Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 115

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.О даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.О,

Улсын яллагч: С.М,

Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б-гийн М-д холбогдох 1728000000036 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.М нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ахуйн үйлчилгээний төвийн хажуу талын гүүрэн дээрээс 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Д-ны LGK-4 маркийн 310.400 төгрөгийн үнэ бүхий гар утас, 25.000 төгрөгийн хамт нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 08 дугаар сарын 26- ны өдөр Ивээл төвөөс доошоо уруудаад явж байгаад ахуй үйлчилгээний комиссын хажуугаар гарсан чинь гармын тэнд тортой юм байсан. Тэгээд би сонирхоод үзсэн чинь цүнх байсан, цүнхийг онгойлгоод үзсэн чинь дотор нэг утас, 25000 төгрөг байсныг аваад бусдыг нь үлдээгээд явсан. Тэгээд орой нь цагдаад баригдсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2017 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг болох 8 дугаар багийн 43 дугаар байрны 37 тоот гэрээсээ ганцаараа яваад Даланзадгад сумын 7 дугаар багт байдаг “Ахуй үйлчилгээний төв”-д ажилдаа ирсэн. Ажлын гадаа ирэхэд манай ажлын хүмүүс бүгдээрээ ойр орчмын талбайгаа цэвэрлэх гээд гарцгааж байсан. Би ажлын өрөөндөө оролгүй гадаа байж байгаад тортой уутанд цүнх, цүнхэн дотор бичиг баримт, түрийвчтэй мөнгө, мөн Эл жи маркийн /К-4/ гар утас хийсэн байсан. Би тортой эд зүйлээ гадаа байрны урд талын гүүрний /далан/ төмрөөс өлгөчихөөд замын баруун талаар нь байгаа саадны ногоог цэвэрлээд ойролцоогоор 2 цаг гаруй зэрлэг ногоог түүчихээд эргээд нөгөө тортой эд зүйлээ авах гэтэл миний тортой эд зүйл байгаагүй. Би цагдаа дуудчихаад тэр хавьд хайтал миний цүнх бичиг баримт, бусад зүйлийг далангийн баруун талын гудамжинд хаячихсан байсан. Харин дотор нь байсан “Эл жи К-4” маркийн гар утас, түрийвчинд байсан 25000 төгрөг алга болчихсон байсан. Миний эд зүйлийг авсан хүнийг Мөнхжаргал гэдэг гэж цагдаа надад хэлсэн. Миний цүнхэн дотор байсан бэлэн мөнгө 25000 төгрөг, “Эл жи К-4” маркийн саарал өнгийн шинэ утас байсан, гар утасны хамгаалалтын шилэн наалт хагарчихсан, 2 симтэй гар утас байсан. Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт, нэмж шалгуулах зүйл байхгүй. Харин гар утсаа буцааж авмаар байна. Бас бэлэн мөнгө болох 25000 төгрөг нэхэмжилж байна.” гэжээ. /хх-14-15/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д-ны мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Би гар утас болон учирсан хохирол болох 25000 төгрөгийг бүрэн авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэжээ. /хх-16/,

Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өглөө Даланзадгад сум 08 дугаар баг 43 дугаар байрны 37 тоотод байдаг гэрээсээ “Ахуй үйлчилгээний төв” рүү ажилдаа явсан. Ажилдаа ирэхэд манай ажлын газрын хүмүүс гадна талбайгаа цэвэрлэхээр болж урд талд ургасан зэрлэгийг түүхээр болж тухайн үед би биедээ авч явсан хар өнгийн цүнхээ гялгар уутанд хийгээд үерийн далангийн дээгүүр гардаг гүүрний төмрөөс өлгөөд зэрлэгээ түүсэн. Зэрлэг түүж дуусаад цүнхээ очиж авах гэтэл цүнхийг маань хулгайч аваад явсан байсан. Үүний дагуу цагдаад дуудлага өгсөн. Би уг утсыг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Мобикомын салбараас 320.000 төгрөгөөр худалдаж авсан. “Эл Жи К-4” маркийн саарал өнгийн гар утас, вика карт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хэтэвчинд бэлэн 25.000 төгрөг байсан. Би гар утсаа 320.000 төгрөгөөр үнэлж байна. Харин тэр үед би бичиг баримтыг маань хаясан байж магадгүй гээд баруун талын гудамжаар хайхад миний цүнхийг бичиг баримттай маань хаясан байсныг олж авсан. Хулгайд алдсан бэлэн мөнгө 25.000 төгрөг болон гар утсаа нийт 345.000 төгрөгөөр үнэлж байна. Саарал өнгийн дэлгэцний хамгаалалтын наалт нь цуурсан 2 сим карт худалдан авахад хайрцаг дээр байгаа сериал дугаарыг тулгахад хоорондоо таарна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би гар утсаа, 25000 төгрөгөө олоод авбал гомдол санал байхгүй.” гэжээ. /хх-17-18/,

Гэрч О.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 09-10 цаийн үед байх цагаа сайн мэдэхгүй байна нөхрийн хамт кузов засвар байж байтал гаднаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд надад эрэгтэй хүн нь баруун талын халааснаасаа саарал өнгийн ухаалаг гар утас гаргаад энийг худалдаж авах уу, үзэх үү гэхээр нь нөхөрт хэлээд тэр утсыг харахад Эл Жи маркийн саарал өнгийн гар утас байсан. Нөхөр бид хоёр хоорондоо ярилцаж байгаад 30.000 төгрөгөөр зарна гэхээр нь нөхөр Б.М 30.000 төгрөг гаргаж өгөөд гар утсыг худалдан авсан юм. Үүний дараа цагдаа нар хулгайн эд зүйл байна гээд хураан авсан. Манай нөхрийн ажлын газарт орж ирсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэлэхдээ “Гар утсыг ямар ч асуудалгүй бид хоёрын өөрсдийн гар утас байгаа юм мөнгөний хэрэгцээ гараад хямдхан өгч байна” гэсэн, хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Нөхөр 30.000 төгрөг гаргаад надад худалдан авч өгсөн. Би тэр хоёр хүнийг танихгүй. Харин дахин харвал танина, хэний хэн гэдгийг мэдэхгүй байна. Манай нөхөр 30.000 төгрөгөөр тухайн гар утсыг надад авч өгсөн, хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй болохоор зарсан хүнээс 30.000 төгрөг нэхэмжилж байна.” гэжээ. /хх-19-20/,

Гэрч О.Н-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт:”...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, 30000 төгрөгөө буцааж авсан. Гомдол санал, хүсэлтгүй.” гэжээ. /хх-21 /,

Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2017 оны 08 дугаар сарын 26-ны өглөө ажлын газартаа байж байтал гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд нэг гар утас үзүүлсэн бололтой эхнэр О.Н “хямд утас байна, 30.000 төгрөг гэж байна” гээд надад хэлэхээр нь би тэр хоёр хүн рүү очоод утсыг үзэхэд саарал өнгийн “Эл жи” маркийн гар утас байсныг 30.000 төгрөгөөр эхнэртээ худалдан авч өгсөн. Би тэр хоёр хүнийг танихгүй, харвал танина. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-22-23/,

Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 10 цагийн үед гудамжинд өчигдөр уусан архиндаа согтоод тасраад хэвтсэн байсан. Би тэндээсээ босоод “Ивээл” худалдааны төвөөс хойш “Өнөр бүл” хүнсний дэлгүүрийн зүгт явж байтал Ахуй үйлчилгээний урд талаар гараад үерийн далангийн гүүрний дээгүүр гарах гэтэл гүүрний төмөр хаалтанд цагаан өнгийн гялгар ууттай хогны уут гэмээр юм өлгөөтэй байсан. Түүнийг дэлгэж үзэхэд дотор нь эмэгтэй хүний цүнх байсныг аваад баруун талын гудамж руу ороод цүнхийг нээж үзсэн. Дотор нь саарал өнгийн “Эл Жи” гэсэн гар утас, түрийвч байхаар нь түрийвчийг нээж үзэхэд 25.000 төгрөг, эмэгтэй хүний бичиг баримт байсан. Тэр гудамжинд цүнхтэй нь бичиг баримтыг нь хаяаад гар утас, 25.000 төгрөгийг аваад Ахуй үйлчилгээний баруун талаар хойшоо гараад “Мөнхжин” гэдэг хүнсний дэлгүүрт орж Улаан шонхор тамхи 2.000 төгрөгөөр худалдаж аваад дэлгүүрээс гараад нэг эмэгтэйтэй танилцаад хамтдаа авто засварын газар ороод саарал өнгийн гар утсаа 30.000 төгрөгөөр худалдаад бид хоёр гадагшаа гарч мөнгөөрөө архи авч уугаад дууссан. Удалгүй цагдаад баригдаж саатуулагдан шалгагдсан юм. Миний танилцсан эмэгтэй өөрийгөө Ж гэж танилцуулсан. Ж-г дахин харвал танина. Бид хоёр хамтдаа хажуу талын хүнсний дэлгүүр лүү ороод 1 шил архи аваад гарч ирээд архиа хувааж уугаад Ж гэнэт алга болсон. Надад уг мөнгө байхгүй, би архи авч уугаад дууссан.” гэжээ. /хх-24-25/,

Шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би 1977 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын эмнэлэгт төрсөн, айлын 2 дахь хүүхэд болж төрсөн. Манай аавыг Б гэдэг, ээжийг Н гэдэг хоёулаа тэтгэвэрт гарсан. Би бага насандаа Даланзадгад суманд амьдарч байгаад 1985 онд Улаанбаатар хотын 8 дугаар Бага сургуульд орчихоод 1995 онд Багануур дүүргийн 95 дугаар сургуульд 8 дугаар ангийг төгссөн. Төгсчихөөд Багануурт байж байгаад 1997 онд цэргийн албанд татагдаж Сэлэнгэ аймгийн Хилийн хорооны ангид 1 жилийн хугацаатай цэргийн албыг хаасан. Улаанбаатар хотод Баянзүрх дүүрэг, ..-р хороо, Э-н ... тоотод оршин сууж байна. Би 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайханы хажууд байдаг “Ивээл” нэртэй худалдааны төвөөс хойшоо гараад хойд талд \засмал замын баруун талд\ байдаг Ахуй үйлчилгээний төвийн \комиссын бараа зардаг газар\ урд талаар нь гараад баруун тийш яваад үерийн далангийн гүүрний дээгүүр нь гарах гээд явж байтал гүүрний төмөр хаалтан дээр цагаан өнгийн гялгар ууттай юм өлгөөтэй байсан. Юу юм бол гээд аваад үзтэл уутан дотор саарал өнгийн цүнх байсан. Цүнхийг онгойлгоод үзэхэд дотор нь хар өнгийн “Эл Жи” гэсэн бичигтэй гар утас 1 ширхэг, шар өнгийн түрийвчийн хамт байсан. Түрийвчийг онгойлгож үзэхэд дотор нэг ширхэг 20000 төгрөг, 5000 төгрөгийн дэвсгэрт байхаар нь авчихаад түрийвчийг цүнхэн дотор хийгээд тэнд нь хаячихсан. Би тэр мөнгөөр дэлгүүрээс нэг ширхэг “Шонхор” нэртэй тамхи авчихаад цаашаа явж байтал нэг эмэгтэй явж байхаар нь тэр эмэгтэйг пиво уух уу гэхэд тэр эмэгтэй тэгье гэж хэлсэн. Бид хоёр хамт яваад дэлгүүрээс 2 ширхэг лаазтай пиво, нэг 0.33 граммын архи аваад тэр дэлгүүрийн сүүдэрт нь сууж уусан. Бид хоёр явж байгаад засмал замын хойд талд байсан автомашин засдаг засварын газарт ороод нөгөө “Эл жи” гэсэн бичигтэй гар утсыг тэнд байсан эрэгтэй засварчинд үзүүлэхэд тэр залуу “Хэдээр зарах юм” гэхэд би “30.000 төгрөгөөр зарна” гэхэд тэр залуу гар утсыг үзэж байгаад 30.000 төгрөгөөр худалдаж авсан. Бид хоёр тэр газраас гарч дэлгүүрээс архи авч уугаад байж байтал цагдаа нар хүрч ирээд намайг эрүүлжүүлэхэд хийж саатуулсан. Гүүрний төмөр дээр өлгөөтэй байсан зүйлийг үзэхэд дотор нь гар утас, мөнгө байхаар нь аваад бэлэн мөнгөөр нь архи, тамхи аваад утсыг нь 30000 төгрөгөөр зарчихсан. Утсыг унтрааж байгаад симийг нь гудамжинд хаячихсан. Би бусдад учруулсан хохирлыг барагдуулаагүй. Хулгай хийсэндээ их гэмшиж байна. Учруулсан хохирлыг бүрэн барагдуулна.” гэжээ. /хх-31-32/,

Шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгт: “...Би учруулсан хохирол болох 55000 төгрөгийг бүрэн төлсөн, гар утсыг буцаагаад өгсөн.” гэжээ. /хх-33/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1728000000036 дугаартай Прокурорын тогтоол /хх-01/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Мөрдөгчийн санал /хх-02/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-03/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-04-09/,

Гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10/,

Б.М-ын Цагдаагийн газарт баталгаа гаргасан бичвэр /хх-11/,

Б.Д-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол /хх-12/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-13/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол /хх-28/,

Б.М-ын хувийн баталгаа гаргасан баримт /хх-29/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол /хх-30/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №48/1886 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-34/,

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №1/987 тоот албан бичиг /хх-35/,

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан Б.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/,

Шүүгдэгч Б.М-ын регистрийн лавлагаа /хх-37/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-45/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “Б.М-ыг урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх /хх-46/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-47-48/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-49-50/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай Мөрдөгчийн тогтоол /хх-51/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дугаартай яллах дүгнэлт, хавсралт /хх-52-54/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-55/,

Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-26/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №89 тоот “ Өмнөговь аймгийн үнэ ханш судалж зах зээлийн дундаж ханшийг 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар LGK-4 маркийн гар утас 310.400 төгрөгийн үнэтэй болохыг тогтоов.” гэсэн дүгнэлт /хх-27/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ахуйн үйлчилгээний төвийн хажуу талын гүүрэн дээрээс 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Д-ны LGK-4 маркийн 310.400 төгрөгийн үнэ бүхий гар утас 1 ширхэг, 25.000 төгрөгийн хамт нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хууль ёсны байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хохирогч Б.Д нь “...Би гар утас болон учирсан хохирол болох 25000 төгрөгийг шүүгдэгч Б.М-аас бүрэн авсан, ямар нэгэн гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөр, хохиролгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч Б.М гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял болох 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч Б.М хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн түүнийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын гаргасан саналын хүрээнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь

хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овгийн Б.М нь бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9 -д зааснаар шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ