Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 0328

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Хохирогч П.Уртнасан

Шүүгдэгч Э.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 1725000000130 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх  Э.Э

 

Шүүгдэгч Э.Эрдэнэбат нь 2017 оны 10 сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 12-08 тоотод хамтран амьдрагч П.Уртнасанг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Э.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Нүүрэн тус газар нь цохисон нь үнэн. Нүүр рүү нь алгадсан. Энд тэндээс нь чангаасан. Энэ үед хөхөрсөн байж магадгүй. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Гэхдээ хохирогчийн хувьд зарим зүйлийг нэмж ярьж байна. Миний хувьд хийсэн хэргээ ойлгож байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч П.Уртнасангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 10 сарын 01-ний өдөр Эрдэнэбат гэрээсээ явахдаа их ууртай гарсан. Би дүүгийндээ байж байгаад 9 өнгөрч байхад гарсан. Замдаа манай найз ганц юм авсан. Энэ үед Эрдэнэбат залгаад хаашаа хэнтэй яваа юм бэ гээд уурласан. Гэртээ ирсэн хойно удалгүй Эрдэнэбат ирсэн. Гэрт ирээд хэрүүл өдөөд байсан. Удалгүй найз хүүхэн ч яваад өгсөн. Тэгээд унтаж амарсан. Өглөө нь босоод хэрүүл хийгээд намайг нилээн олон удаа алгадаж унагаагаад, 2 шуунаас нь сэгсчээд байсан. Би яаж амьд гарах вэ л гэж бодож байсан. Одоо гомдол санал алга. Бид тусдаа амьдарч байгаа. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг хүсч байна. Нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч П.Удвалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 10 сарын 02-ны орой манай гэрт төрсөн дүү болох Уртнасан нь ирээд нөхөр Эрдэнэбатад зодууллаа гэж хэлсэн юм. Тэгээд би дүүгийнхээ хамт Эрдэнэбатын гэрт очиж дүүгийнхээ хувцас хунарыг авсан юм. Би Эрдэнэбатаас чи яагаад манай дүүд гар хүрч зодож байгаа юм бэ гэсэн чинь наадах чинь өөрөө архи уучихаад шөнөжингөө агсан тавьсан, гэрийнхээ эд зүйлийг эвдээд агсараад байхаар нь би болиулсан гэж хэлж байсан юм. Уртнасангаас асуухаар Эрдэнэбат нь намайг согтуу орж ирээд зодсон гэж хэлдэг. Ер нь бол Эрдэнэбат нь миний дүүг зодож хохирол учруулсан. Эрдэнэбатын биед хохирол учраагүй ээ. Миний дүү Уртнасан нь урьд өмнө нэг хүнтэй сууж байгаад салсан юм. Эрдэнэбат гэх залуутай нэг жилийн өмнө танилцаад хамтран амьдарч байгаа юм. Урьд өмнө гар хүрч зодож байгаагүй, уул нь Эрдэнэбат, Уртнасан нар нь хоорондоо эв зүйтэй л байдаг юм. Тухайн үед яагаад хэрүүл маргаан, улмаар нэгнийгээ зодох болсоныг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 854 дугаартай дүгнэлтэнд:

1. П.Уртнасангийн биед эрүү, цээж, баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн тохой, баруун, зүүн өвдгөнд цус хуралт үүсчээ.

2. Дээрхи гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлхгүй.

5. Бүгд шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 17 ху/,

 

-Э.Эрдэнэбатыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1-4 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 10 сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 12-08 тоотод хамтран амьдрагч П.Уртнасанг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч П.Уртнасангийн “...Өглөө нь босоод хэрүүл хийгээд намайг нилээн олон удаа алгадаж унагаагаад, 2 шуунаас нь сэгсчээд байсан. Би яаж амьд гарах вэ л гэж бодож байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч П.Удвалын мэдүүлэг, хохирогчийн биед эрүү, цээж, баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн тохой, баруун, зүүн өвдгөнд цус хуралт үүссэнийг тогтоосон 854 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Э.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Э.Э-тад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нар нь уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА