Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 0326

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Баатархүүд холбогдох эрүүгийн 1725000000140 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Арвин зам хоршоо”-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт  ял шийтгэлгүй гэх Өндөр овогт Ц.Б 

 

Шүүгдэгч Ц.Баатархүү нь 2017 оны 10 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 32-05 тоотод хохирогч Б.Галбадрахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ц.Баатархүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Хохиролд 170.000 төгрөг төлсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Тухайн үед согтуу байсан. Хохирогчийн хөмсөг хавьд нь цохисон. Толгой руу нийт 2 удаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Мөнхжаргалыг явсаны дараа Баатархүү бид хоёр шоронгоор явж байсан Жаргалсайханы талаар ярьж байхад Баатархүү гэнэт босож ирээд чи шоронгийн пиздануудыг ярьдаг яасан овоо юм бэ гээд шууд миний хувцаснаас зуураад авахаар нь би гарнаас нь бариад Баатархүү миний гарыг тавьчих, больё гэж хэлэхээр нь би Баатархүүгийн гарыг тавихад шууд миний баруун хөмсөг хэсэг рүү гараараа цохиод авсан. Тэр үед би манараад нүдээ дараад доошоо болоход араас сандалаар толгой хэсэг рүү цохиод авсан. Тэр үед миний дотор муухай оргиод Баатархүүг чи миний толгой руу цохичихлоо гэж хэлэхэд Баатархүү чи шээс баастайгаа холилдоод хэвтэж байхыг чинь харна гэхээр нь би орон дээр гараад хэвтчихсэн. Тэр үед гаднаас Ганболд нөгөө эмэгтэйгийнхээ хамт орж ирээд чи болсон юм бэ гэхээр нь би хэлсэн. Ганболд Баатархүүг загнасан, тэгээд бид нар унтахаар хэвтээд унтсан, шөнө дунд миний дотор муухайраад байхаар нь би толгойгоо илээд сууж байхад Баатархүү утсаараа оролдоод байхаар нь чи унтаачээ, юу хийгээд байгаа юм бэ пизда минь гээд хэлчихсэн. Баатархүү энэ муу ингэдэг байхгүй юу гээд босож ирээд дахиад намайг зодохоор нь би Ганболд ахын унтаж байсан орны араар ороход Ганболд ах босож ирээд гэрээсээ Баатархүүг хөөгөөд гаргасан гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,

 

-Гэрч Б.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Оюунчимэг гэртээ харилаа гэхээр нь би хүргэж өгөх гээд хамт гэрээс гарчихаад машин хайж байгаад эргээд гэртэй буцаж ороход Галбадрахын хөмсөгнөөс цус гарчихсан байхаар нь юу болсон юм бэ гэж асуухад Баатархүү бид хоёр маргалдаад зодолдсон гэж хэлсэн. Тэгээд бид нар орондоо ороод унтаж байхад үүрээр дахиад хүмүүс маргалдаад байхаар нь би сэрээд юу болоод байгаа юм бэ гэхэд Галбадрах, Баатархүү нар хоорондоо барилцаад авчихсан байсан ба Галбадрах миний унтаж байсан орны араар орж хэвтэхээр нь би Баатархүү чи манай гэрээс зайл гэж хэлээд хөөгөөд гаргасан гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,

 

-Гэрч Х.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ганболдтой жаахан маргалдаад гэртэй харилаа гээд гарахад Ганболд надтай хамт намайг машинд суулгаж өгнө гээд гарсан. Тэр үед Галбадрах Баатархүү нар гэрт үлдсэн. Ганболд бид хоёр гадуур жаахан алхаж байгаад эргээд хамт Ганболдын гэрт хамт очиход Галбадрах гэдэг залуугийн хөмсөгнөөс цус гарчихсан байсан. Ганболд юу болсон талаар асуухал тэр хоёр жаахан маргасан, одоо зүгээр гэж ярьж байсан. Тэгээд бид нар унтаж байхад хүмүүс маргалдаад байх шиг дуу гарахаар нь сэрэхэд Галбадрах нь Ганболд бид хоёрын унтаж байсан орны хажуугаар орж ирээд Баатархүү намайг зодох гээд байна гэхээр нь Ганболд Баатархүүг чи манай гэрээс яв гэж хэлээд гэрээсээ гаргасан гэсэн мэдүүлэг /хх 14 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 865 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Галбадрахын биед тархи доргилт, баруун дээд зовхинд язарсан шарх үүсч байжээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байж болно.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

5. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана

6. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 19 ху/,

 

-Ц.Баатархүүг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 26-27 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ц.Баатархүү нь 2017 оны 10 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 32-05 тоотод хохирогч Б.Галбадрахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Галбадрахын “...Баатархүү гэнэт босож ирээд чи шоронгийн пиздануудыг ярьдаг яасан овоо юм бэ гээд шууд миний хувцаснаас зуураад авахаар нь би гарнаас нь бариад Баатархүү миний гарыг тавьчих, болий гэж хэлэхээр нь би Баатархүүгийн гарыг тавихад шууд миний баруун хөмсөг хэсэг рүү гараараа цохиод авсан” гэсэн мэдүүлэг /хх 10 ху/, мөн гэрч Б.Ганболд /хх 13 ху/, Х.Оюунчимэг /хх 14 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд хохирогчийн биед тархи доргилт, баруун дээд зовхинд язарсан шарх үүссэнийг тогтоосон 865 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Ц.Баатархүүгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Б.Галбадрах нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ц.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Ц.Баатархүү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА