Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0762    

 

 

 

 

 

 

      2023           10             16                                     128/ШШ2023/0762            

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “***” ХХК,

            Хариуцагч: Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар,

            Гуравдагч этгээд: ***нарын хоорондын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.***, Г.***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ариун***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “***” ХХК нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *** зөвшөөрлийн дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй болно.

2. Хэргийн үйл баримт, процессын түүх: Анх гуравдагч этгээд Э.***од Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ***дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосныг нэхэмжлэгч “***” ХХК нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган маргасан.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0426 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаж буй гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 586 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 426 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Э.***од олгосон 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 00***дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг дахин шинээр гаргатал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн шийдвэрлэж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаар тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Улмаар гуравдагч этгээдээс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх хүсэлтийг холбогдох баримтын хамт хариуцагч захиргааны байгууллагад гаргасны дагуу маргаан бүхий 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн *** *** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг гуравдагч этгээдэд дахин олгосон. Уг гэрчилгээнд барилга байгууламжийг 204 м.кв үйлчилгээний зориулалттай, 17.0м х 12.0м хэмжээтэй, 2 давхар зоорьтой гэж тусгасан.

5. Нэхэмжлэгч “***” ХХК-иас уг зөвшөөрлийн гэрчилгээг эс зөвшөөрч Хот байгуулалт, хөгжлийн газарт гомдол гаргасан, тус газраас 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 08/3148 дугаар албан бичгээр хариу өгч шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

6. Нэхэмжлэгч “***” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

6.1. ...Энэхүү хууль бус захиргааны акт буюу хууль зөрчсөн барилгын ажлыг явуулах зөвшөөрлийн улмаас иргэн Э. ***ын барилгын суурь "***" ХХК-ийн худалдааны төвийн барилгатай залгаа баригдаж, суурь нь ил гарч нурах, цонх, хаалга, аюулгүйн гарцыг таглах, улмаар мэргэжлийн байгууллагын олон удаагийн дүгнэлтээр тогтоогдсон галын аюул учруулах барилга баригдахаар болсон нь "***" ХХК нэхэмжлэгчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, өмчлөлийн зүйлээ аливаа зүй бус нөлөөлөл, халдлагаас хамгаалах эрх (Иргэний хуулийн 101.1), эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах хууль ёсны эрх (Газрын тухай хуулийн 35.1.1), аж ахуйн үйл ажиллагаа хэвийн, аюулгүй явуулах (Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5.1.2) хууль ёсны ашиг сонирхлыг тус тус зөрчиж байгаа тул дээрх хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулснаар эдгээр эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэн хамгаалагдахаар байна.

6.2. Тодруулбал, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр *** зөвшөөрлийн дугаартай Э.***од олгосон Барилгын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосноор, "***" ХХК-ийн эзэмшил газар, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд ердийн хүлцэх хэмжээнээс хэтэрсэн галын аюул, эрсдэл учруулж болзошгүй барилга баригдах нөхцөлөөс сэргийлэх, хууль бус, норм, нормативын зөрчилтэй байгууламжийн суурийн сөрөг нөлөөллийг арилгуулах, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах ач холбогдолтой байна.

6.3. Урьд тухайн захиргааны байгууллагаас яг дээрхтэй ижил нөхцөл бүхий барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон нь манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна хэмээн нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0426 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 586 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэж, хууль зөрчсөн актын зөрчлийг арилгаж Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг дахин шинээр гаргахыг даалган шийдвэрлэсэн боловч уг эрх зүйн зөрчлийг арилгахгүйгээр захиргааны актыг ижил нөхцөлөөр дахин гаргасан.

6.4. Хот байгуулалт, хөгжлийн газар 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр *** зөвшөөрлийн дугаартай "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-г олгохдоо, гагцхүү барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхэд шаардагдах баримт бичгийн бүрдлийг бүрдүүлэн өгөх төдийд холбогдох зөвшөөрлийг олгох ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь дээр дурдсанчлан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор шинээр батлагдсан "Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн Тавдугаар зүйлийн 5.1 хэсэгт "Зөвшөөрөл олгох байгууллага дараахь үндэслэлээр барилгын зөвшөөрөл олгохоос татгалзана: 5.1.2. баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага (... норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн)-д нийцээгүй" тохиолдолд зөвшөөрлийг олгохоос татгалзах зохицуулалтыг бүрдүүлбэр хангах төдийд хяналт нийцлийг шалгахгүйгээр шууд зөвшөөрөл олгох боломжтой мэтээр хэт явцууруулан тайлбарлаж, хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон шаардлагыг зөрчсөн алдааг гаргасан.

6.5. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот зөвшөөрлийн дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нэхэмжлэл гаргагч "***" ХХК хэзээ, хэрхэн мэдсэн талаараа уг нэхэмжлэлийн эхний догол мөр хэсэгт тайлбарласан бөгөөд шүүгчийн захирамжид дурдсанаар илүү дэлгэрэнгүй тодруулбал, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Э. ***оос "***" ХХК-д хандан шинээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан тул барилгын үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж байна гэсэн нь ямар нэгэн баримт бичиг, эх сурвалжгүй байсан тул тодруулах зорилгоор 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Э.***од хандан тухайн нэр дурдсан, шинээр авсан гэх гэрчилгээ болон бусад баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ үү гэсэн хариуг хүргүүлсэн. Улмаар үүний хариуд 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Э. ***оос "Мэдээлэл хүргүүлэх тухай" бичгийг ирүүлэхдээ тухайн захиргааны актын хуулбарыг анх танилцуулж үзүүлсэн. Үүний дагуу, дээр дурдсанчлан, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр *** зөвшөөрлийн дугаартай "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-г Шаарав овогт Энхжаргалын *** /ЦВ77102572/-д 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүчинтэй хугацаагаар олгосон болохыг тус иргэн Э. ***оос 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн "Мэдээлэл хүргүүлэх тухай" бичиг, хавсралт баримтаас олж мэдээд, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр "***" ХХК-иас тухайн захиргааны актыг хүчингүй болгуулахаар Хот байгуулалт, хөгжлийн газарт хандсан.

6.6. Иймд Хот байгуулалт, хөгжлийн газар 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр *** зөвшөөрлийн дугаартай "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-г Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1, 106.3.1-д заасныг удирдлага болгон хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна” гэжээ.

6.7. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ нэмэгдүүлэхдээ: “...Уг *** дугаартай "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-ний 4 дэх хэсэгт "барилга байгууламжийн талаарх мэдээлэл"-ийг тусгахдаа, 204 м2 хүчин чадалтай, үйлчилгээний зориулалттай, 17.0м х 12.0м хэмжээтэй, 2 давхартай /зоорьтой/, 1 хэсэг блок бүхий барилга байгууламж байхаар тусгахдаа, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн болох нь хөдөлшгүй баримтаар тогтоогдож байна. Тодруулбал, “***” худалдааны төвийн бохирын байгууламжийн байршлыг тооцохгүйгээр барилга барих зөвшөөрөл олгосон явдал нь барилга барих орон зай нь ариутгах байгууламжаас зайлшгүй барих ёстой зай, хамгаалах зурвасыг баримтлах ёстой хуулийн шаардлагыг шууд зөрчсөн. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 17 дугаар зүйл /Ус хангамж, ариутгах татуурга/-ийн 17.14 дэх хэсэгт "Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно" гэж хориглосон хэм хэмжээг дээрх захиргааны акт зөрчсөн.

6.8. "***" ХХК-ийн гадна бохирын байгууламжийн байр зүйн дэвсгэр зургаас харахад Э.***ын хууль зөрчиж, хөлсний хүмүүсээр хүчирхийлэл үйлдэн бариулсан барилгын сууриас таван метрийн зайгаар харахад барилгын зөвшөөрөл алдаатай гарсан нь шууд ойлгогдож байгаа бөгөөд хуульд зааснаар энэхүү орон зай нь "зургаан метрээс багагүй" зай байхаар зохицуулжээ. Э. *** нь энэхүү байгууламжийг мэдсээр байж хууран мэхлэх, хууль бус аргыг хэрэглэн холбогдох мэдээллийг нуун дарагдуулах замаар захиргааны байгууллагаас өөртөө эерэг нөлөөтэй акт болох барилгын зөвшөөрөл, холбогдох бусад баримт бичгийг гаргуулан авсан болохыг үүнээс дүгнэж болохоор байна.

6.9. Нэхэмжлэгч байгууллага хүнсний барааны зах ажиллуулах үндсэн үйл ажиллагааны чиглэлийнхээ хүрээнд иргэд, олон нийтэд эрүүл, аюулгүй орчинд үйлчлэх, худалдаа эрхлэх, аж ахуй эрхлэгч нарын хэвийн, аюулгүй, хор хөнөөлгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангахад дээрх ариутгах татуургын тухай хууль тогтоомжид заасан тодорхой шаардлагыг зөрчиж, хүч хэрэглэн барьсан барилга угсралтын үйл ажиллагаа нь сөрөг үр дагавар үүсгэж, аюултай байдлыг бий болгож байна. Энэ нь хариуцагч захиргааны байгууллага хуулиар хүлээлгэсэн чиг үүргийг хангалтгүй биелүүлж, барилга угсралтын үйл ажиллагаанд зайлшгүй дагаж мөрдөгдөх хэм хэмжээ, норм нормативын шаардлагуудыг зориуд санаатайгаар баримтлахгүй, гуравдагч этгээд Э.***ын эрх ашигт нийцүүлэн хэт явцууруулан тайлбарлаж, өнгөц байдлаар хандаж, хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байх замаар давуу байдлыг хууль бус аргаар бий болгох үүднээс маргаан бүхий захиргааны актыг гаргасныг илэрхийлнэ.

6.10. Хот байгуулалт, хөгжлийн газрын БЧАБХХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Тамир гэх нийтийн албан тушаалтны дээрх хууль бус үйл ажиллагаа нь зөвхөн Э.***ын хүсэлтэд нийцүүлж хууль болон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрүүдийг илтэд зөрчиж давуу эрх олгосон зохион байгуулалттай үйл ажиллагаа болсон төдийгүй, "***” худалдааны төвийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг явуулах үндэс суурь болсон ариутгах татуурга, бохир зайлуулж сорох байгууламжийг ойрын ирээдүйд ашиглах боломжгүй болгох, бохир соруулах байнгын үйл ажиллагааг тасалдуулах, шаардагдах мэргэжлийн байгууллагаас хяналт тавих, засвар үйлчилгээ үзүүлэх, шинэчлэл сайжруулалтын ажил явуулах нөхцөлийг эргэлт буцалтгүй алдагдуулах, улмаар аж ахуй эрхлэх нөхцөлгүй болгож, зах зээлийн өрсөлдөөнд оролцох боломжгүй байдлыг бий болгох зорилгыг агуулсан, аюултай шийдвэр юм.

6.11. Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан "Тогтвортой хөгжлийн зорилго"-ын 6 дугаар эрэмбийн зорилго болох "Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах" ажлыг хэрэгжүүлэх аргачлалын 6.2.1-д "ариутгах болон эрүүл ахуйн үйлчилгээг аюулгүй байдлаар зохион байгуулах", 6.2.1-д “ус, ариутгах байгууламжийг хөгжүүлэх дэмжлэгийг төрөөс төсвийн Зарлагад хамруулан үзүүлэх", 6.6.1-д "ус, ариутгах байгууламжийн зохион байгуулалтад тухайн орон нутгийн эрх ашиг нь хөндөгдсөн этгээдүүдийг оролцуулах"-аар заасан бөгөөд *** дугаартай "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ" нь хууль болон олон улсын эрх зүйн бодлогын баримт бичгийг зөрчсөн.

6.12. Уг захиргааны акт Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан "Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн Тавдугаар зүйлийн 5.1 хэсэгт "Зөвшөөрөл олгох байгууллага дараахь үндэслэлээр барилгын зөвшөөрөл олгохоос татгалзана: 5.1.2. баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага (...байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн)-д нийцээгүй" гэж заасныг зөрчиж Э.***од олгогдсон болох нь хууль, олон улсын эрх зүйн бодлогын баримт бичгийн зохицуулалт, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт үнэлэгдсэн үйл баримтаар тус тус тогтоогдож байна. Гуравдагч этгээд Э. ***ын энэхүү хууль бус үйл ажиллагаа, захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг зохих журмаар хянуулсаар нэхэмжлэгч тал 2017 оны 9 дүгээр сараас эхлэн одоо 5 гаруй жилийн хугацаанд шүүхийн байгууллагаар маргаан шийдвэрлүүлэн явлаа. Энэхүү барилгын ажлын зөвшөөрөл хууль зөрчсөн болохыг Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаар тогтоолоор шийдвэрлэсний дараа, ***нь эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг дахин эрх зүйн зөрчилтэй хэвээр нь гаргуулан авсан, түүний зэрэгцээ, энэ явцад маргаанд давуу байдал бий болгох үүднээс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "***" ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гэмтээж нураах оролдлого хийсэн, ирээдүйд компанийн барилга байгууламжийг нураах талаар заналхийлсээр байна. Монгол Улсад хууль хэн бүхэнд тэгш үйлчилж, хувийн байдал хэн байхаас үл хамааран хуульд нэгэн адил захирагдах ёстой, хуулийн илэрхий заалтуудыг хүчирхийллийн аргаар давж давуу байдал эдлэх ёсгүй гэж үзэж байна.” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

7.1. Иргэн ***нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “***" худалдааны төвийн хойд талд өөрийн өмчлөлийн Дэнжийн мянга /15120/ Самбалхүндэвийн зам гудамжны 54 дугаартай хаягт байрших Ү-2202023693 үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай, уурын зуухны зориулалттай 115,24 м.кв хэмжээтэй барилгыг буулган 409 м.кв эзэмшлийн газартаа 2 давхар 17.0х12.0 метрийн хэмжээтэй барилга барих хүсэлтийг тус газарт гаргасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж цутгамал төмөр бетон хийцтэй зоорьтой, 2 давхар 17х12 метрийн хэмжээтэй барилга байхаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан.

7.2. Иргэн ***нь өгөгдсөн Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу "Мандах тоер констракшн" ХХК-аар барилгын загвар зургийг боловсруулж 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус газраар баталгаажуулан авсан байна. Тус газар нь барилга байгууламжийг төлөвлөхдөө хот байгуулалтын мэдээллийн санд түшиглэн барилга байгууламжийг төлөвлөн, Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг чиг үүрэгтэй.

7.3. Иргэн Э.***ын барилга нь эзэмшил газрын 49.8%-д төлөвлөсөн нь Хот байгуулалтын тухай хуулийн "12.8. Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна." гэсэн заалтыг хангасан байна.

7.4. Иргэн Э.***ын барилгын хувьд "***" ХХК-ийн барилгын хойд талд байршилтай, урд ханандаа цонхгүй бөгөөд гал тэсвэржилтийн II дугаар зэрэгтэй төлөвлөгдсөн байна. "***" ХХК-ийн 52 дугаартай барилга нь хойд талдаа 3 хүртэлх давхар нь цонхгүй болно. Иймд төлөвлөгдсөн барилга болон 52 дугаартай барилгын хооронд галын норм тооцохгүй юм. Бусад ханаараа галын норм хангаж байгаа болно.

7.5. Улсын дээд шүүхийн 2021 оны 95 дугаар тогтоол болон Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасны дагуу 2021 оны *** дугаартай Барилгын ажлын гэрчилгээг олгосон. Иймд "***" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

8. Гуравдагч этгээд ***шүүхэд гаргасан тайлбартаа: ***" ХХК-ийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан "Хот байгуулалт, Хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-г хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

8.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 1. Дахин шинэ акт гаргахдаа алдаа гаргахгүй байх талаар өгсөн холбогдох дүгнэлтүүдийг илтэд зөрчиж, алдаагаа залруулаагүй дахин шинэ акт гаргасан. 2. Галын аюулгүй байдлын зөрчил, Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үл ойшоон хууль зөрчин барилгын ажлын зөвшөөрлийг дахин шинээр олгосон. 3. Архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан барилгажих талбайг хэтрүүлэн, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын шаардлагыг хүчирхийллийн арга хэрэглэж илүү хэмжээгээр барилгын суурь цутгасан болох нь шууд зөрчиж, хөтөлбөргүй тогтоогдсон байтал "Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 5.1-т заасныг зөрчсөн. 4. Э.***ын барилгын суурь "***" ХХК-ийн барилгатай залгаа баригдаж, суурь нь ил гарч нурах, цонх хаалга аюулгүйн гарцыг таглах, галын аюул учруулах барилга баригдахаар болсон.... гэж тодорхойлжээ.

8.2. Нэг: "Дахин шинэ акт гаргахдаа алдаа гаргахгүй байх талаар өгсөн холбогдох дүгнэлтүүдийг илтэд зөрчиж, алдаагаа залруулаагүй дахин шинэ акт гаргасан" гэх : Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа "...холбогдох дүгнэлтүүдийг илтэд зөрчиж, алдаагаа залруулаагүй..." гэж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ тодорхойлсон боловч, ямар дүгнэлтийг, хэрхэн зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “...холбогдох дүгнэлтүүдийг илтэд зөрчиж, алдаагаа залруулаагүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон боловч, ямар дүгнэлтийг, хэрхэн зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

8.3. “Галын аюулгүй байдлын зөрчил, Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үл ойшоон хууль зөрчин барилгын ажлын зөвшөөрлийг дахин шинээр олгосон” гэх тухайд: Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаар тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ маргаан бүхий асуудлуудад дүгнэлт хийсэн бөгөөд дүгнэлтээ 27 дахь хэсэгт: "Хүчин шонхор" ХХК болон Э.***ын эзэмшил газар хил залгаа боловч, газрын давхцалгүй, Э.***ын эзэмшиж байсан хуучин уурын зуух байсан газар дээр шинээр үйлчилгээний барилга барихад нэхэмжлэгч "***" ХХК- ийн 52 дугаартай барилгын "гал тусгаарлах хамгаалалтын зай" зөрчсөн эсэхийг тогтоох асуудал зөвхөн гуравдагч этгээдийн үйл ажиллагаанаас эсхүл түүнд олгосон барилгын зөвшөөрлөөс хамааралтай биш... 52 дугаар барилга нь өөрөө уг байршилд зөвшөөрөлгүй баригдсан байгаа тул тухайн барилгын бүтэц, зориулалтыг шүүхээс тодорхойлох боломжгүйгээс үүдэн "барилга хоорондын гал тусгаарлах зай" зөрчсөн гэж шүүх дүгнэх боломжгүй байна." гэж дүгнэсэн болно.

8.4. Архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан барилгажих талбайг хэтрүүлэн, мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын шаардлагыг шууд зөрчиж, хүчирхийллийн арга хэрэглэж илүү хэмжээгээр барилгын суурь цутгасан болох нь хөтөлбөргүй тогтоогдсон байтал “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 5.1-т заасныг зөрчиж дахин зөвшөөрөл олгосон гэх тухайд” Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаар тогтоолд: “...нэмэгдүүлсэн шалтгааныг дахин захиргааны акт гаргахдаа анхаарах нь зүйтэй гэж дүгнэсэн.”,

8.5. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “... Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын шаардлагыг шууд зөрчиж, хүчирхийллийн арга хэрэглэж илүү хэмжээгээр барилгын суурь цутгасан” гэх нь ор үндэслэлгүй...Э.***ын барилгын суурь "***" ХХК-ийн барилгатай залгаа баригдаж, суурь нь ил гарч нурах, цонх хаалга аюулгүйн гарцыг таглах, галын аюул учруулах барилга баригдахаар болсон...." гэх тухайд:

8.6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан “...хаалга цонх, аюулгүйн гарц таглах, галын аюул учруулах эсэхийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатын захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаар тогтоолын 27 дахь хэсэгт: "Хүчин шонхор" ХХК болон Э.***ын эзэмшил газар хил залгаа боловч газрын давхцалгүй, Э.***ын эзэмшиж байсан хуучин уурын зуух байсан газар дээ шинээр үйлчилгээний барилга барихад нэхэмжлэгч "***" ХХК-ийн 52 дугаартай барилгын "гал тусгаарлах хамгаалалтын зай" зөрчсөн эсэхийг тогтоох асуудал зөвхөн гуравдагч этгээдийн үйл ажиллагаанаас эсхүл түүнд олгосон барилгын зөвшөөрлөөс хамааралтай биш..., 52 дугаар барилга нь өөрөө уг байршилд зөвшөөрөлгүй баригдсан байгаа тул тухайн барилгын бүтэц, зориулалтыг шүүхээс тодорхойлох боломжгүйгээс үүдэн “барилга хоорондын гал тусгаарлах зай" зөрчсөн гэж шүүх дүгнэх боломжгүй байна." гэж дүгнэсэн бөгөөд, ***нь хуучин уурын зуухыг нураах, суурин дээр шинээр бари барихаар төлөвлөж байх үед "***" ХХК-ийн 52 дугаар барилга нь хойш харсан цонх, хаалгагүй байсан бөгөөд, уг асуудлыг Улсын дээд шүүх хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэж, шийдвэрлэсэн болно.

8.7. ***нь Чингэлтэй дүүрэг, 11 хорооны нутаг дэвсгэр, "***" ХХ худалдааны төвийн хойд талд байрлах өөрийн эзэмшлийн 409 м.кв газартаа 2 давхар 7.0х12.0 метрийн хэмжээтэй үйлчилгээний барилга барихаар авсан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ" нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 586 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаартай тогтоолын дагуу хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газраас дахин шинээр гаргасан акт байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 586 дугаар магадлалд “...Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгажих талбайг 198 м.кв гэсэн байхад барилгын ажлын зөвшөөрөлд 17.0х12.0м буюу нийт 204 м.кв болгон нэмэгдүүлсэн шалтгааныг, мөн зөрүү 6 м.кв нь барилгын аль талд гарч байгаа болохыг дахин захиргааны акт гаргахдаа анхаарах нь зүйтэй.” гэж дүгнэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 426 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Э.***од олгосон 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 00***дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг дахин шинээр гаргатал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр өөрчлөлт оруулсан.

3. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаар тогтоолд “...нэхэмжлэгчийн 52 дугаартай барилга нь өөрөө уг байршилд зөвшөөрөлгүй баригдсан байгаа тул тухайн барилгын бүтэц, зориулалт (уг байршилд зөвшөөрөгдөх)-ыг нь шүүхээс тодорхойлох боломжгүйгээс үүдэн барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай зөрчигдсөн гэж шүүх дүгнэх боломжгүй байна. Хот төлөвлөлтийн барилгажилтын норм ба дүрэм /БнбД 30-01-04/-д заасан барилгын гал тэсвэржилтийн II дугаар зэргийн барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай 8 метр байхаар заасан, энэ норм дүрэмд дурдагдсан галын зай зөрчигдсөн эсэхийг тухайн зэрэгцээ хоёр барилга ямар зориулалтаар зөвшөөрөгдсөн, ямар хийц, бүтэцтэй хийгдсэн зэргээс хамаарч тогтоох учир зай зөрчигдсөн эсэхэд шууд дүгнэлт хийх нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна. Тиймээс, давж заалдах шатны шүүхээс ... гуравдагч этгээдийн хувьд өөрийн өмчлөлийн 409 м.кв газартаа үйлчилгээний барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлт, батлагдсан барилгын эх загвар болон шаардагдах зөвшөөрлүүд олгогдсон энэ тохиолдолд ... Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгажих талбайг 198 м.кв гэсэн байхад барилгын ажлын зөвшөөрөлд 17.0х12.0м буюу нийт 204 м.кв болгон нэмэгдүүлсэн шалтгааныг, ... дахин захиргааны акт гаргахдаа анхаарах нь зүйтэй ... гэж дүгнэн 00***дугаартай Барилгын зөвшөөрлийн гэрчилгээг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн шийдэл үндэслэлтэй болжээ.” гэж дүгнэн дээрх магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Эдгээр магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчөөс дахин шинээр гаргасан актын үндэслэлээ “...Э.***ын барилга нь эзэмшил газрын 49.8%-д төлөвлөсөн нь Хот байгуулалтын тухай хуулийн 12.8 Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэсэн заалтыг хангасан байна. Э.***ын барилгын хувьд "***" ХХК-ийн барилгын хойд талд байршилтай, урд ханандаа цонхгүй бөгөөд гал тэсвэржилтийн II дугаар зэрэгтэй төлөвлөгдсөн байна. "***" ХХК-ийн 52 дугаартай барилга нь хойд талдаа 3 хүртэлх давхар нь цонхгүй болно. Иймд төлөвлөгдсөн барилга болон 52 дугаартай барилгын хооронд галын норм тооцохгүй юм. Бусад ханаараа галын норм хангаж байгаа болно. Улсын дээд шүүхийн 2021 оны 95 дугаар тогтоол болон Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасны дагуу 2021 оны *** дугаартай Барилгын ажлын гэрчилгээг олгосон.” гэж тайлбарлан маргасан нь үндэслэлгүй гэж үзлээ.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэж зааснаар захиргааны байгууллага нь хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх магадлал, тогтоолд заасан нэмж тодруулах ажиллагааг хийсний үндсэн дээр гуравдагч этгээдэд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгох эсэхээ шийдвэрлэж дахин шинэ акт гаргах үүрэгтэй.

6. Гэтэл хариуцагчаас нэмж тодруулах ажиллагааг огт хийлгүйгээр зөвхөн Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасан бичиг баримтын бүрдэл бүрэн гэх үндэслэлээр өмнөх барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээтэй адил агуулгаар дахин гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй байна.

7. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид барилгын ажлын зөвшөөрөл гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг ойлгохоор, 18 дугаар зүйлийн 18.1-д барилгын үйл ажиллагааг хуульд заасан нөхцөл, журмын дагуу барилгын ажлын зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх-ээр, 26 дугаар зүйлийн 26.1.1-д барилга байгууламжийг шинээр барихад барилгын ажлын зөвшөөрөл олгох-оор, 27 дугаар зүйлийн 27.2-т Энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг үндэслэн барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллага ажлын 10 өдөрт багтаан олгох-оор, 28 дугаар зүйлийн 28.1-д ... барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулах-аар, 28.5-д Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан ... баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгохоор тус тус хуульчилсан.

8. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаар тогтоолоор баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 5.1.2-т баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага (гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрлийн болон техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн)-д нийцээгүй тохиолдолд зөвшөөрөл олгох байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзахаар зохицуулжээ.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээдийн барилгыг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ***дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгын хэмжээг 18х11 метр буюу 198 м.кв барилгажих талбайтай байхаар төлөвлөсөн боловч зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтэд барилга нь тэнхлэгээрээ 17м х12м буюу 204 м.кв хэмжээтэйгээр тусгасан. Харин бодит байдалд барилгын суурь нь төлөвлөсөн хэмжээнээс илүү хэмжээгээр буюу 223 м.кв талбайтай байгаа нь /Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар шинжээчийн дүгнэлт/ тогтоогдсон.  

10. Энэ талаар өмнөх шүүхийн шийдвэрүүдэд дүгнэж, уг зөрүүтэй байдлыг дахин шинэ акт гаргахдаа харгалзан үзэх шаардлагатай гэж шийдвэрлэсэн байхад хариуцагч захиргааны байгууллага нь гуравдагч этгээдийн хүсэлтэд хавсаргасан төлөвлөлтийн баримт бичиг, загвар зураг, магадлалын дүгнэлтэд заасан барилгын хэмжээ зөрүүтэй, мөн шүүхэд маргааныг хянан шийдвэрлэх явцад гуравдагч этгээдийн бодитоор барьсан барилгын талбайн хэмжээ нь зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн нөхцөл байдал тодорхой болсон энэ тохиолдолд уг зөрүүтэй байдлыг харгалзан үзэхгүйгээр өмнөх акттай адил хэмжээгээр дахин барилгын ажил гүйцэтгэхийг зөвшөөрч гэрчилгээ олгосон нь дээрх хууль, дүрэмд заасан барилгын үйл ажиллагаанд хяналт тавих, барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргасан бичиг баримтыг хянан шийдвэрлэсний үндсэн дээр зөвшөөрөл олгох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй хууль бус шийдвэр болжээ.

11. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ: 7.1.1.барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол; 7.1.2.иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол; 7.1.3.энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна: 14.1.1.зураг төслийн дагуу баригдсан байх; 14.1.4.зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэж тус тус зааснаар бодит байдалд зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн баригдсан барилгад дахин зөвшөөрөл олгохдоо хөрш зэргэлдээ хуулийн этгээдийн эрх ашиг сонирхол хэрхэн хөндөгдөх, түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд ямар нөлөөлөлтэй талаар нягтлан шалгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа үр нөлөөтэй байх, бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцэхгүй байна.   

12. Хариуцагч захиргааны байгууллагаас барилгажих талбайг 18х11 метр буюу 198 м.кв хэмжээтэй байхаар төлөвлөсөн атлаа уг төлөвлөгөөнд үндэслэн загвар зургийг батлахдаа 205 м.кв буюу илүү хэмжээгээр баталж улмаар барилгын ажил гүйцэтгэх зөвшөөрлийн гэрчилгээ олгосон үйлдлээ Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна.” гэж заасан барилгажих талбайн хэмжээнээс хэтрээгүй тохиолдолд боломжтой гэдэг үндэслэлээр тайлбарлаж байгаа нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна:12.1.1.эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх;” гэж заасанд нийцэхгүй юм.  

13. Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд гуравдагч этгээдэд Барилгын ажлын зөвшөөрлийн *** *** дугаар гэрчилгээг дахин олгосон нь хууль бус байх бөгөөд дээрх маргаан бүхий захиргааны актын улмаас хөрш зэргэлдээ байрлах үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

14. Харин нэхэмжлэгчээс “...*** худалдааны төвийн бохирын байгууламжийн байршлыг тооцохгүйгээр барилга барих зөвшөөрөл олгосон нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 дэх хэсэгт “бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно” гэж заасныг зөрчсөн  ... зай хэмжээг зөрчсөн” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.

15. Учир нь нэхэмжлэгч компани хувийн төсвөөр зөөврийн бохирын цооног гаргаж, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг хот байгуулалтын мэдээллийн санд хүлээлгэж өгсөн /хх2-205 тал/ боловч уг объект нь төрийн өмчийн бохир ус цуглуулах болон татан зайлуулах нэгдсэн шугамд холбогдоогүй /хх3-61 тал/ тул барилга байгууламж барихад дээрх хуульд заасан зай хэмжээг тооцох шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 28 дугаар зүйлийн 28.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “***” ХХК-ийн нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн *** *** дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ