Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/250

 

 

А.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч А.А,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/901 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Энхбаатарын бичсэн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр А.Ад холбогдох 2102 00409 0282 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С........ овгийн А...ын А...., 20... оны ... дүгээр сарын ....ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .... н хамт ... дүүргийн ...  дүгээр хороо, ...  дүгээр гудамжны ..  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....8/;

А.А нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Офицеруудын ордны автобусны буудлын урд талд байрлах гэр хорооллын нарийн гудамжнаас “өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт цэвэр жин нь 49 грамм хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл биедээ авч явсан цүнхэндээ хийж, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэн буудлын 03 тоот өрөөнд өөрөө хэрэглэхээр худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.. овгийн А-ын А-г хориглосон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 09 дүгээр гудамж 818 тоот газраас шаардлагатайгаас бусад тохиолдолд явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, №1 гэж дугаарласан цэвэр жингээр 10.8 грамм каннабис, №2 гэж дугаарласан цэвэр жингээр 38.2 грамм каннабис, мөн мэдүүлгийг газар дээр шалгах явцад хураан авсан цэвэр жингээр 3.712 грамм каннабис мэт зүйлүүдийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор М.Энхбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан байхад А.Ад 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлгүй, ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээг харгалзан үзээгүй байна. Учир нь, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээ хамруулан сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг зэрэг нийгмийн хор аюул ихтэй, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай юм. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/901 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч А.А тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч А.Ад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянав.

Шүүгдэгч А.А нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Офицеруудын ордны автобусны буудлын урд талд байрлах гэр хорооллын нарийн гудамжнаас “өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт цэвэр жин нь 49 грамм хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цүнхэндээ хийж биедээ авч явсан, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэн буудлын 03 тоот өрөөнд өөрөө хэрэглэхээр худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Аг хориглосон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэснийг прокурор “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан суурь зарчмууд, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг харгалзан үзээгүй. ...” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрт зайлшгүй хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд учруулж буй хор уршиг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн үндэслэлийг хянахад гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн ямар шинж чанарыг харгалзсан, ямар нөхцөл байдал гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэх хууль зүйн үндэслэл бий болсон талаараа анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчжээ. Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Анхан шатны шүүх хориглосон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч А.Ад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бодитой үнэлж, дүгнээгүй байх тул прокурор М.Энхбаатарын бичсэн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/901 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Ад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ           

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ