Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2024/01382

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2024/01382

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Ж  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ШЦЗ ХХК  холбогдох

 

37,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан.

 

Шүүх хуралдаанд: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,

Хариуцагчийн өмгөөлөгч С.О,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч ШЦЗ ХХК-д холбогдуулан 37,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч С.Жгийн нөхөр Ц.М нь ШЦЗ ХХК-д цагийн ажилтнаар 2021 оны 10 дугаар сарын 31-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд авто замын засварын ажилд туслах ажилтнаар өдрийн 50,000 төгрөгийн цалинтайгаар ажилласан болно. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 03-ны орой ажлын байран дээрээ буюу зам дээр засварын ажлаа хийж байх үедээ автомашинд мөргүүлж амь насаа алдсан байдаг. Талийгаач Ц.Мг мөргөж амь насыг хохироосон талаарх эрүүгийн хэргийг ... анхан шатны шүүхээс шийдвэрлэж, гэм буруутай жолоочид эрүүгийн хариуцлага оногдуулсан билээ. Гэвч эрүүгийн шүүхээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой зарим асуудлыг жич иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээсэн болно. Талийгаач Ц.М нь хэрэг гарах үед авто замын хөвөө хэсэгт явган хүний замыг засах ажлыг гүйцэтгэж байгаад ажлын байран дээрээ амь насаа алдсан ба Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хариуцагч ШЦЗ ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг огт сахин мөрдүүлээгүй, холбогдох дүрэм журмын олон заалтыг зорчсон болох нь тогтоогддог. ШЦЗ ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдлийн улмаас 9, 7, 2 насны гурван хүүхэдтэй гэртээ суудаг эхнэр С.Ж нар өнчрөн үлдээд байна. Шинжээчийн дүгнэлтээр ШЦЗ ХХК нь авто зам дээр ажил явагдаж байх үед хаалт хийж, хашлага тавиагүй, талийгаачийг гэрэл цацруулагч хантаазаар хангаагүй, хамгаалалтын каск малгай өмсгөөгүй гэх дүрмийн заалтыг зөрчсөн болох нь тогтоогддог. Гэтэл шүүх эмнэлгийн шинжээч эмчийн задлан шинжилгээний дүгнэлтээр амь хохирогч Ц.М нь машинд мөргүүлэх үедээ салхины шилийг толгойгоороо цохиж, тархины гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогддог. Хэрэв ажил олгогчийн зүгээс амь хохирогчийг хамгаалалтын малгайгаар хангасан бол Ц.М өнөөдөр амьд байх бүрэн боломжтой байсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1.2. үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин гэж заажээ. Дээрх заалтаас дүгнэвэл амь хохирогч Ц.М нь нэг өдрийн 50,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд нэг сард 21 өдөр байдаг гэж тооцвол амь хохирогчийн нэг сарын цалин 1,050,000 төгрөг болохоор байна. Энэхүү нэг сарын цалин болох 1,050,000 төгрөгийг 36 сараар үржүүлэхээр амь хохирогчийн ар гэрт олгох нөхөн төлбөр нь 37,800,000 төгрөг болж байна. Иймд хариуцагч ШЦЗ ХХК-иас нөхөн төлбөрт 37,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ. 

 

Хариуцагч ШЦЗ ХХК нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн С.Жгээс ШЦЗ ХХК-д холбогдуулж хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 37,800,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг гардан авч танилцаад зөвшөөрөхгүй байгаа тул доорх хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэлд С.Жгийн нөхөр Ц.М нь ШЦЗ ХХК-д цагийн ажилтнаар 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд авто замын засварын ажилд туслах ажилтнаар өдрийн 50,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болно гэсэн нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй байна. Учир нь Монгол улсад тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ажил олгогч гэж Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ гэх болон мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг тохироогүй, 24 дүгээр зүйлийн дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тул талийгаач Ц.Мг компанидаа ажилтнаар авч ажиллуулж байсан мэтээр нэхэмжлэлд дурдсан нь үндэслэлгүй юм. Харин ШЦЗ ХХК нь .. газартай 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ЗТХЯ/202103066-2 дугаартай Сүхбаатар дүүрэг /Багц-2 Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Бэлхийн зам дагуу Бэлхийн хуучин эцсийн автобусны зогсоол хүртэл явган замын засварын ажил /СБД, 16,18 дугаар хороо/ гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэж байсан ажилдаа 7 хоногийн ажлыг 8,500,000 төгрөгийн хөлсөөр гүйцэтгүүлэхээр, О ахлагчтай бригадтай хэлцэл хийж, тус бригад 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаа эхлүүлсэн бөгөөд, 3 дахь хоног дээр согтуу жолооч Ч.Б талийгаачийг дайрч амь насыг нь хохироосон. Захиалагч .. газар хүйтрэхээс өмнө ажлаа яаралтай дуусгахыг шаардаж байсан учраас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн дагуу ажил гүйцэтгэх явцдаа мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.1. дэх ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ бусад этгээд туслан гүйцэтгэгчийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэх заалтаар О ахлагчтай бригад нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажилласан юм. Монгол Улсын Дээд Шүүхийн 2009 оны ... дугаартай гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим заалтыг эрүү, иргэн шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тогтоолын 5.1 дэх заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйл 499.3,499.4,500 дугаар зүйлийн 500.1,501 дүгээр зүйлийн 501.1, 502 дугаар зүйлийн 502.1, 512 дугаар 512.1-д заасан иргэн, хуулийн этгээд хамаарна гэж тодорхойлсон. Ажил гүйцэтгэх гэрээг Отай амаар хийх үед бригад нь Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлаа өөрсдөө хариуцахаар тохирсон байсан болно. Иймд талийгаач нь манай компанид Хөдөлмөрийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгээгүй, ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан нь нотлогддог. Нэхэмжлэлд Ц.М нь өдрийн 50,000 төгрөгөөр цалинжиж байсан бөгөөд нэг сард ажлын 21 өдөр байдаг гэж тооцвол амь хохирогчийн нэг сарын цалин 1,050,000 төгрөг болохоор байна. Энэхүү нэг сарын цалин болох 1,050,000 төгрөгийг 36 сараар үржүүлбэл ар гэрт нь олгох нөхөн төлбөр нь 37,800,000 төгрөг болж байгааг Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1.2 дах үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин нөхөн төлнө хэмээн зааснаар нэхэмжилж байна гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь: тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь заалтаар үйлдвэрийн осолд өртсөн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтын дагуу үйлдвэрлэлийн осол гарсныг тогтоосон Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн акт үйлдэгдээгүй. Мөн ... Анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ...дугаартай шийтгэх тогтоолын Хохирол, хор уршиг гэх хэсэгт хуулийн этгээдийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хүний амь нас хохирсон хохирол, хор уршигтай шалтгаант холбоогүй байна. Иймд оршуулгын зардлыг ШЦЗ ХХК-ны захирал Б.Н хариуцах үндэслэлгүй, ШЦЗ ХХК-аас хохиролд орон сууц гаргуулах шаардлага тодорхойгүй үндэслэлгүй байна гэж үзэж уг шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэв гэж дурдсан болно. Нэхэмжлэгч нь Ц.Мг өдрийн 50,000 төгрөгөөр цалинжиж байсан мэтээр дурдсан нь үндэслэлгүй. Ажил гүйцэтгэх аман хэлцлээр тохиролцсоны дагуу Оын бригадад ажлын урьдчилгаа гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3,500,000 төгрөг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үлдэгдэл 5 000 000 төгрөгийг Оын ... дугаартай дансанд шилжүүлсэн. Уг банкны баримтаар ажил нь дуусаагүй байхад буюу 3 хоногийн ажлын хөлсөнд 8,500,000 төгрөг шилжүүлсэн байдаг тул өдөр бүр 50,000 төгрөгөөр цалинжиж байгаагүй нь нотлогддог. /баримт хавсаргав/ Шүүх хуралдаанд биеэр оролцсон гэрч С.Т Ч.Эрдэнэбаяр нар нь Оын бригад ирж ажилласан, талийгаач компанийн үндсэн ажилтан биш байсан, компанийн үндсэн ажилтан 10 гаруй хүн ажиллаж байсанд хөдөлмөр хамгааллын хувцас өгсөн гэдгийг гэрчилж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Иймд дээр дурдсан нотлох баримтуудаар талийгаачийг өдрийн 50,000 төгрөг, сард 1,050,000 төгрөг, 36 сард 37,800,000 төгрөгийн цалин авах байсан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй. Манай компани нь үндсэн 20 ажилтантай бөгөөд тэдний нийгмийн даатгалыг цаг тухай бүрд нь төлж нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хийж ирсэн /баримт хавсаргав/ Талийгаач хэдийгээр манай ажилтан биш байсан боловч ар гэрт нь эхнэр хүүхдүүд өнчирч үлдсэнийг харгалзан хүний мөс чанар гарган оршуулах үед 2,000,000 төгрөг, цагаан сарын үед 3,000,000 төгрөг өгсөн. Шүүхийн шийтгэх тогтоолд манай компаниас хохирол төлбөр гаргуулахаар шийдээгүй боловч хурлын дараа эцэг эх, эхнэр хүүхдүүдэд нь 5,000,000 төгрөг өгч нийт10,000,000 төгрөгийг тусламж болгон өгсөн. Иймд 36 сарын цалинд болох 37,800,000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар албан бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, ... анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ...дугаар шүүхийн шийтгэх тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрчээс авсан тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн гэрчээс авсан тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн .. дугаар шүүгчийн захирамж, ... анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлжээ.

 

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, ШЦЗ ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 11 дүгээр сарын тайлан, ШЦЗ ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, дансны хуулгуудын баримт, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мөнгө өгсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, дансны зарлагын баримт ШЦЗ ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 10 дугаар сарын тайлангийн хуулбар хувь зэргийг ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч ШЦЗ ХХК-д холбогдуулан 37,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Нэхэмжлэгч С.Жгийн нөхөр Ц.М нь ШЦЗ ХХК-д цагийн ажилтнаар 2021 оны 10 дугаар сарын 31-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд авто замын засварын ажилд туслах ажилтнаар өдрийн 50,000 төгрөгийн цалинтайгаар ажилласан. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны орой ажлын байран дээрээ буюу зам дээр засварын ажлаа хийж байх үедээ автомашинд мөргүүлж амь насаа алдсан. Эрүүгийн шүүхээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой зарим асуудлыг жич иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээсэн болно. Уг осолд ажил олгогчийн зүгээс гэм буруутай тул Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1.2-д зааснаар хариуцагч ШЦЗ ХХК-иас нөхөн төлбөрт 37,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд: Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг Ц.Мтай тохироогүй, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд компанид ажилтнаар авч ажиллуулаагүй. ШЦЗ ХХК нь явган замын засварын ажил гүйцэтгүүлэхээр О ахлагчтай бригадтай хэлцэл хийж 7 хоногийн ажлыг 8,500,000 төгрөгөөр ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байсан. Гэхдээ ажил яаралтай байсан тул ажил гүйцэтгэх гэрээг Ц.Мтай амаар байгуулсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйл 499.3,499.4,500 дугаар зүйлийн 500.1,501 дүгээр зүйлийн 501.1, 502 дугаар зүйлийн 502.1, 512 дугаар 512.1-д зааснаар ажил олгогч болох О хохирлыг хариуцах тул ШЦЗ ХХК хариуцахгүй. Ажил гүйцэтгэх гэрээг Отай амаар хийх үед бригад нь Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлаа өөрсдөө хариуцахаар тохирсон. Осол гарахад Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтын дагуу үйлдвэрлэлийн осол гарсныг тогтоосон Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн акт үйлдэгдээгүй. ... Анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ...дугаартай шийтгэх тогтоолд оршуулгын зардлыг ШЦЗ ХХК-ны захирал Б.Н хариуцах үндэслэлгүй, ШЦЗ ХХК-аас хохиролд орон сууц гаргуулах шаардлага тодорхойгүй үндэслэлгүй байна гэж үзэж уг шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ц.Мтай нь өдөр бүр 50,000 төгрөгөөр цалинжиж байгаагүй. гэжээ.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2021 оны 11 сарын 03-ны өдөр Ц.М нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Бэлхийн замд зам засварын ажил хийж байхдаа ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлд ам нас нь хохирсон болох нь талуудын тайлбар, ... анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 31-ний өдрийн ...дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

Талууд Ц.М нь зам засварын ажил хийж байснаа автомашинд мөргүүлж амь нас нь хохирсон талаар маргаагүй.

Харин Ц.М нь хариуцагч ШЦЗ ХХК-ийн ажилтан байсан эсэх, ... анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 31-ний өдрийн ...дугаар шийтгэх тогтоолоор тус хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэсэн эсэх, сар бүр 50,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан эсэх талаар талууд маргаж байна.

Хариуцагч .. ХХК нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа замын ажлыг туслан гүйцэтгэгч н.Оаар хийлгэсэн бөгөөд түүний дансруу 8,500,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банк дахь Х... дугаартай данс руу мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдоно гэж тайлбарлаж байх боловч тус төлбөрийг талуудын хооронд туслан гүйцэтгэх талаарх хэлцэл хэрэгт авагдаагүй, дээрх төлбөр ажил гүйцэтгэх гэрээний төлбөр мөн эсэх нь эргэлзээтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж заасан бөгөөд хариуцагч ШЦЗ ХХК нь н.Отай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд ШЦЗ ХХК нь Ц.Мг үүрэг өгч ажиллуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Ц.М нь 2021 оны 11 сард ШЦЗд ХХК-д хөдөлмөр эрхэлж байсан байх тул түүний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулиар зохицуулна.

 

Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно" гэснээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ.

 

Төгсгөл

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-д заасныг баримтлан хариуцагч ШЦЗ ХХК-иас 37,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Жд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШЦЗ ХХК-иас 346,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА