Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 148

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч С.Алтай  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат

Шүүгдэгч Х.Болорбаатар нарыг оролцуулан, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хунт овогт Хаянхярваагийн Болорбаатарт холбогдох 201701000047 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1972 оны 08 сарын 14-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, газар тариалангийн усжуулалтын мэргэжилтэй, “Халх Тулга” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 19-56 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЬ72081470 регистрийн дугаартай, Хунт овогт Хаянхярваагийн Болорбаатар.  

Шүүгдэгч  Х.Болорбаатар нь 2017 оны 02 сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн эзэмшлийн 22-66 ДОР улсын дугаартай “Лексус-570” маркийн автомашины нөөц дугуйнд онц их хэмжээний буюу 65.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 сарын 11-ний өдрийн “Ховор амьтны жагсаалт батлах тухай” 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд багтсан ховор амьтан болох хүрэн баавгайн 28 ширхэг сарвууг нуун далдлан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2017 оны 01 сараас 2017 оны 02 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн автомашины гараашид Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 сарын 11-ний өдрийн “Ховор амьтны жагсаалт батлах тухай” 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд багтсан ховор амьтан болох хүрэн баавгайн 28 ширхэг сарвууг хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Болорбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй байхгүй. Үйлдсэн хэргээ  хүлээн зөвшөөрч байна гэв.

            Шүүгдэгч Х.Болорбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 2 дугаар сарын 24-ний өглөө ...Хавирга боомт руу явсан. Тэгээд Хавирга боомт дээр ирээд мэргэжлийн хяналтын болон гаалийн шалгалтанд орсон. Би гаалийн шалгалтын үеэр өөрт байсан үхрийн мах, хонины махны талаар гаалийн байцаагчид хэлэхэд гаалийн байцаагч улсын хилээр мах нэвтрүүлэхийг зөвшөөрсөн. Тэгээд бүх шалгалтаар орж Монгол улсаас гарахад бэлэн болоод гарах чиглэлд гарах хаалганы ойролцоо зогсож байхад Хилийн цэргийн тагнуулын ажилтан ирээд үнэмлэхээ үзүүлэн таны машиныг шалгах хэрэгтэй байна, машинаа хойшоо талбай дээр аваач гэхээр нь машиндаа сууж хойно байсан талбай рүү явсан. Тухайн үед боомтоос Монгол улсруу гарах чиглэлийн хаалга онгорхой байсан юм. Тэгэхээр би тэр хаалгаар машинтайгаа гарч Монгол улсын нутгийн гүн рүү зугтаасан юм. Би нутгийн гүн рүү зугтааж байхдаа боомтоос нутгийн гүн рүү 10 орчим километр яваад хамт явсан БНХАУ-ын иргэдийг замын хажууд байсан хоолны газарт буулгасан. Тэгээд цаашаагаа ойролцоогоор 20 км яваад миний машины жолооч талын арын дугуйны шифилк тасарч унасан. Тэгээд зогсож байхад Тагнуулын ажилтан миний буулгасан өвөр Монголыг суулгаад миний араас ирээд машинд үзлэг хийсэн. Тэгээд миний машины запас дугуйг үзнэ гээд Хэрлэн сум руу явж дугуй засварын газарт очиж дугуйг задлан үзэж үзлэг хийсэн. Тэр үед намайг болон надтай хамт явсан 2 өвөр монгол иргэнийг байлцуулан үзлэг хийсэн. Дугуйн дотроос 28 ширхэг баавгайн савар гарч ирсэн. Тэгээд намайг …тагнуулын газарт авчраад тайлбар аваад Улаанбаатар хотод авчирсан. ...Би дээрх 28 ширхэг баавгайн саврыг 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр Хавирга боомт орох гэж явахдаа замын хажуугаас олсон юм. Би замын хажууд хэвтэж байсан дугуйг ...гэртээ очоод гэрийнхээ гараашид зүсэж задлахад дотроос 28 ширхэг баавгайн савар гарч ирсэн. Тэгээд би баавгайн сарвуунуудын талаар хүмүүсээс асуухад монголд баавгайн савар үнэ хүрдэггүй. Хятадад зах зээл нь байдаг гэж сонссон бас өмнө нь ийм баавгайн савартай хэрэг Дорнод аймагт гарсан гэж сонссон. Тэгээд 2017 оны 2 сарын 24-ний өглөө эхнэр хүүхдийн хамт БНХАУлс руу эмнэлэгт үзүүлэхээр явахдаа 28 ширхэг баавгайн савраа машиныхаа запас дугуйнд нууж хийлүүлээд, машины запас дугуйн хэсэгт боож нууж хууль бусаар Улсын хилээр гаргах гэж байгаад тагнуулын ажилтанд баригдсан...” гэх мэдүүлэг /2-р хавтас 56-58/

            Тагнуулын Ерөнхий газрын Хилийн тагнуулын газраас ирүүлсэн 22-66 ДОР улсын дугаартай “Лексус-570” маркийн автомашины дугуйнд үзлэг хийсэн дүрс бичлэгт тэмдэглэл /1-р хавтас 212-218/

- 22-66 ДОР улсын дугаартай “Лексус-570” маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 219/

- Хавирга хилийн боомтоор нэвтэрсэн тээврийн хэрэгсэл, улсын хилээр гарсан тээврийн хэрэгслийн бүртгэлийн дэвтрүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 224-228/  

- Авто машины гараашид үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 230/

- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл  /1-р хавтас 47-52/

- Гэрч Г.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /1-р хавтас 245-246/

- Гэрч Т.Жамсранжавын мэдүүлэг  /1-р хавтас 247/

- Гэрч М.Чулуун-Эрдэнийн мэдүүлэг  /1-р хавтас 248/

- Гэрч Ш.Цэцэгдэлгэрийн мэдүүлэг /1-р хавтас 249/

- Гэрч Б.Анхбаярын мэдүүлэг /2-р хавтас 1/

- Гэрч А.Уранбатын мэдүүлэг /2-р хавтас 2/

- Гэрч Э.Ганбаатарын мэдүүлэг /2-р хавтас 3/

- Гэрч Д.Алтанчимэгийн мэдүүлэг /2-р хавтас 12-13/

- Гэрч Ц.Цэрэнхандын мэдүүлэг /2-р хавтас 14-15/

- Гэрч Н.Жамъяанхүүгийн мэдүүлэг /2-р хавтас 21/

- Шинжлэх ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 07 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хавтас 26-28/

 -Шинжээч Г.Цогтжаргалын мэдүүлэг /2-р хавтас 33-34/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч  Х.Болорбаатар нь 2017 оны 02 сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн эзэмшлийн 22-66 ДОР улсын дугаартай “Лексус-570” маркийн автомашины нөөц дугуйнд онц их хэмжээний буюу 65000000 төгрөгийн үнэлгээ бүхий Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 сарын 11-ний өдрийн “Ховор амьтны жагсаалт батлах тухай” 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд багтсан ховор амьтан болох хүрэн баавгайн 28 ширхэг сарвууг нуун далдлан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,  

Мөн 2017 оны 01 сараас 2017 оны 02 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн автомашины гараашид Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 сарын 11-ний өдрийн “Ховор амьтны жагсаалт батлах тухай” 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд багтсан ховор амьтан болох хүрэн баавгайн 28 ширхэг сарвууг хадгалсан гэмт хэргийг тус тус санаатай үйлдсэн болох нь:

            Шүүгдэгч Х.Болорбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би дээрх 28 ширхэг баавгайн саврыг  2017 оны 1 сарын сүүлээр Хавирга боомт орох гэж явахдаа замын хажуугаас олсон юм. Би замын хажууд хэвтэж байсан дугуйг ...гэртээ очоод гэрийнхээ гараашинд зүсэж задлахад дотроос нь 28 ширхэг баавгайн савар гарч ирсэн. ... Тэгээд 2017 оны 2 сарын 24-ний өглөө эхнэр хүүхдийн хамт БНХАУлс руу эмнэлэгт үзүүлэхээр явахдаа 28 ширхэг баавгайн савраа машиныхаа запас дугуйнд нууж хийлүүлээд, машины запас дугуйн хэсэгт боож нууж хууль бусаар Улсын хилээр гаргах гэж байгаад тагнуулын ажилтанд баригдсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 56-58/.

Гэрч Г.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 сард цагаан сарын өмнө ...Болорбаатарын хүүхэд Улаакаа буюу Алтанхуяг “надад хэдэн килограмм үхрийн мах, хэдэн ширхэг загас байгаа түүнийг урагшаа гаргаад өгөөч” гэхээр нь би за тэгье гэж зөвшөөрөөд 500000 төгрөгөөр тохиролцоод махыг нь гаргаж өгөхөөр болсон. Улаакаа надад урьдчилгаа гээд 250000 төгрөгийг өгсөн. ...Улаакаа нэг шуудайтай зүйл мөн жижиг тортой мах, хэдэн ширхэг загас байсан. Би шуудайтай зүйлийг нээж үзэхэд гялгар уутаар нэг нэгээр нь ороосон бондгор зүйлүүд байсан ба энэ юу юм бэ? гэхэд баавгайн сарвуу байгаа юм гэсэн. Би урьдчилгаа гээд 250000 төгрөгийг нь авчихсан болохоор бантаад за за найз нь үүнийг машиндаа хийгээд аваад явъя даа гээд аваад явсан. ...Тэгтэл тэр өдрийн маргааш байхаа Улаакаа өөрөө над руу яриад нөгөө юмаа урагшаа явуулахаа больё цагаан cap ч боллоо амжихгүй юм шиг байна, чи нөгөө юмаа аваад ир гэхээр нь Улаакаагийн гэрт нь тэдгээр баавгайн сарвуу болон бага хэмжээний хэдэн жижиг мах 5, 6 загас зэргийг аваачиж өгсөн. ...багцаагаар харахад 20 гаруй тооны юм л байсан. ...Би Улаакаад урьдчилгаа мөнгө 250.000 төгрөгийг 6, 7 хоногийн дараа цагаан сарын өмнө буцааж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хавтас 245-246/   

          Гэрч Т.Жамсранжавын “...Би Х.Болорбаатарын автомашины гараашийн манаачаар 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Би гараашийн манаачийн байранд амьдардаг өдөр шөнөгүй эндээ байдаг. ...2017 оны 02 сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд санагдаж байна би гараашид тавьсан хүмүүсийн машиныг гаргаж байхад Х.Болорбаатар ирээд манаачийн байрны хажууд байх төмөр хайрцагнаас шуудайтай зүйл заагаад үүнийг гарааш руу оруулаад өг гээд нэг шуудайтай зүйлийг өөрөө өргөөд явсан. Би үлдсэн мөн 1 шуудайтай зүйлийг өргөөд баруун гар талын 2 давхар гараашийн хойд талын хаалганд оруулж өгөөд эргээд гарсан. Тэр төмөр авдранд Х.Болорбаатар махаа хийдэг ба түлхүүр нь өөрт нь байдаг. Тэр авдарнаас хааяа ирж махаа авдаг байсан. Тэр үед 22-66 ДОР улсын дугаартай хар өнгийн Лексус маркийн автомашин байсан. Надад Болорбаатарын автомашин тавьдаг гараашийн түлхүүр байдаггүй юм. Түлхүүрээ өөрөө аваад явдаг байсан. Болорбаатарыг тэр гараашдаа юу хийснийг мэдэхгүй байна…” гэх  мэдүүлэг /1-р хавтас 247/

Гэрч М.Чулуун-Эрдэнийн “...2017 оны 02 сарын 24-ний өдрийн орой намайг ажил дээр байх үед хэдэн хүмүүс ирээд бид Тагнуулын газраас явж байна энэ дугуйг задлаад өгөөч шалгах хэрэг байгаа юмаа гээд Жип дугуй оруулж ирсэн. Тагнуулынхантай хамт хоёр хятад хүн, жолооч нь гээд нэг монгол хүн тэгээд тагнуулын ажилтнууд байсан ба дугуйны хийг нь шахаж гаргаад задалж өгсөн. Тэгээд тагнуулын ажилтнууд нь уг дугуйн дотроос 28 ширхэг баавгайн сарвуу тоолж гарган ирсэн. Тэр үед тагнуулын ажилтнууд бичлэг хийж байсан. Тэр сарвуунуудыг гаргаж ирэхэд жолооч болон хамт явсан 2 хятад иргэнийг байлцуулсан. Тэгээд тэр дугуйг тэнд нь задалж шалгаж үзээд явцгаасан. Дугуйн дотроос гаргаж ирсэн зүйлүүд нь гялгар уутанд нэг нэгээр нь хийгээд гадна талаар нь скочоор ороосон баавгайн сарвуунууд байсан. Тагнуулын ажилтнууд нэг нэгээр нь тоолж гялгар уутыг нь задалж эгнүүлэн тавьж тоолж үзсэн. Тэр дугуйнаас нийт 28 ширхэг баавгай” сарвуу гарч ирсэн...” гэх мэдүүлэг /1-p хавтас 248/,

          Гэрч Б.Анхбаярын “...Би 2017 оны 02 сарын 22, 24-ний өдрүүдэд би Хавирга шалган нэвтрүүлэх заставт зорчигчийн баримт бичиг шалгах манааны үүрэг гүйцэтгэсэн. Ер нь бол Монгол улсаас гарах чиглэлд үүрэг гүйцэтгэдэг. Миний ашиглаж байгаа цохиур хэвний дугаар 532 гэсэн дугаар байгаа. 2017 оны 02 сарын 24-ний өдөр үдийн цайны өмнө 11 цаг өнгөрч байхад эхлээд БНХАУ-ын иргэн эхэлж бичиг баримтаа шалгуулаад гарсан. Уг хятад иргэн нь Хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхтэй байсан. Би түүнийг шалгаад цохиур хэвээ дараад явуулсан. БНХАУ-ын иргэн нутагтаа буцаж байгаа учраас зорчиж байгаа зорилгыг нь асуугаагүй. Дараа нь жолооч нь Мэргэжлийн хяналт, Гаалийн хяналтаар орчихоод бичиг баримтаа шалгуулахаар над дээр ирсэн. Би тэр хүнийг өмнө нь зүс мэднэ Болорбаатар гэж хүн байсан, би тэр хүний Хавирга авто замын боомтын гарах зөвшөөрөл гэж жижиг дөрвөлжин хуудсыг шалгаад дараа нь тэр хүнээс БНХАУ-руу зорчих болсон шалтгааныг асуухад “Бээжин гэр бүлээрээ аялж байгаа юм” гэж хэлж байсан. Болорбаатар надад хятадын боомт үдлэх гээд байна, түүнээс өмнө амжиж ормоор байна гэж надад хэлж байсан. Тэгээд би бичиг баримтын зургийг эзэнтэй нь тулгаж шалгаад цохиур хэвээ дараад хилээр гаргасан. Болорбаатар 22-66 ДОР “Лексус 570” маркийн автомашинтай явж байсныг бүртгэж авсан. Цайны цагийн өмнө байсан учраас хамгийн сүүлийн хүн нь Болорбаатар болж таарсан юм...” гэх мэдүүлэг /2-p хавтас 1/

          Гэрч А.Уранбатын “...2017 оны 02 сарын 24-ний өдөр өрөөндөө бичиг баримтаа цэгцэлж дуусаад өрөөнөөсөө гарахад үүдэнд Тагнуулын тасгийн дарга ахмад Сайнтулга тааралдсан. Тэр үед 22-66 ДОР улсын дугаартай хар өнгийн Лексус маркийн автомашин мэргэжлийн хяналт, Гаалийн хяналтыг өнгөрөөд манай шалгалтад орох гээд зогсож байсан. Тэр үед Сайнтулга ахмад уг машин дээр очиж таныг шалгах шаардлагатай байна, та зам чөлөөлөөд зогсчих гээд боомтын зүүн талд байх автомашины өмнөх талбайг зааж өгсөн. Тэгэхэд 22-66 ДОР дугаартай автомашины жолооч зааж өгсөн газарт нь зогсолгүй шууд БНХАУ-аас Монгол улсын тал руу ордог хаалганы зүг явсан. Сайнтулга надад наад машиныг чинь энд шалгах ёстой зогсоогоорой гэж хэлэхээр би боомтын байшингийн булан тойроод гүйхэд Монгол руу орох хаалгаар эрчээрээ давхиад гараад явсан. Би тухайн үед Тагнуулын байгууллагын ажилтнууд ямар ажилтай явааг мэдээгүй, мөн 22-66 ДОР улсын дугаартай авто машиныг ямар шалтгаанаар зогсоож шалгах болсон талаар мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг /2-p хавтас 2/,

          Гэрч Н.Жамъянхүүгийн “...Би БОАЖЯ-нд нийт 7 жил ажиллаж байна. Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газарт мэргэжилтнээр 2016 оны 8 сараас эхлэн ажиллаж байгаа. Би энэ газарт амьтаны нөөц, хамгаалалт, өсгөн үржүүлэх ашиглалтын бодлого зохицуулалтын чиглэлээр ажиллаж байна. Хүрэн баавгай нь Монгол улсын хойд хэсгээр амьдардаг тодорхой нөөцтэй байдаг. Тархацын хувьд Монгол улсын хойд хэсэг хөвч тайгаар баруун талаар Баян-Өлгий, Завхан аймаг Булнай нуруу, Хэнтий аймгийн Хэнтийн нуруу, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ, аймаг, Хөвсгөл аймаг, Зүүн тал руугаа Дорнод аймаг Халх, Нөмрөгийн дархан цаазат газар зэрэг нутгаар нутагладаг юм. Хүрэн баавгайн тоо толгойн хувьд нарийвчилсан тоолсон мөн судалгаа шинжилгээ хийсэн зүйл бага байдаг. 1980-аад оны үед Монгол улс 20.000 орчим толгой баавгай байсан гэсэн судалгаа байдаг. Түүнээс хойш ингэж нарийвчлан судалж тоолсон зүйл байхгүй. 2012 оны Засгийн газрын 07 тоот тогтоолоор Хүрэн баавгайг ховор амьтны жагсаалтад хамруулсан байгаа. Түүнээс хойш 2014-2016 онуудад тусгай болон ахуйн зориулалтаар агналт хийгдээгүй. Ахуйн зориулалтаар бол хориглосон байгаа. 2016, 2017 онуудад хүрэн баавгайг агнах квотод оруулаагүй. Хүрэн баавгайн үнэлгээний хувьд Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1-р хавсралтаар хүрэн баавгайн үнэлгээг эмийг нь 7.500.000 /долоон сая таван зуун мянга/, эрийг 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоож өгсөн байдаг. Хүрэн баавгайг их хэмжээгээр хууль бусаар агнасан талаарх мэдээлэл манай байгууллагад ирж байгаагүй. Хүрэн баавгайн эд эрхтнийг хилээр гаргахдаа манай байгууллагаас зөвшөөрөл авдаг. 2014-2016 онуудад хувь хүн, хуулийн этгээдээс хүрэн баавгайн эд эрхтнийг их хэмжээгээр хилээр гаргах зөвшөөрөл олгоогүй байгаа...” гэх мэдүүлэг /2-p хавтас 21/,  Тагнуулын Ерөнхий газрын Хилийн тагнуулын газраас ирүүлсэн 22-66 ДОР улсын дугаартай ““Лексус-570” маркийн автомашины дугуйнд үзлэг хийсэн дүрс бичлэгт тэмдэглэл /1-р хавтас 212-218/, 22-66 ДОР улсын дугаартай “Лексус-570” маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 219/, хавирга хилийн боомтоор нэвтэрсэн тээврийн хэрэгсэл, улсын хилээр гарсан тээврийн хэрэгслийн бүртгэлийн дэвтрүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 224-228/, авто машины гараашид үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 230/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл  /1-р хавтас 47-52/, Шинжлэх ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 07 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хавтас 26-28/, шинжээч Г.Цогтжаргалын мэдүүлэг /2-р хавтас 33-34/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Болорбаатарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримт болох гэрч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, хэн хэндээ нөлөөлөөгүй, мөн шинжээчийн  дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байх тул дээрх нотлох баримтуудыг шүүх үнэн зөв, хууль ёсны, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн тул  шүүгдэгч Х.Болорбаатарыг ховор амьтан болох хүрэн баавгайн түүхий эд зүйлийг хадгалсан, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар санаатай нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Х.Болорбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шинжлэх ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Болорбаатар  нь ховор амьтан болох хүрэн баавгайн түүхий эд зүйлийг хадгалсан, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Болорбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 24.5 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс мөн хуулийн тусгай ангийн ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна.

Учир нь шүүгдэгч Х.Болорбаатарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2017 оны 01 сараас 2017 оны 02 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлдэгдсэн боловч Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийн энэ гэмт хэргийг 2015 оны 12 сарын 13-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилсэн ба энэ зүйл, хэсэгт оногдуулах хорих ялын хэмжээг 1-5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар,  харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д “хорих

ялын хэмжээг 3 жил хүртэл хугацаагар хорих ял оногдуулахаар” тус тус заасныг харьцуулахад оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заажээ. Харин шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар ял оногдуулсны дараа уг ялын төрөл нь шинэ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт тусгагдсан эсэхээс хамааран ялыг эдлүүлэх буюу ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  5000000 /таван сая / төгрөгөөр торгох, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгэх нь  зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн баривчлах ял нь шинэ Эрүүгийн хуулиас хасагдсан тул 2015 оны 05 сарын 13-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Болорбаатарт оногдуулсан 4 сарын баривчлах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч тогтоогдоогүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ” гэсэн санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй байх бөгөөд нэгэнт хохирогч, иргэний нэхэмжлэгч байхгүй тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Х.Болорбаатарын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 1 дүгээр байрны баруун талд байрлах 2 давхар автомашины гарааш, “Лексус-570” маркийн 22-66 дугаартай авто машин зэргийг битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 10, 2017 оны 03 сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц дээрх автомашины гарааш, “Лексус-570” маркийн 22-66 дугаартай авто машин зэргийг шүүгдэгчид тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

 Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 28 ширхэг хүрэн баавгайн сарвууг хураан улсын орлого болгож, “Лексус-570” маркийн 22-66 дугаартай авто машины болон хээрээс олсон автомашины 2 ширхэг дугуйг /дээрх эд мөрийн баримтууд нь шүүхэд ирээгүй/ устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, 1 /нэг/ ширхэг сиди бичлэгийг хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт бичиг баримтаар ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Болорбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Болорбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 24.5 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс мөн хуулийн тусгай ангийн ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Хунт овогт Хаянхярваагийн Болорбаатарыг ховор амьтан болох хүрэн баавгайн түүхий эд зүйлийг хадгалсан, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар шүүгдэгч Хаянхярваагийн Болорбаатарыг 4 /дөрөв/ сарын баривчлах ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 5000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  5000000 /таван сая / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. 2015 оны 05 сарын 13-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Болорбаатарыг 4 сарын баривчлах ялаас чөлөөлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Х.Болорбаатарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт бичиг баримтаар ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Болорбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 28 ширхэг хүрэн баавгайн сарвууг хураан улсын орлого болгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “Лексус-570” маркийн 22-66 дугаартай авто машины болон хээрээс олсон автомашины 2 ширхэг дугуйг /дээрх эд мөрийн баримтууд нь шүүхэд ирээгүй/ устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, 1 ширхэг сиди бичлэгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 1 дүгээр байрны баруун талд байрлах 2 давхар автомашины гарааш, “Лексус-570” маркийн 22-66 дугаартай авто машин зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 10, 2017 оны 03 сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц дээрх автомашины гарааш, “Лексус-570” маркийн 22-66 дугаартай авто машин зэргийг шүүгдэгчид тус тус буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР