Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 125/ШШ2023/0029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б ,

Хариуцагч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ц.Б-д ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Нийгмийн даатгалыг хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , Б.Х шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Ц.Б нь “Ц.Б-д ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-аар нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Нэхэмжлэгч Ц.Б нь Монгол улсын Их хурлын гишүүн Б.П-ийн бие төлөөлөгч-туслахаар ажиллаж байгаад Монгол улсын Их хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 375 дугаар захирамжаар уг албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

2.2. Нэхэмжлэгч нь Монгол улсын Их хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 375 дугаар захирамжийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр цахим хаягаар хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ажилгүйдлийн тэтгэмж авахаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан байна.

2.3. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 339 дүгээр албан бичгээр ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй талаар хариу өгснийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.   

 

            Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2019 оны 7 дугаар сараас эхлэн Улсын их хурлын гишүүн Б.П-ийн Ховд аймаг дахь ажлын албанд бие төлөөлөгч- туслахаар ажиллаж байсан. 

Миний хувьд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх болсон ба Өмгөөлөгчдийн холбооноос2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өмгөөлөгчийн тангараг өргөнө” гэж мэдэгдсэн тул уг хугацаанаас өмнө хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох шаардлага гарсан тул 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын их хурлын гишүүн Б.П-д гаргасан.

Улсын их хурлын гишүүн Б.П-ийн Ховд аймаг дахь ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ц.Б миний бие болон Я.Ганзориг нар, Улаанбаатар хот дахь ажлын хэсэгт зөвлөх н.Ариунжаргал, туслах А.Баярсор, Б.Ганзориг нар ажилладаг.

Миний хувьд Улаанбаатар хот дахь ажлын хэсгээрээ дамжуулж Улсын их хурлын Тамгын газартай харьцдаг тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгснөөс 7 хоногийн дараанэгдүгээрт: ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ эдлэх гэж байгаа юм. Хоёрдугаарт:  өмгөөлөгчийн тангараг өргөхөд энэ ажлаасаа чөлөөлөгдсөн байх шаардлагатай. Миний тушаал гарсан уу” гэж А.Баярсор, Б.Ганзориг нар луу утсаар холбогдож асуухад “таны ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй байна гэж надад хэлдэг байсан.

2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн А.Баярсор, Б.Ганзориг нарын фейсбүүк мессенжер лүү миний тушаал гарсан уу гээд лавлахад “тушаал гараагүй байна” гэж хэлдэг байсан. Тушаал гарсан эсэх талаар лавласан фейсбүүк мессенжерийн зурвасын хуулбараа Нийгмийн даатгалын хэлтсийн даргад өргөдөл өгөхдөө хуулбарлаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Миний хувьд Ховд аймагт байсан учраас тушаал гарсан эсэхийг мэдэх боломж байгаагүй.

Өмгөөлөгчдийн холбооноос над руу холбогдсон тул 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот руу явж өмгөөлөгчийн тангараг өргөх шаардлага гарсан тул хамт ажилладаг Я.Ганзориг гэдэг хүнд хэлээд эд хөрөнгөө хүлээлгэж өгсөн.

Учир нь намайг Улаанбаатар хот руу тангараг өргөхөөр явах хугацаанд миний тушаал хүрээд ирж магадгүй байсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгснөөс 30 хоногийн дотор шийдвэрлэх тул нэгэнт ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж эд хөрөнгөө хүлээлгэж өгсөн.

Миний хувьд 2023 оны 06 дугаар сарын 02, 15, 17-ны өдрүүдэд тушаал гарсан эсэх талаар Улаанбаатар хот дахь ажлын албаны хүмүүс рүүгээ утсаар ярьж байсан ба фейсбүүкээр зурвас бичиж байсан. Улмаар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн Улсын их хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжийг мэйлээр явууллаа гэж хэлсэн. Мэйлээ шалгаад үзтэл ирээгүй байсан учраас би Улсын их хурлын гишүүн Б.П-ийн зөвлөх н.Ариунжаргал руу фейсбүүкээр явуулаад өгөөч” гэж хэлсэн. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр анх авсан ба тэр өдөр амралтын өдөр байсан.

Тухайн үед би Ховд аймагт байгаагүй учраас өөрийнхөө эцэгт хэлээд манай аав Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж холбогдох баримт, хүсэлтийг аваад очсон боловч “хугацаа өнгөрсөн байна” гэсэн хариу өгсөн.

Ингээд 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад ажлаас чөлөөлсөн захирамжийг өөрийн шуудангаар гардаж авмагцаа танай байгууллагад хандсан учраас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөр гардаж авснаар тооцож шийдвэрлэж одоо өгнө үү гэх агуулга бүхий өргөдлийг гаргасан.

Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Батчулууны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 339 дугаартай албан бичгээр “2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хүсэлт нь тус хуулийн 5 дугаар зүйлд заасан ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоног дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж байгаа тул ажилгүйдлийн тэтгэмж тогтоон олгох боломжгүй гэх хариу өгсөн.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “тушаал гарснаас 14 хоногийн дотор биш, тооцоо дууссанаас хойш 14 хоногийн дотор гэж” тодорхой зааж өгсөн. Уг хуульд хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг мөн тодорхой зааж өгсөн.

Мөн “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-д “ажилтнаас хамаарахгүй шалтгаанаар ажил олгогчтой тооцоо хийх хугацаа хойшилсон бол хүндэтгэн үзэх шалтгаан” гэж үзнэ гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил хүлээлцэх хугацааг 5 хоног байхаар зааж өгөхөөр байсан боловч намайг ажлаас чөлөөлсөн тушаал дээр тэр хугацааг зааж өгөөгүй байсан. Учир нь Улсын их хурлын гишүүний ажлын алба өвөрмөц байдаг учраас захирамж гаргахдаа хугацаа заагаагүй байх гэж ойлгосон.

Миний хувьд “тушаал гарсан бол над руу яаралтай явуулна уу” гэж ажил олгогчдоо хэлж, шаардаж байсан тул “ажилтнаас хамаарахгүй шалтгаанаар ажил олгогчтой хийх тооцоо хойшилсон гэж дүгнэн тушаалыг цахимаар гардаж авсан өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж тооцно гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

Миний хувьд ажил олгогчийн буруу гэдгийг хэлсэн. Яагаад гэвэл ажилтан надаас хамаарахгүйгээр өөрөөр хэлбэл ажил олгогчийн буруугаас миний ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа хоцорсон. Холбогдох журамд заасан хүндэтгэн үзэх шалтгаан дээр ажилтнаас хамаарахгүй шалтгаанаар гэж заасан ба өөрөөр хэлбэл Ц.Б-аас хамаарахгүй шалтгаанаар хугацаа хоцорсон гэж ойлгож байна.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан ба тус хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-д ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж заасан.

Иймд шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан ерөнхий заалтыг ашиглана.

Мөн Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д харилцаа холбоо гэж цахилгаан холбоо, радио холбоо, өргөн нэвтрүүлэг, шуудангийн бүх төрлийг хэлнэ гэж заасан. Иймд холбогдох хуулиудад зааснаар .........@gmail болон Б..... гэх фейсбүүк хаягаар миний тушаал ирснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхгүй байна.

Би хууль бус зүйл шаардаагүй. Би холбогдох хуулиуд буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, түүнтэй уялдан гарсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журамд заасан хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаж үзээсэй гэж хүссэн. 

Иймд дээрх хууль болон холбогдох журамд заасан үндэслэлүүдээр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан үйлдлийг хууль бусад тооцуулж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хуульд заасны дагуу миний ажилгүйдлийн тэтгэмжийг олгохыг даалгаж өгнө үү гэв.  

 

3.2. Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар хүргүүлж байна.

Ц.Б нь Улсын их хурлын Тамгын газраас 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халагдсан бөгөөд манай байгууллагад 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ажилгүйдлийн тэтгэмж авахаар хүсэлт гаргасан.

Ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдахад Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх” гэж заасны дагуу баримт бичгээ бүрдүүлэн даатгуулагч нь Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлтээ гаргах үүрэгтэй байдаг.

Иргэн Ц.Б нь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дахин өргөдөл гаргасан. Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 5.7-д “Ажилгүй болсон даатгуулагч хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт /даатгуулагч хүндээр өвчилж асруулсан, мөн өвчтэй хүн асарсан, хорио цээрийн дэглэм тогтоосон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон, ажилтнаас хамаарахгүй шалтгаанаар ажил олгогчтой тооцоо хийх хугацаа хойшилсон/” бол нотлох баримт бичгийн хамт ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ 3 сарын дотор гаргана гэж заасны дагуу тайлбар, нотлох баримт материалыг ирүүлээгүй болно.

Дээрх журмын 7.3-д “Ажил олгогч нь ажлаас халагдсан даатгуулагчид холбогдох тушаал шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээнэ” гэсэн заалтыг ажил олгогч биелүүлээгүйгээс даатгуулагч Ц.Б-ын ажилгүйдлийн тэтгэмжийн эрх үүсээгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ц.Б-ын аав нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагад Ц.Б-ын ажлаас чөлөөлсөн тушаалыг авч ирсэн.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолд ажил олгогчийн үүргийг ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой зөвлөгөө өгч, мэдээллээр хангах, холбогдох тушаал шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргаж өгөх, нийгмийн даатгалд цахимаар хүсэлтийг илгээх үүрэгтэй” гэж заасан байдаг ч ажил олгогч энэ үүргээ ухамсарлаж, ойлгоогүй байна гэж харж байна.

Ц.Б нь 2023 оны 06 дугаар сарын 02, 15, 17-ны өдрүүдэд одоо ажил олгогчоосооминий тушаал гарсан уу” гэж лавлаж байсан гэх боловч тухайн үед буруу хүнд хандаад байсан юм биш үү. Магадгүй н.Ариунжаргал гэдэг хүнтэй шууд холбогдсон бол тушаалыг нь өгчих боломжтой байсан.

Ц.Б-ын хувьд 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажлаа хүлээлцсэн байна. Хуульд ажил хүлээлцсэнээс хойш 14 хоногийн дотор гэж заасан байдаг. Нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай хэлтсийн даргад өргөдөл гаргасан ба тухайн өргөдөлд хариу өгөхөөр Ц.Б-тай холбогдсон.

Тэгэхэд “би өөрөө хуульч, өмгөөлөгч хүн. Танай салбарын хуулийг ойлгож, мэдэж байна. Би ажил олгогчийнхоо буруутай үйл ажиллагаанаас болоод ажилгүйдлийн тэтгэмж авахгүй хохироод байна. Тийм учраас би ажил олгогчоо шүүхэд өгнө. Танай байгууллага хуулийн заалтаа оруулаад албан тоотоор хариу өгөөч” гэсэн тул хариуг албан бичгээр өгсөн.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-д ажил олгогч нь даатгуулагчдаа мэдээлэл зөвлөгөө өгнө гэж заасан ба мөн журмын 9-д энэ журмыг зөрчсөн албан тушаалтан, даатгуулагч, ажил олгогчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан учраас энэ хариуцлагыг ажил олгогч болон н.Ариунжаргал хүлээх ёстой. Манай байгууллагын зүгээс даатгуулагчаас үл шалтгаалсан ч гэсэн ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

3.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ц.Б-ын эцэг болох Б.Ц нь Ц.Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар барьж ирээд, одоо яах вэ гэж надаас асуухад нь би тушаалыг нь аваад холбогдох бүрдүүлэх материалыг нь хэлж, гар өргөдөл бичээд халамжийн байгууллагад бүртгүүлдэг талаар хэлсэн. Гэхдээ Ц.Б-ын ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш Нийгмийн даатгалын байгууллагад хандаж ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа хэтэрсэн талаар хэлсэн. Яагаад гэвэл 14 хоногийн дотор манай байгууллагад материалаа бүрдүүлээд өгчихсөн байх ёстой гэдэг зөвлөгөөгөө өгсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  Ц.Б-д ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нийгмийн  даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж олгохыг  даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...би ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2023 оны 06 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн аваад  Ховд аймгийн нийгмийн даатгалын байцаагчид 29-ний өдөр материалаа өгсөн, хуулийн хугацаанд материалаа өгсөн гэж, хариуцагчаас Ц.Б нь 06 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Үүнээс хойш 14 хоногийн дотор хүсэлтээ гаргах ёстой. Хэрэгт цугларсан баримтаас харахад 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тийм учраас 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 14 хоногийн дотор хүсэлтээ гаргана. Тухайн үед  ажил хүлээлцсэн баримтаа өгөөгүй” гэж маргаж байна. 

1.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д  Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг  ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн  тэтгэмж авах, мэргэжлийн сургалтанд хамрагдах эрх үүснэ, 5 дугаар зүйлд “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх”-ээр, мөн хуулийн 7 дугаар зүйлд ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэл удаа тооцож  олгохоор тус тус заажээ.

2.Нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж авахдаа  хуульд заасан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг  ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн  тэтгэмж авах эрхтэй. Хуульд заасан дээрх эрхийг хангаж байгаа талаар хариуцагч тайлбарладаг бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

3. Хариуцагч нь нэхэмжлэгчийг нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан 14 хоногийн хугацаанд хандаагүй гэдэг үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан байна.

4.Нэхэмжлэгч Ц.Б нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр анх хүсэлт гаргасан болох нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст түүний гаргасан хүсэлтээр тогтоогдох бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүсэлт гаргасантай талууд маргаагүй.

5.Монгол Улсын Их хурлын тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ТГ-03/1389 дугаар албан бичигт:

Ц.Б-ыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын ерөнхий  нарийн бичгийн  даргын 375 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн,

 ...Улсын их хурлын гишүүний нэг ажилтан Төрийн ордонд байрлан ажилладаг. Улсын Их хурлын гишүүн Б.П-ийн бие төлөөлөгч-туслах нь орон нутагт ажилладаг тул зөвлөх Н.Ариунжаргалд мэдэгдэн, ажлаас чөлөөлсөн захирамжийн хуулбарыг хүргүүлсэн болно. Улсын Их Хурлын гишүүний зөвлөх Н.Ариунжаргал нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ц.Б-д цахимаар хүргүүлсэн... гэжээ.

6.Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулахаар заасан.

7.Дээрхээс үзвэл Монгол Улсын Их хурлын тамгын газраас Ц.Б-д  ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр  түүний цахим хаягаар мэдэгдсэн  болох нь Монгол Улсын Их хурлын тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ТГ-03/1389 дугаар албан бичгээр нотлогдож байна. 

8.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэхээр, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр “Журам батлах тухай” тогтоолоор батлагдсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 5.2-т “Ажлаас халагдсан (чөлөөлөгдсөн) даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор  оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлж,  ажилгүйдлийн тэтгэмж тогтооход шаардлагатай дор дурдсан  баримт бичгийг иргэний үнэмлэхний хуулбарын хамт бүрдүүлэх үүрэгтэй”,  5.2.3-д “Ажлаас халсан тухай шийдвэр, хугацаа нь дуусгавар болж буй ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон эдгээртэй адилтгах бусад гэрээ” зэрэг баримтыг бүрдүүлэхээр заасан.

9.Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн даатгуулагч нь ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байхаар заасан.

10.Энэ нь тухайн нийгмийн даатгалын байгууллагад хамааралтай бус, ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн даатгуулагчид өөрт нь хамааралтай хуулиар хүлээлгэсэн үүрэг юм. 

11.Ажлаас чөлөөлөгдсөн даатгуулагч нь ийнхүү хуулийн хугацаанд бүртгүүлснээр, хуульд заасан хугацаагаар ажилгүйдлийн тэтгэмжийг авах нөхцөл бүрдэхээр зохицуулсан байна.

12.Нэхэмжлэгч Ц.Б-д ажлаас чөлөөлөгдсөн  захирамжийг мэдэгдсэн  өдрийг дээрх хуульд заасан ажил олгогчтой тооцоо хийж дууссан өдөр гэж  үзэх бөгөөд   ажлаас чөлөөлөгдсөн захирамжийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн тул энэ өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ гаргах эрхтэй байна.

13.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авахаар гаргасан  хүсэлтийг хуульд заасан 14 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

14.Нэхэмжлэгчээс  ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн захирамжийг гардуулаагүйгээс хугацаа хэтрүүлсэн нь  хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж тайлбарлах боловч “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 5.7-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан нь ажилгүйдлийн тэтгэмж авахаар Нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх  хуульд заасан 14 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэрэглэх зохицуулалт юм.

15.Дээрх байдлаар  хариуцагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан 14 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Б-д ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан   хариуцагчийн татгалзал нь бодит байдалд нийцээгүй бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд  заасныг зөрчсөн хууль бус, мөн уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн ажилгүйдлийн тэтгэж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

16.Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ц.Б-д ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ц.Б-д ажилгүйдлийн тэтгэмж олгохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5, 7 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ц.Б-д ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ц.Б-д ажилгүйдлийн тэтгэмж олгохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас  /Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Г.ЯНЖИНДУЛАМ