Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Б.Гончигсумлаа |
Хэргийн индекс | 183/2023/00622/И |
Дугаар | 183/ШШ2024/01325 |
Огноо | 2024-03-25 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2024/01325
2024 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 183/ШШ2024/01325 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Д ХЗХ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.С /
Хариуцагч Б.Ө-д холбогдох
22,309,280 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.
1.Нэхэмжлэгч Б.Д ХЗХ нь хариуцагч Ө.С, Б.Ө нарт холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Д ХЗХ нь анх 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоо 144 гишүүнтэйгээр Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн дагуу өөрийн гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлж байна. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 2.1-д Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13.4-д Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ гээд мөн хуулийн 17.8-д Хадгаламж, зээлийн хоршоо нь зээлийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу байгуулах ба уг зээлийн гэрээнд Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцохоор зааж болно. Хоршооноос олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заажээ. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд цаашид зээлдүүлэгч гэх нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гээд мөн хуулийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ. Манайд барьцаа болгон 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан №.. зээлийн болон барьцааны гэрээ байгуулан ...м.кв га талбайтай эзэмшлийн газар болон Б.Д ХЗХ ний нэр дээр улсын дугаар ... автомашиныг барьцаанд тавиад одоо хүртэл Ө.С нь унаж хэрэглэж байгаа болно. Ө.С нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 9,700,000 төгрөгийг зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлсэн болно. Зээлээ 414 хоног хэтрүүлж гэрээний хугацааг дуусгасан төлөхгүй удаа дараа хэлж сануулсан боловч төлөөгүй. Иймд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлдэгчид үндсэн зээл 9,700,000 төгрөг зээлсэн, төлөгдөөгүй хоног 414, зээлийн хүү 5,643,387 нэмэгдүүлсэн хүү 475,947 нийт 15,819,333 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгч Б.Д ХЗХ нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Б.Д ХЗХ нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус анхан шатны шүүхэд хариуцагч Ө.С, Б.Ө нараас 15,819,333 төгрөгийг нэхэмжилсэн дүнг нэмэгдүүлэн тооцон нийт 17,216,133 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байгаа болно. Иймд зөрүү 1,396,800 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн баримт болон зээлийн тооцооллыг хавсаргасан болно. гэжээ.
3.Нэхэмжлэгч Б.Д ХЗХ нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагадаа: Ө.С нь 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан №.. дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Зээлээ төлөхгүй үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 1 сарын 16-ны өдөр шүүхэд хандсан. 2023 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 784 хоног хэтэрсэн. зээлийн хүү 9,807,920 төгрөг нэмэгдүүлсэн хүү 1,339,893 төгрөг, нийт 20,847,813 төгрөг болж зөрүү 3,631,680 төгрөгөөр дахин нэмэгдсэнийг нэхэмжилж байгаа болно. гэж заажээ.
4.Нэхэмжлэгч Б.Д ХЗХ нь 2024 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагадаа: Ө.С нь 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан №.. дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Зээлээ төлөхгүй үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 5 дугаар сарын 3-ныг хүртэл дахин хурал хойшлогдож байх хугацаанд 17,216,133 болсон тул зөрүү 1,396,800 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилсэн. Дахин 2023 оны 12 дүгээр сарын 05 ныг хүртэл 784 хоног хэтэрсэн тул нийт төлөх дүн 20,847,813 төгрөг болж зөрүү 3,631,680 төгрөгөөр дахин нэмэгдсэнийг нэхэмжилсэн. Одоогоор 2024 оны 3 дугаар сарын 5-ныг хүртэл 875 хоног хэтэрсэн зээлийн хүү 10,984,853 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,624,427 төгрөг нийт 22,309,280 төгрөг болж зөрүү 1,461,467 төгрөгөөр дахин нэмэгдсэнийг нэхэмжилж байна. Манайд барьцаа болгон 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан № .. р зээл болон барьцааны гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Амины хашаа ногоон чулуу /8-35 тоот Д:000473137, 332 мкв га талбайтай эзэмшлийн газар болон Б.Д ХЗХ ний нэр дээр Улсын дугаар .., арлын дугаар ... автомашиныг барьцаанд тавин Ө.С нь унаж хэрэглэж байгаа. Гэтэл одоогийн байдлаар Улсын дугаар .. машин авто тээврийн үндэсний төвийн бүртгэлд байхгүй байна. Харин ... дугаартай машин гарч ирж байгааг шийдвэрлүүлж өгнө үү. Иймд Ө.С нь 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 9.700.000 төгрөгийг зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлсэн болно. Зээлээ 875 хоног хэтрүүлж гэрээний хугацааг дуусгасан төлөхгүй. Шүүхэд хандаад удаа дараа хурал хойшлуулж байгаа 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар зээлдэгчид үндсэн зээл 9,700,000 төгрөг дээр, төлөгдөөгүй хоног 875 хоног, 10,984,853 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,624,427 төгрөг нийт 22,309,280 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
5.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө.С би тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Б.Д ХЗХ-ны нэхэмжлэлтэй Ө.С болон Б.Өд холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.Өы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Б.Д ХЗХ болон Ө.С нарын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан №.. дугаартай зээлийн гэрээ нь хууль зөрчсөн хууль бус гэрээ болно. Учир нь хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 гишүүн бус этгээд зээл олгох, мөнгөн хадгаламж татахыг хориглосон байдаг. Гэтэл Б.Д ХЗХ нь Ө.Сг хоршооны гишүүнээр бүртгээгүй байж 2021 оны 10 дугаар сарын 11-ний гэрээ байгуулан зээл олгосон байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс үзэхэд Ө.Сг бүр сүүлд буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нотариат өдөр хоршооны гишүүнээр нөхөж бүртгүүлсэн байна. Тодруулбал хоршооны гишүүн биш байхад зээлийн гэрээ байгуулж зээл олгосон байна. Тус хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус зээлийн гэрээг үндэслэж 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр №.. дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
6.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө.С би тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Б.Д ХЗХ-ны нэхэмжлэлтэй, Ө.С болон Б.Өд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Б.Д ХЗХ-ны 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 0/25 дугаар Нэхэмжлэлийн дүн нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна. Б.Д ХЗХ болон Ө.С, Б.Ө нарын 2021 оны 10-р сарын 11- ний өдөр байгуулсан №.. дугаартай Зээлийн гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ болно. Учир нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т 18.1.2.гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татахыг хориглосон байдаг. Гэтэл Б.Д ХЗХ нь Ө.С, Б.Ө нарыг хоршооны гишүүнээр бүртгүүлээгүй байж 2021 оны 10-р сарын 11-ний өдөр гэрээ байгуулан зээл олгосон байна. Мөн Б.Өыг ямар ч гишүүнээр элсэх хүсэлт гаргаагүй, гишүүнчлэлийн хураамжийг төлөөлгүй байхад зээл олгосон. Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс үзэхэд Ө.Сг бүр сүүлд буюу 2022 оны 11 сарын 25-ны өдөр хоршооны гишүүнээр нөхөж бүртгүүлсэн байна. Энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргах болоход нөхөж бүртгүүлсэн гэж үзэхээр байна. Тус хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус зээлийн гэрээг үндэслэж 2021 оны 10-р сарын 11- ний өдөр №.. дугаартай Барьцааны гэрээ байгуулсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн зээлийн гэрээг 2021 оны 10 сарын 11-ээс 12 сарын хугацаатай буюу 2022 оны 11 сарын 11-н хүртэл байгуулсан атлаа 12 сараас илүү хугацаагаар хүү нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүхэд зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 15,819,333 төгрөгийг нэхэмжилсэн 2023 оны 02 сарын 18-ны өдөр хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж тооцох боломжгүй зогсох ёстой. Гэтэл үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж 22,309,280 төгрөг нэхэмжилж байна. Нөгөөтээгүүр өмнөх зээлийг хаах зорилгоор зээл олгосон, зээлийн хүү жигнэсэн дундаж хүүгээс өндөр буюу сарын 4 хувийн хүүтэй байгаа нь хоршооны үйл ажиллагааны зорилго хийгээд Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
7.Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ө.С миний Б.Д ХЗХ-тай 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан №.. дугаартай Зээлийн гэрээ нь хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ болно. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно. , 18 дугаар зүйлийн 18.1.-Д Хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд дор дурдсан зүйлийг хориглоно гээд 18.1,2.-д гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах гэж заасан. Мөн Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 20 дугаар зүйлд гишүүний бүртгэлийн талаар хуульчилсан байх бөгөөд 20.1,-д Тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүдийн бүртгэлийг хөтөлж, хадгалах ба түүний үнэн зөвийг хариуцаж, гарсан өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд Хороонд мэдэгдэнэ. гэж заасан байхад гишүүний бүртгэлд хэзээ бүртгэсэн мөн Санхүүгийн зохицуулах хороонд хэзээ мэдэгдсэн талаарх баримт байхгүй байна. Гэтэл Ө.С намайг хуульд заасны дагуу Б.Д ХЗХ-ны гишүүнээр элсүүлээгүй байж гэрээ байгуулан зээл олгосон байна. Тодруулбал 2021 оны 10-р сарын 11- ний өдөр хоршооны гишүүн биш байсан. Харин хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээс харахад 2022 оны 11 сарын 25-ны өдөр гишүүнээр элсүүлсэн байна. Миний хувьд үзэхдээ зээлийн төлбөрөө шүүхээр нэхэмжлэх болохоор гишүүнээр нөхөж бүртгүүлсэн гэж үзэж байна. Хоршооны гишүүнээр хуульд заасан журмын дагуу иргэдийг элсүүлэх бөгөөд гишүүнээр элсэгч нь хоршоонд заавал хувь хөрөнгө оруулах, гишүүний хураамж төлөх, үйл ажиллагаанд оролцох, ашиг авах, алдагдлыг хариуцах зэрэг эрх, үүрэгтэй байхаар хуульд заасан. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; 56.1.9-д "хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл" хүчин төгөлдөр бус олохыг заасан тул Б.Д ХЗХ болон Ө.С нарын 2021 оны 10- сарын 11- ний өдөр байгуулсан №.. дугаартай Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болно. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл. гэж заасан. Тиймээс зээлийн гэрээг үндэслэн байгуулсан Б.Д ХЗХ болон Ө.С нарын 2021 оны 10-р сарын 11-ний өдөр №.. дугаартай Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус гэрээний үр дагавар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 -д зааснаар харилцан өгсөн авсан зүйлээ буцаан өгөх л үүргийг үүсгэдэг бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх боломжгүй байдаг. Тиймээс Б.Д ХЗХ-оос авсан 9,700,000 төгрөгөөс миний төлсөн 800,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 8,900,000 төгрөгийг буцааж өгөхөд асуудалгүй болно. Иймд Б.Д ХЗХ болон Ө.С нарын 2021 оны 10-р сарын 11- ний өдөр байгуулсан №.. дугаартай Зээлийн гэрээ, Б.Д ХЗХ болон Ө.С нарын 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан 2021 оны 10-р сарын 11-ний өдөр №.. дугаартай Барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоохоор шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
8.Хариуцагч 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Ө миний Б.Д ХЗХ-тай 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан №.. дугаартай Зээлийн гэрээ нь хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ болно. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно., 18 дугаар зүйлийн 18.1.-д Хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд дор дурдсан зүйлийг хориглоно гээд 18.1.2.-д гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах гэж заасан. Мөн хуулийн 20 дугаар зүйлд гишүүний бүртгэлийн талаар хуульчилсан байх бөгөөд 20.1-д тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүдийн бүртгэлийг хөтөлж, хадгалах ба түүний үнэн зөвийг хариуцаж, гарсан өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд Хороонд мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл Б.Ө миний зүгээс Б.Д ХЗХ-ны гишүүнээр элсэх хүсэлт огт гаргаж байгаагүй бөгөөд гишүүний хураамжийг төлж байгаагүй болно. Тийм байтал Б.Д ХЗХ-ны гишүүнээр элсүүлээгүй байж зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан байна. Миний хувьд үзэхдээ зээлийн төлбөрөө шүүхээр нэхэмжлэх болохоор гишүүнээр хуурамчаар хууль зөрчин бүртгүүлсэн гэж үзэж байна. Хоршооны гишүүнээр хуульд заасан журмын дагуу иргэдийг элсүүлэх бөгөөд гишүүнээр элсэгч нь хоршоонд заавал хувь хөрөнгө оруулах, гишүүний хураамж төлөх, үйл ажиллагаанд оролцох, ашиг авах, алдагдлыг хариуцах зэрэг эрх, үүрэгтэй байхаар хуульд Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг заасан тул Б.Д ХЗХ болон Ө.С, Б.Ө нарын 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан №.. дугаартай Зээлийн гэрээний Б.Өд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус болно. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж заасан. Тиймээс зээлийн гэрээг үндэслэн байгуулсан Б.Д ХЗХ болон Ө.С, Б.Ө нарын 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан №.. дугаартай Барьцааны гэрээний Б.Өд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус барьцааны гэрээний үр дагавар нь барьцааг чөлөөлөх үр дагавартай. Иймд Б.Д ХЗХ болон Ө.С, Б.Ө нарын 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан №.. дугаартай Зээлийн гэрээ, Б.Д ХЗХ болон Ө.С, Б.Ө нарын 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан №.. дугаартай Барьцааны гэрээний Б.Өд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу .... талбай бүхий газар эзэмших эрхийн барьцааг чөлөөлөхөөр шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
9.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Ө нь сөрөг шаардлагадаа Б.Д ХЗХ нь надад Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийг зөрчиж зээл олгосон нь Иргэний хуулийн 56-р зүйлийг зөрчсөн тул бидний хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ. Энэхүү сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь манай хадгаламж зээлийн хоршоо нь өөрийн гишүүн Ө.Сгийн зээл хүссэн өргөдөл хүсэлтийн дагуу зээл олгохдоо зээлийн бодлогын баримтлах зарчимд тусгасан хамтран зээлдэгч нь гишүүн бус байж болохоор заасан байдаг тул барьцаа болон зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Б.Өтай гэрээ байгуулсан болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
10.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 9,700,000 төгрөг зээлж авсан. Зээлийн хүү 03 дугаар сарын 16-ны байдлаар 13,140,053 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,..5,280 төгрөг болсон үүнээс 800,000 төлсөн. 03 дугаар сарын 16-ны байдлаар нийтдээ 2 жил 5 сарын хугацаатай 22,415,333 төгрөгийн хохирол учруулсан байгаа учраас үүнийг нэхэмжилж үүргийн гүйцэтгэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй дэмжиж байна. гэжээ.
11.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бол үндэслэлтэй учир нь хадгаламж зээлийн хоршооны тухай хуулиар гишүүнээр элсэх хүсэлтийг тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу Ө.Сг өөрийн хүсэлтийг Б.Д ХЗХ-д элсэх хүсэлтийг хэргийн материал шинжлэн судлахад хэлж шинжлэн судлуулсан. 2018 оны 03 дугаар сарын 18-нд хүсэлтэй өгсөн хурлын тэргүүлэгчийн тогтоол гарсан энэ хүнийг гишүүнээр элсүүлсэн. Тэр хүн хувь хөрөнгөө оруулж 100,000 төгрөг тушаасан баримт нь хэрэгт авагдсан. Ө.С нь Б.Д ХЗХ-ны гишүүн болох нь тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнээр батлагдаж байгаа хариуцагч санхүүгийн зохицуулах хороонд Ө.Сг 2022 онд бүртгүүлсэн байна өмнө нь бүртгүүлээгүй учраас гишүүн биш гэсэн зүйл яриад байгаа энэ нь үндэслэлгүй юм. Хадгаламж зээлийн хоршооны 20 дугаар зүйлийн 20.2 дах хэсэгт Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан бол гишүүний эрх нь хадгаламж, зээлийн хоршоонд оруулах хувь хөрөнгийн доод хэмжээг бүрэн оруулснаар үүсэж болох ба энэ тохиолдолд тухайн гишүүн дүрмээр тогтоосон хугацаанд хувь хөрөнгийг бүрэн оруулна гэж заасан байдаг. Заавал санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх албагүй гэдгийг санхүүгийн зохицуулах тайлбараа өгөөд байгаа хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд хадгаламж зээлийн хоршоог тайлангаа гаргахдаа хүмүүсийн өөрчлөлт, нэмсэн, хасагдсан талаар тусгана гэсэн болохоос биш энэ хүмүүсийг гүтгэнэ зохицуулалт байхгүй байхад хариуцагч үндэслэлгүй санхүүгийн хороонд Ө.Сг бүртгэлтэй биш гишүүн биш хүнд зээл өгсөн гэдэг тайлбар хийгээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд тодорхой заагаад өгсөн. Санхүүгийн зохицуулах хороонд зөвшөөрч зээл олгох зөвшөөрлийн бидэнд өгсөн. Хадгаламж зээлийн хоршооны дүрмийн 5.4 дээр гишүүнээр элсэх хүсэлтийг тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ. Мөн хариуцагчийн зүгээс Б.Өыг хамтран зээлдэгчээр оролцсон энэ гишүүн бус гэж яриад байгаа гэтэл хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дах хэсэгт хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол гишүүддээ олгох зээл нь барьцаа, батлан даалт зэрэг хуулиар хориглоогүй үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар хангагдсан байна гэж гэсэн байдаг. Энэ нь эрсдэлээс хамгаалахын тулд батлан даалт, барьцаа хөрөнгө, бусад хуулиар хориглоогүй бүхий л арга хэмжээг авна. Банк ч гэсэн өнөөдөр цалин олгохдоо хамтран зээлдэгч гээд байгууллагад ажилладаггүй хүнийг хамтран зээлдэгчээр оруулж ирдэг. Энэ нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг эрсдэлээс хамгаалах хуулиар хориглоогүй бүхий арга хэмжээг авч байгаа арга хэмжээ ийм үндэслэлгүй зүйлээр зээл олгосон нь буруу гэдэг зүйл нь учир дутагдалтай байна. Зээлийн гэрээ нь бүрэн дүүрэн гэрээний стандартыг хүлээн зөвшөөрсөн гурвуулаа хүсэлт зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тэгэхээр энэ гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8 дах хэсэгт Хадгаламж, зээлийн хоршоо нь зээлийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу байгуулах ба уг зээлийн гэрээнд Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцохоор зааж болно. Хоршооноос олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэсэн байдаг тэгэхээр энэ гэрээ хүчин төгөлдөр гэрээ тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
12.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь Ө.С, Б.Ө нарын Б.Д ХЗХ-той байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Энэ нь хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Ө.С, Б.Ө нар нь тухайн үед хадгаламж зээлийн хоршооны гишүүн биш этгээд байсан. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд зааснаар гишүүн этгээдэд зээл олгохоор заасан байдаг хууль зөрчсөн хэлцэл хийгдсэн учраас барьцааны гэрээ болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн гэрээнд нэмэгдүүлсэн шаардлагаа тавьсан нэхэмжлэлийг нэмэгдүүлэх нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш боломжгүй учир нь энэ хугацаанд хэн аль нь буруутай үйл ажиллаагаар шүүхийн процессын хууль гэж гаргаж байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх боломжгүй байна. Тийм учраас анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхтэй. Гэтэл үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 22,309,280 төгрөг нэхэмжилж байна. Нөгөөтэйгөөр нэхэмжлэлийн дүнг дурдаад байгаа энэхүү мөнгөн дүн 9,700,000 төгрөг анх зээл хаах зорилгоор олгосон зээл байдаг энэ нь журам, дүрэм, зарчимдаа нийцэхгүй сарын хүү 4 хувийн хүүтэй байгаа нь зээлийн үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй тийм учраас хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх зээлсэн 9,700,000 төгрөгөөс 800,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 8,900,000 төгрөгийг буцаахад хүлээн зөвшөөрч байгаа болно. гэжээ.
13.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн .. дугаар зээлийн гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн .. дугаар барьцааны гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, зээлийн хуваарь, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гишүүний анкет дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн тооцоолол, Б.Д ХЗХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол, Б.Д ХЗХ-ны дүрэм, Б.Д ХЗХ-ны 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаар тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол, Б.Д ХЗХ-ны 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0/3 дугаар тэргүүлэгчдийн хурлын тогтоол, Б.Д ХЗХ-ны зорилго зэргийг ирүүлжээ.
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, депозит дансны хуулга зэргийг ирүүлжээ.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр Б.Д хадгаламж зээлийн хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн .. дугаар албан бичиг, түүний хавсралт болох хувь нийлүүлсэн хөрөнгийн бүртгэлийг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д ХЗХ нь хариуцагч Ө.С, Б.Ө нарт холбогдуулан 22,309,280 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ө.С нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 9,700,000 төгрөгийг зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлсэн болно. Зээлээ 414 хоног хэтрүүлж гэрээний хугацааг дуусгасан төлөхгүй удаа дараа хэлж сануулсан боловч төлөөгүй. Иймд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлдэгчид үндсэн зээл 9,700,000 төгрөг зээлсэн, төлөгдөөгүй хоног 414, зээлийн хүү 5,643,387 нэмэгдүүлсэн хүү 475,947 нийт 15,819,333 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг няцаасан. Үүнд: Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-д гишүүн бус этгээд зээл олгохыг хориглосон байхад Б.Д ХЗХ нь Ө.Сг хоршооны гишүүнээр бүртгээгүй байж 2021 оны 10 дугаар сарын 11-ний гэрээ байгуулан зээл олгосон байна. Ө.Сг хожим улсын бүртгэлд нэмж бүртгүүлсэн. Иймд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус юм. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр зээлийн зогсох ёстой байтал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 20,847,813 төгрөг нэмж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгох байтал хоршооны гишүүн биш Б.Өд зээл олгосон нь хууль журмыг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус бусад тооцож өгнө үү. Хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн хийсэн барьцааны гэрээг мөн адил хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу .... талбай бүхий газар эзэмших эрхийн барьцааг чөлөөлж өгнө үү. гэж тодорхойлсон.
5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг Хадгаламж зээлийн хоршоо нь өөрийн гишүүн Ө.Сгийн хүсэлтийн дагуу зээл олгосон. Хоршооны зээлийн бодлогын баримтлах зарчимд хамтран зээлдэгч нь гишүүн бус хүн байж болохоор заасан тул барьцаа болон зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Б.Өтай гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй. гэж няцаасан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Д ХЗХ болон хариуцагч Ө.С, Б.Ө нар нь 2021 оны 10 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 9,700,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай Ө.С, Б.Ө нарт олгожээ. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж талууд 2021 оны 10 сарын 11-ний өдрийн барьцааны гэрээг байгуулсан. Тус барьцааны гэрээгээр .. маркын автомашиныг барьцаалжээ.
7.Зээлийн гэрээний дагуу 9,700,000 төгрөгийг Ө.С, Б.Ө нарт шилжүүлсэн, Б.Ө нь тус хоршооны гишүүн биш болох талаар маргаагүй. Харин Ө.Сг тус хоршооны гишүүнээр нөхөж бүртгэсэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр эсэх талаар маргаж байна.
8.Талуудын эрх үүрэг, гэрээний зүйлээс дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.
9.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 452 дугаар зүйлийн 452.2.Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж тус тус заасан.
10.Хариуцагч .. үндсэн зээлийн үлдэгдэл 9,700,000 төгрөг байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан 2022 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл 13 сар буюу нийт 4,440,587 төгрөг хүү, зээлийн гэрээний хугацаа дууссан 2022 оны 10 сарын 16-ны өдрөөс хойш ихэсгэсэн нэхэмжлэл гаргах хүртэл 17 сар байх ба 706,160 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.С, Б.Ө нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Б.Өы эзэмшлийн С... маркын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
11.Сөрөг нэхэмжлэлийн тухайд
Ө.С нь Б.Д хадгаламж зээлийн хоршооны гишүүн мөн болох нь тус хоршооны 2018 оны 3 сарын 28-ны өдрийн ..дугаартай гишүүнчлэлийг баталгаажуулах тухай тогтоолоор тогтоогдож байна. Тс бүртгэлийг зохих хугацаанд нь улсын бүртгэлийн газар бүртгүүлээгүй бөгөөд Ө.Сг 2022 он 11 сарын 25-ны өдөр гишүүнээр бүртгүүлжээ.
Ө.Сг хоршооны гишүүнээр нөхөж бүртгэсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Харин хоршооны гишүүнээр элссэн байхад түүнийг хугацаанд нь бүртгүүлээгүй нь түүнтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.
Хадгаламж зээлийн хоршооны 17 дугаар зүйлийн 17.1-д Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно. гэж, 17 дугаар зүйлийн 17.5-д Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол гишүүддээ олгох зээл нь барьцаа, батлан даалт зэрэг хуулиар хориглоогүй үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар хангагдсан байна. гэж заажээ.
Мөн Зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журамд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 3-д Зээлийг хоршооны гишүүнд олгоно. Зээл олгохдоо хамтран зээлдэгч оролцуулж болно. Хамтран зээлдэгч болон батлан даагч нь хоршооны гишүүн бус байж болно. гэж заасан.
Тус Хадгаламж зээлийн хоршооны 17 дугаар зүйлийн 17.1-д хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зээл олгохоор заасны дагуу Б.Д хадгаламж зээлийн хоршоо нь бүх гишүүдийн хурлаараа Хамтран зээлдэгч болон батлан даагч нь хоршооны гишүүн бус байж болох талаар журамласан нь хуулийн заалтад нийцжээ.
Иймд Б.Өыг хамтран зээлдэгчээр оролцуулан Ө.С, Б.Ө нарт зээл олгосон 2021 оны 10 сарын 11-ний өдрийн .. дугаартай зээлийн гэрээ, тус өдрийн .. дугаартай Барьцааны гэрээнүүд нь Иргэний хууль болон хоршооны Зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журамд нийцсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, 56.1.9.хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл; гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, барьцаа хөрөнгийг чөлөөлөх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 14,846,747 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хангаж, үлдэх 6,001,060 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 452 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ө.С, Б.Ө нараас 14,846,747 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д хадгаламж зээлийн хоршоонд олгож, үлдэх 6,001,064 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.С, Б.Ө нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Б.Өы эзэмшлийн С... маркын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,548 төгрөгөөс 156,164 төгрөг, хариуцагч Ө.С, Б.Ө нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,950 төгрөгөөс 240,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 302,384 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д хадгаламж зээлийн хоршоонд олгож, хариуцагч Ө.С, Б.Ө нарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 310,555 төгрөгийг хариуцагч нарт буцаан олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА