Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 276

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтлөн,

улсын яллагч Г.Мөнхбаяр,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч Д.Гунгаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б-ын Б, Б овогт Д-ын О- нарт холбогдох эрүүгийн 201726030242 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

    1.Монгол улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ын О,

    2.Монгол улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо ,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар  хянан харгалзахаар тогтоосон, Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, О овогт Б-ын Б,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Шүүгдэгч Д.О-, Б.Б- нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 05-ны орой Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны хажууд хохирогч Ч.Б-тэй маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 Шүүгдэгч Д.О-ын:  “...2017 оны 02 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед найз охиныхоо гэрт утсаа цэнэглээд үлдээчихсэн байсан. Тэгээд утсаа авахаар буцаад очиход гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь гэрийнх нь гадаа тамхи татаад найз охиныгоо хүлээгээд зогсож байхад Ч.Б- ирсэн. Би Ч.Б-ийг таниагүй. Тэгсэн чинь Ч.Б- нүүрэн дээр тулснаа “ахын дүү муухай хараад байна уу” гэхээр нь зүгээр яв гэж хэлсэн. Гэтэл  Ч.Б-  намайг заамдаж аваад хоёр гурван удаа цохих гэхээр нь би цохиулаагүй, бултсан. Заамдаж байгаад миний гинжийг тасдахаар нь бид хоёр зодолдсон. Би Ч.Б-тэй зодолдоод ер нь  дийлэхгүй болохоор нь Боби гээд орилсон. Тэгээд манай найз Б- машинтайгаа ирээд би Ч.Б-тэй уулзая, чи гинжээ хайж бай гэж хэлсэн. Би гинжээ хайж олоод, куртикээ аваад бид хоёр явсан гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн: “...2017 оны 02 дугаар сарын 05-ны орой 22 цагийн  үед О-ыг найз охиныд нь буулгачихаад цаашаа бас нэг найзыгаа хүргэж өгөх гээд машинтай явсан. 34 дүгээр байрны гадаа хүмүүс бужигнаад байсан. Би юу болоод байгаа юм бол гэж бодоод машинаасаа буугаад гэр лүүгээ орох гэж байхад Боби гээд намайг дуудаад байхаар нь би эргээд харахад О- байсан. Тэгэхээр нь би яваад очтол найз нь Ч.Б-тэй муудалцаад, зодолдчихлоо гээд хоёулангийх нь нүүр амнаас цус гарсан байдалтай байсан. Би яасан юм бэ, юу болсон бэ хөгшөөн гэж асуухад Ч.Б- над руу томроод найзынх нь гинжийг тасалчихлаа би гинжээ хайгаад олдоггүй ээ гэсэн. Тэгэхээр нь би машиныхаа гэрлийг тусгаж өгөөд ойр хавьд байсан хүүхдүүдийг О-ын гинжийг нь хурдан хайгаад олоод өг гэж хэлсэн. Тэгээд хайлгуулж байгаад би Ч.Б-тэй уулзаад яасан бэ, юу болсон бэ гэхэд “муу бацаанууд их том болжээ” гэж хэлсэн. Тухайн үед Ч.Б- нилээд халамцуу байсан. Тэгээд Ч.Б-д “яах гээд байгаа юм бэ, зүгээр учраа олоод явчих аа” гэхэд “хоёулаа чинь уг нь хамаатан биздээ” гээд над руу агсраад дайраад намайг заамдаад чирээд байсан. Тэгэхээр би Ч.Б-ийг “тавь, хувцас муухай боллоо” гэж хэлээд тавиулсан. Өөдөөс дайраад байхаар нь нэг удаа алгадаад “чи одоо битий согтуурхаад бай, зүгээр явчих” гээд Тыг дуудаад гэр лүү нь дөхүүлээд өг гээд О-ын гинжийг олоод салсан гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Ч.Б-ийн: “... 2017 оны 02 дугаар сарын 05-ны орой 21 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад дэлгүүр орчихоод буцаж яваад 48 дугаар байрны буланд шар алаг куртиктэй залуу тамхи татаад зогсож байхаар нь Батаа гэж найзтайгаа андуураад ахын дүү уучлаарай гэхэд чиний ах гэж юу байдаг юм гээд цохихоор нь зөрүүлээд цохьсон.  Эхлээд О-тай тааралдаад маргалдах үед уруул дээр цохиж уруул язарсан, дараа нь Б- ирээд хавсарч унагаагаад хамар чих рүү цохьсон тэгээд Б- миний куртикээр толгой дарчихсан  босгохгүй байхад хажуунаас О- өшиглөөд байсан. Намайг О-, Б- нар зодсон”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Гэрч. С.А-гийн: “...2017 оны 02 дугаар сарын 05 ны орой ажил тараад гэртээ ирэхэд манай нөхөр унтаж байгаад сэрсэн. Өдөр найзтайгаа нэг шил архи хувааж уугаад унтсан гэж ярьсан. Тэгээд дэлгүүр орж тамхи аваад ирье гэж гарсан 15 орчим минутын дараа хамар амнаас нь цус гарчихсан хувцас хунар нь нил шороо болсон орж ирсэн... Анх маргалдсан залуу нь Ц багшийн бага банди нь байсан гэсэн, цаанаас нь Боби гэх залуу ирээд зодохгүй байх гээд зогсож байтал чи бид хоёр хамаатан биз дээ гээд дээрээс нь зодож цохьсон гэсэн” ..../хх-ийн 36 дугаар хуудас/

Гэрч Т.Б-н: “...Ч.Б- тухайн үед амнаас нь нилээн архи үнэртсэн, биеэ авч явах чадваргүй байсан. Зодуулсан хүнийхээ нэрийг Боби гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

Гэрч Б.Э-ын: “...Б- бид нарыг тасалсан гинжийг олоодох гээд Ч.Б- дээр очоод маргалдаад байсан. Ч.Б- дүү нар хэзээ ийм болсон юм бэ гээд орилоход Б- нэг алгадсан тэгтэл Ч.Б- газарт унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 2458 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09 дүгээр хуудас/,

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Эд зүйл хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Д.О-ын: “...2017 оны 02 дугаар сарын 05-ны орой 22-23 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 38 дугаар байрны гадна найз хүүхнээ хүлээгээд тамхи татаад зогсож байтал Ч.Б- согтуу хүрч ирээд нүүр лүү нилээн ойртож хараад таньдаг хүн мөн үү, биш үү гэж харсан юм гэсэн тэгэхээр нь би өөд өөдөөсөө хараад зогсож байтал Ч.Б- “яасан ахын дүү муухай хараад байна уу” гэхээр нь “чам шиг ахтай байснаа санахгүй л юм байна” гээд хэлчихсэн тэгтэл намайг заамдаж авах үед би зөрүүлээд заамдсан. Намайг 2-3 удаа гараараа цохих үед би бултаад цохиулаагүй. Гэтэл намайг хүрэмний захаар боогоод хүзүүнд зүүлттэй байсан гинж тасалсан. Тэр хооронд би гарыг нь тавиулах гээд ноцолдож байтал Ч.Б- намайг шанаа руу цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд зодолдоод дуусах үед манай найз Б-, Т, Б нар ирээд би тасарчихсан гинжээ газраас хайж олж аваад найзуудтайгаа хамт машинд суугаад явчихсан. Ч.Б- гэрийнхээ зүг рүү алхаад явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Б-ийн: “...2017 оны 02 дугаар сарын 05-ны орой О-, Б, Т бид нар тааралдаад манай эгчийн машиныг Б барьчихсан явж байгаад 21 цагийн үед О-ыг 48 дугаар байрны гадна найз хүүхнийх нь гэрийн гадна буулгаад бид цааш нь буудлын дэлгүүр лүү тамхи авахаар явсан. Манайх болон Б-ынх 48 дугаар байрны зэргэлдээх 38 дугаар байранд байдаг бөгөөд харихаар явж байтал 48 дугаар байрны гадна хүмүүс бөөгнөрсөн байхаар нь цонхоо онгойлготол О- Боби гээд дуудаад байсан. Буугаад очсон чинь Ч.Б-, О- нар зодолдсон байдалтай нүүр амнаас нь цус гарчихсан байсан. Би яасан юу болсон талаар асуухад О- нь энэ Боогий ирж томроод намайг зодоод, миний хүзүүнд байсан гинжийг таслаад хаячихлаа гэсэн. Тэгэхээр нь би О-т хандаж чи хөгшөөн гинжээ хайж бай би Боогийтой очоод уулзаадахъя гээд Ч.Б- дээр очсон, яасан талаар асуусан чинь та нар муу бацаанууд том болчихжээ, энэ О- чинь яагаад байгаа юм бэ гээд намайг заамдаад авсан. Би заамдсан гарыг нь тавиулаад та хоёрын асуудал надад ямар хамаатай юм бэ, чи согтуу байна одоо харь гэхэд миний үгийг тоохгүй дайраад байсан. Тэгж байснаа намайг заамдаад авахаар нь би нэг удаа алгадсан. Тухайн үед цастай хальтиргаатай байсан учраас хальтраад уначихсан. Тэгэхээр нь би орхичихоод О-ын гинжийг хайж байтал Ч.Б- орилоод байхаар нь манай найз Т аргадаад аваад явсан юм. Бид нар О-ын гинжийг хайж олоод гэр лүүгээ явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/

 

Шүүгдэгч нарын  хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 71, 76 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70,76 дугаар хуудас/,

            -Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69, 75 дугаар хуудас/,

            -Боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 72-73 дугаар худас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-, Д.О- нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-, Д.О- нарыг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагч Б.Мөнхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасны дагуу хохирогч Ч.Б-ийн мэдүүлэг хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй шүүгдэгч Б.Б-ийг тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй тул гэм буруугүй гэж үзэн яллахаас татгалзаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилөн шүүгдэгч Д.О-т ялын дүгнэлт гаргасан  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох”-оор заасныг харгалзан улсын яллагчийн татгалзлыг хүлээн авч шийдвэрлэлээ.     

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Д.О-ын гэм буруутай болох нь дараахь шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Шүүгдэгч Д.О- нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны орой Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны хажууд хохирогч Ч.Б-тэй маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.О-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  хохирогч Ч.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч. С.А-гийн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч Т.Б-ний мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, гэрч Б.Э-ын мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 2458 дугаартай 

  1. Ч.Б-ийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”  гэсэн дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад хохирогч Ч.Б-ийн олон нийтийн газар биеэ авч явж буй байдал, согтууруулах ундаа хэрэглэсэн болон  хувийн байдал нөлөөлсөн байна.

Шүүхээс шүүгдэгч Д.О-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ч.Б-ийн тархины компьютер томографикийн зураг 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.

Хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О-, Б.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10,  36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

          ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д тус тус заасныг баримтлан Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б-ын Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасугай,

 

2.Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

3.Б овогт Д-ын О-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ч.Б-ийн тархины компьютер томографикийн зураг 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.

7.Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  Д.О-, Б.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.О-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.         

.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ