Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2023/0316

 

2023 03 31 128/ШШ2023/0316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***,

            Хариуцагч: Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар,

     Гуравдагч этгээд: ***ХХК нарын хоорондын барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч *** нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаартай барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн үйл баримт:

2.1. Гуравдагч этгээд ***ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг холбогдох баримтуудыг хавсарган Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасны дагуу Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаартай барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг ***ХХК-д олгосноор барилгын ажил эхлүүлсэн.

3. Процессын хураангуй:

3.1. А.***, *** нараас 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Миний бие *** нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ***, ***тоотод амьдардаг. Гэтэл Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай байрны баруун талд байрлах газарт 14 давхар барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгосныг бидэнд мэдэгдээгүй байсан бөгөөд бид 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр барилгын гүйцэтгэгч компанийн инженерээс мэдсэн болно.

4.2. Бидний зүгээс уг барилгыг иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан, хот төлөвлөлттэй холбоотой хууль, дүрэм болон холбогдох барилгын норм дүрмийг илтэд зөрчиж байна гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг дурдсан бөгөөд Арван зургаадугаар зүйлийн 2-д эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Манай байрны баруун талд өндөр 14 давхар барилга баригдах нь 1, ***, ***, 2в, 2г байрнуудад суулт өгөхөд нөлөөлөх мөн, 1, *** байрнуудад нарны тусгал тусахгүй болох бодит эрсдэлтэй юм. Мөн шинээр төлөвлөгдөж буй барилгын ногоон бүс, автомашины зогсоол нь холбогдох норм дүрэмд хүрэхгүй байгаа бөгөөд улмаар миний амьдардаг орон сууцанд зориулагдан хийсэн ногоон бүс, авто машины зогсоолын ачаалал нэмэгдэхээр байна. Иймд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

5.1. ***ХХК нь Баянгол дүүргийн ***д байрлах Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ***захирамжаар олгогдсон 1122 м.кв газар дээр барилга барих, Архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлт ирүүлсэн. Улмаар Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хүсэлтийг шийдвэрлэн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ***дугаартай 564 м.кв талбайд төлөвлөн Архитектур төлөвлөлтийн даалгавар олгон, загвар зургийг батлуулсан байна.

5.2. ***ХХК нь манай байгууллагад Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т тус тус заасан баримт бичгийн бүрдлийг бүрдүүлэн ирүүлсэн. Баримт бичгийг хянан үзээд 2021 оны ***дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г олгосон болно. ***ХХК-ийн барилга нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 зүйл, ***-д нийцүүлэн төлөвлөсөн болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

6.1. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ***тоот шийдвэрээр Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах ******* дугаар нэгж талбарт 0.1122 га газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар олгож, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ***дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, орон сууцны зориулалттай загвар зургийг баталсан. Улмаар Барилгын хөгжлийн төвөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ***дугаартай газраас 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр 14 давхар, 1 блок барилга барих зөвшөөрлийг ***ХХК-д олгосон.

6.2. Дээрх барилгын ажлын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохдоо хариуцагч нь барилгын норм дүрэм, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох Барилгын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн барилга хоорондын зай, талбайн хэмжээ, авто зогсоол, галын аюулгүй байдлын орц, гарцыг хаагаагүй гэсний үндсэн дээр олгосон учраас хариуцагч нь хууль зөрчиж зөвшөөрөл олгоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Бидний зүгээс уг барилгыг иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан, хот төлөвлөлттэй холбоотой хууль, дүрэм болон холбогдох барилгын норм дүрмийг илтэд зөрчиж байна гэжээ.

6.3. Гэтэл одоо баригдаж буй барилга нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-с доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх гэж тус тус заасныг зөрчилгүй барилгын ажил явагдаж байгаа болно.

6.4. Бид Нийслэл, дүүргийн бүтээн байгуулалт, хөгжлийг ямагт дэмжиж, хууль дээдлэх, шударга ёсыг сахин үйлчилгээтэй орон сууц барих зөвшөөрөл, зураг төслийг төрийн хяналтад гүйцэтгэж, магадлалаар баталгаажуулан, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан. Хариуцагчийн олгосон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Нэхэмжлэгч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь ямар байдлаар хязгаарлагдсан нь тодорхойгүй, харин нь ч эсрэгээрээ дундаж орлого бүхий иргэд худалдан авах боломжтой хямд өртөг бүхий барилга баригдсанаар хотыг барилгажуулан гэр хорооллын иргэдийг орон сууцжуулж, гэр хорооллын утааг багасгаснаар нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж өгөх юм. Иймд иргэн ***гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдааны ирц болон нэхэмжлэгч ***гийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд, А.***, *** нарын Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

1.1. Тус хэргийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.*** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***, өмгөөлөгч Р.*** нар нь ирээгүй, мөн нэхэмжлэгч *** нь өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан тул нэхэмжлэгч А.***г оролцуулах, нэхэмжлэгч ***гийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн.

1.2. Мөн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч А.***д 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэх хуудсаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***д утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай талаар хүсэлт, нотлох баримт ирүүлээгүй, нэхэмжлэгч А.***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***, өмгөөлөгч Р.*** нар нь биднээс татгалзсан тул оролцохгүй тухай шүүгчийн туслахад мэдэгдсэн байна.

1.3. Иймд нэхэмжлэгч А.*** нь хоёр дахь удаагаа шүүх хуралдаанд ирээгүй байх тул 91 дүгээр зүйлийн 91.3-т Шүүх энэ хуулийн 91.2-т заасан этгээдийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, дахин дуудан ирүүлэх бөгөөд хоёр дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана гэж заасны дагуу А.***, *** нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргээс А.***гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг тусгаарлаж, А.***гийн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

1.4. Нэхэмжлэгч ***гийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, өмнөх шүүх хуралдааныг хойшлуулсан тул дахин уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч ***гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч *** нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.2. Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно., 27.2-т Энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг үндэслэн барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллага ажлын 10 өдөрт багтаан олгоно., 28 дугаар зүйлийн 28.1-т Энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна. гээд 28.2-т Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд 28.2.1-28.2.5, 28.3, 28.4-т заасан баримт бичгүүдийг хавсаргахаар, 28 дугаар зүйлийн 28.5-д Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж зөвшөөрөл олгоно гэж тус тус зохицуулжээ.

2.3. Гуравдагч этгээд ***ХХК нь дээрх хуульд зааснаар 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг холбогдох баримтуудыг хавсарган Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасны дагуу төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас дээрх хуульд заасан журмын дагуу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгожээ.

2.4. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн барилгын зөвшөөрөл авахдаа бүрдүүлж өгсөн баримтууд дээр маргаагүй, харин ...шинээр төлөвлөгдөж буй барилгын ногоон бүс, автомашины зогсоол нь холбогдох норм, дүрэмд хүрэхгүй, миний амьдардаг орон сууцанд зориулагдан хийсэн ногоон бүс, авто машины зогсоолын ачаалал нэмэгдэхээр байна. Нарны тусгал тусахгүй болох эрсдэлтэй, нягтаршил ихтэй бүсэд зөвшөөрөл олгосноор түгжрэл ихсэх, гал, эмнэлгийн машин нэвтрэхэд хүндрэлтэй болно гэж маргасан.

2.5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, маргаан бүхий 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ***/0010870/ дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг гуравдагч этгээд ***ХХК-д олгосноор нэхэмжлэгчийн оршин суух байрны нарны тусгалыг хаах, түгжрэл ихсэх, эмнэлгийн түргэн тусламжийн болон гал командын машин орох боломжгүй болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2.6. Тодруулбал, нэхэмжлэгч ***гийн амьдрах *** байр нь гуравдагч этгээдийн 78 айлын 14 давхар үйлчилгээтэй орон сууц руу харсан цонхгүй болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан тайлбараар тогтоогддог бөгөөд Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд ...***ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга нь *** байр хүртэл зүүн талаараа 20.5 м ...зайтай баригдаж байна. *** байр 4 цаг нарны шууд тусгал үзэж байна гэж дүгнэснээр гуравдагч этгээдийн маргаан бүхий барилга нь Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж хангамж БНбД 23-04-07-ийн 3.1 Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн бүх барилгад эрүүл ахуйн чухал хүчин зүйл болсон нарны шууд тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааг нормчилно. Нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана. 3.3 тухайн эдэлбэр газарт барилга шинээр барихдаа зэрэгцээх бусад барилга байгууламжид сүүдэрлэгдэхээргүй, мөн тэдгээрийг ... сүүдэрлэхгүйгээр байрлуулах, зонхилох өрөө тасалгааны цонхоор нар хангалттай тусахаар төлөвлөх нь энэхүү нормын шаардлага болно гэж заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

2.7. Мөн дээрх дүгнэлтийн фото зураг болон шүүхээс маргаан бүхий газарт очиж, хийсэн үзлэгийн фото зургууд, гуравдагч этгээдээс гаргаж өгсөн фото зураг зэргээр эмнэлгийн түргэн тусламжийн машин болон гал командын машин орох, гарах боломжгүй болох орц гарцыг хаасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь хүн, ...ээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж зааснаар нэхэмжлэгч нь бусдын өмнөөс бус, өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргах эрхтэй.

2.9. Нэхэмжлэгч *** нь *** байрны оршин суугчид, 13 дугаар сургууль, сурагчдын эрх ашиг зөрчигдөж байна гэх боловч тэдгээрээс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх бүхий итгэмжлэл аваагүй тул тэдгээрийг төлөөлөн маргах эрхгүй, иймд шүүхээс дээрх этгээдүүдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн талаар дүгнэлт хийх шаардлагагүй.

2.10. Нэхэмжлэгчийн зүгээс төлөвлөлтгүйгээр барилгын ажлын зөвшөөрөл олгосон гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч нь тухайн орчны төлөвлөлт, гуравдагч этгээдэд олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан зураг төсөлд маргаагүй атлаа эдгээр баримт бичгүүдийг үндэслэн олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргасан нь үндэслэлгүй.

2.11. Мөн авто зогсоол хомсдолтой, хүн амын нягтаршил, түгжрэл их байгаад гуравдагч этгээдийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээдэд олгосон барилгын ажлын зөвшөөрлийн улмаас дээрх нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.13. Иймд ***гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ., 44.3-т Дараах зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ: 44.3.1.шинжээч, ...шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс, 46 дугаар зүйлийн 46.1-т Хэргийн оролцогч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдсон, эсхүл хуульд заасан бусад үндэслэл байвал тэдгээрийг нөхөн төлүүлэх шүүхийн зардлаас чөлөөлж болно., 47 дугаар зүйлийн 47.1-т Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж тус тус заасан.

3.1. А.***, *** нараас хамтран нэхэмжлэл гаргасан боловч хэргийг тусгаарлан А.***гийн нэхэмжлэлийг буцаасан, мөн нэхэмжлэгч ***гийн тайлбарыг харгалзан үзэж түүнийг нөхөн төлүүлэх шинжээчийн зардлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ***гийн Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ***г нөхөн төлүүлэх шинжээчийн зардлаас чөлөөлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ