Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1924

 

 

 

 

 

 

 

 

 

Н.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/01808 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Х-д холбогдох,

 

Зээлийн хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги 1 247 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.А-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би М.Х-тэй 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 3 сарын хугацаагаар сарын 3 хувийн хүүтэй байгуулсан. Мөнгийг нь тэр өдрөө шилжүүлж өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр надад 500 000 төгрөг хэрэгтэй байсан учир өгөөч гэхэд надад өгсөн. Тэр өдрөөс хойш 4 500 000 төгрөгөөр хүүгээ бодоод явсан. 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 60 000 төгрөг өгөөд цувуулж өгсөөр 330 000 төгрөгийн хүүг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл өгсөн. 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэрээний хугацаа дуусахад зээлээ төлөх талаар асуухад өгөх боломжгүй байна гэсэн. Түүнээс хойш 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 940 000 төгрөгийн зээлийг төлсөн. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 3 500 000 төгрөг өгсөн. Ингээд зээл дууслаа гэсэн байсан. Хариуцагч Хаан банкны 5028774885, 5027344015, 5027843127 тоот өөрийн болон охиныхоо дансаар надад мөнгө шилжүүлдэг байсан. Хариуцагч нь хүү, зээлээ төлөөд дууссан гэхэд алданги ер төлөөгүй. Зээл төлж эхэлсэн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс дууссан 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 1 247 800 төгрөг болж байгаа тул М.Х-гээс 1 247 800 төгрөгийн алданги гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би Алтанчимэгээс 5 000 000 төгрөг зээлсэн. Сарын 3 хувийн хүүтэй авсан. Зээл аваад удаагүй байтал надаас мөнгөө авъя, мөнгө хэрэгтэй бана гэсэн. Би зээлийн хугацаа болоогүйг хэлэхэд надад ядаж 1 000 000 төгрөг өгөөч гэсэн. Би зээлийг хэрэглэсэн тул 500 000 төгрөг олж өгье гээд 500 000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 500 000 төгрөгийг надаас нэхэхээр нь цувуулж өгсөн. Ингээд 1 000 000 төгрөг төлөгдсөн. Үлдэх 4 000 000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа дуусахаар нэг мөсөн хүүгийн хамт төлье гэсэн. Гэтэл надаас байнга мөнгө хэрэгтэй байна гэж нэхдэг байсан. Би 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэхэд бүх зээлээ төлөөд дуусгасан. Түүнээс өмнө 1 000 000 гаран төгрөг өгсөн. Би зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө үндсэн зээлээс төлж байсан. Бэлэн болон бэлэн бусаар гээд мөнгө өгдөг байсан. Бэлэн мөнгөөр төлсөн 50 000 төгрөгийг тооцоогүй. Дансаар 2018 оны 6 дугаар сард 270 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сард 230 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сард 390 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сард 3 600 000 төгрөг төлсөн. Н.А-ийн Хаан банкны 5094068361, 5028748051 данс руу нь өөрийн болон охиныхоо данснаас хандаа, хандаагаас гэж мөнгө шилжүүлдэг байсан. Би зээлээ төлж дуусгасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан М.Х-гээс 1 175 150 төгрөг гаргуулж Н.А-т олгож, Н.А-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72 650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38 754 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд, М.Х- миний бие Н.А-тэй зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 3 сарын хуүацаатай зээлж авсан. Уг зээл болон хүү, алдангийн хэмжээний мөнгийг төлж дууссан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримтлан надаас алданги гэж 1 175 150 гаргахаар шийдвэрлэсэн. Уг мөнгийг би төлсөн. Миний охин М-н 5028774885 данснаас А-ийн 5028748051 данс руу 1 020 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд уг баримтыг /дансны хуулгыг/ шүүхэд гаргаж өгч амжаагүй. Охиныхоо дансны хуулгыг гаргаж өгье гэтэл шүүгч нь шүүх хурлаас өмнө гаргаж өгөхгүй яасан юм бэ гэж загнаад хурлаа үргэлжлүүлэн явуулж шийдвэрлэсэн. Тиймээс миний шүүхэд нотлох баримт гаргах эрх-зөрчигдөн би 1 175 150 төгрөг төлөх төлбөрт ороод байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.16-ны өдрийн 181/ШШ2019/01808 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нотлох баримтуудыг гаргах боломж олгон дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч М.Х-гээс зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн алдангид 1 247 800 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчдын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч 5 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцжээ./хэргийн 4 дүгээр тал/

           

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч зээлийн гэрээний хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 500 000 төгрөг, 3 сарын зээлийн хүүд 330 000 төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 4 500 000 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

            Тодруулбал, хариуцагч нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 100 000 төгрөг, мөн оны 7 дугаар сарын 13-ны өдөр 40 000 төгрөг, 7 дугаар сарын 17-ны өдөр 100 000 төгрөг, 7 дугаар сарын 18-ны өдөр 200 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 50 000 төгрөг, 8 дугаар сарын 07-ны өдөр 25 000 төгрөг, 8 дугаар сарын 11-ний өдөр 50 000 төгрөг, 8 дугаар сарын 13-ны өдөр 75 000 төгрөг, 8 дугаар сарын 16-ны өдөр 50 000 төгрөг, 8 дугаар сарын 26-ны өдөр 100 000 төгрөг, 8 дугаар сарын 31-ний өдөр 50 000 төгрөг, 9 дүгээр сарын 02-ны өдөр 100 000 төгрөг, 9 дүгээр сарын 03-ны өдөр 3 500 000 төгрөг, 9 дүгээр сарын 12-ны өдөр 20 000 төгрөг, 9 дүгээр сарын 13-ны өдөр 40 000 төгрөг буюу нийт 4 500 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлсөн үйл баримт Хаан банкны 5028748051, 5094068361, 5028774885, 5027344015 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7-д “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заажээ.

 

            Шүүх дээрх хугацааны алданги 1 225 150 төгрөг болж байгаагаас хариуцагчаас 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш төлсөн буюу 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 10 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 40 000 төгрөг, нийт 50 000 төгрөгийг хасч, 1 175 150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/01808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 754 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

 

                                                С.ЭНХТӨР