Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 249

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,

шүүгдэгч Ж.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Ж-ийн С-т холбогдох эрүүгийн 1710000000071 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дөлгөөн барс” ХХК-нд хэвчин ажилтай, ам бүл 4, эх, дүү, ах нарын хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, ,,,, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Ж-ийн С-

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ж.С- нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны орой Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо ,,,, тоотод үеэл дүү А.Б-той маргалдан улмаар хутгалж, түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Ж.С- 2017.08.29-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2017 оны 08 дугаар сарын 16-ны өглөөний 07 цагийн үед Б- манай гэрт согтуурсан байдалтай орж ирээд төрсөн эцэг А- руугаа “арчаагүй пизда” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би тэр хоёрыг “гэрт битгий хэрүүл хийгээд бай, гарч учраа ол” гэж хэлээд гэрээсээ хөөж гаргасан. 2 орчим минутын дараа би тэр хоёрын араас гарч харахад Б- хашааны гадна гудамжинд аавынхаа араас чулуу бариад хөөж байсан ба тэр хоёр хоёулаа хашааны булан тойроод алга болсон. Тэгээд би шууд ажилдаа явсан ба намайг ажил дээр очиход А- мөн ажил дээр ирсэн байсан. Оройн 19 цагийн үед Б- дахин согтуу ирэхэд “би гэртээ оруулахгүй” гээд түүнийг хашаанаас хөөж гаргах гэсэн боловч Б- ус уучихаад явъя гээд гуйгаад байхаар нь би түүнийг гэртээ оруулсан. Тэр үед А- гэрт орон дээр хэвтэж байсан ба Б- гэрт оронгуутаа шууд л аав руугаа дайраад хэрүүл маргаан хийсэн. Тэр үед би гал тогоонд хоол хийж байсан ба гартаа хар иштэй жижиг хутга барьчихсан байсан. Би Б-д “боль” гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч миний үгийг тоохгүй аавыгаа зодох гээд дайрч байгаад “арчаагүй пизда” гэж хэлээд гараад явсан. Аавыгаа тэгж хэлэхээр нь миний уур хүрээд түүнийг хашаан дотор явж байхад нь араас нь очоод бүсэлхий орчим нь нэг удаа хутгалсан. Тэгээд би гэртээ зурагт үзэж байгаад унтсан ба шөнө намайг унтаж байх үед цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс рүү дагуулаад явсан. Тухайн үед Б- аавыгаа зодох гээд дайрах үед нь сандраад л барьж байсан хутгаараа цохьчихсон юм. Намайг хутгаар цохих үед хутга түүний хувцасанд орооцолдоод үлдчихсэн. Би Б-д эмчилгээний зардал гэж 150.000 төгрөг өгсөн, дахиж гэмт хэрэгт холбогдохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

 

   2. Хохирогч А.Б- 2017.08.17-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 22 цагийн үед аав А-гийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо ,,,, тоотод байх байшинд нь юм ярих гээд ороход аавын дүү С- байсан ба бас нэг танихгүй эмэгтэй байсан. Би аав А-г дагуулж гараад” таньтай юм ярих гэсэн юм” гэж хэлээд байшингийн үүдэнд “та ээж бид хоёрт дандаа битгий агсан тавиад бай” гээд зогсож байхад С- байшингаас гарч ирээд “чи муу яагаад дандаа ингэж байдаг юм бэ, ална шүү” гээд гэр рүүгээ орсон. Ааваа би явлаа гээд хашаанаас гарах гээд явж байтал С- ах араас ирээд миний зүүн бөөрний хэсэгт нэг удаа цохих шиг болохоор нь тоохгүй яваад өгсөн. Би гэр рүүгээ харих гээд Яармагийн 11 дүгээр гудамжиндаа явж байтал зүүн бөөрний хэсэгт нойтон оргихоор нь гараараа тэмтрээд үзэхэд хутга зоогдсон байсан ба би хутгыг сугалж аваад урд талын хашааны булан руу шидчихээд Э- ахынд очиж “дүү нь хутгалуулчихлаа” гэж хэлэхэд Э- ах “юу болсон юм бэ, хэн хутгалчихсан юм бэ” гэхэд нь би тэр үед аав дээр очсон болохоор аав намайг хутгалчихсан гэж хэлсэн. С- намайг ямар ч шалтгаангүйгээр хутгалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

   2017.09.03-ны өдөр: ...С- эмчилгээний зардалд 150.000 төгрөг өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

   3. Гэрч Ч.А- 2017.08.17-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би өчигдөр гэртээ хоолоо хийж дуусаад Яармагийн 12 дугаар гудамжинд айл руу явахад хүү Б- гэртээ зурагт үзээд үлдсэн. Би айлд очоод юм яриад сууж байтал тэр айлын хашаанд хүн уйлаад бид нар гэрээс нь гараад хартал манай хүү Б- миний очсон айлын хашаанд уйлчихсан “намайг хутгалчихлаа” гээд зогсож байхаар нь хүүгээ дагуулаад шууд гэртээ ирж түргэн тусламж болон цагдаа дуудсан. Тухайн үед Б- С-т хутгалуулсан гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

 

   4. Гэрч Г.Э- 2017.08.16-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 08 дугаар сарын 16-ны орой 21 цагт гэртээ 10 настай хүү Б-ы хамт байхад гаднаас Б- зүүн гараараа нурууныхаа зүүн хажуу талаас дарчихсан орж ирээд“ аав намайг хутгалчихлаа” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд би Б-гийн ээжийнх нь утас руу залгаж хэлэх гэтэл утас нь холбогдохгүй байсан. Тэгээд ээжийнх нь байгаа газарт очиж хутгалуулсан талаар хэлсэн. Удалгүй түргэн тусламж болон цагдаа ирсэн. Б- гадуураа цагаан өнгийн юүдэнтэй цамц, цагаан фудволк өмссөн байсан ба хутгалуулсан хэсгээрээ цус болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

 

   5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10569 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

   1. Б-гийн биед бүсэлхийн нуруунд шарх үүсчээ.

   2. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

   3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

   4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 22-р хуудас/,

 

   6. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9-р хуудас/,

   7. Хохирол төлсөн баримт /хх-ийн 40-41-р хуудас/,

   8. Шүүгдэгч Ж.С-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.С-т гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ж.С- нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны орой Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо ,,,, тоотод үеэл дүү А.Б-той маргалдан улмаар хутгалж, хохирогч А.Б-гийн биед “...бүсэлхийн нуруунд шарх” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч А.Б-гийн “...С- байшингаас гарч ирээд “чи муу яагаад дандаа ингэж байдаг юм бэ, ална шүү” гээд гэр рүүгээ орсон. “Ааваа би явлаа” гээд хашаанаас гарах гээд явж байтал С- ах араас ирээд миний зүүн бөөрний хэсэгт нэг удаа цохих шиг болохоор нь тоохгүй яваад өгсөн. Би гэр рүүгээ харих гээд Яармагийн 11 дүгээр гудамжиндаа явж байтал зүүн бөөрний хэсэгт нойтон оргихоор нь гараараа тэмтрээд үзэхэд хутга зоогдсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Гэрч Ч.А-ийн “...Би айлд очоод юм яриад сууж байтал тэр айлын хашаанд хүн уйлаад бид нар гэрээс нь гараад хартал манай хүү Б- миний очсон айлын хашаанд уйлчихсан намайг хутгалчихлаа гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

 

Гэрч Г.Э-ы “...гаднаас Б- зүүн гараараа нурууныхаа зүүн хажуу талаас дарчихсан орж ирээд аав намайг хутгалчихлаа гээд орж ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №10569 дугаартай дүгнэлтэнд:

1. Б-гийн биед бүсэлхийн нуруунд шарх үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 22-р хуудас/,

 

Шүүгдэгч Ж.С-ын “...Б- гэрт оронгуутаа шууд л аав руугаа дайраад хэрүүл маргаан хийсэн. Тэр үед би гал тогоонд хоол хийж байсан ба гартаа хар иштэй жижиг хутга барьчихсан байсан. Би Б-д “боль” гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч миний үгийг тоохгүй аавыгаа зодох гээд дайрч байгаад “арчаагүй пизда” гэж хэлээд гараад явсан. Аавыгаа тэгж хэлэхээр нь миний уур хүрээд түүнийг хашаан дотор явж байхад нь араас нь очоод бүсэлхий орчим нь нэг удаа хутгалсан...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 

Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч Ж.С- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, гэмт хэргийн хохирогч А.Б- нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч, хохирогч нар нь тус тус илэрхийлснээр /хх-ийн 40, 41-р хуудас/ 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 197 дугаартай прокурорын тогтоолоор Ж.С-т холбогдох эрүүгийн 1700000000071 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Шүүгдэгч Ж.С- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь  хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

   Шүүхээс шүүгдэгч Ж.С-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Хохирол төлбөрийн талаар:

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардалд 150.000 төгрөг төлсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцох боломжгүй гэсэн хохирогч А.Б-гийн хүсэлт /хх-ийн 40-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.С- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хх-ийн 29-р хуудас/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ж.С- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй  болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

            1. Х овогт Ж-ийн С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-ыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ж.С-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс тогтоосон 1 жилийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.С-т мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.С- нь хохирогч А.Б-д 150.000 төгрөг төлсөн ба бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Х.ОДБАЯР