Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/247

 

Б.Э, С.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

шүүгдэгч С.Г,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Гын гаргасан давж заалдах гомдлоор Б.Э, С.Г нарт холбогдох 2005 02909 0304 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-ны Э, 1988 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, эх, эгч нарын хамт ... дүүргийн .. дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: /,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 298 дугаартай шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 216 дугаар зүйлийн 216.1, 223 дугаар зүйлийн 223.1, 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сар хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сар хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сар хорих ял тус тус шийтгүүлсэн;

2. Б... овгийн С.. Г...т, 19.... оны ... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа .... дүүргийн ... дугаар хороо, ....ийн ... дугаар гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сар хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 161 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял тус тус шийтгүүлсэн.

Б.Э нь ганцаараа 2020 оны 9 дүгээр сарын 16-ны орой Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 63 дугаар байрны гадаа зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч А.Билгүүний эзэмшлийн “Королла” загварын 5093 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэвтэрч “XVover- 4” загварын гар утас, цагдаагийн албаны савхи, биет 80.000 төгрөг, албаны энгэрийн гэрэл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 502.500 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Грандвилла” хотхоны 104 дүгээр байрны автомашины зогсоолд байсан хохирогч Ц.Долгорсүрэнгийн эзэмшлийн 05-77 УБД улсын дугаартай “Лексус ар экс” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг хагалан нэвтэрч, уг тээврийн хэрэгсэл дотор байсан автомашины ком багаж 1 хайрцаг, матрын арьсан тэлээ 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 298.200 төгрөгийн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу тээврийн хэрэгслийг засварлуулсны хөлс болох 170.000 төгрөгийн буюу нийт 468.200 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 3 дугаар сарын 20-ноос 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 2-978 тоотод хохирогч Г.Шинэцэцэгийн эзэмшлийн орон байранд буюу зуслангийн байшингийн вакум цонхоор нэвтэрч, мөнгөн аяга, хаш аяга, зургийн аппарат зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 5.376.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн С.Гтай бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 3-ны орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлхийн 12-55а тоотод оршин суудаг хохирогч Б.Шинэтөгсийн эзэмшлийн орон байранд буюу байшинд нэвтэрч, “Икс Бокс” тоглоом 1 ширхэг, цахилгааны утас 3 метр, сансар кабелын тв 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 105.400 төгрөгийн хохирол учруулсан,

мөн С.Гтай бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 25-наас 30-ны хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлх задгай тоотод оршин суух хохирогч Г.Идэрбаярын эзэмшлийн байшинд нэвтэрч, барилгын багаж хэрэгсэл, унадаг дугуй зэрэг нийт 20 нэр төрлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад нийт 5.088.200 төгрөгийн хохирол учруулсан,

мөн С.Гтай бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эзэмшигч хохирогч С.Баярсүхийн “Цэдэн” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч, зөөврийн компьютер, хөөрөг, мөнгөн аяга, бугуйн цаг, өсгөгч, чихэр зэрэг 49 нэр төрлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад нийт 5.120.982 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 16.661.282 төгрөгийн хохирол учруулсан,

С.Г нь ганцаараа 2021 оны 3 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилчин хотхоны хойд талд байрлуулсан байсан хохирогч Д.Ойнбаярын эзэмшлийн 66-23 УБЧ улсын дугаартай “Тоёота Аксио” загварын тээврийн хэрэгслийг, мөн тээврийн хэрэгсэл дотор байсан машин угаагч, гар дрилл, тасдагч, иргэний үнэмлэх, зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 13.433.300 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.Этэй бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 3-ны орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлхийн 12-55а тоотод оршин суудаг хохирогч Б.Шинэтөгсийн эзэмшлийн орон байранд буюу байшинд нэвтэрч, “Икс Бокс” тоглоом 1 ширхэг, цахилгааны утас 3 метр, сансар кабелын тв 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 105.400 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.Этэй бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 25-наас 30-ны хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлх задгай тоотод оршин суух хохирогч Г.Идэрбаярын эзэмшлийн байшинд нэвтэрч, барилгын багаж хэрэгсэл, унадаг дугуй зэрэг нийт 20 нэр төрлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад нийт 5.088.200 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.Этэй бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эзэмшигч хохирогч С.Баярсүхийн “Цэдэн” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч, зөөврийн компьютер, хөөрөг, мөнгөн аяга, бугуйн цаг, өсгөгч, чихэр зэрэг 49 нэр төрлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад нийт 5.120.982 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 23.747.882 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Э, С.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч .........р, ........... нарыг ганцаараа болон бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Эд 5 жил 6 сар хорих ял, шүүгдэгч С.Гад 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э, С.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, С.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Б.Эийн цагдан хоригдсон 198 хоногийг хасаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 505 дугаар зүйлийн 5010.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Эөөс нийт 8.364.200 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Билгүүн /РД:УШ93110834/-д 502.500 төгрөг, хохирогч Ц.Долгорсүрэн /РД:НУ75072000/-д 298.200 төгрөг, хохирогч Г.Шинэцэцэг /РД:УС80101321/-т 5.376.000 төгрөг, хохирогч Г.Идэрбаяр /РД:РУ82102934/-т 2.187.500 төгрөг, шүүгдэгч С.Гаас 2.620.800 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ойнбаяр /РД:ДН89071115/-т 433.300 төгрөг, хохирогч Г.Идэрбаяр /РД:РУ82102934/-т 2.187.500 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, С.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүх хуралд орохдоо шүүгч, прокурор хоёрт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хэд хэдэн үйлдлээр шалгагдаж байгаагаа хэлсэн. Мөн шүүх хуралд тус дүүргийн эрүүгийн мөрдөгч нар оролцсон. Харин шүүгч хүлээж аваагүй. Би өөрт холбогдох хэргээ нэг мөр үүрээд нэг өдрийн өмнө ч гэсэн шоронгоос гарах хүсэлтэй явдаг. Эдгээр хэргүүдийг минь нэгтгэж өгөөгүйгээс миний эрх зүйн байдал туйлын ихээр дордож байна. Тодруулж хэлбэл дахин дахин дуудлагаар ирж ял нэмүүлэх болно. Ийм нөхцөл байдлын улмаас хэргээ нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлэх хүсэлтэй байдаг. Иймд энэхүү хүсэлтийг хүлээн авч миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар шийдвэр гаргаж өгнө үү. Би цаашдын амьдралын зам мөрийг гэгээлэг сайхнаар төсөөлж нэг хоногийн өмнө ч гэсэн эхнэр хүүхэд хоёртоо очих хүсэлтэй байна. Мөн хохирогч Г.Идэрбаярын алдагдсан бараануудын дугуйнаас бусад бүгдийг нь буцааж өгсөн. Гэтэл бүх хохирлыг нэхэмжилсэн байсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хоёр хэргээ нэмж нэгтгүүлэх хүсэлтэй байна.” гэв.

Шүүгдэгч Б.Э бичгээр ирүүлсэн тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр шийтгүүлсэн. Прокурор Эрдэнэчимэг цагдан хоригдсон байхад яллах дүгнэлт өгөхдөө “Таны хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авлаа. Гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж байгаа, хохирол төлбөрөө төлж барагдуулах хүсэл эрмэлзэлтэй байгааг чинь харгалзан үзэж танд 2 жил 6 сарын хорих ял сонсгоё” гэсэн боловч шүүх хуралдаанд оролцсонгүй, урьд миний хавтаст хэрэгтэй огт танилцаж байгаагүй улсын яллагч М.Амарзаяа гэх хүн оролцож байгаад гомдолтой байдаг. Миний бие хүсэлт гаргаж байгаа учир нь уг хэргийн холбогдогч С.Гын гаргасан давж заалдах гомдол өөрт минь хамааралгүй тул хэргээ тусгаарлуулж, хорих ангид шилжиж, ажил хөдөлмөр эрхэлж, хохирол, гомдлоо барагдуулах чин хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Э болон өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзсэн учир давж заалдах гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б.Этэй холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Гын хувьд анхан шатны шүүх хуралдаанд өмнө нь үйлдсэн гэмт хэргийнхээ талаар ямар нэг мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдсан. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо эрүүгийн мөрдөгч нар оролцсон гэж байгаа ч шүүх хуралдаанд шүүгч, улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон. С.Гын үйлдсэн хэргийн хувьд дангаараа нэг удаа, бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг нь хулгайлсан. Түүний хувийн байдлын хувьд урьд 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Хамгийн сүүлд 2018 онд эрүүгийн хариуцлага хүлээхдээ шүүгдэгч Б.Этэй бүлэглэж үйлдсэн хулгайн гэмт хэрэгтээ 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн. Шүүгдэгч С.Г, Б.Э нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад яллагдагчаас гаргасан хохирол болон хэргийн материал танилцах хүсэлтийг хүлээн авч гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд яллагдагч нарыг шилжүүлсэн. Шүүгдэгч С.Г гомдолдоо Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэсэн байна. Өөрт нь холбогдох хэргийг хянан хэлэлцэхийг мэдсээр байж дахин гэмт хэрэг үйлдсэн юм шиг харагдаж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэсний дагуу хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гаргасан. Давж заалдах гомдолд хэд хэдэн хулгайн гэмт хэргээ нэгтгүүлж, эрх зүйн байдлаа дээрдүүлмээр байна гэжээ. Гэтэл хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох нь байнгын шинжтэй бөгөөд 3 буюу түүнээс дээш удаа үйлддэг. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шүүх шийдвэрлэсэн. Хэд хэдэн гэдгийн цаана хэдэн гэмт хэрэг байгааг хэлж мэдэхгүй байна. Тэр бүгдийг нэгтгэн шалгууллаа гэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэгдэх эсэх нь эргэлзээтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь 5-12 жилийн хорих ялтай. Тиймээс шүүх яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид ял оногдуулсан нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжтой. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хохирогч нарт хүлээлгэн өгснөөр хохирол төлөгдсөнд тооцогдож байгаа болохоос гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нэг ч төгрөг санаачилгаараа төлж барагдуулаагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэж тогтоол гаргасны дараа гомдол гаргадаг тул хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцдаг. Шүүгдэгч нь хохирогч нарын эрх ашгийг огт боддоггүй. Иймд шүүгдэгч С.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Б.Э нь ганцаараа 2020 оны 9 дүгээр сарын 16-ны орой Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 63 дугаар байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч А.Билгүүний эзэмшлийн “Королла” загварын 5093 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэвтэрч “XCover- 4” загварын гар утас, цагдаагийн албаны савхи /хүрэм албаны/, биет 80.000 төгрөг, албаны энгэрийн гэрэл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 502.500 төгрөгийн,

2020 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Грандвилла” хотхоны 104 дүгээр байрны автомашины зогсоолд байсан хохирогч Ц.Долгорсүрэнгийн эзэмшлийн 05-77 УБД улсын дугаартай “Лексус ар экс” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг хагалан нэвтэрч, уг тээврийн хэрэгсэл дотор байсан автомашины ком багаж 1 хайрцаг, матрын арьсан тэлээ 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 298.200 төгрөгийн шууд, уг гэмт хэргийг үйлдэхдээ эвдэж устгаснаас тээврийн хэрэгслийг засварлуулсны хөлс болох 170.000 төгрөгийн шууд бус хохирол,

2021 оны 3 дугаар сарын 20-ноос 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 2-978 тоотод хохирогч Г.Шинэцэцэгийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхоор нэвтэрч, мөнгөн аяга, хаш аяга, зургийн аппарат зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 5.376.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч А.Билгүүний “...2020 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө үүрээр 05 цаг 40 минутын үед гэрээсээ гарч ирээд машин дээрээ ирэхэд жолоочийн хойд талын хаалганы жижиг гурвалжин шилийг хагалсан байдалтай байхаар нь машинаа онгойлгоод харахад машин дотор эмх замбараагүй байдалтай байсан. Дотроос нь миний ажлын 80850673 дугаартай “Самсунг хcover” маркийн гар утас болон савхин хүрэм /албаны/, голын хайрцагт байсан бэлэн 80.000 төгрөг, энгэрийн цэнхэр улаан асдаг гэрэл алга болсон байсан. ...” /1хх 21/ гэсэн мэдүүлэг,

хохирогч Ц.Долгорсүрэнгийн “...2020 оны 9 дүгээр сарын 20-ны 22 цагийн үед миний бие өөрийн эзэмшлийн 0577 УБД улсын дугаартай “Тоёота ар экс” маркийн тээврийн хэрэгслээ Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Гранд вилла” хотхоны зүүн талын зогсоол дээр байрлуулсан юм. ...маргааш өглөө нь буюу 21-ний өглөө над руу цагдаагаас утасдаад “машинд чинь хулгай орчихсон байна” гэж хэлсэн. Машинаас алдсан эд зүйл гэвэл манай нөхрийн удам дамжсан хятадын морины зурагтай хэмжээг нь сайн мэдэхгүй хөөрөг байна. Тухай хөөрөг нь алаг өнгөтэй, улаан өнгийн толгойтой чулууны маркийг нь сайн мэдэхгүй байна. Ямартай ч нэг шилэн хөөрөг байсан юм. Өөр машины канадын иж бүрэн ногоон өнгийн хайрцагтай багаж алдагдсан. Матрын арьсан манай нөхрийн хэрэглэж байсан тэлээ. Мөн машины маань жолоочийн хойд талын хаалганы цонх нь хагарсан байсан. ...” /1хх 91-92/ гэсэн мэдүүлэг,

хохирогч Г.Шинэцэцэгийн “...Өмнө нь 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зуслангийн байшиндаа ирээд буцсан. Тэрнээс хойш өнөөдөр 16 цагийн орчим зусландаа ирэхэд хашааны болон гэрийн цоожнууд түгжээтэй байсан. Онгойлгоод ороход гэрийн диваан урагш унасан. Авдрууд онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Гэрийн авдар дээр байсан дунд гарын мөнгөн аяга, цагаан өнгийн хаш аяга, зургийн аппарат зэрэг эд зүйлс алга болсон. Алга болсон 2 аяга нь 3 үе дамжиж ирсэн. ...” /1хх 154-155/ гэсэн мэдүүлэг,

гэрч П.Бямбадоржийн “...2020 оны 9 сарын сүүлээр байх би хорих ангид хамт ял эдэлж байсан Энхтөр гэдэг залуутай Нарантуул зах дээр тааралдаж уулзаад бид хоёр Монелд байрлах нийтийн байр луу нь цуг явсан. Тэгээд Энхтөрийнд очоод ойр зуур ярилцаж байгаад “би гар утасгүй байгаа” гэхэд Энхтөр надад хандан “чи энэ утсыг ашиглаж бай” гээд надад маркийг нь сайн санахгүй байна хар өнгийн гар утас өгсөн юм. ...Тухайн үед сим картгүй байсан учраас ашиглахгүйгээр гар утсыг хадгалж байгаад 2 хоногийн дараа хорих ангид танилцсан Лхагвадорж гэдэг залуутай тааралдаад уулзаж байгаад “Самсунг Жи-5” маркийн гар утсаар Энхтөрөөс авсан утсыг сольсон. ...” /1хх 25/ гэсэн мэдүүлгүүдээр,

 

шүүгдэгч С.Г нь ганцаараа 2021 оны 3 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны хойд талд байрлуулсан байсан хохирогч Д.Ойнбаярын эзэмшлийн 66-23 УБЧ улсын дугаартай “Тоёота Аксио” загварын тээврийн хэрэгслийг, мөн тээврийн хэрэгсэл дотор байсан машин угаагч, гар дрилл, тасдагч, иргэний үнэмлэх, зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 13.433.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Ойнбаярын “...Тэгээд би Хилчин хотхоноос гараад хойд талд нь гудамжинд өөрийн эзэмшлийн 6623 УБЧ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота аксио” маркийн тээврийн хэрэгслээ 20 цагийн орчимд байрлуулж үлдээсэн юм. Би шөнө 02 цагийн үед харахад байж байсан. Би тэгээд гэр лүүгээ явах гээд гараад машинаа үзтэл алга болсон байсан. ...” /3хх 15-17/ гэсэн мэдүүлэг,

гэрч Т.Ганбатын “...2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр найз Лхагваболд над руу залгаад “найз нь нэг машин авах гээд байна, чи очоод үзэж харчихаач, мотор нь дуугарсан гэж байна, очоод үзэж хараад гайгүй бол авчих, найз нь мөнгийг нь шилжүүлье” гэж хэлсэн юм. Намайг шууд очиход тэр залуу эцэс дээр цагаан өнгийн улсын дугаартай “Тоёота Аксио” загварын машинтай зогсож байсан. Би тэр залуутай уулзахад намхан, 170 орчим см өндөртэй, маск зүүчихсэн залуу байсан ба би машиныг нь хараад авахаар болоод найздаа хэлээд мөнгийг нь шилжүүлсэн. Баруун хойд талынх нь цонх хагарчихсан, мөн явах эд анги болон мотор нь дуугүй байсан болохоор сэжигтэй санагдаад найз Лхагваболдод хэлээд дуудлага өгсөн юм. ...” /3хх 28/ гэсэн мэдүүлгүүд,

 

шүүгдэгч Б.Э, С.Г нар нь бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 3-ны орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 12-55а тоотод оршин суудаг хохирогч Б.Шинэтөгсийн эзэмшлийн орон байранд буюу байшинд нэвтэрч, “Икс Бокс” тоглоом 1 ширхэг, цахилгааны утас 3 метр, сансар кабелын тв 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 105.400 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2021 оны 4 дүгээр сарын 25-наас 30-ны хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх задгай тоотод оршин суух хохирогч Г.Идэрбаярын эзэмшлийн байшинд нэвтэрч, барилгын багаж хэрэгсэл, унадаг дугуй зэрэг нийт 20 нэр төрлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 5.088.200 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2021 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эзэмшигч хохирогч С.Баярсүхийн “Цэдэн” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч, зөөврийн компьютер, хөөрөг, мөнгөн аяга, бугуйн цаг, өсгөгч, чихэр зэрэг 49 нэр төрлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 5.120.982 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Шинэтөгсийн “...2021 оны 4 дүгээр сарын эхээр зуслангийн байшин дээрээ ирээд тэрнээс хойш ирээгүй юм. 4 дүгээр сарын 22-ны өдөр манай хажуу айлын залуу залгаад “танай хаалга онгорхой доторх нь эмх замбараагүй болсон байна” гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө ирээд дотор талын баруун хаалганы цоож хэсгийг нь эвдсэн байсан. Эд зүйлсээ бүртгэхэд Сансрын хүлээн авагч, уртасгагч, икс бокс алга болсон байсан. ...” /2хх 117/ гэсэн мэдүүлэг

хохирогч Г.Идэрбаярын “...2021 оны 4 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн үед хотын төвд байдаг гэрээсээ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшиндаа ирсэн чинь байшингийн хаалга онгорхой, хулгай орсон байдалтай байсан. Манай байшингаас “Трекс” загварын том хүний унадаг дугуй 1 ширхэг, “Мирада” загварын том хүний унадаг дугуй 1 ширхэг, загвар нь тодорхойгүй хүүхдийн унадаг дугуй 2 ширхэг, компрессор 1 ширхэг, нивлер 1, лазер тэгш ус 1 ширхэг, дизел луужин 1, нарийн хурган дотортой дээл 1, булган малгай эрэгтэй 1, цахилгаан өрөм 3, гар дриль 2, том тасдагч 1, дунд оврын тасдагч 1, цахилгаан хөрөө 1, торфовны ком 1, том эвхэгддэг шат 1 ширхэг эд зүйлүүд алдсан байна. ...” /2хх 175-176/ гэсэн мэдүүлэг,

хохирогч С.Баярсүхийн “...Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 1-28 тоотод байх гэртээ ирэхэд манай хашааны хаалга дэлгээтэй байхаар нь салхинд онгойчихож гэж бодоод хашааруугаа ороход манай байшингийн нүүрэн талын нэг цонх хагараад нөгөө цонхны салхивч дэлгээтэй, цонхны хамгаалалтын хаалт төмрийн бэхэлгээг эвдээд хүн багтаж орох зайтай болгосон байсан ба цонхны хажууд гадаа уугаад дуусгасан 2 литрийн “Сэнгүр” нэртэй пиво болон гутлын мөр байсан. Тэгээд гэрийнхээ хаалгыг онгойлгоход гэрийн хаалганд эвдрэл гэмтэлгүй байхаар нь өөрсдийн гэрийн цоожоор онгойлгож ороход гэрт хулгай орсон, эд зүйлс эмх замбараагүй болсон байсан ба гэрийн том өрөөнд байсан хяналтын камерыг арзетканаас салгасан, хяналтын камерын хард дискийг салгаад аваад явсан байсан. Тэгээд том өрөөгөөр дамжин дэлгүүр лүүгээ ороход дэлгүүр дотор хулгай орж эд зүйлс алдагдсан ба кассад байсан орлогын бэлэн мөнгө алдагдсан байсан. ...” /1хх 224-225/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн шинжээч П.Мөнхтогтохын шинжилгээнд тэнцэх №23 “сэнгүр пивоны гадна талаас”- гэж дугаарлан бичсэн дакто хальсан дахь 1 ширхэг гарын мөр нь Баярсайханы Энхтөрийн баруун гарын долоовор хурууны хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна” /2хх 185/ гэсэн дүгнэлт,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлангууд зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э, С.Г нарыг ганцаараа болон бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.

 

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э, С.Г нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

 

Шүүгдэгч Б.Э, С.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, тус зүйл хэсэгт зааснаар Б.Эд 5 жил 6 сарын хугацаагаар, С.Гад 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

 

Шүүгдэгч С.Г “...Би анхан шатны шүүх хуралд орохдоо шүүгч, прокурор хоёрт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хэд хэдэн үйлдлээр шалгагдаж байгаагаа хэлсэн. ...Би өөрт холбогдох хэргээ нэг мөр үүрээд нэг өдрийн өмнө ч гэсэн шоронгоос гарах хүсэлтэй явдаг. Эдгээр хэргүүдийг минь нэгтгэж өгөөгүйгээс миний эрх зүйн байдал туйлын ихээр дордож байна. ...хэргээ нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлэх хүсэлтэй байдаг. Иймд энэхүү хүсэлтийг хүлээн авч миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хавтаст хэргээс үзэхэд, шүүгдэгч С.Гын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хулгайн үйлдлээр шалгагдаж байгаа гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч С.Гын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Э, С.Г нар нь хохирогч Г.Идэрбаярт учруулсан хохирлоос 2 дугаар хавтаст хэргийн 211 дүгээр талд авагдсан “эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл”-д заасан эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайланд /2хх 206-208/ тусгагдсан үнийн дүнгээр тооцож үзэхэд 1.725.000 төгрөг болж байх ба тэдний нийт учруулсан 5.088.200 төгрөгөөс хасаж /5.088.200 - 1.725.000 = 3.363.200/ үлдэх 3.363.200 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Г.Идэрбаярт олгох байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иймд, шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 5010.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Эөөс нийт 8.364.200 төгрөгийг гаргуулж, ...хохирогч Г.Идэрбаяр /РД:РУ82102934/-т 2.187.500 төгрөг, шүүгдэгч С.Гаас 2.620.800 төгрөгийг гаргуулж, ...хохирогч Г.Идэрбаяр /РД:РУ82102934/-т 2.187.500 төгрөгийг тус тус олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Эөөс нийт 7.858.300 төгрөгийг гаргуулж, ...хохирогч Г.Идэрбаяр /РД:РУ82102934/-т 1.681.600 төгрөг, шүүгдэгч С.Гаас 2.114.900 төгрөгийг гаргуулж, ...хохирогч Г.Идэрбаяр /РД:РУ82102934/-т 1.681.600 төгрөгийг тус тус олгосугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, С.Г нарын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 101 /нэг зуун нэг/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ