Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 254

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт О-н Н-д холбогдох эрүүгийн 000171000152 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч О.Н-, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 47 настай, дээд боловсролтой, тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр, 01-17 насны 7 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 14-р хороо, ,,,, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2004 оны 05 сарын 07-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 116 тоот шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж, 2004 оны 08 сарын 17-нд ялын хугацаа дуусч суллагдаж байсан гэх, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт О-н Н

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч О.Н- нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ,,,, тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Ж.Ч-той “хонины махны мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Шүүгдэгч О.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. 2015 онд хохирогч Ж.Ч-ийг анх Сүхбаатар аймгаас ирээд буух газар байхгүй байсан тул хашаандаа буулгасан. Тэгээд хорооноос газар өгөөд Ж.Ч- нүүсэн. Манай эхнэрийг жирэмсэн байхад “шинэ шөл уу” гээд нэг хонь өгсөн. Тухайн үедээ Ж.Ч- мөнгө төгрөг авна гэж хэлээгүй, бэлгэнд өгч байгаа гэж хэлж байсан.  Ж.Ч-ийнх нүүхэд дээвэр, туурга дутахаар нь би 3 туурга, 2 дээвэр өгсөн. Ж.Ч- ахад би “та дээвэр, туурганы үнэд хонины мөнгөө тооцоод бодчих” гэж яриад урьд нь тохиролцсон байсан.

Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн орой 00:00 цагийн үед хохирогч Ж.Ч- согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай манай гэрт ирсэн ба би бас тэр үед 0.5 литрийн архины талыг уусан байсан. Ж.Ч- орж ирээд хонины мөнгө гэж 150.000 төгрөг нэхсэнээс болж бид хоёр маргалдаад, хохирогч Ж.Ч- эхэлж миний шанаа руу цохисон. Тэгэхэд нь би манарсан. Анх орж ирэхэд нь би “нялх бага хүүхэдтэй, та одоо гэртээ харьчих” гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч, тоохгүй, намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд хонины мөнгөө өг гээд, түүнээс болоод бид хоёр маргалдаж ноцолдсон. Хохирогч эхлээд намайг шанаа руу нэг удаа алгадсан. Тэгэхэд нь би урдаас нь гар гээд шалны модны хугархайны иш барьчихсан чичээд байж байтал шалны модны иш хэсэг нь хохирогчийн ам руу нь орчихсон. Үүнээс болж хохирогчид гэмтэл учирсан. Хохирогч  Ж.Ч-ийн бие одоо зүгээр болсон. Би уучлалт гуйсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Ж.Ч-т эмчилгээний төлбөрт 85.000 төгрөг төлсөн. Нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлсөн. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201726030469 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Ж.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр баяраа тэмдэглээд гадуур явж байгаад Хан-Уул дүүргийн 14-р хороо ,,,, амьдардаг Н-ынд орж хоол идэж архи уух санаатай ортол Н- гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байж байсан. Тэгээд Н-д “хоол хий, архи ууя” гэж хэлэхэд “архи байхгүй, хоол хийж чадахгүй” гэж хэлэхээр нь “хонины мөнгөө авъя” гэж хэлэхэд Н- “чи хонио манай эхнэрийг 2016 онд төрөх үед нь бэлгэнд өгсөн биздээ” гээд барьцалдаж аваад нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд сандал аваад Н- намайг цохиод шалны модоор над руу чичихэд ам руу шалны модны үзүүр хэсэг нь яваад орсон. Тэгээд би гэрээс нь гараад явсан.

Маргааш нь цагдаад хандсан. Н-ын үйлдлээс болж миний уруул, хүзүү, баруун өвдөг, шилбэнд, цээжинд зулгаралт үүссэн байсан. Мөн “төвөнхи үрэвссэн” гэж хэлсэн. Өөр гэмтэл шарх байхгүй. Одоо надад гомдол санал байхгүй, надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-10х/,

 

2. Гэрч О.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би нөхөр О.Н- болон хүүхдүүдийн хамт ХУД-н 14-р хороо ,,,, тоотод амьдардаг. 2016 оны 10 дугаар сард намайг төрөөд удаагүй байх үед манай нөхөр О.Н- нь зүс таних Ч-той уулзаад нэг хонь авчирсан юм. Уг хонийг худалдаж авсан эсвэл бэлгэнд авсан талаар юу ч мэдэхгүй байна. Тэгээд байж байтал 2017 оны 01 сараас эхлэн Ч- нь манай нөхрийг хөдөө явсан хойгуур манай гэрт орж ирээд надаас нэг ширхэг хонины мөнгө гэж 100.000 төгрөг нэхэж эхэлсэн. Ч- нь 2017 оны 01 сараас эхлэн одоог хүртэл нийт 2-3 удаа манай гэрт архи уусан үедээ орж ирээд хонины мөнгө гээд нэхдэг. 

2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 23:00 цагийн орчим би, нөхөр, хүүхдүүдийн хамт унтах гээд гэртээ байж байтал Ч- нь согтуу орж ирээд “мөнгөө авъя” гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр Н- түүнд хандан “одоохондоо мөнгө байхгүй байна, чи өөрөө хамт архи ууж байхдаа надаас авахгүй гэж хэлсэн биздээ” гэхэд Ч- согтуурхаад “манай эхнэр өөр хүнтэй байж байгаад надад баригдаад, би тэр хар юмыг нь зодсон” гэх зүйл ярьж эхэлсэн юм.

Тэр үед манай бага хүү халуунтай уйлаад байсан учраас нөхөр Н- Ч-ийг “гэртээ харь” гэж хэд хэдэн удаа хэлсэн. Ч- гэрээс гарахгүй эхнэрийнхээ тухай яриад байсан. Тэгсэн манай нөхөр Н- гэнэт уурлаад, босон гэрийн үүдэнд байсан түшлэгтэй модон сандалаар Ч-ийн бие рүү 2 удаа цохисон.

Тэгэхээр нь би салгах гээд ойртсон чинь над руу сандалаа далайгаад “бүгдийг чинь ална шүү, хол бай” гэхээр нь би айгаад холдсон. Тэгээд Н- сандалаа тавиад, гэрийн үүдэнд байсан модон иштэй шүүрийг аван Ч-ийн хөл болон гар луу хэд хэдэн удаа цохисон. Тэгж цохиж байх үед шүүрний иш хугарсан бөгөөд хүүхдүүд айгаад уйлсан учраас би хүүхдүүдээ аргадаж байгаад 2 минут орчим болсны дараа харахад Ч-ийн амнаас нь цус гарч байсан. Тэгээд би Н-ад “чи хүн яаж байгаа юм бэ” гэж хэлээд байж байх хооронд Ч- гараад зугтаасан.

Манай нөхөр архи их уудаг, архи уусан үедээ гэртээ агсам тавьдаг. Миний хүүхдүүд гэртээ үргэлж айдастай байдаг. Намайг хааяа зоддог байсан. Архи уусан үед нь би хүүхдүүдээ аваад гэрээсээ зугтаад явчихдаг. Хэрэг гардаг өдөр манай нөхөр архи уусан байсан, гэхдээ бид нарт агсам тавьж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12х/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8970 тоот дүгнэлтэд:

1. Ж.Ч-ийн биед гэмтлийн гаралтай төвөнхийн үрэвсэл, уруул, хүзүүнд зулгаралт, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 14х/,

 

4. Шүүгдэгч О.Н-ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 07 сарын 12-ны өдөр 22:00 цагийн орчим урьд манай хөрш байсан Ч- өвөө гэрт орж ирээд хонины мөнгө нэхсэн. Тухайн үед Ч- өвөө, болон би согтуу байсан ба хоорондоо хонины мөнгөнөөс болж маргалдан зодолдсон. Зодолдож байхдаа Ч- өвөө намайг түшлэгтэй модон сандалаар хөндлөн шавхуурдаж цохиод алдсан. Тэгэхээр нь шалны модоо бариад нүүр лүү нь цохитол мөн адил мод хугарсан. Тэгээд над руу дайраад байхаар нь шалны модны ишний хугархайг бариад чичиж байтал ам руу нь яваад орчихсон. Тэгээд цагдаа дуудаадах гээд охиндоо хэлэхэд Ч- өвөө гэрээс гараад зугтаасан. Ч- намайг эзгүйд гэрт ирж удаа дараа агсам согтуу тавьж байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-24х/ болон түүний хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27х/, Хан-Уул дүүргийн 14-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 28х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 30х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Н-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч О.Н- нь согтуурсан үедээ, 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ,,,, тоот дахь өөрийн гэртээ “хонины махны мөнгө нэхлээ” гэсэн шалтгаанаар хохирогч Ж.Ч-той маргалдаж, улмаар түүнийг зодож хохирогчийн биед “ гэмтлийн гаралтай төвөнхийн үрэвсэл, уруул, хүзүүнд зулгаралт, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт авагдсан хохирогч Ж.Ч-ийн мэдүүлэг /хэргийн 9-10х/, гэрч О.У-гийн мэдүүлэг /хэргийн 11-12х/, ШШҮХ-ийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн актын 8970 тоот дүгнэлт /хэргийн 14х/, шүүгдэгч О.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос шүүгдэгч О.Н-ын хохирогч Ж.Ч-ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч О.Н- болон түүний өмгөөлөгч нараас шүүгдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн байдалд тус тус маргаж, мэтгэлцээгүй, хохирогч Ж.Ч- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа 2017 оны 08 сарын 14-ний өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө /хэргийн 9-10х/ илэрхийлсэн байна.

 

Иймд шүүгдэгч О.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хэргийн 27-р талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад шүүгдэгч нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2004 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан талаар тэмдэглэгдсэн байх хэдий ч “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул түүнийг  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Шүүх, шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба хохирогч Ж.Ч- нь орой үдшийн цагаар айлд согтуу ирж, амрах ая тухтай байдлыг нь алдагдуулж “хоол хий, архи ууя, хонины мөнгө өг” гэх зэргээр маргаан өдүүлсэн нь уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт шүүгдэгч О.Н- нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөр байхгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ж.Ч- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                     ТОГТООХ нь:

 

1. Т овогт О-н Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Н- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт О.Н- нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн  иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ж.Ч- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон О.Н- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан О.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БАЗАРХАНД