Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
Хэргийн индекс | 128/ШШ2023/0771 |
Дугаар | 128/ШШ2023/0771 |
Огноо | 2023-10-20 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2023/0771
2023 10 20 128/ШШ2023/0771
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “***” ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.***, Б.***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 тоот газар ашиглах эрх олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгохыг даалгах,
2. Хэргийн үйл баримт, процессын түүх:
2.1. *** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ***дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт буюу ***аялал жуулчлалын зориулалтаар 2,0 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болсон, мөн сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ***дугаар тушаалаар газрын хэмжээ *** мкв болж өөрчлөгдөж, гэрчилгээний хавсралтад 2021 оны 6 дугаар сарын 10-ны хүртэл сунгасан талаар тэмдэглэл хийсэн байна.
2.2. “***” ХХК-ийн ашиглах эрх бүхий газарт Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ***тоот захирамжаар иргэн ***од газар давхардуулан олгосон. Уг газрын давхцалтай холбоотой маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 438 дугаар магадлалаар Нийслэлийн Засаг даргын уг захирамжийн иргэн ***од холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
2.3. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ***дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг тодруулан зураглаж Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 8, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолуудаар тодруулсан хил заагийг мөрдөж ажиллах, хилийн заагийн эргэлтийн цэгүүдийг газар бэхэлж тэмдэгжүүлэн 2023 оны эхний хагаст багтаан хүлээлгэж өгөх, Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.
2.4. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/1180, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/2056 тоот албан бичгүүдээр дээрх тодруулж зурагласан хил заагийн солбицлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна.
2.5. Энэхүү тодруулсан хилийн заагийн дагуу нэхэмжлэгч компанийн ашиглаж байсан *** мкв газрын ***мкв нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах болжээ.
2.6. *** ХХК-иас Нийслэлийн Засаг даргад хандан 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 тоот албан бичгээр газар эзэмших тухай хүсэлт гаргасан боловч хариуцагчаас шийдвэрлээгүй, хариу өгөөгүй тул шүүхэд 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулснаар 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3. Нэхэмжлэгч “***” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
3.1. “Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газарт буюу ***дагуу 2 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээ авч газар ашиглах гурвалсан гэрээ байгуулж Нийслэлийн Хот Төлөвлөлт Ерөнхий Төлөвлөгөөний Газарт Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний төслөө танилцуулж Монгол улсын Их Хурлын 2013 оны 23-р тогтоолоор батлагдсан "УБ хотыг 2020 он хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага"-ийн ерөнхий төлөвлөгөөний дагуу зураг төслөө боловсруулж Архитектур Төлөвлөлтийн даалгавраа авч Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Монголын цахилгаан холбоо ХК, УБДДХК-иас техникийн нөхцөлүүдээ авч зургаа хийлгэж өөрсдийн зардлаар эрчим хүч, дулаан, цэвэр бохирын шугамаа татсан.
3.2. 2018 онд төсөл хэрэгжүүлэх газар луугаа төв замаас орц гаргах хүсэлт гаргаж Нийслэлийн Захирагчийн албаны даргаас зөвшөөрөл авч зургийн дагуу орох орц гаргасан. Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын ерөнхий газраар зургаа батлуулж Нийслэлийн Хот байгуулалт төлөвлөлтийн газраас барилгын ажлаа эхлэх зөвшөөрөл авч гүйцэтгэгч компаниудтай гэрээгээ байгуулж төлбөрөө шилжүүлж барилгын ажлаа эхэлсэн.
3.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрхээ сунгуулсан. 2019 оныг хүртэлх газрын төлбөрөө төлж Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албатай газрын төлбөрөө төлж тооцоо нийлсэн акт үйлдсэн.
3.4. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар хариуцсан мэргэжилтэнтэй уулзахад Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний ***тоот тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллан хилийн цэсийг нарийвчлан тогтоосон гэсэн.
3.5. Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэс болон Нийслэлийн хилийн цэсийг нарийвчлан тогтоож Газрын шинэтгэлийн үндэсний хорооны хуралдаанд оруулан эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг шинэчлэн бүртгэсэн. Мөн манай компанийн ашиглаж байгаа газар дээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 09-ний №***тоот захирамжаар иргэн ***од газар давхардуулан олгосон. Уг газрын давхцалтай холбоотой шүүхийн Маргаан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 438 дугаар магадлалаар Нийслэлийн Засаг даргын уг захирамжийн иргэн ***од холбогдох хэсгийг хүчингүй болгосон бөгөөд ***ын гаргасан гомдлыг Улсын дээд шүүхээс хүлээн авахаас татгалзаж захирамж гарсан.
3.6. Иймд шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн тул иргэн ***од олгосон газрын эрхийг хүчингүй болгож тус компанийн ашиглаж буй газраас нийслэл рүү шилжсэн хэсэг болох 10622 м.кв газарт газар эзэмших эрх олгохыг хүссэн хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот хүсэлтээр гаргасан. Уг бичгийн хариуд 2019 оны 03 дугаар сарын 21-ний ***тоот тушаалаар ажлын хэсгийн хүрээнд газрын зөрчлийг бүрэн шийдвэрлэгдэх хүртэл Богдхан уулын Дархан цаазат газрын хилийн орчимд шинээр газар олгох болон эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбаруудад өөрчлөлт хийхгүй байх тухай албан бичиг ирүүлээд байна гэсэн хариуг ирүүлсэн байна.
3.7. Гэтэл манай компани шинээр газар ашиглах эрх хүсээгүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар олгогдсон газраа хилийн цэсийн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулахыг хүссэн болно. Мөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн А/333 дугаар захирамжаар "Билэгт констракшн" ХХК, "Мөнгөн талст" ХХК болон бусад этгээдүүдэд газарт олголт хийсэн байна.
3.8. Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 тоот газар ашиглах эрх олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т "Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ" гэж заасныг зөрчин гомдол гаргах хугацааг сунгасан боловч шийдвэрлээгүй өнөөдрийг хүрээд байна. Үүний улмаас *** ХХК нь өнөөдрийг хүртэл газар ашиглах эрхээ хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд Нийслэлийн Засаг даргын ус үйлдэхүйг хууль бусад тооцож газар ашиглах эрх олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.
3.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *** ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А491 гэж тушаалаар бол Богдхан уулын Дархан цаазат газарт 2 га газрыг бол аялал жуулчлалын чиглэлээр ашиглах ийм эрхтэй болсон. Үүнээс хойш бол тухайн газар дээр бол үйл ажиллагаагаа явуулж байсан.
3.10. Гэтэл энэ газар дээр 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 676 гэдэг захирамжаар бол н.Энхболд гэж хүнд бол нөгөө Байгаль орчны сайдын эрх хэмжээнд хамаарч байсан газар дээр Нийслэлийн Засаг даргаас бол газар эзэмшүүлсэн тэгээд энэ тухайн захирамжтай нь бол маргаад энэ шүүхээр яваад Захиргааны хэргийн шүүхээр яваад 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 438 гэсэн захиргааны хэргийн давж заалдах шатын магадлалаар бол тухайн захирамжийг бол хүчингүй болгоод олгосон байгаа. Ингэхээр нөгөө тухайн газар дээрээ *** ХХК-тай газар эзэмших эрхийн давхардал бол байхгүй болсон гэсэн үг.
3.11. Нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд хоёрын хооронд Богдхан Уулын газрын хил дагуу газруудаар эрх хэмжээний хамааралтай маргаан байгаад байсан 2010 оноос хойш энэ газар Шинэчлэлийн Үндэсний Хороо гэж байгуулагдаад хилийн заагийг бол шинэчлэн тогтоосон. Тэгээд ингэж тогтоонгуут нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газраас 10622м2 газар нь бол Нийслэлийн Засаг даргад хамаарах хил нь бол тогтоогдчихсон байгаа. Тэгэхээр үлдсэн газар нь бол нөгөө Байгаль орчин аялал жуулчлалын яаманд харьяалалтайгаараа гэрчилгээ нь бол эрхтэй хэвээрээ үлдчихэж байгаа. Тэгээд шинэ хил тогтоосонтой холбоотойгоор *** ХХК бол одоо ингээд шинээр хил тогтоогдсон юм байна. Тийм учраас энэ нь Нийслэлийн Засаг даргад ерөнхийдөө хамаарч байгаа учраас тухайн газрыг бол эзэмшүүлж өгөөч гэсэн хүсэлтийг бол гаргасан.
3.12. Гэтэл бол Нийслэлийн Засаг даргаас юу гэсэн бэ гэхээр яг тухайн хил заагийг бол тогтоосон гэдэг дээр бол маргаагүй. Улсын их хурлын байнгын хороогоор бол тогтоочихсон байгаа гэдэг дээр бол маргаагүй харин тухайн газар дээр нь одоо яг одоо шон зоогоод тэмдэгжүүлж албажуулаагүй байна. Тийм учраас та танай хүсэлтийг бол шийдвэрлэх боломжгүй байна гэсэн иймэрхүү хариу тайлбаруудыг бол өгөөд яваад байгаа. Тэгээд үнийг харахаар заавал яг шон зоосны дараа газар эзэмшүүлэх юм уу гээд харахаар байнгын хорооны энэ 2023 оны 3 дугаар тогтоол дээрээс нь мөн 2022 оны 8 дугаар тогтоолыг харахаар нэгэнт одоо энэ Богд хаан холын Дархан цаазат газрын хилийн заагийг бол тодорхой байдлаар солбицлоор нь бол тогтоочихсон.
3.13. Ийм учраас одоо Тусгай хамгаалалттай газар нутагт нийслэлээс эсвэл Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах газарт Байгаль орчны аялал жуулчлалын сайдаар газар ашиглах эрх олгосон асуудлыг бол хуульд нийцүүлээд шийдвэрлээд газрын эрхийн гэрчилгээг нь бол олгоод иргэн Аж ахуй нэгж байгууллагуудад бол хүндрэлгүй асуудлыг шийдвэрлэж өг гэсэн. Ийм байдлаар албан бичгүүд бол гарчихсан байгаа. Тийм учраас эдгээрийг хэрэгжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэх нь хууль бус юм байна. Заавал шон зооно гэсэн шаардлага байхгүй байхад ийм эс үйлдэхүй гаргаад байгаа нь хууль бус байгаа учраас нэхэмжлэгчийн эрхийг хангаж газар эзэмших эрхийг нь олгож өгнө үү гэсэн хүсэлттэй байгаа.
3.14. Нэхэмжлэгч хүчингүй болгоно гэхээр нэхэмжлэгч газар ашиглах эрхтэй гэж байгаа үүнийг нь хүчингүй болгоод нийслэлээс дараа нь олгоё гэсэн ийм юм яриад байх шиг байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн нийслэлийнх рүү орчихсон хэсгийг яаж хүчингүй болгох юм бэ гэдэг нь бол өөрөө хуульд байхгүй. Газрын тухай хууль дээр заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгоно шүү дээ. Тэгэхээр тэр заасан үндэслэл байхгүй учраас заавал тэрийг хүчингүй болгоод араас нь Нийслэлийн Засаг даргаас дахиад захирамж гаргаад явъя гэдэг нь заавал тийм шаардлагагүй асуудал болов уу гэж бодож байна.
3.15. Дээрээс нь нэхэмжлэгчийн хүсээд байгаа газар эзэмшье гээд байгаа асуудал маань цоо шинээр газар эзэмшээд тэрнийхээ дагуу хүсэлт гаргаад байгаа юм биш. Анхнаасаа 2011 оноос хойш одоо эзэмших ашиглах эрх нь байсан газар дээр төрийн байгууллагууд Нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчин аялал жуулчлалын яам хоёрын одоо гаргаж байгаа төрийн байгууллагууд гээд хооронд үүссэн зөрчилдөөний улмаас л нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдчихөөд байгаа байхгүй юу. Газар нь 2 хуваагдаад нэг газар нь бол үлдчихсэн юм байна. Нөгөө газрыг нь эрх хэмжээнд нь хамаарах этгээдээс нь гэрчилгээгээ эрхээ аваад гэрчилгээгээ гаргуулж авъя гэсэн ийм л хүсэлттэй байгаад байгаа юм. Тэгэхээр энэ дээр нэхэмжлэгч ямар нэгэн одоо хууль зөрчсөн ч юм уу буруутай үйл ажиллагаа явуулаагүй байж газар ашиглах эрхээ хүчингүй болгуулаад тэгээд дахиад шинээр хүсэлт гаргаад одоо тэр газар зохион байгуулалтынх нь төлөвлөгөөнд тусгуулаад ийм шаталсан арга хэмжээ аваад байх бол шаардлагагүй.
3.16. Нөгөө талаасаа Захиргааны ерөнхий хууль дээр заасан байгаа итгэл хамгаалах зарчим гээд 2011 оноос хойш төлбөрөө төлөөд үйл ажиллагаагаа явуулаад энэ дээр чинь барилгын ажиллагаа бас үйл ажиллагаа эхэлчихсэн явж байгаа. Гэтэл ингээд өөрсдөө шинээр хил тогтоочхоод ингээд хүндрэл учруулаад байгаа нь бол нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
4.1. Тус албанд хандаж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20000 м.кв газрыг хилийн цэс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах тухай хүсэлтийг *** ХХК-иас тус албанд 2022 оны 10 дугаар сарын 18-ны 23 тоот албан бичгээр ирүүлсэн байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 01-08/5764, мөн 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 01-08/4969 дугаартай албан бичгээр тус бүр хариу хүргүүлсэн.
4.2. Тухайн хүсэлт гаргасан байршил нь Монгол Улсын Их хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор "Богдхан уулын дархан цаазат газар”-ын хязгаарлалтын бүс болон дүүргийн нутаг дэвсгэрийн хил заагийг нягтлан тогтоох, эргэлтийн цэгүүдийг солбицолжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны ***дугаар тушаалаар байгуулагдан ажилласан.
4.3. Дээрх ажлын хэсэг нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Газрын шинэтгэлийн үндэсний хорооны дөрөвдүгээр хуралдааныг зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Их хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан "Богдхан уул"-ын дархан цаазат газрын эргэлтийн цэгийг нарийвчлан тодруулж зурагласан хил заагийг Газрын кадастрын улсын мэдээллийн санд шинэчлэн бүртгэх, газартай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж ажиллах мөн газрын зөрчлийг арилгах, холбогдох арга хэмжээг авахтай холбогдуулан хамтарсан ажлын хэсгийг байгуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт тус тус даалгасан юм.
4.4. Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, мөн 2023 оны 03 дугаар тогтоолын холбогдох шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Барилга, хот байгуулалтын яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж хилийн заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх ажил хийгдэж дуусаагүй хүлээгдэж байна.
4.5. Мөн тус маргаантай байршилд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд тушаал болон Нийслэл, дүүргийн Засаг даргын нарын захирамжаар иргэн, хуулийн этгээдэд давхардуулан олгосон газар эзэмших, ашиглах, өмчлөх шийдвэрийг цуцлах байршил өөрчлөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж газрын маргааны асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд Газрын кадастрын мэдээллийн системд өөрчлөлт хийхгүй байх талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/843 дугаартай албан бичгээр тус албанд чиглэл ирүүлсэн бөгөөд дээрх асуудлууд эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд *** ХХК-ийн 2.0 га газрыг шийдвэрлэх боломжгүй байна.
4.6. *** ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлт нь тус хуулийн этгээдийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны 23 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлттэй утга нэг байх тул иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1. 3/төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй; заасны дагуу хариу хүргүүлээгүй болно.
4.7. Иймд дээр шалтгааны улмаас *** ХХК-ийн хүсэлтийг нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд тухай бүрд албан бичгээр хариу хүргүүлсэн нь эс үйлдэхүй гэж үзэхээргүй байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргаас 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/5353 дугаартай албан бичгээр мэдээлэл солилцсон 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/3450 дугаартай албан бичгээр ирүүлсэн 80 иргэн, аж ахуй нэгжийнхээ холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох арга хэмжээг авч хамтран ажиллана уу гэж байгаа юм бичгээр. Тэгээд тухайн албан бичгийн хариу бол одоо хүртэл ирээгүй байгаа. Хүчингүй болсон эсэх нь бол тодорхойгүй. Тэгэхээр тухайн хилийн цэс дээр болох дээр дамнуулан олгосон газар ашиглах эрхийг нь одоо хүртэл тухайн иргэн Аж ахуй нэгжүүдтэй мөн *** ХХК-ийн газар ашиглах эрх хүчин төгөлдөр яваад байгаа ийм асуудал байгаа. Хүчингүй болгочихсон хойно Нийслэлийн Засаг даргын өөрийн бүрэн эрхийг хэмжээнд тухайн жилийн газрыг зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж газар эзэмших эрхийг олгох бол боломжтой байдаг.
4.9. Шинээр хилийн Богдхан уулын хилийн цэсийг бол шинээр шинэчлэн тогтоосон ийм зүйл бол байхгүй. Улсын их хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан хилийн цэсийн дагуу одоо бол цаашид болох дээр хилийн цэсээ мөрдөөд явна гэсэн ойлголтоор бол явж байгаа. Заавал газрыг ашиглах эрхээ хүчингүй болгох шаардлагагүй гэж байна.
4.10. Шаардлагатай тухайн эргэлтийн цэг тэмдэгтийн дагуу Байгаль орчны сайдын тушаалаар 2011 оны 461 тогтоолоор *** ХХК-д газар ашиглах эрхийг олгосон байгаа юм. Газрын ашиглах эрхийг олгохдоо эргэлтийн цэг тэмдэгтийг нь бол тогтоож олгосон байгаа юм. Богдхан уулын Дархан цаазат газрын хилийн засвар буюу нөгөө 1995 оны 26 дугаар тогтоолоор хилийн цэсийн одоо мөрдөөд ашиглах эрх олгосон газрынх нь бараг 50% нь хилийн цэсээр дамжиж байгаа юм. Эсвэл газар ашиглах эрх олгосон сайдынхаа эргэлтийн цэг тэмдэгтүүдээ өөрчлөөч. Энэ дээр чинь эрх зүйн давхардал үүсэх гээд байна. Тэгээд хүсэлтийнх нь дагуу манай албанд Газрын тухай хууль тогтоомжийнхоо дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтынхаа төлөвлөгөөнд тусгаад газар эзэмших эрхийг нь олгох бол боломжтой гэж үзээд байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ***дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт буюу ***аялал жуулчлалын зориулалтаар 2,0 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болсон, мөн сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ***дугаар тушаалаар газрын хэмжээ *** мкв болж өөрчлөгдөж, гэрчилгээний хавсралтад 2021 оны 6 дугаар сарын 10-ны хүртэл сунгасан талаар тэмдэглэл хийжээ.
2. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ***дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг тодруулан зураглаж Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 8, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолуудаар тодруулсан хил заагийг мөрдөж ажиллах, хилийн заагийн эргэлтийн цэгүүдийг газар бэхэлж тэмдэгжүүлэн 2023 оны эхний хагаст багтаан хүлээлгэж өгөх, Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/1180, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/2056 тоот албан бичгүүдээр дээрх тодруулж зурагласан хил заагийн солбицлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна. /хх 97-102 тал/
3. Энэхүү тодруулсан хилийн заагийн дагуу нэхэмжлэгч компанийн ашиглаж байсан *** мкв газрын ***мкв нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах болжээ. /хх-110 тал/
4. Улмаар *** ХХК-иас Нийслэлийн Засаг даргад хандан 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 тоот албан бичгээр “...тус компанийн ашиглаж буй 10622 мкв газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгож өгнө үү” гэх хүсэлтийг кадастрын зургийн хамт гаргасан /хх 137-138 тал/, хариуцагчаас уг хүсэлтийг хүлээж авсан болох нь ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт /хх-21-22/-аар нотлогдох бөгөөд хариуцагч нь уг хүсэлтийг одоог болтол шийдвэрлээгүй байна.
5. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлт-ийг өргөдөл гэж, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлт-ийг гомдол гэж, өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөх-ийг өргөдөл гомдлыг шийдвэрлэх гэж тодорхойлж, 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.
6. Мөн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж тус тус зааснаар аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтийг тухайн шатны Засаг даргад хуульд заасан журмын дагуу гаргаж, харин тухайн Засаг дарга, газрын алба нь газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг нягтлан хянаж, хуульд нийцүүлэн газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хуульчилжээ.
7. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг огт шийдвэрлээгүй, хариу өгөөгүй нь дээрх хуульд заасанд нийцээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Газрын кадастрын мэдээллийн системд өөрчлөлт хийхгүй байх талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/843 дугаартай албан бичгээр тус албанд чиглэл ирүүлсэн бөгөөд дээрх асуудлууд эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд *** ХХК-ийн 2.0 га газрыг шийдвэрлэх боломжгүй байна. ...*** ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлт нь тус хуулийн этгээдийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны 23 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлттэй утга нэг байх тул иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1. 3/төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж заасны дагуу хариу хүргүүлээгүй болно.” гэж маргасан нь үндэслэлгүй.
9. Нэхэмжлэгч компанийн өмнө нь гаргаж байсан хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01-08/4969 тоот албан бичиг /хх-40 тал/-ээр ***од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01-08/5764 /хх-39 тал/ тоот албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ...Нийслэлийн Засаг даргад хандаж уг ажлын ажлын хэсгийн хүрээнд газрын зөрчлийг бүрэн шийдвэрлэгдэх хүртэл Богдхан уулын дархан цаазат газрын хилийг зааг орчимд шинээр газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох болон эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбаруудад өөрчлөлт хийхгүй байх тухай албан бичиг ирүүлээд байна. Иймд дээрх ажлын хэсгийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаанд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг тус тус өгч байсан боловч эдгээр албан бичигт дурдсан захиргааны хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 438 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 374 дүгээр тогтоолоор гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэж дууссан, маргаж байгаа газрын хил заагийн асуудал Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/1180, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/2056 тоот албан бичгүүдээс үзэхэд 2023 оны байдлаар тодорхой болсон, газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар Барилга, хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нараас 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр уулзалт зохион байгуулж, байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвшилцсөн зэргээр нөхцөл байдал өөрчлөгдсөн байхад хариуцагчаас 2022 онд хариу өгч байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
10. Харин шүүх Засаг даргын хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдаж газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг шууд даалгах боломжгүй юм. Нийслэлийн Засаг дарга, газрын алба нь нэхэмжлэгч компанийн газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг нягтлан хянаж, хуульд нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.5, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус компанийн Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 тоот газар эзэмшүүлэх эрх олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ