Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/286

 

 

 

 

 

 

   2022             03           10                                         2022/ДШМ/286                                                                                                                                                                                                                                    

Н.Г-д холбогдох                                                                                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17ы өдрийн 2022ЦТ/89 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Н.Г-д холбогдох ........................ дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-ийн Гомбо, Төв аймагт 1996 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, Горькийн 00 дугаар гудамжны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Мон-Лаа 00 дүгээр гудамжны 00000 тоотод амьдарч байсан, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 0000000000/;

Н.Г- нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Мон-Лаа 1 дүгээр гудамжны 32б тоот хашааны гадаа Р.Э-ыг “Автомашиндаа хөгжим тавьж, чанга дуу чимээ гаргалаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “... баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын угалзад зулгаралт ...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Н.Г- өөрт тулгарсан довтолгооны эсрэг буюу халдлага нэгэнт эхэлсэн, үргэлжилж байхад хариу үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба халдлага бодитой эхлээгүй, эсхүл довтолгоо нь төгссөн үед үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал ...” гэсэн дүгнэлт хийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Г-ыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ууганцэцэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх, прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэргийн үйл баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний эцэст хууль зүйн дүгнэлт гаргах хуулийн шаардлагыг хангаагүй. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гаргасан аливаа хүн, хуулийн этгээд нь өөрийн харсан, мэдсэн зүйлийг санаатайгаар худал мэдээлбэл хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр хуульчилсан журмыг мөрдөгч урьдчилан тайлбарлаж тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулсны дараа хохирогч Р.Э- мэдүүлгийн эх сурвалжаа зааж, шүүгдэгч Н.Г-ыг “машинд хөгжим тавьж чанга дуу чимээ гаргалаа” гэх шалтгаанаар нүүр рүү гараараа хэд хэд цохисон. “...ямар сүртэй юм бэ, одоо явлаа” гэхэд туранхай нь түрүүлээд гараараа 2 удаа цохихоор нь би газар унахад миний нүүр рүү өшиглөсөн...” гэж тогтвортой мэдүүлсэн. Уг мэдүүлгийг давхар хохирогч болон шүүгдэгчийн биед хийсэн үзлэгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Энэхүү шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй. Мөн гэрч Ш.Буяндэлгэрийн мэдүүлгээр давхар нотлогддог. Харин шүүгдэгч Н.Г-ын удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь харилцан үгүйсгэсэн шинжтэй байна. Учир нь, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийн дагуу өгсөн хохирогчийн мэдүүлгийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй шүүгдэгчийн мэдүүлэг болон үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэрч Б.Э-ийн мэдүүлгээр үгүйсгэх боломжгүй. Гэрч Б.Э-ийн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Н.Г-ыг машины цонх тогшиж, хохирогч Р.Э-тай зодолдох үед цуг байсан мэтээр орон зай, цаг хугацааны хувьд эргэлзээтэй байхад хохирогчийн мэдүүлгийг няцааж, шүүгдэгчийн үйлдлийг өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл буюу аргагүй хамгаалалт гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Н.Г- нь хохирогчийн буруутай үйлдлийн улмаас “Машиндаа дуу тавьж, чанга дуу чимээ гаргалаа” гэх шалтгаанаар хохирогч Р.Э-тай харилцан зодолдсон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой шууд шалтгаант холбоотой. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор заасан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэх, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой нөхцөл байдал юм. Түүнчлэн хохирогч Р.Э-ын бусдын амгалан тайван байдал алдагдуулж, танхайрсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр шилжүүлсэн болохыг дурдаж байна. Шүүх хэргийг хянан хэлэлцээд гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхдээ хохирогчийн зүй бус, зөрчлийн шинжтэй үйлдлийг үндэслэл болгоод хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтуудыг дурдахдаа “М.Наранзаяа” гэж огт байхгүй гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан мэтээр бичсэн байх ба хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан мөрдөгчийг гэрчийн мэдүүлэг өгсөн гэж тогтоолд үндэслэл болгосон нь шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж ойлгохоор байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүх дүгнэлтэд нөлөөлж болохуйц хэргийн нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсны улмаас цагаатгах тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Шүүгдэгч Н.Г- нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 03 цагийн үед  Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Мон-Лаа 000 дүгээр гудамжны 0000 тоот хашааны гадаа Р.Э-ыг “Автомашиныхаа хөгжмийг чанга тавьж, дуу чимээ гаргалаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “... баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын угалзад зулгаралт ...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй байх тул анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн нь зөв болжээ.

Харин ийнхүү шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Г-ын үйлдлийг “... тулгарсан довтолгооны эсрэг буюу халдлага нэгэнт эхэлсэн, үргэлжилж байхад хариу үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба халдлага бодитой эхлээгүй, эсхүл довтолгоо нь төгссөн үед үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй ...” гэж үзэн аргагүй хамгаалалт хэрэглэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогч Р.Э- “... танихгүй хүн ирээд “Машинд хөгжим тавьлаа” гэж уурлаад миний нүүрэнд хэд хэдэн удаа цохьсон...” /хх 10-11/, “... 2 залуу дахин гарч ирээд “Машиныхаа хаалгыг хүчтэй хаагаад байна” гэхээр нь “Ямар сүртэй юм бэ, одоо явлаа” гэхэд туранхай нь түрүүлээд миний нүүрэнд 2 удаа цохьсон ...” /хх 13/ гэж, гэрч Ш.Б “... туранхай өндөр залуу Э ахын нүүр рүү хэд хэд цохиод авсан...” /хх 22/ гэж тус тус мэдүүлсэн бол шүүгдэгч Н.Г- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “... машинаас нэг залуу бууж ирээд миний нүүр рүү нэг удаа цохихоор би зөрүүлээд нүүрэнд нь 2-3 удаа цохьсон ...” /хх 18/ гэж, гэрчээр мэдүүлэг өгөхдөө “... тэр залуу унахдаа миний баруун хөлийг татаад унасан ба миний баруун хөлийн шагайнаас доош хөндүүртэй байна ...” /хх 16/ гэж, гэрч Г.Д “... машинаас танихгүй эрэгтэй бууж ирээд Г-н нүүрэнд 1 удаа цохихоор нь би салгасан, ... тэгээд Г-н ээж гарч ирээд салгасан ...” /хх 20/ гэж тус тус зөрүүтэй мэдүүлгүүд өгчээ.

Шүүх дээрх мэдүүлгүүдээс хохирогч Р.Э- түрүүлж шүүгдэгч Н.Г-н нүүрэнд цохиж довтолсон буюу шүүгдэгчийн мэдүүлгийг бодитой гэж үнэлэхдээ “... Н.Г-ын биед баруун өвдөгт зулгаралт, шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ...” гэсэн шинжээчийн 11379 тоот, “... Р.Э-ын биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын угалзад зулгаралт гэмтэл тогтоогдлоо ...” гэсэн шинжээчийн 11449 тоот дүгнэлтүүдийг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл, хохирогч түрүүлж шүүгдэгчийн нүүрэнд цохьсон гэх боловч нүүрэнд нь ямар нэгэн ул мөр үлдээгүйгээс гадна  өвдөг, шагайнд нь үүссэн цус хуралт гэмтэл харилцан зодолдох явцад хохирогч унахдаа хөлнөөс нь татсанаас үүссэн байх боломжтой байна.

Мөн шүүгдэгч Н.Г-ын эх Б.Э- “... хашааны гадна гартал Гомбо машины цонхыг тогшиход онгойлгохгүй байсан. Тэгээд машинаас нэг залуу бууж ирээд Гомбын нүүрэнд 1 удаа цохиод авсан ...” /хх 26/ гэж хэргийн газар байсан, болсон үйл явдлыг нүдээр харсан мэтээр мэдүүлсэн боловч бусад хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр батлагдаагүйн гадна, гэрч Г.Д-гийн “... машинаас танихгүй эрэгтэй бууж ирээд Гомбын нүүрэнд 1 удаа цохихоор нь би салгасан, бас машины араас нэг эрэгтэй бууж ирээд Гомбыг цохих гээд байсан. Тэгээд Гомбын ээж гарч ирээд салгасан ...” /хх 20/ гэж Б.Э-ийг хэрэг явдал болсны дараа гарч ирсэн талаар мэдүүлсэнтэй зөрчилдөж, түүний мэдүүлэгт эргэлзээ төрүүлж байна.

Хохирогч Р.Э- түрүүлж довтолгоон хийсэн гэх дүгнэлтийг хийхэд ач холбогдолтойн дээр дурьдсан нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байх тул шүүгдэгч Н.Г-ын холбогдсон хэргийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон цагаатгах тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан боловч довтолгоон бүрийн эсрэг аргагүй хамгаалалт хийх эрх олгогдоогүй болох нь мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... аюултай довтолгоон ...” гэж тодорхойлсноос тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, халдагч этгээдийн довтолгооны шинж чанар, цар хүрээ, довтлогч, хамгаалагчийн бие, насны онцлог буюу хүчний харьцаа, хамгаалалт зайлшгүй чухал, нэн шаардлагатай байсан зэргийг бодитой үнэлсний эцэст аргагүй хамгаалалт хийх аюултай нөхцөл байдал бүрдсэн талаар дүгнэлт хийвэл зохино. 

            Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон Н.Г-д холбогдох хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцтэл шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17ы өдрийн 2022/ШЦТ/89 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Н.Г-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН