Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1901

 

 

 

 

 

 

 

 

 

Г.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01927 дугаар шийдвэртэй, Г.О-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ж-” ХХК-д холбогдох

 

            Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, С.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О- миний бие “Ж-” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн ХАБЭА-н зохицуулалчаар ажилд орж байсан. 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Цахилгааны чанар хяналтын инженерийн албан тушаалд шилжин ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа ажлын алдаа дутагдал болон сахилгын шийтгэл авч байсан удаагүй. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр цахилгааны инженер Д.Б-тэй ажлын асуудлаас болж маргалдсан. Учир нь Д.Б-ийн хариуцсан дүүжин краны үе шатын ажлыг батлагдсан тодорхой зураг байхгүй, Оюу толгой стандартад кабелийн өнгө болон голчийн хэмжээ нийцэхгүй байдлаар угсарч ямар нэгэн тест үзлэг шалгалт хийгдээгүй байхад кабелийн 2 талын үзүүрийн холболтуудыг хийж дуусгасан байсан. Энэ үйлдэл нь миний ажил үүргийн бүх кабелуудыг тестлэх, шалгалтын хуудаснуудыг баталгаажуулах, хүчдэл авахад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэхэд саад болж байсан тул би кабелиудын 2 талын бүх үзүүрийг тайлсан юм. Гэтэл Д.Б- инженер надруу утсаар залгаж “нэмэгдэхүүний байрыг өөрчлөхөд нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдгийг чи мэдэх үү малаа, яагаад эд нарыг салгаж байгаа муу ац вэ чи” гэж загнасан. Тэгээд би Босоо ам 4 дээр яваад очтол Д.Б- Гантри краны хажууд зогсож байхаар нь би яасан их хүн доромжилдог новш вэ гээд өөрийн барьж явдаг А4-н хэмжээтэй улаан нимгэн хавтасаар гарын булчингийн хавьцаа 1 удаа хүрсэн. Оффис дээр очоод энэ талаар удирдлага болон багийг ахалдаг дарга нарт хэлсэн бөгөөд хүний нөөцийн ажилтан Ө.О-тай уулзахад энэ талаар гомдлоо бичгээр өг гэсэн тул бичгээр өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүний нөөцийн ахлах ажилтан М.С гэх хүн намайг өрөөндөө дуудаж танай багийн менежер Grant Williams чамайг үнэлсэн үнэлгээний дагуу 4 дүгээр сарын 01-ний өдрөөс цалингийн үнэлгээг нэмэгдүүлэх захирлын тушаал гарсан гэж хэлээд 2 тушаал гаргаж ирээд нэгийг нь надад өгч нөгөөг нь өөртөө үлдээсэн. Мөн Чанар хяналтын инженер ажлын байрны тодорхойлолт гэх мэт бичиг баримтуудад гарын үсэг зуруулаагүй байсан байна гээд гарын үсэг зуруулахдаа 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр зураад өгөөрэй гэсэн тул би хүсэлтийнх нь дагуу зурж өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр би ростерийн амралтаа аваад Улаанбаатар хотод байж байтал хотын оффисоос Н.Б гэж хүн утсаар ярьж таны гаргасан гомдолтой холбоотой асууж тодруулах зүйл байна гээд очиж уулзсан. Тэгээд надаас бэлдсэн гээд хэдэн асуулт асуусан бөгөөд миний гаргасан гомдолтой холбоотой асуулт огт асуугаагүй. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ростерийн амралт дуусч ажил дээрээ очиход М.С намайг дуудаж Д.Б-тэй холбоотой маргаанаас болж намайг ажлаас чөлөөлөх болсон талаар хэлсэн. Миний бие Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн GCR-0-16-Б/289 дугаартай тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие Д.Б-д ямар нэг байдлаар хүч хэрэглэсэн, бие махбодид нь халдсан зүйл огт байхгүй. Нөгөө талаас Төслийн тусгай шаардлагын 1.2.1-д заасан зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохгүй Оюу толгойн уурхайн талбараас гаргах боломж ажил олгогчид байсан. Иймд Г.О-г ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 3 587 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ж-” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О нь манай компанид анх 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Улмаар 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн халагдах хүртэлх хугацаанд чанар хяналтын инженерийн албан тушаалд ажиллаж байсан. Г.О- 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажлын байран дээрээ цахилгааны инженер Д.Б-тэй маргалдаж, Д.Б-ийн мөрөн тус газар барьж явсан зүйлээрээ хэд хэдэн удаа цохьсон байдаг. Энэхүү үйлдэл нь Г.О-гийн өөрийн болон холбогдох ажилтнуудын өгсөн тайлбараар нотлогддог. Г.О-гийн тус үйлдэл нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байсан тул 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар Г.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл уг шийдвэрийг бид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг болон холбогдох бусад зүйл заалтад нийцсэн үндэслэл бүхий шийдвэр юм. Иймд Г.О-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.О-гийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 428,16 төгрөгийг улсын орлгогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. “Ж-” ХХК болон Г.О- нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1, Хөдөлмөрийн гэрээний хавсралт №2 Төслийн тусгай шаардлагын 1 дүгээр зүйлийн 1.2.1 -т “Бусдын эсрэг хүч хэрэглэх, бусдын бие махбодод халдах” үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан байдаг. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/01927 дугаар шийдвзрийн 3 дугаар нүүрний 8 дахь догол мөр “Зохигчдын тайлбар болон хэрэгг авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.О- нь цахилгааны инженер Д.Б-тэй маргалдах үедээ А4 хэмжээтэй хавтсаар биед нь цохисон болох нь тогтоогдож байх ба нэхэмжпэгч дээрх үйл баримтын талаар маргаагүй боловч цохисон үйлдэл нь Д.Б-ийн биед хохирол учруулаагүй, ялимгүй зөрчил гэж тайлбарлаж байгаа нь дээр дүгнэсэнчлэн хөдөлмөрийн гэрээнд уг үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор нэрлэн заасан тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна” хэмээн үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн’ гэрээнд нэрлэн заасан байна” гэж тайлбарласан байдаг. Энэхүү тайлбараас харвал тухайн зөрчлийн нөлөө, сөрөг үр дагавраас хамааран ноцтой эсэхийг тогтоох бөгөөд гэрээнд ноцтой гэж тооцсон зөрчил болгон ноцтой зөрчилд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил хэмээн тооцсон үйлдэл ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй, ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц үр дагавар бий болгоогүй бол тухайн зөрчлийг ноцтой гэж үзэхэд учир дутагдалтай. Анхан шатны шүүхийн шийдвэрт сахилгын зөрчлийг идэвхтэй үйлдлээр бусдыг цохисон үйлдэл хэмээн шууд утгаар тайлбарласан нь хэргийг бодит байдлыг буруу дүгнэхэд хүргэж байна. Учир нь “Бусдын эсрэг хүч хэрэглэх, бусдын бие махбодод халдах” үйлдэл нь хууль зүйн зөрчлийн бие даасан төрөл болох сахилгын зөрчил болохын хувьд өөрийн гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг. Дээрх үйлдэл нь бүрэлдэхүүний хувьд бусад ижил төстэй үйлдлээсээ субъектив талын элемент болох хохирогчид айдас төрүүлэх зорилго, объектив талын хувьд хохирогчид хохирол учруулсан байх байдлаараа ялгагддаг. Тухайлбал: “Бусдын эсрэг хүч хэрэглэх, бусдын бие махбодод халдах" үйлдлийг хохирогчид айдас төрүүлэх зорилгоор үйлдэж, үйлдлийн улмаас хохирогч айдаст автсан байх ба мөн хохирогчид хөхөрсөн, няцарсан, гэмтэл учирсан гэх мэт үр дагавар үүссэн байдаг. Г.О- нь цахилгааны инженер Д.Б-ийг цааш харсан байхад нь “Хөөе чи яасан их хүн доромжилдог юм бэ” хэмээн дуудах зорилгоор барьж явсан А4-ийн хавтсаараа гарын булчин тус газар нь нэг удаа хүрсэн. Шүүхийн шийдвэрийн дээр дурдсан хэсэгг “цохисон болох нь тогтоогдож байна” гэж үзсэн нь хавтаст хэргийн хүрээнд авагдсан ямар нотлох баримтаар нотлогдож байгааг зааж өгөөгүй тул үндэслэл бүхий дүгнэлт биш байна. Цохьсон үйлдэл бүр хүч хэрэглэсэн үйлдэлд хамаарахгүй. Учир нь монгол хэлний их тайлбар тольд хүч хэрэглэх гэдэг нь хүч чадлын давуу байдлаа ашиглах гэж тайлбарласан байдаг. Нөгөө талаас, Хөдөлмөрийн гэрээнд заасан төслийн тусгай шаардлага нь “Ж-” ХХК-ийн зүгээс “Оюу толгойн гүн уурхайн босоо ам 3 болон 4-ийн нэвтрэлтийн төсөл”-д ажиллаж буй ажилчин бүрт тавьж буй дахин давтагдан хэрэглэгдэх шинжгэй шаардлага бүхий заалтууд юм. Хөдөлмөрийн гэрээний талууд уг заалтуудыг нэг бүрчлэн тохиролцох боломжгүй байсан. Төслийн тусгай шаардлагын 1 дүгээр зүйлийн 1.2.1-д “Бусдын эсрэг хүч хэрэглэх, бусдын бие махбодод халдах” заасан сахилгын зөрчил нь утга агуулгын хувьд бусад үйлдлээс юугаар ялгагдах, хэр хэмжээний хувьд ямар байх зэрэг нь утга агуулгын хувьд ойлгомжгүй байдлаар томьёологдсон байна. Тиймээс уг сахилгын зөрчлийг Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасны дагуу санал хүлээн авагчийн талд ашигтайгаар тайлбарлах нь зүйтэй. Санал хүлээн авагч нь дээрх заалтыг “ажилтан бусад этгээдийг хүч чадлынхаа илүүг ашиглан зодсон, зодолдсон, санаатайгаар хүчтэй давтамжтайгаар цохисон, үүнээс болж цус гарсан эсхүл хөхөрсөн няцарсан үр дагавар гаргах”-ыг хориглох юм байна хэмээн ойлгох боломжтой. Дээр дурдсан үндэслэлээр “Бусдын эсрэг хүч хэрэглэх, бусдын бие махбодод халдах” үйлдлийг санал хүлээн авагч Г.О-д ашигтайгаар тайлбарлах тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанецх үр дагаварт тохирсон байх” шаардлагыг тайлбарлаж өгсөн. Нэхэмжпэгчийн үйлдэл нь бусдын буруутай, ёс зүйгүй үйлдлээс үүдэлтэй бөгөөд түүний гаргасан үйлдлийн шинж чанар, үр дагавар нь түүний хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахад тохирсон гэж үзэхгүй байна. 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Г.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ж-” ХХК-ийн Чанар хяналтын менежер Г-ийг “Гэрчээр оролцуулах тухай хүсэлт” гаргасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт "... гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” хэмээн заасан. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” хэмээжээ. Гэвч шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн шууд удирдлага болох чанар хяналтын менежер Г -г хэрэгт ач холбогдолгүй этгээд хэмээн үзэж хүсэлтийг хангаагүй орхисон. Гэрчийн хэрэгт ач холбогдолтой мэдээллийг мэдэж буй эсэхийг гагцхүү шүүхийн зүгээс гэрчийн мэдүүлэг авсны үндсэн дээр тогтоодог учир гэрчийг урьдчилан хэрэгт ач холбогдолгүй хэмээн үзэх боломжгүй. Мөн Г нь иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан гэрчээр дуудаж болохгүй этгээдэд хамаарахгүй. Тиймээс шүүхийн зүгээс талуудыг мэтгэлцэх боломжийг хууль бус үндэслэлээр хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 17-ний өдрийн 183/ШШ2019/01927 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүхэд гаргах хүсэлт: Энэхүү гомдлыг хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралдаанд миний бие өмгөөлөгчийн хамт биечлэн оролцож, гомдлын үндэслэлээ тайлбарлах хүсэлтэй байх тул шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Г.О- нь хариуцагч “Ж-” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ./хэргийн 1-4, 25 дугаар тал/

 

            Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Г.О-тэй 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ХАБЭА-н зохицуулагчийн албан тушаалд, 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс Чанар хяналтын инженерын албан тушаалд тус тус томилон ажиллуулж байгаад “Ж-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн GCR-0-19-Б/289 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.1.9.20, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1, хөдөлмөрийн гэрээний хавсралт №2 Төслийн тусгай шаардлагын 1 дүгээр зүйлийн 1.2.1 дэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 14, 75-78, 85-87 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч цахилгааны инженер Д.Б-тэй маргалдах үедээ А4 хэмжээтэй хавтсаар цохисон нь тогтоогдсон үйл баримт байх бөгөөд ажил олгогч нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Учир нь ажил олгогч буюу хариуцагч байгууллагаас гаргасан компанийн болон кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэмд “бусдын эсрэг хүч хэрэглэх, бусдын бие махбодид халдах” уг үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан байх ба талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1, хөдөлмөрийн гэрээний хавсралт №2 Төслийн тусгай шаардлагын 1 дүгээр зүйлийн 1.2.1-т уг зөрчлийг ажилтан гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зохицуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байна.

            Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн ур чадвар, ажилдаа хандах хандлагын талаар гэрч Грант Уйлльямсыг асуулгах хүсэлт гаргасан нь тухайн маргааны үйл баримтад хамааралгүй тул шүүхээс тус өдрийн 183/ШЗ2019/10540 дугаартай шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01927 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

 

                                                С.ЭНХТӨР