Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 245

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хэнтий аймгийн Засаг дарга, тус аймгийн Галшар сумын

Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                         Х.Батсүрэн

Шүүгчид:                           Б.Мөнхтуяа

                                           Д.Мөнхтуяа

                                           П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                 Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:    Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадатсрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NE-026257 дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Хэнтий аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9/1437 тоот албан бичгээр өгсөн санал болон Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах”

Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 127/ШШ2018/0001 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0168 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэ, хариуцагч тус аймгийн Галшар сумын Засаг дарга Б.Энхтайван нар,

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн Б.Заантогтохын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25ы өдрийн 127/ШШ2018/0001 дүгээр шийдвэрээр: 1 дэх заалтаараа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.12 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичиг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, 2 дахь заалтаараа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын “е”-д тус тус заасныг баримтлан, өргөдлийн бүртгэлийн NE-026257 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу /тухайн үеийн нэрээр/ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн мэдэгдэлд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9/1437 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын “санал”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0168 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 127/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн өмгөөлөгч Б.Заантогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 168 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 168 дугаар магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт “Хэнтий аймгийн Засаг дарга тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авалгүй, Галшар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоол болоод тус сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичгүүдийг үндэслэн “дэмжихгүй” саналыг хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасантай нийцэхгүй байх боловч энэ нь аймгийн Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхийг үгүйсгэх үндэслэл болохооргүй байна” гэжээ.

5. Хэнтий аймгийн Засаг даргын саналын нэг үндэслэл буюу сумын Засаг даргын 2015 оны 184 тоот албан бичиг нь хуулиар шаардаагүй албан бичиг юм. Түүнчлэн өөр нэг саналын үндэслэл болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 05 дугаар тогтоол нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал мөн эсэхийг авч үзвэл уг тогтоолын агуулга нь “Зарим газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” бөгөөд хэд хэдэн газрыг хамгаалалтад авах тухай юм. Гэтэл Улсын Дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан “хурлын санал” гэдэг нь “тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн ...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол” байх бөгөөд хэсэг газрыг хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэсэн тогтоолыг тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэсэн хуралдааны тогтоол гэж үзэх нь учир дутагдалтай. Үүгээр зогсохгүй тусгай хэрэгцээнд авсан тухай тогтоолыг заавал Төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэхээр заасан байдаг. Гэвч 05 дугаар тогтоол нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд бүртгэгдээгүй гэж Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 7/8945 тоот албан бичгээр нотлогддог.

6. Дээр дурдсанчлан Хэнтий аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргын 184 тоот албан бичиг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол зэрэг хуульд заагаагүй баримт бичгүүдийг бүрдүүлэн санал хүргүүлснээрээ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авах” гэж заасныг зөрчиж процессын хувьд хуулийн зохицуулалттай бүрэн нийцээгүй байна.

7. Шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ хуулийн 30.1.13-т заасны дагуу санал өгөх нь Хэнтий аймгийн Засаг даргын бүрэн эрх юм. Гэхдээ санал өгөхдөө Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.13 дахь заалтуудын аль алинд нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал буюу шийдвэрт үндэслэхийг заажээ. Мөн аливаа захиргааны байгууллага, албан тушаалтны бүрэн эрх нь хэмжээ хязгааргүй зүйл биш тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зааснаар “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчим”-тай нийцэж байвал зохистой.

8. Үүнээс дүгнэн үзвэл Хэнтий аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх нь хуулиар олгогдсон бүрэн эрх хэдий ч уг бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа хуульд тусгасан баримтыг үндэслэхийн оронд хуульд огт дурдаагүй баримтуудыг үндэслэсэн байдал нь “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх” зарчимтай зөрчилдөж байна.

9. Иймд, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 168 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

11. Хэнтий аймгийн Галшар сумын нутаг “Буян” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгч “С” ХХК-ийн өргөдөлд тус аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9/1437 дугаар албан бичгээр “дэмжихгүй” тухай санал хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “...Аймгийн Засаг дарга мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай орших ...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, ...хариу өгөх...”, 19.5-д “...хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хууль ёсны захиргааны акт байна. 

12. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т “тусгай хэрэгцээний газар...-тай ямар нэг байдлаар давхцаагүй байх” нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах нэг шаардлагын нэг байхаар зохицуулжээ.

13. Нэхэмжлэгчийн хүсэлт болгосон газар нь Хэнтий аймгийн Галшар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай нь тогтоогдсон, энэ талаар маргаангүй болно.

14. Иймээс аймгийн Засаг дарга хууль бус үндэслэлээр “дэмжихгүй” санал гаргасан гэж буруутгах боломжгүйг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэж, аймгийн Засаг даргын 2015 оны 9/1437 дугаар албан бичгээр хүргүүлсэн саналыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

15. Мөн “...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй...” гэх үндэслэлээр Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 184 тоот албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.

16. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийн хүсэлт болгосон газар нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай байгаа нь түүнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болжээ. 

17. Иймээс “...Засаг даргын санал нь сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн саналд үндэслээгүй, ...2015 оны 05 дугаар тогтоол нь газрыг хамгаалалтад авах тухай тогтоол болохоос “санал” биш...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй тул “...шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт болон магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0168 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.БАТСҮРЭН

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ