| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/01068/И |
| Дугаар | 182/ШШ2024/01723 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2024/01723
| 2024 04 19 | 182/ШШ2024/01723 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: О.Б-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч О.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
О.******* би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1963 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн. 1979 онд хөгжим бүжгийн дунд сургуульд ороод 1882 оны хавар төгссөн. Ингээд Говь-Алтай аймгийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дэргэдэх хүүхэд залуучуудын чөлөөт цагийн танхимд 1982 оны 10 дугаар зохион байгуулагчаар ажилд орсон. Улмаар 1889 онд танхимын эрхлэгч болоод 1995 оны 10 дугаар сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд байгууллагын нэр өөрчлөгдөөгүй. Би ажиллаж байх хугацаандаа залуус гэх хамтлаг байгуулж байсан. 1995 онд Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу шилжиж ирээд 1996 онд бүх бичиг баримтаа хулгайд алдсан. Хөдөлмөрийн дэвтэр, паспорт, гэр бүлийн баталгаа, Хувьсгалт залуучуудын эвлэлийн батлах, Үйлдвэрчний эвлэлийн батлах, сургууль төгссөн баримт зэргийг хулгайд алдсан, нэг ч баримтгүй болсон. Архивын газарт хандахад бичиг баримт байхгүй байсан. Говь-Алтай аймгийн эвлэлийн хорооны бүх бичиг баримт устагсан байсан. 1991 онд Дондов гэдэг дарга нь бичиг баримт шатаасан байсан. Би 1982 оны 10 дугаар сараас 1995 оны 10 дугаар сар хүртэл хугацааны ажилласан жилээ тогтоолгох хүсэлтэй байна. Хувьсгал залуучуудын эвлэлийн хороо 1991 онд татан буугдаж Аймгийн залуучуудын холбоо болсон. Би энэ холбоондоо 1995 оны 10 сар хүртэл эрхлэгчээр ажилласан. Бид 1991 оноос бие дааж, өөрсдөө олсон орлогоосоо цалин хөлсөө авдаг байсан гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023.11.20-ны өдрийн 551 дугаар Тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2024.01.30-ны өдрийн 0124 дугаар тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.01.26-ны өдрийн 206 дугаар тодорхойлолт, Монголын залуучуудын холбооны ойн медалийн үнэмлэхийн хуулбар, гэрч Д.Жаргалсайханаас гаргасан тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Энхтөрөөс гаргасан тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, фото зургууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас О.*******гийн ажиллаж байсан байдлыг нотлох баримтуудыг бүрдүүлж, гэрчээр Д.Жаргалсайхан, Д.Энхтөр нараас мэдүүлэг авсан.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх НЬ:
1. Хүсэлт гаргагч ******* нь 1982 оны 10 дугаар сараас 1995 оны 10 дугаар сарыг хүртэл Говь-Алтай аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны хүүхэд залуучуудын чөлөөт цагийн танхимд зохион байгуулагч, эрхлэгчээр ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч О.******* нь бичиг баримтуудаа хулгайд алдаж ажиллаж байсан байдлыг тогтоох хөдөлмөрийн дэвтэр, Хувьсгалт залуучуудын эвлэлийн батлах, Үйлдвэрчний эвлэлийн батлах зэрэг бичиг баримтгүй болсон, архиваас ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаагаас ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч О.*******гийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна гэж үзлээ.
3.1. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн О.*******гийн БНМАУ-н хүн амын регистрийн карт, паспорт авах өргөдөлд тэрээр Говь-Алтай аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо Чөлөөт урлагын танхимд зохион байгуулагч, хөгжимчнөөр ажилладаг гэж мэдүүлж байсан бүртгэл авагдсан байна.
3.2. Түүнчлэн гэрч Д.Энхтөрөөс ... Би 1979 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн сургуульд багшаар анх ажиллаж эхэлсэн, 1981 онд тус ажлаас чөлөөлөгдөж, 1981 оны 06 дугаар сард Аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, пионерийн зөвлөлд сургууль хариуцсан зааварлагч, арга зүйчээр ажилд орж байсан. 1981-1986 он хүртэл Аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, пионерын зөвлөлд зааварлагчаар ажилласан. 1986 онд аймгийн 10 жилийн 2 дугаар сургуульд хүүхэд залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. 1988 оноос Говь алтай аймгийн пионерын зөвлөлийн зааварлагч, арга зүйчээр ажиллаж эхэлсэн. Хувьсгал залуучуудын эвлэлийн хороо, пионерын зөвлөл хоёр нь нэг байгууллага юм. 1988 оноос 1995 он хүртэл тус байгууллагад ажилласан. ... О.******* нь 1982 оны 08 сард Говь-Алтай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дэргэдэх Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн танхим, клубын соёл хариуцсан зохион байгууллагчаар анх томилогдон ажиллаж байсан. Тэр үеэс эхэлж О.*******г таньдаг болсон. Намайг 1986 онд тус байгууллагаас гарахад ажиллаад үлдсэн. 1988 онд намайг буцаж тус байгууллагад ажилд томилогдоход О.******* ажиллаж байсан. О.******* нь 1982-1995 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Би О.*******тай хамт ажиллаж байсан нь үнэн юм. Би 1995 оноос хойш хөдөө суманд байсан. О.******* нь Говь-Алтай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дэргэдэх хүүхэд залуучуудын чөлөөт цагийн клубт 1995 оноос хойш ч ажиллаж байсныг би сайн мэднэ ... гэх мэдүүлэг,
гэрч Д.Жаргалсайханаас ... Би Говь-Алтай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлд 1982 оны 08 дугаар сарын 10-ны өдөр анх ажилд томилогдсон. Тус байгууллагад би 1990 он хүртэл ажилласан. 1990 онд байгууллагын бүтцэд өөрчлөлт орж би Аймгийн Ардын Хурлын тэргүүлэгчдийн төрийн байгуулалтын хэлтсийн зохион байгуулагчаар ажилд томилогдсон. 1988 оны 08 сараас 1992 оны 04 сард эвлэлийн байгууллага залуучуудын байгууллага болж бүтцэд өөрчлөлт орсон юм. Би 1988 онд аймгийн нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөөд Говь-Алтай аймгийн Алтай хотын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны даргаар томилогдсон. О.*******тай хамт ажиллаж байсан нь үнэн. Аймгийн эвлэлийн хорооны бичиг баримт хаана ч байхгүй, шүүгээд олдоогүй. Чөлөөт цагийн клуб 1982 оны 10 сард байгуулагдаж байсан. Би 1982 онд сургууль төгсөж ирээд аймгийн эвлэлийн хороонд орж байсан. Би санаа гаргаж клуб байгуулж байсан юм. Надад сайшаалын үнэмлэх, баярын бичиг гээд баримтууд байсан. Ажилд орсон тушаал, шийдвэр огт байхгүй олдоогүй юм. Тэр үед бидний ажилд томилж, чөлөөлөхдөө аймгийн эвлэлийн хорооны товчооны гишүүдийн шийдвэрээр томилж, чөлөөлдөг байсан юм, тушаал гэж байхгүй байсан. О.******* нь Говь-Алтай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд хүүхэд залуучуудын чөлөөт цагийн кпубд 1982 оноос зохион байгууллагчаар ажиллаж байсан. О.******* тус байгууллагад 1982-1995 он хүртэл ажилласныг би мэдэж байна. Байгууллагад бүтцийн өөрчлөлтөд ороод би 1990 онд өөр ажил руу шилжсэн юм. 1982 оны 08 сараас 1995 он хүртэл Говь-Алтай аймгийн Хувьсгал залуучуудын эвлэлийн хорооны дэргэдэх Чөлөөт цагийн кпубт зохион байгуулагчаар О.******* ажиллаж байсныг би батлаж чадна. ... хэрэгт байгаа зураг ажиллаж байсан үеийн зураг байна. Нэг дэх зурагт бичээч Гүнбилэг, хамтлагийн гишүүд байна, залуус гэж хамтлаг байсан. О.******* энэ зурагт байна. Эхний зураг 1989 оны, 2 дахь зураг 1985 оны шинэ жил хийж байх үеийн зураг байна ... гэх мэдүүлэг өгсөн бөгөөд гэрч нарийн мэдүүлэг нь тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр нотлогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Хүсэлт гаргагч О.******* нь 1982 оны 10 дугаар сараас 1995 он хүртэл Говь-Алтай аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны хүүхэд залуучуудын чөлөөт цагийн танхимд зохион байгуулагч, эрхлэгчээр ажиллаж байсан баримтыг өөр аргаар олох боломжгүй болох нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0124 дугаар, Үндэсний төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 206 дугаар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 551 дугаар тодорхойлолт баримтуудаар болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сар хүртэл ажилласан байдлыг нийгмийн даатгалын дэвтрээр тооцох боломжтой байх тул шүүхээс энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч О.*******г 1982 оны 10 дугаар сараас 1995 он хүртэл Говь-Алтай аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны хүүхэд залуучуудын чөлөөт цагийн танхимд зохион байгуулагч, эрхлэгчээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар *******-г 1982 оны 10 дугаар сараас 1995 он хүртэл Говь-Алтай аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны хүүхэд залуучуудын чөлөөт цагийн танхимд зохион байгуулагч, эрхлэгчээр ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 1 дүгээр сарын 01-нээс 1995 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА