.             

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч С.Эрдэнэбаяр, Н.Тэмүүжин нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.  

4. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С.Эрдэнэбаярын ЖА93061810 рүгистрийн дугаартай, шүүгдэгч Н.Тэмүүжингийн ЖА92020818 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Эрдэнэбаяр, Н.Тэмүүжин нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР