| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
| Хэргийн индекс | 128/ШШ2023/0752 |
| Дугаар | 128/ШШ2023/0752 |
| Огноо | 2023-10-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2023/0752
2023 10 11 128/ШШ2023/0752
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.***
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Э.*** нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******, гуравдагч этгээд Э.***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
Хэргийн индекс: 128/2023/0284/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.***ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ***дугаар захирамжийн ***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ***дугаар захирамжийг хүчингүй болгож, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ***дүгээр захирамж, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ***тоот захирамжийг тус тус сэргээхээр даалгах тухай” гэж ихэсгэжээ. /1хх-117-118/
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ***дүгээр захирамжаар М.***т тус дүүргийн ***нд Далангийн 1 тоот хаягтай 273 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрчилгээ /1хх-39 тал/ олгосон байна.
2.2. Дээрх газрын эзэмших эрхийг мөн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ***дугаар захирамжаар М.***д шилжүүлэн эзэмшүүлжээ.
2.3. Харин гуравдагч этгээд Э.***д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ***дугаар захирамжаар тус дүүргийн ***нд Өлгий 1-2 тоот хаягтай 343 мкв газрыг гэр бүлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрээ /1хх-50-52 тал/ байгуулж, гэрчилгээ /1хх-48/ олгосон.
2.4. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар нь хоорондоо 249 мкв талбайгаар давхцалтай, нэг газар болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1/1196 дугаар бичиг /1хх-151-154 тал/, маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгийн баримтаар тогтоогдож байна.
2.5. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ***дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.5, 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 02-04 200/263 тоот дүгнэлт, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/1321 дүгээр цагаатгах тогтоолыг тус тус үндэслэн М.***ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, дүүргийн Засаг даргын 2020 оны ***дүгээр захирамжийн М.***, 2020 оны ***дугаар захирамжийн М.*** нарт холбогдох заалтыг хүчингүй болгосон байна.
2.6. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/1321 дүгээр цагаатгах тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***, Ж.Гал, Ц.*** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Манал овогт Төмөрбаатарын Баясах, Боржигон овогт Цэрэннадмидын ***, Соод овогт Жанчивдоржийн гал, Эрхэт овогт Манханы *** нарыг цагаатгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ДШМ/1096 дугаар магадлалаар дээрх тогтоолыг хэвээр үлдээсэн, Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 42 дугаар тогтоолоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.
2.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*** нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16/34 тоот “Хариуг хүргүүлэх тухай” албан бичгийг хүлээн аваад шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.1. М.*** нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн *** урд байрлах 331 м.кв газрын өөрийн эзэмшилд авахаар хуулийн дагуу газрын албанд хандан хүсэлт гаргасан. М.***ийн хүсэлтийг газрын албанаас хүлээж авснаас хойш хүсэлтийн хариуг өгөлгүй явсаар 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Баянзүрх дүүргийн засаг даргын ***дүгээр захирамж гарч, тус газрыг М.***д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ***дүгээр захирамжийн дагуу 1*** нэгж талбарын дугаартай, Баянзүрх дүүргийн ***тоот хаягт байрлах газар эзэмших эрхийн гэрчилгээ ***ийн нэр дээр гарсан байдаг.
3.2. *** нь газар эзэмших эрхээ авснаас хойш өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, ***тоот хаягт байрлах эзэмшлийн газрын эрхээ ***гийн ***д шилжүүлэхээр 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулснаас хойш *** Баянзүрх дүүргийн газрын албанд гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлж өгөхийн хүсэн хүсэлт гаргахад газрын албанаас өмнө нь огт яригдаж байгаагүй, бүртгэлд байгаагүй буюу таны гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, тус газар нь бусдын нэр дээрх эзэмшлийн газартай давхацсан гэх хариу өгсөн байдаг бөгөөд уг хариуг хүлээн авснаас хойш газрын эрхээ шилжүүлсэн. *** нь ***гаас итгэмжлэл аван газрын албанд гомдол гаргах болон бусад хууль хяналтын байгууллагад хандан шалгуулахад тус газарт өмнө нь ***д газар эзэмшүүлэхтэй холбоотой баримт мэдээллийн санд огт байдаггүй. Тиймээс Баянзүрх дүүргийн газрын алба уг асуудлыг шийдвэрлэж ***гийн нэр дээр 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн засаг даргын ***тоот захирамжийн дагуу 2021 онд газрын гэрчилгээг олгосон байдаг.
3.3. Баянзүрх дүүргийн ***тоот эзэмших эрхийн газар нь одоо иргэн М.***гийн нэр дээр хууль ёсоор бүртгэлтэй, газар эзэмших эрх, үүргийн дагуу газрын төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байдаг. Гэтэл иргэн *** нь өөр хаягаар бүртгэлтэй, нэгж талбарын дугааргүй газрын гэрчилгээ гарган ирж, 2015 онд миний авсан газар гэж ***гийн нэр дээрх газрыг булаацалдан маргасаар байгаа билээ. Тиймээс иргэн Э.***н маргаж буй газар нь хууль бусаар ямар байдлаар авсан нь тодорхойгүй, газрын мэдээллийн цахим санд бүртгэлгүй газар байх тул Баянзүрх дүүргийн засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ***дугаар захирамжийн ***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: М.*** нь 2019 оны 08 сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн ***ны нутаг дэвсгэрт ***урд талд байрлах 273 м.кв газрыг өөрийн эзэмшилд авахаар хуулийн дагуу газрын албанд хандан хүсэлт гаргасан. ***ийн хүсэлтийг газрын албанаас хүлээж авснаас хойш хүсэлтийн хариуг өгөлгүй явсаар 2020 оны 05 сарын 01-ний өдрийн Баянзүрх дүүргийн засаг даргын ***дүгээр захирамж гарч, тус газрыг М.***д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 сарын 01-ний өдрийн ***дүгээр захирамжийн дагуу 1*** нэгж талбарын дугаартай, Баянзүрх дүүргийн ***, ***тоот хаягт байрлах газар эзэмших эрхийн гэрчилгээ ***ийн нэр дээр гарсан байдаг. *** нь газар эзэмших эрхээ авснаас хойш өөрийн эзэмшлийн *** хаягт байрлах эзэмшлийн газрын эрхээ ***гийн ***д шилжүүлэхээр 2020 оны 06 сарын 12-ны өдөр "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан. Уг гэрээг байгуулснаас хойш *** Баянзүрх дүүргийн газрын албанд гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлж өгөхийг хүсэн хүсэлт гаргахад газрын албанаас өмнө нь огт яригдаж байгаагүй, бүртгэлд байгаагүй буюу таны гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, тус газар нь бусдын нэр дээрх эзэмшлийн газартай давхацсан гэх хариу өгсөн байдаг бөгөөд уг хариуг хүлээн авснаас хойш газрын эрхээ шилжүүлсэн *** нь ***гаас итгэмжлэл аван газрын албанд гомдол гаргах болон бусад хууль хяналтын байгууллагад хандан шалгуулахад тус газарт өмнө нь ***д газар эзэмшүүлэхтэй холбоотой баримт мэдээллийн санд огт байдаггүй. Тиймээс Баянзүрх дүүргийн газрын алба уг асуудлыг шийдвэрлэж ***гийн нэр дээр 2020 оны 09 сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн засаг даргын ***тоот захирамжийн дагуу 2021 онд газрын гэрчилгээг олгосон байдаг.
3.5. Баянзүрх дүүргийн ***, ***тоот эзэмших эрхийн газар нь одоо иргэн М.***гийн нэр дээр хууль ёсоор бүртгэлтэй, газар эзэмших эрх, үүргийн дагуу газрын төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байдаг. Гэтэл иргэн *** нь өөр хаягаар бүртгэлтэй, нэгж талбарын дугааргүй газрын гэрчилгээ гарган ирж, 2016 онд миний авсан газар гэж ***гийн нэр дээрх газрыг булаацалдан маргасаар байгаа билээ. Тиймээс иргэн Э.***н маргаж буй газар нь хууль бусаар ямар байдлаар авсан нь тодорхойгүй, газрын мэдээллийн цахим санд бүртгэлгүй газар байх тул Баянзүрх дүүргийн засаг даргын 2015 оны 11 сарын 27-ны өдрийн ***дугаар захирамжийн ***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалган шийдвэрлэж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. *** миний хувьд өөрийн эзэмшилд Баянзүрх дүүргийн засаг даргын 2020 оны 09 сарын 28-ны өдрийн ***тоот захирамжийн дагуу 273 м.кв талбай бүхий газрыг эзэмшихээр болсон. Уг газрын эрх маань хүчинтэй байгаа. Газрын асуудлаар шүүх, хууль хяналтын байгууллагаар маргаантай байгаа тул гээд би анх газар худалдан авсан ***т итгэмжлэл хийж өгөөд газрын асуудлаа нэг талд нь гаргаж цэгцлэхээр газраа ашиглах зорилготой байсан юм.
3.6. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас шүүхэд гарган өгсөн нотлох баримтаар *** миний газар эзэмших эрх болон ***ийн нэр дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор 2022 оны 11 сарын 01-ний өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын ***дугаар захирамж гарсан болохыг мэдсэн болно. Тиймээс *** болон ***, *** бидний маргаан бүхий Баянзүрх дүүргийн ***, ***тоот газар болон Баянзүрх дүүргийн Өлгийн 1-2 тоот газар нь нэг газар мөн эсэх, хэн нь хуулийн дагуу маргаан бүхий газрыг эзэмшилдээ авсан эсэх талаар эрх бүхий байгууллагын хууль ёсны бүрэн дүгнэлт гараагүй маргаантай байхад тус газрын ***, *** нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль бус байх тул 2022 оны 11 сарын 01-ний өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын ***дугаар захирамжийг хүчингүй болгож, 2020 оны ***дүгээр захирамжийн ***, 2020 оны 09 сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн засаг даргын ***тоот ***д холбогдох захирамжийг сэргээхээр даалгаж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
4.1. Баянзүрх дүүргийн ***ны нутаг дэвсгэрт байрлах газар нь иргэн Э.***д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны ***дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай *** нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх олгосон боловч газрын кадастрын мэдээллийн сангаас устгагдсан байсан бөгөөд дээрх байршил дээр давхардуулж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны ***дүгээр захирамжаар иргэн М.***т газар эзэмшүүлж, 2020 оны ***дугаар захирамжаар иргэн М.***д газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 313 дахь хэсэг: 35-д зүйлийн 35.5 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 02-04 200/263 тоот дүгнэлт, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/1321 дүгээр цагаатгах тогтоолыг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны ***дугаар захирамжаар иргэн М.***, М.*** нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
5. Гуравдагч этгээд Э.*** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
5.1. Нотлох баримт 1-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*** нь ***ны засаг дарга байхдаа гаргаж өгсөн хорооны тодорхойлолт. *** (***) миний бие нэхэмжлэгч М.***гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэлд "М.*** нь газрын албанд гэрээний дагуу газар эзэмших хүсэлт гаргахад газрын албанаас өмнө нь огт яригдаж байгаагүй, бүртгэлд байгаагүй буюу тус газар нь бусдын нэр дээрх газартай давхацсан гэх" хариу өгсөн тухай дурдсан байна. М.***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох М.*** нь 2018 онд Баянзүрх дүүргийн ***ны засаг даргаар ажиллаж байсан бөгөөд энэхүү маргаантай газар нь ***ны нутаг дэвсгэрт харьяалагддаг. Тус хорооны иргэн Э.*** миний бие хорооны засаг дарга М.***ээс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хорооны тодорхойлолт авч байсан. Тиймээс М.*** нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд газар эзэмших хүсэлт гаргах үедээ энэ газар хэний эзэмшлийн газар гэдгийг мэдсээр байж (цаг хугацааны дарааллыг харна уу) Засаг даргын орлогчийн үүрэг гүйцэтгэгч ***тай үгсэн хуйвалдаж захирамж гаргуулсан болно. ***ны засаг дарга байсан М.***ийн тухайн үед гаргаж өгсөн хорооны тодорхойлолтыг хавсралтаар хүргүүлж байна. Мөн нотлох баримтыг нотлох зорилгоор М.***ийн ажлын түүхийг хавтаст хэрэгт авхуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч М.***гийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч болох М.*** нь тус газрыг хорооны иргэн Э.*** эзэмшдэг гэдгийг мэдсээр байж өөрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж газрын албаны танил болон тухайн үед Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч байсан ***ын тусламжтайгаар газар эзэмших захирамж өөртөө гаргуулж, дараа нь эрх шилжүүлэх замаар Д.***д захирамж гаргуулсан болно. Тус захирамжуудыг *** нь М.*** болон М.*** нарт гаргаж өгсөн нь хавтаст хэргийн материалаар нотлогдох болно.
5.2. Нэхэмжлэгчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*** нь албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хаан банк дахь өөрийн *** дансаараа "gazariin tulbur bayarjavkhlangaas" гэсэн утгатай мөнгийг нэхэмжлэгч М.***гаас авсан тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Мөн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах үед тус газрын ойролцоо амьдрах гэрчийн мэдүүлгээр тус газар нь Э.***н газар мөн болох нь нотлогддог. Тус нотлох баримтуудыг хавсаргасан болно. Нотлох баримт 2: Газрын албанд холбогдох нотлох баримт байхгүй тухай Газар эзэмших өргөдөл өгөхдөө бүрдүүлэх материал байдаг. Тус материалуудын нэг нь эзэмшихийг хүссэн газрын байршил харуулсан тойм зураг юм. Миний бие холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших өргөдөл гаргасан бөгөөд тухай үед газрын албанд өгсөн газрын зургуудыг хавсаргав. Мөн мөрдөн шалгах ажиллагааны гэрчийн мэдүүлгээр тус газрын хашааны өнгө нотлогддог бөгөөд энэ хашааг Э.*** барьсан тухай гэрчүүд мэдүүлдэг. М.***ийн газрын албанд газар эзэмшихээр бүрдүүлж өгсөн материалууд байгаа эсэх, хэрэв байгаа бол үнэн эсэх, газрын бодит зурагтай нийцэх эсэхийг шалгуулж, хавтаст хэрэгт авхуулах хүсэлтэй байна.
5.3. Нотлох баримт 3: М.*** нь үйлдлээ хүлээн зөвшөөрч ***ад байрлалтай газар санал болгосон тухай. Миний бие хуулиар олгогдсон эрхээ зөрчигдсөн гэж үзэж Баянзүрх дүүргийн газрын албанд хандахад газар зохион байгуулагч Ц.*** нь нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа явуулсан билээ. Гэтэл М.*** нь Баянзүрх дүүргийн ***ад байрлалтай ямар ч хамаагүй газрыг зохицуулж өгье, ах нь энэ газрыг зарчихсан юмаа гэж хэлж байсан нь Авлигатай тэмцэх газрын мэдүүлгүүдээр нотлогдох тул тус нотлох баримтуудыг хавтаст хэрэгт авхуулах хүсэлтэй байна. Ингэж газар санал болгож байгаа нь өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Мөн Э.*** миний бие хуулиар олгогдсон эрхээ зөрчигдсөн гэж үзэж Нийслэлийн ашиглах эрх, хөндөгдсөн газарт мэргэжлийн хяналтын хамгаалуулахаар өргөдөл өгч, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Т.***ын дүгнэлтийг хүлээн авсан. Тус дүгнэлтэд иргэн М.***д (***) Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А209 дугаартай захирамжаар газар эзэмшүүлсэн нь “Газрын тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалт, ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалт хэсгийг тус тус зөрчсөн гэж үзжээ. Мөн Авлигатай тэмцэх газар шалгагдаж байсан эрүүгийн хэрэг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр эцэслэгдсэн шийдвэрлэгдэж, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2022/ШЦТ/1321 дугаартай шүүхийн тогтоол гарсан. Тус тогтоолд иргэн Э.***н газар эзэмших эрх хүчин төгөлдөр байна гэж үзсэн. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын ***тоот захирамжаар М.***ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тул Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, шүүхийн тогтоол, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч М.***гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс “...тус газарт өмнө нь ***д газар эзэмшүүлэхтэй холбоотой баримт газрын мэдээллийн цахим санд огт байдаггүй, өөр хаягаар бүртгэлтэй, нэгж талбарын дугааргүй газрын гэрчилгээ гарган ирж 2015 онд миний авсан газар гэж маргасаар байна” гэж, хариуцагчаас “...Э.***д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны ***дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай *** нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх олгосон боловч газрын кадастрын мэдээллийн сангаас устгагдсан байсан бөгөөд дээрх байршилд давхардуулж М.***т эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн...” гэж тус тус маргасан.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 273 мкв газар нь Баянзүрх дүүргийн 5 хороо, Далангийн 1 тоот хаягтай, харин гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 343 мкв газар нь Баянзүрх дүүргийн Өлгийн 1-2 тоот хаягтай боловч маргаж буй газар нь нэг газар буюу 249 мкв талбайгаар давхцалтай болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1/1196 тоот албан бичиг, түүний хавсралт кадастрын зураг /хх1-151-154 тал/ болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тус тус тогтоогдоно.
4. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь гуравдагч этгээд Э.***д 2015 онд 343 мкв газар эзэмшүүлж, улмаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон боловч газрын кадастрын мэдээллийн санд тухайн газрын мэдээлэл байхгүйн улмаас 2020 онд ***дүгээр захирамжаар М.***т давхцуулан эзэмшүүлснээр маргаан гарах шалтгаан болжээ.
5. Гуравдагч этгээд Э.*** нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр газар газар эзэмшүүлэх өргөдөл гаргахдаа ***тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *** ХХК-иар хийлгэсэн 343.2 мкв газрын нэгж талбарын зураг зэрэг 5 хуудас баримт хавсаргаж өгсөн болох нь өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягт /хх1-42-47 тал/-аар нотлогдох бөгөөд уг хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ***дугаар захирамжаар 343 мкв газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
6. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: ...23.4.3.эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” гэж зааснаар иргэнд газар эзэмшүүлэх эрх олгогдсон тохиолдолд кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх нь дүүргийн газрын албаны чиг үүрэг юм.
7. Хэрэгт Баянзүрх дүүргийн кадастрын мэргэжилтэн ***2016 оны 02 сарын 03-ны өдөр мэдээллийн сангаас хэвлэсэн Э.***н *** нэгж талбарын дугаартай 343 мкв газрын кадастрын зураг /хх1-106 тал/ авагдсан бөгөөд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/429 тоот албан бичигт “...нэгж талбарын *** дугаараар хайлт хийж үзэхэд дээрх нэгж талбарын дугаартай газар бүртгэгдээгүй учраас бүртгэсэн мэргэжилтэн, огноо, устгасан тухай мэдээллийг тодорхойлох боломжгүй байна. Нэгж талбарын кадастрын зураг хэвлэсэн мэдээллийг хавсралтаар хүргүүлсэн” гэх бөгөөд хавсралтад дээрх нэгж талбарын кадастрын зургийг 2016 оны 02 сарын 03-ны өдөр Г.*** хэвлэсэн жагсаалт байна. /хх1-110-111 тал/
8. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Нэхэмжлэлийг буцаасан материал”-аас үзэхэд гуравдагч этгээд Э.*** нь 2018 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд *** дугаар бүхий 343 мкв газрыг мэдээллийн санд оруулах тухай нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлдээ мэдээллийн сангаас хэвлэсэн кадастрын зураг, нэгж талбарын дугаар бичигдсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өгч байжээ.
9. Гуравдагч этгээд Э.***н 2015 онд газар эзэмших хүсэлтдээ хавсаргаж өгсөн “***” ХХК-иар хийлгэсэн кадастрын зураг нь дээрх мэдээллийн сангаас хэвлэсэн кадастрын зурагтай талбайн хувьд бүрэн давхцалтай нэг газар /хх1-хх1-47, 154 тал/ бөгөөд, мэдээллийн сангаас хэвлэсэн кадастрын зураг болон кадастрын зургийг хэвлэж байсан жагсаалтаас үзэхэд гуравдагч этгээд Э.***н *** нэгж талбарын дугаартай 343 мкв газрын кадастрын зургийг газрын мэдээллийн санд огт оруулаагүй гэж үзэх боломжгүй бөгөөд ийнхүү мэдээллийн санд бүртгэлгүй байгаад газар эзэмшигч иргэнийг буруутгах, түүний газар эзэмших эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
10. Ийнхүү дээрх баримтуудаар гуравдагч этгээд Э.*** нь маргаж буй газрыг 2015 онд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан журмын дагуу эзэмших хүсэлтээ гаргаж, эзэмших эрх нь хуулийн дагуу түрүүлж үүссэн байх бөгөөд кадастрын зургийг мэдээллийн санд оруулах чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй дүүргийн Газрын албаны үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэх үндэслэлтэй байна.
11. Энэ тохиолдолд дүүргийн Засаг дарга нь бусад этгээдийн бодитой эзэмшиж байгаа газартай давхцалтай эсэхийг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүй 2020 онд М.***т давхцуулан эзэмшүүлж, улмаар нэхэмжлэгч М.***д шилжүүлэн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг зөрчсөн байх тул гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ***дугаар захирамжийн Э*******ын ***д холбогдох хэсгийг болон 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
12. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.11 “дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших, ашиглах эрхийн талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;” Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 57 дугаар зүйлийн 57.2 “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг хууль тогтоомжийн дагуу эрх олгогдсон газар, байгаль орчны болон ургамал, хорио цээр, эрүүл ахуй, геологи, уул уурхайн зэрэг мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлнэ.” гэж заасныг болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ***дугаар дүгнэлтийг үндэслэн өмнө нь газар эзэмших эрх үүссэн газарт давхцуулан газар эзэмшүүлсэн буруутай шийдвэрээ залруулах замаар газрын маргааныг шийдвэрлэн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ***дугаар захирамжаар М.***ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, дүүргийн Засаг даргын 2020 оны ***дүгээр захирамжийн М.***, 2020 оны ***дугаар захирамжийн М.*** нарт холбогдох заалтыг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн тул бусдын эзэмшиж буй газарт давхцуулан эзэмших эрхтэй болсон нэхэмжлэгч М.***гийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
13. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч М.***гийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ***дугаар захирамжийн Э*******ын ***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ***дугаар захирамжийг хүчингүй болгож, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ***дүгээр захирамж, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ***тоот захирамжийг тус тус сэргээхээр даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага ихэсгэхдээ илүү төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ