| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/01079/И |
| Дугаар | 182/ШШ2024/01447 |
| Огноо | 2024-04-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/01447
| 2024 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 182/ШШ2024/01447
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, өөрийн байранд байрлах, Г Б ХК /РД:2075377/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт ...............-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Эрдэнэцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Г.О нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Г Б ХХК-тай ЗГ6255109031 тоот зээлийн гэрээ байгуулж, 18,460,000 төгрөгийн зээлийг жилийн 16.80 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж авсан.
Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул банкны зүгээс нэхэмжилсэн боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШЗ2024/00745 дугаар захирамжаар Г.О нь нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Г.Оийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/
2.2 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээ /хх-6-7/
2.3 Хүү тооцооллын хүснэгт /хх-11/
2.4 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2023/20072 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШЗ2024/00745 дугаар захирамж /хх-12-13/
3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШЗ2024/03013 дугаар захирамжаар Г.Оийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Г Б ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Оийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Г.О нь Г Б ХК-тай 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээ нэртэй гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба тэрээр энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Г Б ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
Г Б ХК нь Г.Оийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг бүрдүүлэх эрхтэй.
Шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 182/ШЗ2024/03013 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамж гарган, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Г.Оийн оршин суугаа газрын хаягийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэхэд түүний оршин суугаа газрыг Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 7 дугаар баг, Тамир 48 гудамж, 4804 тоот гэж ирүүлж, тус хаягт шүүхээс хүргүүлсэн мэдэгдэх хуудас буцаагдсан байна.
Хүсэлт гаргагч Г Б ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт ...............-ын оршин суугаа газрыг Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Жаргалант 12А гудамж, 230 тоот гэж тодорхойлон харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2023/20072 дугаар захирамжаар тогтоогдсон байна.
Мөн Г Б ХК нь Г.Оийн оршин суугаа газрыг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ЯЦЦ-ын 60-11 тоот гэж тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаяг тус хороонд байдаггүй, оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ны 181/ШЗ2024/00745 дугаар захирамжаар тогтоогджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Г Б ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт ...............-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
3.Хүсэлт гаргагч Г Б ХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Г Б ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт ...............-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Оийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Г Б ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Оийн хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....................-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ