Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1926

 

 

 

 

 

 

 

 

 

С.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01661 дүгээр шийдвэртэй, С.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Г-д холбогдох

 

30 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Г-нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр С.Д-тэй зээлийн гэрээ байгуулж 7 000 000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож гэрээнд тусгасан бөгөөд зээлдэгч нь зээлээ бэлэн тоолж авсанаа гэрээнд тусгаж. гарын үсэг зурсан. Зээлдэгч гэрээ байгуулснаас хойш зээлээ төлөхгүй зугтаж, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу нэг сарын хугацааны хүү, гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгээс тооцон алданги нэхэмжлэх хууль зүйн үндэстэй байна. Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт: Үндсэн зээлийн төлбөр 7 000 000 төгрөг. Зээлийн хүү - 350 000 төгрөг. Алданги 3 675 000 төгрөг. Нийт 11 025 000 төгрөгийг А.Г-аас гаргуулж, С.Д-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Г- шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн С.Д- нь надаас үндсэн зээлийн төлбөр 7 000 000 төгрөг, зээлийн хүү 350 000 төгрөг, алданги 3 675 000 төгрөг нэхэмжилжээ. Үүнийг иргэн А.Г- миний бие хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээн дээрх гарын үсэг минийх биш гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Г-аас 11 025 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар С.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Г-аас 191 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 15-ны өдрийн 1661 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч миний бие нэхэмжлэгч гэх С.Д-тэй ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, иргэн С.Д-ээс мөнгө огтхүлээн аваагүй. Хавтаст хэрэгт зээлийн гэрээнд мөнгө хүлээлгэн өгсөн гэж гараар доод буланд нэмж бичиж, хуурамчаар бүрдүүлсэн, тухайн зээлийн гэрээг нотариатаар оржхэзээ ч батлуулжбайгаагүй, мөнгө өгсөн гэжхудал бичиж, нотариатаар хуурамч дардаж даруулсан байсан, үүнийг нотариатч нь хүртэл баталж байгаагүй гэж тоот ирүүлсэн байгаа. Ингэж хуурамж бичиг бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж болдог юм уу, эргэлзээтэй тодруулах шаардлага их байхад хариуцагч талыг шүүх хуралдаанд байцуулахгүйгээр товыг мэдэгдэлгүйгээр хэргийн хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрт "С.Д- нь А.Г-тай 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр "Зээлийн гэрээ"-г бичиг /хх-6х/-ээр байгуулж, С.Д- нь 7 000 000 /Долоон сая/ төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч А.Г- нь зээлийн төлбөрийг хугацааны эцэст буцаан төлөхөөр тохиролцожталуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ байгуулагдсан байна" гэж үзсэн. Гэтэл би бодитоор нэг ч төгрөг аваагүй байхад зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. "Хариуцагч А.Г- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зээлийн гэрээ дээр зурагдсан гарын үсэг минийх биш гэх үндэслэлээр шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч А.Г- нь гарын үсгийн загварыг шүүхэд гаргаж өгөөгүй, шинжээч дүгнэлт гаргах боломжгүй гэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн" гэжээ. Миний бие гарын үсгийн загваруудаа зурж өгсөн, шинжээч яагаад дүгнэлт гаргах боломжгүй гэж үзсэнийг ойлгохгүй байна. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэнд гомдол гаргах боломж олгоогүй. "Хариуцагч А.Г- нь Зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэх үндэслэлийг баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзлын үндэс болж байгаа нөхцөл байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй" гэсэн нь өрөөсгөл байна. Угаасаа нэхэмжлэгч бодитоор мөнгө өгсөнөө ч нотлоогүй. Миний хувьд аваагүй мөнгөө аваагүй гэдгээ хэрхэн яаж нотлох нь тодорхойгүй буюу гагцхүү зээлийн гэрээ байгуулаагүй гэдгийг гарын үсэг биш, мөнгө авлаа гэсэн бичвэр биш болохыг шинжээчийн дүгнэлтээр гол нь нотлох байсан. Шүүх энэ үүргээ биелүүлээгүй, хэргийн хариуцагчид бүх хариуцлагыг үүрүүлсэнд гомдолтой байна. Улмаар хуурамч бичиг үйлдэж хэрэг шийдүүлсэн нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийг эрүүгийн гэмж хэргийн шинжтэй үйлдлийг мөн давхар шалгуулах болно. "Хариуцагч А.Г- нь нэхэмжлэлийн хувийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гардан аваад шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, /хүсэлтүүд ирүүлсэн/ тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 13.30 цагт товлон, хариуцагч А.Г-ад шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8, 77.6 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн. Хариуцагч А.Г- нь хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй, тайлбар гаргаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт "Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ" гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна" гэжээ. Нэхэмжлэгч хариуцагч намайг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоолгон гэж бас худал хуурамч баримт бүрдүүлж өгсөн байдаг. С.Д- шүүхэд нэхэмжлэл гаргахаар бус ББСБ-д цагдаагийн газраас хаяг болж тогтоосон гэсэн бичгийг өгсөн байсан ба би тус хаягт улирлын чанартай түр хугацаагаар оршин сууж байсан ба тухайн хаягт бүртгэпгүй, энэ тухай хорооны Засаг дарга бүртгэлгүй гэж тодорхойлолт өгсөн байхад хорооны Засаг дарга өөрийн харъяаны оршин суух бүртгэлтэй иргэдэд л товыг мэдэгдэх боломжтой хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж бүртгэлгүй иргэнд тов мэдэгд гэж хорооны Засаг даргад хурлын тов хүргүүлсэнд гомдолтой байна. Миний бие шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлжчадаагүй, улмаар шинжээчийн дүгнэлт гаргаагүй гэдгийг мэдээгүй, хавтаст хэрэгтэй танилцах боломж олгоогүй, шүүхэд хүрэлцэн очиж лавлахад шүүгч нар ихэнхи нь зуны ээлжийн амралтаа авсан эзэнгүй байгаа гээд оруулахгүй байсан байж гэнэт хурлаа зарлаж. товыг эзэнд нь хүргэлгүйгээр хэргийг бодит байдалд нийцүүлэхгүйгээр шийдсэнд гомдолтой байна. Миний бие өмгөөлөгч авч, гэрээ байгуулсан, гэтэл өмгөөлөгч хүсэлт өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарах хуулийн зохицуулалт байдаг юм уу, би өмгөөлөгчөөсөө татгалзаагүй байтал хэрэг шийдвэрлэх хурлынхаа товыг өмгөөлөгч Баасансүрэнд ч огт мэдэгдээгүи байгаа нь хариуцагчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Хэрвээ өмгөөлөгчид мэдэгдсэн бод надруу холбоо барих л байсан. Би товыг мэдсэн бол шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх байсан. Би хөдөө ажиллаж, амьдардаг тул надад боломжит хугацаанд мэдэгдэх үүргээ шүүх биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах боломжийг олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч А.Г-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 025 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 7 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлэхээр тохиролцжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч А.Г- нь дээрх зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, өөрийнх нь мөн эсэхийг тогтоолгох үндэслэлээр шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2019/05822 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна./хэргийн 47, 51-62 дугаар тал/

 

            Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн 10/3085 тоот албан бичигт “Шинжилгээнд харьцуулах загвараар А.Г-ын гарын үсгийн болон бичгийн хэвийн чөлөөт, харьцангуй чөлөөт загварууд ирүүлээгүй, шинжилгээнд ирүүлсэн А.Г-ын гэх бичгийн хэвийн болон гарын үсгийн туршилтын загварууд адилтгалын шинжилгээ хийхэд тоон болон чанарын шаардлага хангахгүй байна” гэсэн үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзсан байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

            Өөрөөр хэлбэл, Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчөөгүй байна. Учир нь хариуцагч А.Г-ыг бичгийн хэвийн болон гарын үсгийн туршилтын загвараа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд өгөөгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй юм. Нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа биелэгдээгүйд хариуцагч өөрөө буруутай байна.

           

            Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээн дээр “7 000 000 төгрөгийг бэлнээр тоолж авлаа” гэж бичсэн байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.

 

Хариуцагч 7 000 000 төгрөгийг аваагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Талууд гэрээндээ алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “...хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасанд нийцэж байх тул  мөн хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтын дагуу алдангид 3 675 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв.

 

            Түүнчлэн, шүүхээс уг хэрэгт 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Иргэний хэрэг үүсгэж, талуудад эрх үүргийг тайлбарлаж, улмаар хариуцагч А.Г-ад 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШЗ2019/05154 дүгээр шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутад товлон, шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6, 77.8 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч А.Г- нь оршин суугаа хаягаа өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмын дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэнд шүүхийг буруутгах үндэслэлгүй.

 

            Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах
үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01661 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

 

                                                С.ЭНХТӨР