Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 135

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд  суулган улсын яллагч Ч.Мөнхзул, хохирогчийн төлөөлөгч Ри Мён Хёг /Ri Myong Hyok/  шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, орчуулагч Н.Алтансүх, шүүгдэгч Чой Хён Сун /Choe Hyon Song/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;        

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чой овогт Хён Сунд холбогдох эрүүгийн 201711000238 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын иргэн, 1973 оны 4 сарын 24-ний өдөр Пёнан Нам аймгийн Ан Жү хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “KUN RUNG” ХХК-д жолоочоор ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Пхьёнян хот Сунан дүүрэг Тэ Яан хорооллын 63 тоотод оршин суух, одоо Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 13-р хороо “Алтантэвш” хорооллын 124 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, /РД:РRK73042400/, Чой овогт Хён Сун /Choe Hyon Song/

 

 Шүүгдэгч Чой Хён Сун /Choe Hyon Song/ нь БНАСАУ-ын Кумрунг ХХК-д жолооч ажилтай ба 2017 оны 06 сарын 17-ноос 2017 оны 06 сарын 18-нд шилжих шөнө 00 цагийн орчимд 73-96 УНЕ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл жолоодон шөнийн ээлжинд материал зөөвөрлөн буулгах явцдаа уг компанид тоологч ажилтай Ро Вон Гүнийг дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/   

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Чой Хён Сун /Choe Hyon Song/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн өөр. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэв.

Хохирогчийн төлөөлөгч Ри Мён Хёг /Ri Myong Hyok/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 06 сарын 17-ны шөнө Улаанбаатар хотод байх үедээ утсаар энэ мэдээллийг авсан. Юуны өмнө өөрийн гэр бүл, нутгаасаа хол газар ирээд ийм асуудалд орсон нь маш их харамсаж байгаагаа илэрхийлж байна. Манай байгууллагын шилдэг ажилтан амиа алдсанд мөн адил харамсаж байна. Байгууллагын зүгээс ажилчиддаа аюулгүй ажиллагааны талаар анхааруулга өгч, заавар зөвлөгөөг нарийн хатуу тавьж, маш өндөр хариуцлагыг шаардаж ажилладаг. Яг ямар шалтгаанаас болж тоологч залуу зам дээр хэвтэж байсныг бид мэдэхгүй байна. Дараагийн машин ирэх хооронд амарч байсан гэж үзэж байна. Элчин сайдын яамаар дамжуулж манай компанийн удирдлагууд ар гэрийнхэнтэй нь уулзаж, талийгаачийг чандарлах ажиллагааг зохион байгуулж ажилласан. Үүний дагуу хохирогчийн төлөөлөгчөөр томилогдсон Хохирогч талаас гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хохирогчийн төлөөлөгч Ри Мён Хёг /Ri Myong Hyok/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...би БНАСАУ болон Монгол Улсын хамтарсан барилга зам угсралтын “Кумрунг” ХХК-ний захирал ажилтай бөгөөд 2017 оны 04 сараас эхлэн захирлаар томилогдон ажиллаж байна. Манай компанийн ажилчдын амь нас эрүүл мэндийг Монгол Улсад ажиллаж амьдарч байх хугацаанд яг тэр энэ хариуцна гэсэн гэрээ хэлцэл байхгүй хэдий ч би уг компанийн захирал учраас ажилинуудынхаа амь нас эрүүл мэндийг хариуцах албан бус үүрэгтэй байдаг. Талийгаачийн ар гэрээс намайг уг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцохыг зөвшөөрсөн. Мөн талийгаачийн цогцосыг чандарлах асуудлыг элчин сайдын яамаар дамжуулан хүсэлт гаргасны дагуу дээрх асуудлыг нь би хариуцаж шийдвэрлэсэн. Мөн талийгаачийн ар гэрээс ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27/    

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 55 тоот дүгнэлтэд: "1.Талийгаач Ro Wongun-ны цогцост цээж, хэвлий, аарцгийн хөндийн хавсарсан гэмтэл, баруун, зүүн талын олон хавирганы хоёрлосон хугарлууд, бүсэлхийн 2.3-р нугамлын их бие хэсгийн салсан хугарал, нугасны бүрэн тасрал, хэвлийн зүүн доод хэсгийн урагдсан шарх, дотор эрхтнүүдийн бяцрал, баруун болон зүүн талын аарцаг ясны хугарал, зүүн хөлийн гуяны дээд 1/3 хэсгийн бүрэн тасрал, зүүн мөрний дээд хэсэг, цээжний урд баруун дээд хэсэг, баруун суганы доод хэсэг, зүүн тохойн орчим, зүүн шууны дотор дээд хэсгийн см зулгаралт, цээжний баруун хажуу гадарга, хэвлийн баруун доод хэсгийн цус хуралт, цээжний ард болон бүсэлхий хэсгийн цус хуралт, бүсэлхий хэсгийн зулгаралт, зүүн ташааны цус хуралт, баруун бугалга болон шууны шууны цус хуралт, баруун гуяны цус хуралт, баруун шилбэний зулгаралт, зүүн гуяны арьсны хууралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Уг гэмтэл нь үхэлд шууд хүргэсэн болно. 3 Уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Талийгаач нь цээж, хэвлий, аарцгийн хөндий, доод мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан болно. 5.Талийгаач нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. 6.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7.Талийгаач нь АВО системээр О /1/ бүлгийн цустай байна” гэжээ./хх-ийн 42-43/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 59 тоот дүгнэлтэд: "1.Талийгаач Ro Wongun-ны цогцосноос авсан гэх шингэн цусанд спиртийн алкоголь илрэхгүй байна” гэжээ./хх-ийн 47/

-Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10/  

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13/  

-Гэрч Чэй Жон Сүгийн мэдүүлэг /хх-ийн 28-29/

-Гэрч Ча Жон Шигийн мэдүүлэг /хх-ийн 30-31/

-Гэрч Д.Бүрэнчөдөрийн мэдүүлэг /хх-ийн 110/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 2017 оны 06 сарын 18-ны өдөр /хх-ийн 47-48/

-Замын цагдаагийн тасгийн 2017 оны 06 сарын 30-ны өдрийн №18 тоот шинжээч Ч.Улзын дүгнэлт /хх-ийн 51/   

-Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, Б.Батцэнгэл, З.Мөнхтуул нарын гаргасан 2017 оны 07 сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57/ зэрэг болно.  

Шүүгдэгч Чой Хён Сун /Choe Hyon Song/ нь 2017 оны 06 сарын 17-ноос 2017 оны 06 сарын 18-нд шилжих шөнө 00 цагийн орчимд 73-96 УНЕ улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон шөнийн ээлжинд гарч карьераас материал  /элс, шороо/ зөөвөрлөн явж байхдаа ажлын талбай орох замд байдаг ховилд хэвтэж байсан тоологч ажилтай Ро Вон Гүнийг харалгүйгээр дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнд: шүүгдэгч Чой Хён Сунын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...карьераас замын материалаа ачаад индүүний жолооч Гу Юун Соны хамт “Хово” маркийн 73-96 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод карьераас зам тавьж байгаа ажлын талбай руу явсан. Тухайн үед ойролцоогоор 00 цаг 30 минут болж байсан бөгөөд талбай дээр очиход тоологч ажилтан маань харагдахгүй байсан. Тэгэхлээр нь дуут дохио өгөөд талбай руу орж зогсоод машинаас буухад бульдазорын жолооч Чой Жон Сог гүйж ирээд хүн дайрчихлаа гэж хэлэхээр нь харахад л хүн хэвтэж байгаа харагдсан. Би шоконд орсон байсан тул ойртож очиж хараагүй...Би бусдыг амв насыг болгоомжгүйгээр хохироосон өөрийн буруугаа сайн ойлгож байна “  гэх мэдүүлэг /хх-ийн 77-73/, гэрч Чэй Жон Сүгийн өгсөн “...2017 оны 06 сарын 17-ны орой би оройн ээлжтэй байсан юм. Тэгээд 20 цагаас хойш 3 машин авсан бөгөөд талийгаачийн хамт талбай дээр байсан. Тэгээд машин ирэхээр нь босож машинаа тосчихоод буцаад хэвтээд байсан...гурав дахь машин ирээд явсны дараа талийгаач гадаа хүйтэн байна гээд зориулалтын ойлгогчтой хувцасныхаа гадуур өөрийнхөө гадуур хувцасыг өмсөөд хэвтэж байсан...би машиндаа сууж байсан бөгөөд гэнэт урдаас машин сигналдаад орж ирэхээр нь машинаасаа буугаад бахирахын завдалгүй талийгаачийг дайрсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, гэрч Д.Бүрэнчөдөрийн өгсөн “... 2017 оны 06 сарын 17-ноос 2017 оны 06 сарын 18-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчимд манай компаний туслан гүйцэтгэгч компанийн ахлах инженер ирж надтай уулзаад бид нар баларсан гэхээр нь юу болсон талаар асуухад “машинд дайруулаад хүн нас барчихлаа” гэж хэлсэн. Тэгээд надаас яах ёстой вэ гэж асуухаар нь цагдаад мэдэгдсэн бөгөөд цагдаагаас хэргийн газраас машин тэрэг хөдөлгөж болохгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 55 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 59 тоот дүгнэлт, Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 2017 оны 06 сарын 18-ны өдөр, Замын цагдаагийн тасгийн 2017 оны 06 сарын 30-ны өдрийн №18 тоот шинжээч Ч.Улзын дүгнэлт, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, Б.Батцэнгэл, З.Мөнхтуул нарын гаргасан 2017 оны 07 сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэрэг болно.     

Хэдийгээр шүүгдэгч Чой Хён Сун /Choe Hyon Song/-ны үйлдсэн хэрэг нь 2017 оны 06 сарын 17-ны өдрөөс 2017 оны 06 сарын 18-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх боловч 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийг зүйлчлэн ирүүлсэн нь эрх зүйн байдал дээрдэж байна гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Чой Хён Сун /Choe Hyon Song/-д холбогдох хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул түүнийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:  

Шүүгдэгч Чой Хён Сун /Choe Hyon Song/ шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Чой Хён Сун /Choe Hyon Song/ нь болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнд  Эрүүгийн харицулага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтооосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчид зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1.д заасан зүйл хэсэг нь нэгээс таван жил хүртэл хорих ял шийтгэхээр байгаагаас үзэхэд хөнгөн хэргийн ангилалд багтаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Чой Хён Сунд /Choe Hyon Song/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. 

Хохирогчийн төлөөлөгч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж байгаагаас үзэхэд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч Чой Хён Сун /Choe Hyon Song/ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.       

Бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Чой Хён Сун /Choe Hyon Song/-ны 1081133 дугаартай В.С ангиллын жолооны үнэмлэх, 745236026 дугаартай гадаад паспортыг тус тус шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                

 

1. Шүүгдэгч Чой овогт Хён Сун /Choe Hyon Song/-г болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Чой овогт Хён Сун /Choe Hyon Song/-д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.             

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4-д зааснаар шүүгдэгч нь тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох албадлагын арга хэмжээ авсугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Чой Хён Сун /Choe Hyon Song/ нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Үүрэг хүлээлгэж, эрх хязгаарласан албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Чой Хён Сун /Choe Hyon Song/-д хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч Чой Хён Сун /Choe Hyon Song/ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.    

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Чой Хён Сун /Choe Hyon Song/-ны 1081133 дугаартай В.С ангиллын жолооны үнэмлэх, 745236026 дугаартай гадаад паспортыг тус тус шүүгдэгчид буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Чой Хён Сун /Choe Hyon Song/-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчинтөгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР