Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/302

 

 

Н.Т, У.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Н.Т,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Тын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Т, У.Д нарт холбогдох эрүүгийн 2102004150307 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Нын Т, 1998 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт -тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч -тоотод оршин суудаг, /РД:-/,

2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж,2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;

Б овгийн Уийн Д, 2002 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн нарын хамт - тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

Шүүгдэгч Н.Т, У.Д нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр -тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан хориглосон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 106 грамм бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Т, У.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Нын Т, Б овогт Уийн Д нарыг  хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, У.Д нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Н.Т, У.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа цэвэр 106.0 грамм жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, дунд хэсгээрээ тасарсан дотор хэсэг нь харлаж бохирлогдсон лааз, -серийн дугаартай 50 төгрөг, -серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд, харлаж бохирлогдсон тугалган цаас, Komix нэртэй хайрцаг дотроо 30 ширхэг комикос эм, Bonaqua нэртэй 330 мл цэвэр усны сав мэт зүйл зэргийг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, мөн -серийн дугаартай 50 төгрөг, -серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлж, мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн гэх 1 ширхэг CD-г /хх 23/ хэрэг хадгалах хугацаанд хавсаргаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэрэг 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр -тоотод болсон. Хэрэг гардаг өдрийн өмнөх шөнө би Өмнөговь аймгаас ажлаа дуусгаад шөнийн 04 цагийн орчим Дтэй утсаар холбогдон тэднийд ирсэн. Дөнгөж хөдөөнөөс ирсэн болохоор ах эгчийндээ очиж төвөг удаад яахав дээ гэж бодоод Дийнд очиж хоносон. Маргааш өглөө нь босож усанд ороод байж байтал Д шүүгээнээс ууттай нунтаг ганга шиг үнэртэй зүйл гаргаж ирсэн. Би юу гэдгийг мэдээгүй, надад хэлэхдээ зүгээр л тамхи гэж хэлсэн. Би юу ч бодолгүй ганц хоёр сортол хоолой гашуун оргин ханиаж, хахаж, цацаж эхэлсэн. Би тэр үед уг зүйлийг хар тамхи гэдгийг мэдсэн. Тэгээд би Дт “чи хашрахгүй байна уу, чи өмнө нь ийм хэрэгт холбогдож байсан биз дээ” гэхэд тэр “за” гэсэн. Орой болтол элдэв зүйл яриад сууж байтал гаднаас цагдаа нар орж ирээд гэрт нь үзлэг хийж шүүгээнээс нөгөө ууттай зүйлийг гаргаж ирэхэд нь би Дийг өмөөрөн дахиад ийм хэрэгт холбогдвол шоронд суух нь дамжиггүй, найдвартай гэж бодоод би олсон гэж хэлснээсээ болоод энд хоригдох болсон. Гэхдээ миний хэлсэн зүйл буруу, хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлж байгаа тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байхыг хичээж, эхнэр хүүхэдтэйгээ эвлэрэн амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. ...” гэв.

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Т, У.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрт нь 1 жилийн хорих ял оногдуулсан. Тэдэнд оногдуулсан ял, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байгаа тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Т, У.Д нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.Т, У.Д нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр -тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан хориглосон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 106 грамм бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Э.Тгийн “...Бид хоёрыг ороход Д, хальт танидаг ах Түвшээ хоёр манарсан байдалтай, гэр жаахан сонин үнэр үнэртэй байсан. ...Гэрт үзлэг хийгээд шкафнаас байх өвс, балконоос дотроо устай bonaqua савыг хурааж аваад бид нарыг цагдаагийн газар авчрах үед мэдсэн. ...” /хх 27, 81/,

гэрч Ц.Зын “...Т авчирсан юм шиг байна лээ. Гаднаас олж ирсэн гэж хэлсэн. ...Гаднаас цагдаа нар орж ирээд гэрт нь үзлэг хийхэд хувцасны шкафнаас ууттай өвс, ундааны сав зэрэг зүйлс гарч ирээд хураагаад аваад явсан. ...” /хх 37-38, 78/,

Н.Тын яллагдагчаар өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 115-116/,

У.Дийн “...надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Т хувцасны шкафнаас өвс болон бонго гаргаж ирээд ...байн байн дуудаад байхаар нь хамт балкон дээр гарч өвс гэдэг зүйлээс нь сонирхоод татсан. ...” /хх 122-123, 125/ гэсэн мэдүүлгүүд,

“...“У.Д”, “Н.Т” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 3989, 3987 дугаартай дүгнэлт /хх 40-41, 48-49/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан хөх өнгийн тасархай лаазтай үнс мэт зүйл, “AV2694666” гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “4” гэж дугаарласан хуванцар сав шингэн зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. ...Шинжилгээнд илэрсэн “Дельта-9” тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 3985 дугаартай дүгнэлт /хх 86-88/,

“...У.Д, Н.Тын нар нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тогтооход түүний шээснээс ТНС хэсгийн С, Т түвшинд эерэг гэсэн болохыг тогтоосон...” хүний биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх 8-9, 12-13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-7/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 93/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 135-137/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Н.Т, У.Д нар гэм буруутай эсэх, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Н.Т, У.Д нарын 106 грамм бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Н.Т, У.Д нарыг хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, ял сонсгож, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байхад хууль бусаар олж авсан шинжээр гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах зарчим, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Т “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар” тус тус хуульчилсан байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, олж авсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгч Н.Т, У.Д нарын гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Иймд шүүгдэгч Н.Тын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Н.Т, У.Д нар шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 84 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Б овогт Нын Т, шүүгдэгч Б овогт Уийн Д нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, У.Д нарын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 3 дугаар асрын 17-ний өдрийг хүртэл нийт 84 /наян дөрөв/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                                  Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                                                  Л.ДАРЬСҮРЭН