Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2023/0358/З |
Дугаар | 128/ШШ2023/0816 |
Огноо | 2023-11-07 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2023/0816
2023 11 07 128/ШШ2023/0816
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г*******” ХХК, РД:*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.О*******,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.П*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н*******,
Гуравдагч этгээд: “Т*******” ХХК, РД:*******,
Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Ш.Ц нарын хоорондын газрын давхцалтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П*******, Д.Н*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш.Ц, гэрч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. “Г*******” ХХК нь Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/327 дугаартай захирамжаар Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Хөх давааны энгэрт нэгж талбарын дугаартай 3 га газрыг эзэмшжээ.
1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/342 дугаар тушаалаар “Т*******” ХХК-д 1.5 га газар ашиглах эрх олгосон байна.
1.3. “Г*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/342 дугаар тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/1343 тоот албан бичгээр “... дээрх байршилд Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/327 дугаар захирамжаар “Г*******” ХХК-д аялал жуулчлал, мод тарих, нөхөн сэргээх зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон нь хууль зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасны дагуу Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/327 дугаар захирамж нь илт хууль бус акт болох тул уг захирамжийн “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хуулийн хэрэгжилтийг хангуулж, хариу мэдэгдэнэ үү” гэх хариуг хүргүүлжээ.
1.4. Нэхэмжлэгч “Г*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/342 дугаартай тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан байна.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1 Нэхэмжлэгч “Г*******” ХХК-иас тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах аялал жуулчлал, мод тарих нөхөн сэргээх зориулалтаар “С” ХХК-д олгосон 3 га газрыг 2018 онд шилжүүлэн авсан байдаг.
Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/327 дугаартай захирамжаар нэгж талбарын дугаартай 3 га газрыг 15 жилийн хугацаагаар тус дүүргийн 1 дүгээр хороо, Хөх давааны энгэр гэх газар Аялал жуулчлалын баазын зориулалтаар эзэмшдэг.
Бид дээрх газрыг холбогдох хууль, дүрэм журмын дагуу хууль ёсоор эзэмшин өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглахын тулд холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлж холбогдох зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдтэй гэрээ хийн зураг төслөө хийлгэж байгаа бөгөөд газрын төлбөрийг тухай бүр хугацаанд төлж газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлж байгаа болно.
2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 гарсантай холбоотой хил гааль хаах, хязгаарлалтад орох, эдийн засгийн хувьд уналтад орж, хөрөнгө оруулалт маань зогсож 2022 оны сүүлчээр эдийн засгийн байдал сэргэж газраа зориулалтын дагуу ашиглаж бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх гэж байсан боловч манай эзэмшлийн газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Т*******” ХХК-д 1.5 га газрыг 2022 оны 09 дүгээр сард давхцуулан олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарсан талаар олж мэдсэн.
Манай компанид дээрх хуулийн этгээдэд газар давхцуулан олгосон талаар Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон танай яамнаас ямар нэгэн байдлаар мэдэгдэл, албан бичиг ирүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 13, 24, 26, 27, 43, дугаар зүйл, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дугаар зүйлийг тус тус зөрчиж олгосон нь манай компанийн газар эзэмших, барилга барих эрхэд ноцтойгоор халдсан. Үүнтэй холбоотойгоор манай компаниас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад албан бичиг хүргүүлсэн боловч шийдвэрлэх боломжгүй гэх хариу ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/342 дугаартай тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/342 дугаартай тушаалыг мэдсэн даруйд яам руу болон Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба руу асуудлаа яриад явсан. Уг давхцуулж олгосонтой холбоотой асуудлаар яамнаас болон Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас манай компанид мэдэгдэл ирээгүй. Хэрэг үүсгэх хүртэл бид бүхэн газрын төлбөрөө төлөөд явж байсан. Газар эзэмших эрх үүссэн үйл ажиллагаа явж байгаа тохиолдолд давхцуулаад олгосон ямар нэгэн мэдэгдэл ирээгүй нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 13, 24, 26, 33 дугаар зүйлийг зөрчсөн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.8 дугаар зүйлийг зөрчиж “Т*******” ХХК-д газар эзэмших эрхийг гэрчилгээ олгосон нь манай компанийн барилга барих эрхэнд ноцтойгоор халдсан гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай компаниас сайдад албан бичиг хүргүүлсэн боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Шийдвэрлэх боломжгүй гэдэг хариуг ирүүлэхдээ ямар нэгэн шалтгаан зүйлийг дурдаагүй байдаг.
Өнөөдрийг хүртэл нотлох баримт гаргаад хүсэлт явсны үндсэн дээр 2, 3 асуудал гарч ирсэн. Налайх дүүргийн Засаг даргаас ирсэн албан бичигт нэршилтэй холбоотой асуудал гарч ирсэн байдаг. Одоог хүртэл өөрчилсөн шийдвэр гараагүй буюу өөрчлөх шаардлагатай гэдэг албан бичиг ирсэн байдаг. Мөн маргаан бүхий захиргааны акт 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гарсан. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/2068 дугаартай албан бичгээр хариу ирсэн. Үүнийг дурдаж буй учир нь анх 2017 оны Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын А/32 дугаартай тушаалаар Налайх дүүрэгт газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг нэвтрүүлсэн байдаг. 2017 онд Налайх дүүрэг мэдээллийн санд орсон. Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор яам ашиглаж ирсэн гэж байгаа. Тэгэхээр дундаа нэгдсэн мэдээллийн сантай болсон байсан. Гэтэл 2022 онд маргаан бүхий захиргааны акт гаргахдаа мэдээллийн санг шүүгээд харахад давхацсан газар гэж харагдах нь ойлгомжтой асуудал. Улмаар хуульд заасан үйл ажиллагаа огт хийгээгүй олгосон буюу мэдээллийн нэгдсэн санд бүртгэл байгаа бүртгэлийг ашиглаагүй хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байна. Маргаан бүхий захиргааны актаар хууль зөрчөөд газар эзэмших гэрчилгээ олгосон байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/342 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1 Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“Т*******" ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/342 дугаар тушаалаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Өртөө өвөлжөө гэх газарт 15011 мкв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болсон байдаг.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” бүрэн эрхийг Улсын Их Хуралд олгосон. Үүний дагуу Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай" 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг баталсан байдаг.
“Т*******” ХХК-д ашиглуулахаар олгосон тус өртөө өвөлжөө гэх газар нь дээрх Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан байгалийн цогцолборт газрын хилийн зааг дотор хамаарч байх тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас газар ашиглуулах шийдвэр гаргасан нь эрх зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий газар нь өөрөө тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа гэж гэрч дурдсан. Хоёр байгууллага хоорондоо яриад хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Хилийн цэсийн маргаан Улсын их хурлын тогтоолоор шийдвэрлэнэ. 1995 оны тогтоолыг харахаар хилийн заагт хамаарч байгаа юм. Н.Г нарын шийдвэрийг 434 дугаартай магадлалаар шийдвэрлэсэн. Өртөө өвөлжөө гэдэг газар нь малчдын газар гэдгийг магадлалд дурдсан байгаа. Энэ талаар шүүгч өөрөө харах байх. Улмаар сайдын гаргасан шийдвэр үндэслэлтэй байна. Налайх дүүргийн Засаг даргын гаргасан захирамж нь илт хууль бус гэж үзэж байна” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Гуравдагч этгээд “Т*******” ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Нийслэлийн Налайх дүүргийн иргэн Ш.Ц миний бие 2018 оноос эхлэн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутагт “Ж” байгуулж, хуулийн дагуу татвар төлж, хороо дүүрэгтэй хамтран аялал жуулчлалын бизнесийн үйл ажиллагаа эхлүүлсэн. Үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор 2019 онд Т******* ХХК байгуулж, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын бааз байгуулахаар төсөл бичиж, зохих журмын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 1.5 га газар олгогдсон тул газрын төлбөр 7 500 000 төлөөд гэрчилгээгээ авах тухай холбогдсон. Олгогдсон газрын зарим хэсэгт техник хэрэгслээр тойруулаад газар ухаж, сэндийлсэн тул Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж эхэлсэн. Уг газрын Налайх дүүргийн засаг даргын 2009 оны 286 дугаар захирамжаар С ХХК-д 15 жилийн хугацаатай олгож, 2018 онд эрхийг шилжүүлсэн талаар мэдээлэл авсан. Үүний дагуу холбогдох байгууллагуудад удаа дараа албан бичиг өгсөн бөгөөд төслөө хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байна. Нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагуудын маргаантай холбоотой Т******* ХХК-ны эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн талд шийдвэр гарвал манай байгууллагад олгогдсон зөвшөөрлийн хавсралтад байгаа талбайн солбицлыг өөрчилж өгөх, манай байгууллагын үйл ажиллагаа явуулах боломжийг хангаж өгөхийг хүсэж байна” гэжээ.
4.2. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сайдын тушаал гарсан. Үүнээс нэг жилийн өмнө хүсэлтээ гаргасан. Том ажлын хэсэг 2020 онд ажиллаж эхэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд тусгай хамгаалалттай тохирсон гэж харж байгаа. Тэгэхээр сайдын тушаал хүчингүй болгох үндэслэл байхгүй. Давхацсан олон маргаан гарж болно. Манай компанийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж харж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Г*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/342 дугаартай тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,
- маргаан бүхий газрыг холбогдох хууль, дүрэм журмын дагуу хууль ёсоор эзэмшин өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглахын тулд холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлж холбогдох зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдтэй гэрээ хийн зураг төслөө хийлгэж байгаа бөгөөд газрын төлбөрийг тухай бүр хугацаанд нь төлж газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлсэн,
- газар давхцуулан олгосон талаар Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон танай яамнаас ямар нэгэн байдлаар мэдэгдэл, албан бичиг ирүүлээгүй,
- гуравдагч этгээдэд газар олгохдоо хуульд заасан үйл ажиллагаа огт хийгээгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,
2.1. Налайх дүүргийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 286 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Г*******” ХХК-д Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Хөх давааны энгэрт 30000мкв газрыг “С*******” ХХК-д анх эзэмшүүлж, мөн Засаг даргын 2018 оны А/327 захирамжаар нэхэмжлэгч “Г*******” ХХК-д шилжүүлж, харин гуравдагч этгээд “Т*******” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/342 тоот тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Өртөө өвөлжөө гэх газарт 15011 мкв газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн,
2.2. Дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх тухай болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын газар ашиглуулах тухай дээрх шийдвэрүүд нь хоёулаа хүчин төгөлдөр, хэн аль нь хүчингүй болгоогүй,
2.3. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эзэмшиж ашиглаж буй газрууд нь 8764мкв талбайгаар давхцалтайн зэрэгцээ газрын кадастрын зурган мэдээллийн санд тус газар нь тусгай хэрэгцээний буюу Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хамаарч зураглагдсан боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрх бүртгэгдсэн, харин гуравдагч этгээдийн газар ашиглах эрх бүртгэгдээгүй болох нь тогтоогдов.
3. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасны дагуу дүүргийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь газар ашиглуулах шийдвэр гаргах эрх хэмжээтэй байна.
4. Нэхэмжлэгч “Г*******” ХХК-иас 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан “... Захиргааны ерөнхий хууль болон бусад хуульд заасан холбогдох ажиллагаа хийгээгүй, мэдэгдээгүйгээр газар давхцуулан олгосон үйлдэл нь манай компанийн газар эзэмших эрхэд ноцтойгоор халдаж Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн эрхийг зөрчиж байгаа тул “Т*******” ХХК-д олгосон газрыг цуцалж өгнө үү” гэх гомдол гаргасны дагуу тус сайдын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/1343 тоот албан бичгээр Налайх дүүргийн Засаг даргад “... дээрх байршилд Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/327 дугаар захирамжаар “Г*******” ХХК-д аялал жуулчлал, мод тарих, нөхөн сэргээх зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон нь хууль зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасны дагуу Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/327 дугаар захирамж нь илт хууль бус акт болох тул уг захирамжийн “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хуулийн хэрэгжилтийг хангуулж, хариу мэдэгдэнэ үү” гэх албан бичгийг хүргүүлжээ.
5. Дээрх албан бичгийн хариуд Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/517 тоот албан бичгээр “...хилийн заагийг тогтоосон Горхийн доод гүүр гэсэн байршлыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас мэдээллийн сандаа бүртгэхдээ 1971 онд Туул голын модон гүүр нэртэйгээр ашиглалтад орсон Налайх Тэрэлжийн модон гүүр хүртэлх хэмжээгээр алдаатай нэмж оруулсан ... Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар тус Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоон баталсныг зөрчиж, мэдээллийн санд хилийн заагийг нэмэгдүүлэн бүртгэснийг залруулах шаардлага гарч байгаа тул тус яам болон Налайх дүүргээс ажлын хэсэг гарган тухайн асуудлыг судалж шийдвэрлэх саналыг хүргүүлж байна” гэсэн хариуг хүргүүлжээ.
6. Мөн гуравдагч этгээд “Т*******” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/02 тоот албан бичгээр Налайх дүүргийн Засаг даргад гаргасан “... Налайх дүүргийн Засаг даргын 2009 оны 286 дугаар захирамж, 2018 оны А/327 дугаар захирамжийн 4 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус хүчингүй болгуулах” тухай гомдолд тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 23/988 тоот албан бичгээр “... 2009 онд тус газар нь Горхи-тэрэлжийн байгалийн цогцолбор газарт хамаарагдаж байсан эсэх талаар Газар зохион байгуулалт, геодези зуран зүйн газраас тодруулна уу” гэсэн хариуг хүргүүлжээ.
7. Хуулийн дээрх зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, нэхэмжлэгчийн эзэмшилд болон гуравдагч этгээдийн ашиглалтад олгогдсон газрууд өөр хоорондоо давхацсан нь захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоогүй байдал, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг мэдээллийн санд шинэчлэн бүртгэснээс үүдэлтэй байна. Тодруулбал,
8. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн агаар сансрын зураг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаануудаар маргаан бүхий газар нь Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт хамаарч байх боловч,
8.1. Цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх түрүүлж үүссэний зэрэгцээ газрын кадастрын зурган мэдээллийн санд 2015 онд программын шилжилтээр хөрлүүлэгдэн бүртгэгдсэн болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3/1547 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, болон гэрч Ж.Тын “Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь газрын кадастрын мэдээллийн санд анх 2015 онд зураглагдсан. Үүнээс хойш өөрчлөлт ороогүй, шинэ систем хөрвүүлэлтээр ямар нэгэн алдаагүйгээр хөрвүүлэгдсэн” гэх мэдүүлгээр,
8.2. Мөн Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар тогтоосон “Горхи-тэрэлжийн байгалын цогцолборт газрын хилийн зааг”-ийг маргаан бүхий газрын орчимд “...Хэцийн даваа, амралтын дээд талд Туул гол руу түрж орсон хадан хошуу, Туул голын урд эргээр уруудаж Горхийн доод гүүр хүрч, түүнээс хойш орших Өндөр уул /1983,7/...” гэж тогтоосон байх ба уг тогтоолд дурдсан “Горхийн доод гүүр” цэгийн газар дээрх байршлын тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Налайх дүүргийн Засаг даргын хооронд маргаантай болох нь Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 01/517 тоот бичигт дурдсан болон гэрч Ж.Таас “...Горхийн доод гүүр гэдэг нь Горхийн гол Тэрэлжийн голд нийлэх хэсгийн дээр байсныг нутгийн иргэд ярьдаг” гэж гэж мэдүүлснээр тус тус тогтоогдож байх тул газрын кадастрын мэдээллийн сангийн зургийн дагуу тус газар нь тусгай хэрэгцээний газрын хилийн заагт багтсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг үгүйсгэх боломжгүй байна.
9. Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/2068 тоот албан бичигт “...Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системийг 2016 оноос, ... Налайх дүүрэг 2017 оноос нэвтрүүлсэн, ... Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоол батлагдсанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам үйл ажиллагаандаа Газрын кадастрын мэдээллийн санг ашиглаж эхэлсэн” гэсэн болон мөн газрын 2023 оны 1/1959 тоот албан бичигт “...газрын даргын А/99 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын зарим хэсгийн солбицлыг тогтоон зураглаж гаргасан дүгнэлтэд маргаан бүхий газар хамаарахгүй” гэсэн болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн газар нь байршлын хувьд давхцалтай боловч Хөх давааны энгэр, Өртөө өвөлжөө гэсэн өөр нэршлээр нэрлэгдсэн байгаагаас тус тус үзвэл, маргаан бүхий газар нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоогдсон “Горхи-тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хилийн зааг”-т хамаарах эсэх нь эргэлзээтэй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.
10. Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” бүрэн эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр заасан ба хариуцагчийн энэхүү эрхэд Монгол Улсын Их Хурлын шийдвэрээр тогтоогдсон байгалийн цогцолборт газрын хилийн заагийн дотор газар ашиглуулах эрх хэрэгжихээр, маргааны тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас маргаан бүхий А/342 дугаар тушаал гарах үед нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн газар эзэмших эрх газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн, давхцал үүсэхийг мэдэх боломжтой байсан байхад уг асуудлыг шийдвэрлэлгүйгээр газар ашиглах эрх олгосон, үүнийг шүүхийн шийдвэрээр залруулах боломжгүй байна.
11. Иймд хариуцагч нь Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг зөв зураглаж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн эсэхийг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/342 дугаар тушаалыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/342 дугаартай тушаалын “Т*******” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 6/зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/342 дугаартай тушаалын “Т*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ