Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/249

 

 

Ц.Жод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч Ц.Ж,

хохирогч Я.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Жын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2105 02304 1945 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.... овгийн Ц....ийн Ж...., 19.... оны ...  дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... астай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл .... хамт .... дүүргийн ... дугаар хороо, ....дугаар ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3, 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.3, 126.2.4 дэх хэсэгт тус тус зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2017 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр 12 жилийн хорих ялыг 7 жилийн хугацаагаар дүйцүүлэн сольж, 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

Ц.Ж нь 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ЗАА-н 1-47 тоотод байдаг нийтийн байрны 4 тоотод хохирогч Я.Энхтүвшинг найзындаа байх үед түүний гэр буюу тус байрны 8 тоотоос хохирогч Я.Энхтүвшиний охин Анхилуунаас “ээж чинь гар утас аваад ир гэж байна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Релми Жи Ти” загварын гар утсыг залилан авч, 1.999.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б... овгийн Ц...Ж......тыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Жыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.Жод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц.Жоос 1.999.000 төгрөг гаргуулж, хохирогч Я.Энхтүвшинд олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Жод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил нээлттэй хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд урьд өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн болно. Иймд энэ хоёр ял минь давхцаж байгаа тул нэгтгэн шийдэж өгнө үү.” гэв.

Хохирогч Я.Энхтүвшин тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн хүн өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялын хэмжээг тогтоож болохоор заасан тул шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг тооцох боломжтой гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Ц.Жын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ц.Ж нь 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ЗАА-н 1-47 тоот хашаан дахь нийтийн байрны 4 тоотод хохирогч Я.Энхтүвшинг найзындаа байх үед түүний гэр буюу тус байрны 8 тоотоос хохирогч Я.Энхтүвшиний охин Анхилуунаас “ээж чинь гар утас аваад ир гэж байна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Релми Жи Ти” загварын гар утсыг залилан авч, 1.999.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Я.Энхтүвшингийн “...2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ЗАА-н 1-47 тоотод байдаг нийтийн байрны 4 тоотод найз нартайгаа ганц хоёр пиво уугаад сууж байхад манай найз Жамъянцогт тухайн айлаас гарч яваад 8 тоот манай гэр рүү ороод манай охин Анхилуун миний гар утсаар тоглож байхад нь “ээж чинь гар утас аваад ир гэж байна” гээд гар утас аваад явсан байсан. ...” /хх 11-12/ гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Ц.Жын яллагдагчаар өгсөн “...Энхтүвшингийн гэр рүү ганцаараа ороход охин нь андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар нь тоглоом тоглож байхаар нь “ах нь гар утсаар чинь тоглоом тоглочихоод өгье” гэж худал хэлж аваад тэр чигээрээ Энхтүвшингийн гэрээс гарч яваад маргааш өдөр нь гар утас худалдааны “Тэди” төвийн гадна үл таних эрэгтэй хүнд 130.000 төгрөгөөр зараад уг мөнгөөрөө архи уугаад дуусгасан. ...” /хх 35/ гэсэн мэдүүлэг,

хохирлын үнэлгээний тайлан /хх 21-22/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Ц.Жыг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд Ц.Жын хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө хохирогч Я.Энхтүвшиний охин Анхилуунаас “ээж чинь гар утас аваад ир гэж байна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох 1.999.000 төгрөгийн үнэ бүхий “Релми Жи Ти” загварын гар утсыг авсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч Ц.Жын хохирогч Я.Энхтүвшинг найзындаа байх үед түүний гэр буюу тус байрны 8 тоотоос хохирогч Я.Энхтүвшиний охин Анхилуунаас “ээж чинь гар утас аваад ир гэж байна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Релми Жи Ти” загварын гар утсыг залилан авч, 1.999.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Жод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Ц.Ж “...урьд өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн бөгөөд энэ хоёр ял минь давхцаж байгаа тул нэгтгэн шийдэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэргээс үзэхэд, шүүгдэгч Ц.Жын Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Ц.Жын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Жын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Жын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ        

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ