| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2108017531334 |
| Дугаар | 2022/ДШМ/303 |
| Огноо | 2022-03-17 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2022/ДШМ/303
Б.О холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Төмөртулга,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/161 дугаартай захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Төмөртулгын бичсэн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 8 дугаартай эсэргүүцлээр Б.Оод холбогдох эрүүгийн 2108017531334 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н овгийн Бын О, 1980 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, ам бүл 2, эхнэрийн хамт - тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:-/,
2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаар хянан харгалзсан,
2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,
2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар 5 жил 10 хоног болгон өөрчилж, 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 9 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 1 жил 7 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;
Б.О нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Саппоро үйлчилгээний төвийн ард талд байх “М” цайны газрын орчим иргэн Ж.Жгийн Хаан банкны виза картыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, “Samsung 10” загварын гар утсыг хүч хэрэглэж, довтолж авсны улмаас 649.620 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж хуульчилсан бөгөөд хэргийг прокурорт буцаасан 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2402 дугаартай захирамжийн зарим хэсэг нь биелэгдээгүй гэж үзэв.
Шүүхийн шийдвэрт “хохирогчийн банкны виза картнаас мөнгө авсан гэх яллагдагчийн үйлдлийн гэм буруугийн сэдэлт зорилгыг тогтоосны эцэст Эрүүгийн хуульд заасан тохирох зүйл, хэсгээр зүйлчлэх” гэж буцаасан үндэслэл арилаагүй гэж үзэхээр байна. Тодруулбал:
хохирогч Ж.Жгийн “...дүү нь ганц юм авах гэсэн юм гэсэн юм та аваад өгчих гэхээр нь би тухайн үед зөвшөөрөөд өөрийн Хаан банкны картыг өгөөд - гэж кодыг хэлж өгөөд явуулсан. Удалгүй нөгөө залуу эргэж ирэхдээ нэг шилтэй архи авчирсан. ...ахаа утсаа өгч байгаач нэг яриадахъя гэхээр нь би яах гээд байгаа юм гэхэд тэр залуу “дуугай өгч бай” гэж хэлээд ...миний гар утсыг аваад цаашаа утсаар яриад явсан. ...” би хөөе чи миний карт, утсыг буцаагаад аваад ир” гэсэн чинь “битгий хуц чи” гэснээ үгийн зөрүүгүй гар, нүүр лүү нэг, нэг удаа өшиглөсөн. ...миний данснаас шууд 400.000 төгрөгийн зарлага гарсан мэдээлэл миний гар утсанд ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 29/ “...надаас виза карт аваад буцааж өгөөгүй, 376.600 төгрөгийн зарлага хийсэн байсан. Дэлгүүрээс болон АТМ-с 300.000 төгрөг авсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 30/, “...би О гэх хүнийг хүлээгээд байж байсан чинь 300.000 төгрөгийн зарлага гарсан мессеж ирсний дараа удалгүй О ирэхээр нь би картаа авъя гэж нэхсэн чинь өгөөгүй. 394.620 төгрөгийн зарлага гарсан байсан. О намайг зодож Хаан банкны карт, гар утсыг авсан. ...” гэх мэдүүлгүүд /хх 32-33/ тус тус авагджээ.
Дээрхээс үзэхэд хохирогчийн гар утсыг авсан, картаас нь мөнгө авсан яллагдагчийн үйлдэл өөр, өөр цаг хугацаанд үйлдэгдсэн, хоёр өөр гэмт хэргийн шинжтэй байхад нэг зүйл, хэсгээр буюу дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн хэргийн баримтаар гар утас, карт хоёрыг хохирогчоос өөрөөс нь авсан үйл баримт байгаа боловч банкны виза картад байсан мөнгийг хохирогчоос аваагүй, харин нууцаар, хууль бусаар хулгайлан авсан байж болох нөхцөл байдал байхад шүүгдэгчийн гар утас, картнаас мөнгө авсан үйлдлийг хамтад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул хуульд заасан тохирох зүйл, хэсгээр зүйлчлэх шаардлагатай гэж шүүх дүгнэв. Мөн яллагдагч Б.О нь бичиг үсэг мэддэг, эсхүл мэддэггүй болон түүний суурь боловсролын байдлыг ч тогтоогоогүй байгааг анхаарах нь зүйтэй гэж үзэн Б.Оод холбогдох эрүүгийн хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Оод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Т.Төмөртулга бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх яллагдагч Б.Оод холбогдох эрүүгийн 2108017531334 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд урьд буцаасан 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2402 дугаартай шүүгчийн захирамжийн зарим хэсэг биелэгдээгүй гэх үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Хохирогч Ж.Жгийн “...би О гэж өөрийгөө танилцуулсан хүнд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчим архи аваад өгчих гэхээр нь өөрийн Хаан банкны виза картаа өгч явуулаад архи авч өгсөн. Тухайн үед миний гар утас байсан болохоор би хэдэн төгрөгөөр архи авсан гэдгийг мэдэж байна...О гэх хүн анх надаас карт авч яваад ирэхдээ картаа надад өгөлгүй тэр чигт нь авсан. Картаа авъя гэж хэлэхэд байж бай гэж хэлээд миний картыг өгөөгүй.Тэгээд гэнэт О гэх хүн хаашаа ч юм алга болчихсон, ...Тухайн үед надаас гар утас авсан гэх хүн архи ууж байхад би гар утсаа барьчихсан байж байсан ба тэгтэл тэр О гэх залуу гар утсаа өгч бай гэхээр нь чи яах гээд байгаа юм гэж хэлэхэд тэр залуу дуугүй өгч бай гэж хэлээд зүүн талын шанааны хэсэгт хоёр удаа цохиод нуруу луу нэг удаа өшиглөөд миний гарнаас гар утас булааж аваад цаашаа утсаар ярьж байгаа нь мэдэгдэхгүй явсан” гэсэн мэдүүлгүүдээр яллагдагч Б.Оын хохирогч Ж.Жгээс банкны виза карт авсан үйлдлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, гар утас авсан үйлдлийг хүч хэрэглэж, довтолж авсаны улмаас 649.620 төгрөгийн учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх" гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Яллагдагч Б.О нь хохирогчийн виза картны дугаарыг мэдэж байсан, хохирогчийн картнаас зарлага гаргаж байгааг хохирогч гар утасанд ирсэн мэссэжээр мэдэж байсан бөгөөд хохирогч картаа удаа дараа нэхэхэд Б.О өгөхгүй авч явсан үйлдэл нь илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдийн төсөөтэй шинж нь гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдгаараа ижил байдаг боловч “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хохирогчоос хэрхэн шилжүүлэн өөртөө олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн объектив тал буюу үйлдлийн арга, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргээрээ ялгагдана. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр хохирогчийн бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд бүр мөсөн авч, тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй байдаг. Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хохирогчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдахгүйгээр, нууц, далд аргаар өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн байхыг ойлгодог. “Хулгайлах” гэмт хэргийн субъектив талын гол шинж нь гэмт этгээд өөрийн хууль бус үйлдлийг хэн ч мэдээгүй гэдэгт итгэсэн байдаг. Дээрэмдэх гэмт хэргийг хулгайлах гэмт хэргээс үйлдлийн арга, хохирлоор нь ялгаж зүйлчлэх бөгөөд дээрэмдэх гэмт хэрэг нь илээр буюу хохирогчийн нүдэн дээр үйлдэгддэг бол хулгайлах гэмт хэрэг нь хэнд ч мэдэгдэлгүйгээр нууцаар үйлдэгдэж, энэ гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг. Гэтэл анхан шатны шүүх Б.Оын үйлдлийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд зүйлчлэл өөрчилж шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Оод холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Б.Оыг Ж.Жгийн Хаан банкны виза картыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, “Samsung 10” загварын гар утсыг хүч хэрэглэж, довтолж авсны улмаас 649.620 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд, “...хохирогчийн гар утсыг авсан, картнаас нь мөнгө авсан яллагдагчийн үйлдэл өөр, өөр цаг хугацаанд үйлдэгдсэн, хоёр өөр гэмт хэргийн шинжтэй байхад нэг зүйл, хэсгээр буюу дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул хуульд заасан тохирох зүйл хэсгээр зүйлчлэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй ...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч Ж.Ж нь Б.Оод өөрийн Хаан банкны виза картаа /нууц дугаараа хэлж/ өгч архи авахуулж хамт уусаны дараа Б.О нь дахин дэлгүүр орохдоо ““Хаан” банкны АТМ-ээс 1421-д 6.600 төгрөг, 1446-д 19.500 төгрөг,1531-д 10.000 төгрөг, 1633-д 20.820 төгрөг, 1638-д 300.000 төгрөг... авсаны дараа /хх 22 тал/ /тухайн үед хохирогчийн гар утсанд мессэж ирж байсан гэж мэдүүлсэн/ хүч хэрэглэж гар утсыг нь авсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Дээрх байдлаас үзэхэд Б.Оын Ж.Жгийн /тухайн үед нууц дугаараа хэлж итгэмжлэн хариуцуулж өгсөн/ Хаан банкны виза картнаас мөнгө авсан үйлдлийг дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй эсэх, өөр өрсөлдөх хэм хэмжээ байгаа эсэхийг шалгаж тогтоох, гэмт хэрэг үйлдэх санаа, бодол хэдийд үүссэн болох, энэхүү харилцаа бий болох болсон шалтгаан нөхцөлийг шалгаж, үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай болно.
Түүнчлэн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын талаар хэт ерөнхийлөн, тухайлбал, “...Б.О нь “Samsung 10” загварын гар утсыг хүч хэрэглэж, довтолж авсны улмаас 649.620 төгрөгийн хохирол учруулсан. ...” гэж бичсэн байх ба яллах дүгнэлтэд, хэрхэн яаж хүч хэрэглэсэн талаар тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.
Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Төмөртулгын бичсэн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 8 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/161 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Төмөртулгын бичсэн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 8 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэрэг прокурорт очтол Б.Оод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН