| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2023/03217/И |
| Дугаар | 183/ШШ2024/01696 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2024/01696
|
2024 оны 04 сарын 18 өдөр |
Дугаар 183/ШШ2024/01696 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхон, 406 дугаар байр, 1 давхарт байрлах, 5696119 регистрийн дугаартай, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Сүмбэр тауэр оффис, хойд талын хаалга, 10 давхар, С6 тоот хаягт байрлах, 5427789 регистрийн дугаартай, ******* ХХК-д холбогдох
Бараа нийлүүлэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 97.845.294 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эн си ди групп ХХК, ******* ХХК-ийн хооронд 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр NCD/18/0206 дугаартай бараа нийлүүлэх /хөөсөнцөр хавтан/ гэрээ байгуулсан. Тус гэрээний 2 дугаар зүйл, тусгай нөхцөлийн 3 дугаар зүйл, хавсралтад заасны дагуу хариуцагч 3.577,39 м.куб хөөсөнцөр хавтанг нийлүүлэх, нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу 533.031.110 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан NCD/18/0206 дугаартай гэрээний тусгай нөхцөлийн 4 дүгээр зүйл, хавсралтад заасны дагуу хариуцагч хөөсөнцөр хавтанг 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тусгай нөхцөлийн 21-т заасны дагуу нэхэмжлэгч талын заасан газарт тээвэрлэн актаар хүлээлцэхээр харилцан тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу гэрээний төлбөрт бэлэн мөнгөөр 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 20 удаагийн гүйлгээгээр нийт 144.454.084,50 төгрөг, бартераар талуудын хооронд тохиролцсоны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Эн си ди групп ХХК-ийн хамаарал бүхий компани болох Эх ногоон дэлхий ХХК болон хариуцагчийн нэр заасан этгээд болох Лхамсүрэнгийн Баярсайханд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Гарден сити цогцолбор хотхоны 1103 дугаар байрны 401 тоот, 4 өрөө, 83 м.кв талбай бүхий 225.720.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шилжүүлсэн бөгөөд нийт 370.174.084.50 төгрөгийн бэлэн мөнгө, орон сууц бартераар шилжүүлсэн. Гэвч хариуцагч тал гэрээнд зааснаар 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 533.031.110 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөр хавтан нийлүүлэх үүрэгтэй байсан боловч хавсралтад зааснаар хөөсөнцөр хавтанг гэрээний хугацаа болон нийлүүлэх хэмжээг зөрчиж 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 1.933,16 м.куб буюу 272.328.790 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөр хавтан нийлүүлж 260.702.320 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөр нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй. Эн си ди групп ХХК-иас удаа дараа утсаар болон биечлэн уулзаж гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж хөөсөнцөр хавтанг нийлүүлж дуусгахыг мэдэгдсэн боловч 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш үүргээ гүйцэтгэхээ больж, гэрээний дагуу цаашид үр дүн буюу хариуцагч тал хөөсөнцөр хавтан нийлүүлэхгүй болох нь ойлгомжтой болсон тул нэхэмжлэгч тал хууль, гэрээнд заасны дагуу талуудын хооронд байгуулсан NCD/18/0206 дугаартай гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан байдаг. Нэхэмжлэгч тал гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан тул гэрээний дагуу шилжүүлсэн болон хариуцагч талаас нийлүүлсэн хөөсөнцөр хавтангийн үнийг харилцан тооцоход нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу хариуцагч талд 97.845.294.50 төгрөгийг илүү шилжүүлсэн тул үүнийг буцаан шаардах эрхтэй. Иймд талуудын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр NCD/18/0206 дугаартай бараа нийлүүлэх хөөсөнцөр хавтангийн гэрээний дагуу илүү төлсөн 97.845.294.50 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э. шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Монгол Улсад угсардаг хөөсөнцөр хавтанг үйлдвэрлэгч цорын ганц этгээд болно. Бид нэхэмжлэгч компанитай 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр NCD/18/0206 дугаартай бараа нийлүүлэх /хөөсөнцөр хавтан/ гэрээг байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийн улмаас гэрээний хэрэгжилт удааширсан буюу хойшилж ирсэн байдаг. Ийнхүү биднээс үл хамаарсан хүчин зүйлс буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын талаар бид нэхэмжлэгч байгууллагад тухай бүрт нь зохих ёсоор мэдэгдэж, тэд үүнийг хүлээн авсан байдаг ба манай компанийн зүгээс үүссэн асуудлыг шийдвэрлэхээр хичээж, удаа дараа нэхэмжлэгч талтай уулзаж ярилцаж байсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 97.845.294,50 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч компани бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нэхэмжлэгч Эн си ди групп ХХК-тай багагүй хугацааны турш хамтран ажиллаж ирсэн буюу нэхэмжлэгч нь манай компанийн томоохон, хүндтэй харилцагчдын нэг юм. Тиймээс манай компани Эн си ди групп ХХК-тай өнөөдрийг хүртэлх хугацаанд тогтоосон бизнесийн харилцаагаа цаашид хадгалан авч үлдэх хүсэлтэй байгаа бөгөөд нэхэмжлэгчтэй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, уг иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусгаж чадна гэдэгт найдаж байна гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, ******* ХХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 01/16б дугаар үнийн санал хүргүүлэх тухай Номин констракшн девелопмент групп ХХК-д хүргүүлсэн албан бичиг, хавсралт, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн N00/18/0206 дугаар хөөсөнцор хавтан нийлүүлэх гэрээ, гэрээний хавсралтууд, Эн си ди групп ХХК-ийн дүрэм, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн GC1301103401/1 дугаар орон сууц худалдах худалдан авах гэрээ, Эх ногоон дэлхий ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, орон сууцны зураг төсөл, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ GS213010401 тоот гэрээг цуцалж, дуусгавар болгосон акт, Бат Амар Болор ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Эм эн ти Прожект ХХК-иас Номин констракшн девеломент групп ХХК-д хүргүүлсэн 01/12 дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, Эн си ди групп ХХК-ийн ирсэн бичгийн бүртгэл хяналтын картын хуулбар, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ******* ХХК-иас Номин констракшн девеломент групп ХХК-д хүргүүлсэн 01/15 дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2023 оны 6 дугаар сарын 05-ны хоорондох өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн төлбөрийн даалгавар, 5.587.500 төгрөгийн нэхэмжлэх, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн төлбөрийн даалгавар, 6.229.690 төгрөгийн нэхэмжлэх, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн төлбөрийн даалгавар, 16.062.200 төгрөгийн нэхэмжлэх, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн төлбөрийн даалгавар, 821.958 төгрөгийн нэхэмжлэх, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн төлбөрийн даалгавар, 49.170.000 төгрөгийн нэхэмжлэх, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрийн даалгавар, 49.170.000 төгрөгийн нэхэмжлэх, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрийн даалгавар, 2.447.846 төгрөгийн нэхэмжлэх, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн төлбөрийн даалгавар, 3.823.787 төгрөгийн нэхэмжлэх, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн төлбөрийн даалгавар, 4.929.292 төгрөгийн нэхэмжлэх, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн төлбөрийн даалгавар, 6.554.361 төгрөгийн нэхэмжлэх, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн төлбөрийн даалгавар, 5.461.967 төгрөгийн нэхэмжлэх, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн даалгавар, 4.320.404 төгрөгийн нэхэмжлэх, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрийн даалгавар, 3.240.303 төгрөгийн нэхэмжлэх, 3.202.606 төгрөгийн нэхэмжлэх, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн даалгавар, 2.887.098,5 төгрөгийн нэхэмжлэх, 1.333.326,5 төгрөгийн нэхэмжлэх, 1.911.893,5 төгрөгийн нэхэмжлэх, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн төлбөрийн даалгавар, 9.342.300 төгрөгийн нэхэмжлэх, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн төлбөрийн даалгавар, 3.532.045 төгрөгийн нэхэмжлэх, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэх, 6.965.750 төгрөгийн нэхэмжлэх, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн төлбөрийн даалгавар, 1.229.250 төгрөгийн нэхэмжлэх, 2019 он 11 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөрийн даалгавар, 1.080.101 төгрөгийн төлбөрийн даалгавар, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн төлбөрийн даалгавар, 3.240.303 төгрөгийн нэхэмжлэх, Эм Эн Ти Прожект ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 24, 2020 оны 8 дугаар сарын 29, 2020 оны 9 дүгээр сарын 15, 2020 оны 9 дүгээр сарын 23, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрүүдийн зарлагын баримтуудыг,
Хариуцагчаас хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/08475 дугаар захирамжаар Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Хур мэдээлэл солилцооны системээс хариуцагч ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа ирснийг хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Эн си ди групп ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох бараа нийлүүлэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 97.845.294 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Эн си ди групп ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Эн си ди групп ХХК, ******* ХХК-ийн хооронд 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр NCD/18/0206 дугаар бараа нийлүүлэх /хөөсөнцөр хавтан/ гэрээ байгуулж гэрээний 2 дугаар зүйл, тусгай нөхцөлийн 3 дугаар зүйл, хавсралтад заасны дагуу хариуцагч 3.577,39 м.куб хөөсөнцөр хавтанг нийлүүлэх, нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу 533.031.110 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч тал гэрээнд зааснаар 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 533.031.110 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөр хавтан нийлүүлэх үүрэгтэй байсан боловч хавсралтад зааснаар гэрээний хугацаа болон нийлүүлэх хэмжээг зөрчиж 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 1.933,16 м.куб буюу 272.328.790 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөр хавтан нийлүүлж, 260.702.320 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөр нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй. Эн Си ди групп ХХК-иас удаа дараа утсаар болон биечлэн уулзаж гэрээгээр хөөсөнцөр хавтанг нийлүүлж дуусгахыг мэдэгдсэн боловч 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш үүргээ гүйцэтгэхээ больсон. Иймд нэхэмжлэгч тал хууль, гэрээнд заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээг нэг талын санаачилгаар цуцалж гэрээний дагуу хариуцагчид 97.845.294.50 төгрөгийг илүү шилжүүлсэн тул үүнийг буцаан шаардах эрхтэй тул 97.845.294.50 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулна гэж тайлбарласан.
3. Хариуцагчийн төлөөлөгч Э.Батбилэг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлдээ нэхэмжлэгч компанитай 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр NCD/18/0206 дугаартай бараа нийлүүлэх /хөөсөнцөр хавтан/ гэрээг байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийн улмаас гэрээний хэрэгжилт удааширсан буюу хойшилж ирсэн байдаг. Ийнхүү биднээс үл хамаарсан хүчин зүйлс буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын талаар бид нэхэмжлэгч байгууллагад тухай бүрт нь зохих ёсоор мэдэгдэж, тэд үүнийг хүлээн авсан байдаг ба манай компанийн зүгээс үүссэн асуудлыг шийдвэрлэхээр хичээж, удаа дараа нэхэмжлэгч талтай уулзаж ярилцаж байсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 97.845.294,50 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч компани бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.
4.Зохигчдын тайлбар мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Эн си ди групп ХХК 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ******* ХХК-тай N00/18/0206 тоот бараа нийлүүлэх /хөөсөнцөр хавтан/ гэрээг бичгээр байгуулж, гэрээний 2 дугаар зүйл, тусгай нөхцөлийн 3 дугаар зүйл, хавсралтад заасны дагуу хариуцагч ******* ХХК 3.577,39 м.куб хөөсөнцөр хавтанг нийлүүлэх, нэхэмжлэгч Эн си ди групп ХХК гэрээнд заасны дагуу 533.031.110 төгрөгийг төлөх, талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 4 дүгээр зүйл, хавсралтад заасны дагуу хөөсөнцөр хавтанг 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тусгай нөхцөлийн 21-т заасны дагуу нэхэмжлэгч талын заасан газарт тээвэрлэн актаар хүлээлцэх үүргийг тус тус хүлээжээ.
6. Нэхэмжлэгч тал гэрээнд зааснаар гэрээний төлбөрт бэлэн мөнгөөр 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 20 удаагийн гүйлгээгээр нийт 144.454.084,50 төгрөг, талуудын хооронд тохиролцсоны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Эн си ди групп ХХК-ийн хамаарал бүхий компани болох Эх ногоон дэлхий ХХК болон хариуцагчийн нэр заасан этгээд болох Лхамсүрэнгийн Баярсайханд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Гарден сити цогцолбор хотхоны 1103 дугаар байрны 401 тоот, 4 өрөө, 83 м.кв талбай бүхий 225.720.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг бартераар шилжүүлж, нийт 370.174.084.50 төгрөгийн бэлэн мөнгө, бартерын орон сууц шилжүүлсэн нь хавтаст хэргийн 15-77 дугаар талд авагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ болон талууд хоорондын албан бичиг, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
7. Хариуцагч Эн ти прожект ХХК гэрээнд зааснаар 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 533.031.110 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөр хавтан нийлүүлэх үүрэгтэй боловч 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 1.933,16 м.куб буюу 272.328.790 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөр хавтан нийлүүлж, 260.702.320 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөр нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй болох нь хавтаст хэргийн 78-82 дугаар талд авагдсан зарлагын баримт болон нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд өгсөн хариу тайлбарт нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй зэргээс тогтоогдож байна.
8. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба хариуцагч ******* ХХК гэрээнд заасны дагуу 533.031.110 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөр хавтан нийлүүлэх үүрэгтэйгээс 1.933.16 м.куб буюу 272.328.790 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөр хавтан нийлүүлж, 260.702.320 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөр нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй нь болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
9. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан ба хариуцагч ******* ХХК Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байна.
10. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т ...Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй... гэж, 225.2-т ...Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ... гэж заажээ.
11. Нэхэмжлэгч Эн си ди групп ХХК хариуцагч ******* ХХК-д гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар болон биечлэн уулзаж мэдэгдсэн боловч 2020 оны 9 дүгээр сарын 20-ноос хойш үүргээ гүйцэтгэхээ больсон гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзэж нэхэмжлэгч нэг талын санаачлагаар гэрээг цуцалсныг буруутгах үндэслэлгүй,
12.Иймд нэхэмжлэгч Эн си ди ХХК нийлүүлээгүй барааны төлбөрт шилжүүлсэн 97.845.294,50 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байх тул хариуцагч ******* ХХК-иас 97.845.294,50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
13.******* ХХК-д холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 13.30 цагт товлон зарлаж, хариуцагч компанид нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Сүмбэр тауэр оффис, 10 дугаар давхар, С6 тоот хаягаар шүүх хуралдааны мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тус хаягт аялал жуучлалын компани байсан талаар бичиг хүргэгч тэмдэглэл үйлдсэн байх тул түүнийг тодруулахаар шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10.00 цагт товлон хойшлуулж, шүүх хуралдааны товыг хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан дээрх хаягаар хүргүүлэхэд тус хаягаар дахин очиход энэ хаягт ийм компани байхгүй, сургалтын төв ороод нэг жил болж байна гэх хариуг өгсөн, хороо ороход Сүмбэр тауэр оффист ямар компани байдаг талаарх бүртгэл байхгүй тул тодорхойлолт өгөх боломжгүй гэсэн талаар бичиг хүргэгч тэмдэглэл үйлдсэн, мөн хариуцагч ******* ХХК Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гурван гал оффис төвийн 6 давхар, 608 тоот хаягтай бланк дээр хариу тайлбараа ирүүлсэн байсан тул тус хаягаар мэдэгдэх хуудас явуулах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг дахин хойшлуулж, 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 14.00 цагт товлон зарласан.
14.Шүүхээс 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 14.00 цагт товлон зарласан шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гурвал Гал оффис төв, 6 давхар, 608 тоот хаягаар хүргүүлэхэд хаягаар очиход байхгүй гэсэн бичиг хүргэгчийн тэмдэглэлтэйгээр тухайн хаягт үйл ажиллагаа явуулдаггүй талаарх хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн ба хариуцагчийн төлөөлөгч Э.Батбилэгийн 99092854 дугаарын утсанд залгахад тийм хүн байхгүй гэх хариуг өгсөн байна.
15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг тухайн компанийн үйл ажиллагаа явуулж байсан гэх хаягаар хүргүүлэхэд дээрх хаягуудад үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тогтоогдож байх тул шүүх хуралдааны товыг хүргүүлсэнд тооцох нь зүйтэй.
16.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* Эм эн жи Прожект ХХК тодорхой хаяг байхгүй, энд тэнд оффис түрээслээд гараад явчихдаг, хаягаа өөрчилсөн бол шүүхэд мэдэгдэх үүрэгтэй, түүнчлэн шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээдэг боловч энэ үүргээ хариуцагчийн төлөөлөгч Э.Батбилэг биелүүлээгүй, иймд хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргаж байх тул хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Эм эн ти прожекст ХХК-иас 97.845.294,50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эн си ди групп ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647.180 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 647.180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эн си ди групп ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН