Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0768           

 

 

 

 

 

 

    2023          10          18                                      128/ШШ2023/0768           

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ***тоот захирамжийг хүчингүй болгох

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” *** дугаар захирамжаар нэхэмжлэгч ***т Сонгинохайрхан дүүргийн ***хорооны нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар *** м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.2. Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ***дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг тус тус үндэслэж ***ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

2.3. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/3146 тоот албан бичгээр дээрх захирамжийг нэхэмжлэгч ***т мэдэгдсэнээр нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлэл гаргасан. 

3. Нэхэмжлэгч ***ээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

3.1. “Миний бие нь дээрх газарт 2016 ондоо шон бүхий хашаа хатгаж, төмөр утсаар хүрээлэн тусгаарласан байсан. Ингээд гэр бүлээрээ хүнсний ногоо тариалж, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх хүсэл сонирхолтой байсан. Гэвч 2016 он болон 2017 онд санхүүгийн нөхцөл байдал муу байсан тул газар дээрээ үйл ажиллагаа явуулж чадаагүй юм. Манай гэр бүл 2018 онд бусдаас санхүүгийн дэмжлэг, зээл авч хүнсний ногоо тариалах бодолтой байсан боловч 2018 оны эхнээс эхлэн миний эцэг С.***ийн бие өвдөж түүнийг биечлэн асрах зайлшгүй шаардлагатай болсон. Тухайн үед миний аав 78 настай, харин миний эх Б.*** нь 79 настай байсан тул ондор насны улмаас эцгийг минь асрах боломжгүй байсан. Миний аав 2018 оноос эхлэн үргэлжлүүлэн өвдөж бие нь тэнхрэхгүй байсаар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн. Ааваас минь хойш ээжийн минь бие мөн л сайнгүй байгаа бөгөөд одоогоор хэвтрийн дэглэмд мөн л миний биеийн зайлшгүй асаргаанд байна. Энэ бүхнээс болоод миний бие газраа ашиглаж чадаагүй бөгөөд байнгын санхүүгийн хүндрэлтэй, бэрхшээлтэй байсан болно.

3.2. Миний зүгээс энэ бүхнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байх бөгөөд захиргааны байгууллага энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг асууж тодруулалгүй, хуульд заасан зохих ажиллагааг явуулалгүйгээр хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөд байна. Иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу захиргааны акт гаргаж буй захиргааны шийдвэр гаргах ажиллагаа юм. Үүнээс харахад миний биеийн газар эзэмших эрх хүчингүй болгож буй байдал нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаа байна.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т: "Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид "оролцогч" гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно." 13.3-т: "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна." гэж заасны дагуу миний нэр дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгох ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор захиргааны байгууллага миний биеийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах ёстой байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас миний бие чухам ямар хууль, аль гэрээний нөхцөлийг хэрхэн зөрчөөд байгаагаа одоог хүртэл мэдээгүй байсаар байна. Хэрэв Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хууль бус захиргааны акт гарахаас өмнө надад чухам яагаад газраа 2 жилийн хугацаанд ашиглаагүй болон бусад тайлбарыг гаргах боломж буюу хүндэтгэн үзэх шалтгааныг тодруулан "сонсох" ажиллагаа явуулсан бол нөхцөл байдал иймдээ тулахгүй байх байсан билээ. Гэтэл миний биеийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй тул нэхэмжлэгчийн тайлбар, санал гаргах эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Нийслэлийн Засаг Даргын 2023.06.05-ны өдрийн ***тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Иргэн ***ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ***дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

4.2. Иргэн ***т Сонгинохайрхан дүүргийн ***хорооны нутаг дэвсгэрт байрлах *** м.кв газрыг 2016 оны 05 дугаар сарын 10-ны захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон тухайн эзэмшигч Газрын тухай хуулийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь тогтоогдсон тул 2023 оны 06 дугаар сарын ***дугаар захирамжаар хүчингүй болгосон байдаг. Тухайн захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан cohcox ажиллагааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01/-09/4660 тоот албан бичгээр мэдэгдсэн.

4.3. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10. дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно" гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлд дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан нь тус тодорхойлолтод хамаарахгүй байна.

4.4. Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны ***дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч ***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” *** дугаар захирамжаар нэхэмжлэгч ***т Сонгинохайрхан дүүргийн ***хорооны нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар *** м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчээс газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгож байсан боловч гээгдүүлсэн гэж, хариуцагчаас газрын хувийн хэрэгт гэрээ, гэрчилгээ байхгүй гэдэг тайлбарыг тус тус гаргасан.

2. Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ***дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг тус тус үндэслэж ***ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: ...40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан.

4. Хуулийн уг заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

5. Шүүхээс хийсэн үзлэгээр маргаан бүхий газрын урд хэсгээр төмөр троссон хашаа татсан, өөр ямар нэгэн барилга, байгууламж бариагүй, хөдөө аж ахуйн зориулалтаар ашигласан байдал тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчээс уг газрыг ашигласан гэж маргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрыг ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаанаа ...коронавирусын цар тахлаас шалтгаалан үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, ...настай, өвчтэй эцэг, эхээ асрах зайлшгүй шаардлагатай байсан гэж тайлбарлан маргасан.  

6. Монгол Улсад 2019 оны төгсгөл, 2020-2021 онуудад коронавирусын цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт удаа дараа шилжиж, хөл хорио тогтоож байсан нь нийтэд илэрхий үйл баримт тул тухайн онуудад нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах үндэслэлгүй.  

7. Харин нэхэмжлэгч нь өөрийн ээж Г.***г асардаг гэх боловч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт /хх-145 тал/-оор Г.*** нь зээ охин Э.***гийн асаргаанд байдаг болохыг тодорхойлсон, аав С.*** нь мөн Э.***гийн асаргаанд байсан нь Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асрах гэрээ /хх-146 тал/-ээр нотлогдох бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан лавлагаа хэрэгт авагджээ. Эдгээр баримтаас үзэхэд *** нь өвчтэй хүн асарч байсан гэх хүндэтгэн үзэх шалтгааныг шууд нотлох баримт болохгүй байх бөгөөд анх газар эзэмших эрх олгосон 2016 оноос 2019 он хүртэл, түүнчлэн цар тахлын нөхцөл байдал арилснаас хойш газраа зориулалтын дагуу ашиглах хангалттай хугацаа байсан байхад уг үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

8. Нэхэмжлэгчээс сонсох ажиллагааг хийгээгүй гэж маргасан, хариуцагч нь 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01-09/4460 /хх-83 тал/ тоот албан бичгээр нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч үүнийгээ нэхэмжлэгчид ямар хаягаар хүргүүлсэн болохоо нотолж маргаагүй. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны журмыг зөрчсөн нь энэ маргааны тохиолдолд нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй зөрчлийг үгүйсгэхгүй учраас энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ. 

9. Хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан аль нэг үндэслэл бүрдсэн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй бөгөөд, энэ маргааны тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн нь тогтоогдсон тул газраа зохих ёсоор ашиглах үүргээ биелүүлээгүй газар эзэмшигч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан ***ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ***тоот захирамжийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ