Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2023/05591/И |
Дугаар | 181/ШШ2024/01332 |
Огноо | 2024-04-02 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/01332
2024 04 02 181/ШШ2024/01332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 тоотод байрлах, Р ХХК /РД:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Ж овогт Х.Х/РД:0/,
Хариуцагч: 0 оршин суух, О овогт Б.Д /РД:0/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 67,779,765 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Д.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Хариуцагч Б.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 19/18 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж 150,000,000 (нэг зуун тавин сая) төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.5-н хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар
-19/18/1 дугаартай Барьцааны гэрээгээр: 0 талбайтай орон сууц
-19/18/2 дугаартай Барьцааны гэрээгээр: 0 талбайтай орон сууц
- 19/18/3 дугаартай Барьцааны гэрээгээр: 2 эрхтэй газрыг барьцаалж тус тус барьцааны гэрээг байгуулсан. Барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн.
Зээлийн гэрээний хугацааг хариуцагч Б.Д-ийн хүсэлтээр 3 удаа сунгаж Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулсан байдаг. Үүнд:
1. 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн хүсэлтээр 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүртэл 3 сараар,
2. 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хүсэлтээр 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүртэл 8 сараар,
3. 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн хүсэлтээр 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл 6 сараар тус тус гэрээний хугацааг сунгасан.
Хариуцагч Б.Д нь өнгөрсөн хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 108,330,000 (нэг зуун найман сая гурван зуун гучин мянга)-н төгрөг, үндсэн хүүнд 70,281,841 (далан сая хоёр зуун наян нэгэн мянга найман зуун дөчин нэг)-н төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,194,460 (нэг сая нэг зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун жар)-н төгрөгийг төлсөн байдаг.
Хариуцагч Х.Х нь энэхүү зээлийн хамтран зээлдэгч бөгөөд өөрийн 0 хаягтай 28 м.кв талбайтай орон сууцыг барьцаанд тавьсан болно.
2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар:
- зээлийн үндсэн төлбөр 41,670,000 (дөчин нэгэн сая зургаан зуун далан мянга) төгрөг;
- зээлийн үндсэн хүү 21,892,868.30 (хорин нэгэн сая найман зуун ерэн хоёр мянга найман зуун жаран найман төгрөг гучин мөнгө) төгрөг;
- зээлийн нэмэгдүүлсэн хүү 3,722,520 (гурван сая долоон зуун хорин хоёр мянга таван зуун хорь) төгрөг;
- нийт 67,285,388.30 (жаран долоон сая хоёр зуун наян таван мянга гурван зуун наян найман төгрөг гучин мөнгө) төгрөг болж байна.
Иймд 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 19/18 дугаартай Зээлийн гэрээ-ний үлдэгдэл төлбөр 67,285,388.30 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494,376.94 төгрөг, нийт 67,779,765.24 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Д хариу тайлбар, татгалзалдаа: Миний бие Р ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 19/18 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 150,000,000 (нэг зуун тавин сая) төгрөгийг зээлж авсан. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн 4 өрөө, 2 өрөө орон сууцуудаа болон ... суман дахь газраа тавьсан. Барьцаанд байгаа 220 мянгатын 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шүүгдэгч Х.Х-д 2019 онд залилуулсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 0 тоот эрүүгийн хэрэг нь шилжээд 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр болсон шүүх хурлаар Р ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр оролцуулах шаардлагатай гэж үзэж 60 хүртэл хоногийн завсарлага авч шийдвэрлэсэн. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр барьцаанд байгаа 2 өрөө байрны өмчлөгч болохоо тогтоолгосны дараагаар энэ иргэний хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Р ХХК-ийн нэхэмжилж байгаа зээлийн үндсэн төлбөр 41,670,000 төгрөгийг төлнө. Хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Яагаад гэвэл Б.Д нь сүүлд Р ХХК-ийн захиралтай нь уулзаад хоорондоо тохиролцоод үндсэн зээлээ төлнөө гэж хэлээд гарын үсэг зураад явсан гэдэг. Иймээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэв.
Хариуцагч Х.Х хариу тайлбар, татгалзалдаа: Би Б.Д-ийн Р ХХК-иас 2018 онд авсан 150,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ-нд хамтран зээлдэгчээр оролцсон. Хариуцагч Б.Д-гийн тайлбарыг дэмжиж, ижил байр суурьтай байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас: Р ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, РХХК-ийн ТЗ101/286 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023.11.07-ны өдрийн 0 дугаар албан бичиг, 2018.04.03-ны өдрийн 19/18 дугаар Зээлийн гэрээ, 2018.04.03-ны өдрийн 19/18/1 дүгээр Барьцааны гэрээ, 2018.04.03-ны өдрийн 19/18/3 дугаар Барьцааны гэрээ, 2018.04.12-ны өдрийн 14 дугаар төлбөрийн даалгавар, 2019.07.03-ны өдрийн 19/18/2 дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019.04.03-ны өдрийн 19/18/1 дүгээр Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020.03.03-ны өдрийн 19/18/3 дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2018.04.03-ны өдрийн 19/18/2 дугаар Барьцааны гэрээ, Зээл төлөлтийн дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000478787 дугаар гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000626527 дугаар гэрчилгээ, Б.Д-ийн 2019 оны 07 дугаар сард Р- ХХК-ийн захиргаанд гаргасан хүсэлт, Б.Д-ийн 2020.03.03-ны өдөр Р ХХК-д гаргасан хүсэлт, Б.Д-гийн Р ХХК-д гаргасан хүсэлт, Б.Д, Х.Х нарын иргэний үнэмлэхийн хуулбар, гэр бүл хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0 дугаар гэрчилгээ, Б.Д-гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, Х.Х-ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн, хариуцагч нараас нотлох баримт гаргаагүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р ХК нь хариуцагч Х.Х, Б.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 67,779,765 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан хугацаандаа зээлийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч, үндсэн зээлийн төлбөрийг төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Р ХХК нь Б.Д, Х.Х нартай 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 19/18 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн №19/18/1, №19/18/2, №19/18/3 тоот Барьцааны гэрээ-нүүдийг тус тус байгуулан 150,000,000 төгрөгийг сарын 2.5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.Д-ийн өмчлөлийн 4 өрөө орон сууц, Х.Х-ын өмчлөлийн , 2 өрөө орон сууц, Б.Д-ийн эзэмшлийн эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалж тус тус барьцаалжээ. /хавтаст хэргийн 10-19, 24-26, 30-31, 35-38 хуудас/
Мөн зээлийн гэрээний хугацааг Б.Д-гийн хүсэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 3 сараар, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 8 сараар, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 6 сараар тус тус сунгасан байна. /хавтаст хэргийн 21-23 хуудас/
Талууд Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-г бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.
2. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
а/ Р ХХК нь Зээлийн гэрээ-ний 2018.04.12-ны өдөр Б.Д-гийн эзэмшдэг ХААН банкны 0 тоот дансанд 1 удаагийн гүйлгээгээр 150,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн талаар зохигч маргаагүй. /хавтаст хэргийн 20 хуудас/
б/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан.
Талууд Зээлийн гэрээ-ний 1.4, 2.2, 3.1.4-ын А, Б болон 3.2.4-ын А, Б-д тус тус заасны дагуу зээл, зээлийн хүүг гэрээний хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөх, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байна.
2.1. Зээлдэгч Б.Д нь зээлийн үндсэн төлбөрт 108,330,000 төгрөг, үндсэн хүүнд 70,281,841 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,194,460 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй.
2.2. 19/18 тоот Зээлийн гэрээ болон 19/18/3 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний хавсралт-1 Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлдэгч Б.Д, Х.Х нар нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үндсэн зээл 41,670,000 төгрөгийг, зээлийн хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүрэгтэй байсан боловч 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй байна.
Зээлдэгч Б.Д, Х.Х нар нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар: зээлийн үндсэн төлбөр 41,670,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 21,892,868.30 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 3,722,520 төгрөг, нийт 67,285,388 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээл төлөлтийн дансны хуулга, зээлийн төлбөрийн тооцооллоор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 27-29 хуудас/
Иймд нэхэмжлэгч Р ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу 19/18 тоот Зээлийн гэрээ-ний зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
3. 19/18 тоот Зээлийн гэрээ-г Б.Д, Х.Х нар /хамтран зээлдэгч/ байгуулсан, гэрээний 1.5-д энэхүү гэрээнд 2 ба түүнээс дээш зээлдэгч байгаа тохиолдолд хуульд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид тооцох ба үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн аль нэг зээлдэгчээс ББСБ шаардах эрхтэй байна гэж тохиролцсон байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3-д заасны дагуу хариуцагч Х.Х нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй байна.
4. Зээлдэгч Б.Д нь зээлдүүлэгч Р ХХК-тай зээлийн үндсэн төлбөр 41,670,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх талуудыг зээлийн үндсэн төлбөр төлөх талаар тохиролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүрэн төлж дуусгах үүрэгтэй байсан тул Ковид-19 цар тахалтай холбоотой нөхцөл байдлын улмаас зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон гэж үзэх үндэслэлгүй байна.
5. Нэхэмжлэгч Р ХХК нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494,376.94 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад оруулсан байх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилан хариуцуулдаг тул нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
6. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Б.Д, Х.Х нар нараас зээлийн гэрээний үүрэгт 67,285,388 төгрөгийг гаргуулж Р ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 494,376,94 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б.Д, Х нараас зээлийн төлбөр 67,285,388 /жаран долоон сая хоёр зуун наян таван мянга гурван зуун наян найм/ төгрөгийг гаргуулж Р ХХК-д олгож, нэхэмжлэлээс 494,377 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,849 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д, Х нараас 494,378 /дөрвөн зуун ерэн дөрвөн мянга гурван зуун далан найм/ төгрөгийг гаргуулж Р ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА