Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/01922

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/01922

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Авто замчдын гудамж, өөрийн байранд байрлах, 2872072 регистрийн дугаартай, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Скай Гарден, 303 дугаар байр, 2001 тоотод байрлах, 5389852 регистрийн дугаартай, ******* ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Оффис болон авто зогсоолын түрээсийн гэрээний үүрэг, хохиролд нийт 156.609.943 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ******* ХХК-д холбогдуулан оффис, авто зогсоолын түрээсийн гэрээний үүрэг, хохиролд 156.609.943 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэргийг хэлэлцүүлэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 123.544.575 төгрөг нэхэмжилж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нар урт ХХК хариуцагч ******* ХХК-иас 156.609.943 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 123.546.575 төгрөг нэхэмжилж байна. 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 201801 дүгээр оффис түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 67.616.469 төгрөг, алданги 33.808.234 төгрөг нийт 101.424.703 төгрөгийг нэхэмжилж байна. Талууд 2018 оны 4 дүгээр сард Нар урт ХХК-ийн өмчлөлийн цогцолбор барилгын 11 дүгээр давхрын 832 м.кв оффисыг түрээслэхээр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн эхний 3 сард нэг удаа төлбөр төлөхөөр харилцсан тохиролцсон боловч 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 25.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг 31.336.524 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт орж сарын төлбөрийг 37.464.300 төгрөг болгохоор тохиролцсон. Гэтэл ******* ХХК гэрээгээр тохирсон хугацааг удаа дараа хэтрүүлдэг байсан бөгөөд тохирсон хугацаандаа төлөлтөө хийгээгүй. Нар урт ХХК-ийн зүгээс санхүүгийн тооцооллоор илүү төлөгдсөн төлөлтөөс өмнөх саруудын алдангийн төлбөрийг хасаж тооцдог байсан. 2018 оны 9 дүгээр сарын 25, 2018 оны 10 дугаар сарын 25, 2020 оны 5 дугаар сарын 25, 2021 оны 02 дугаар сарын 25, 2021 оны 4 дүгээр сарын 25, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрүүдийн ******* ХХК-ийн төлсөн нийт илүү төлөлт болох 39.389.000 төгрөгийг алдангид тооцож суутгаж байсан. Хариуцагчийн зүгээс тус төлбөрийг алданги төлөх үндэслэл байхгүй бөгөөд тухайн алдангийн төлбөрийг төлөх ёсгүй байсан, үндсэн төлбөртөө төлж байсан гэж тайлбарладаг. Түрээсийн гэрээнд хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор алданги тооцохоор тохиролцсон учраас түрээсийн үндсэн төлбөрт 67.616.469 төгрөг, алдангийн төлбөрт 33.808.234 төгрөг, нийт 101.424.703 төгрөгийг ******* ХХК төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр NUB201801 дүгээр авто зогсоолын түрээсийн гэрээ байгуулагдсан ба хариуцагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* ХХК-иас илүү төлсөн төлбөрөөс 341.911 төгрөгийг алдангид тооцож байсан. Авто зогсоолын үндсэн төлбөрт нийт 55.000.000 төгрөг төлөх ёстойгоос хариуцагч 46.286.622 төгрөг төлж, 9.056.288 төгрөг дутуу байна. Хуульд заасны дагуу хугацаандаа төлөөгүй тохиолдолд алдангийг үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 13.581.432 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын хувьд ******* ХХК-иас оффисыг хүлээлгэж өгөхөд талууд хоёр удаа хүлээлцэх актыг үйлдсэн байдаг. Түрээсэлж байсан оффист ******* ХХК 8 нэр төрлийн хохирол учруулсан. Хүлээлцэх акт үйлдэж байх үеэр уг хохирлыг засварлана гэж хэлсэн боловч засварлаагүй. Оффис хүлээлцэх хоёр удаагийн акт болон учирсан гэмтлийг баримтаар хэргийн материалд хавсарган өгсөн тул 8.538.440 төгрөг нийт 123.544.575 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулсан талаар маргаангүй, хүлээн зөвшөөрч байна. ******* ХХК 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нар урт ХХК-тай түрээсийн гэрээ, 2018 оны 5 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл авто зогсоолын гэрээ байгуулсан. 2018 оноос 2021 оны 03 дугаар сар хүртэл 25.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Үүний дараа 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг 31.336.524 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт орон түрээсийн сарын төлбөрийг 37.464.300 төгрөг болгосон. Үүнийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөөд нэхэмжилсэн үнийн дүнг цаг тухай бүрт нь төлж чадаагүй ч гэсэн төлөх үүргээ биелүүлж байсан. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дуусгавар болж төлбөрийн үлдэгдэлгүй болсон. Авто зогсоолын гэрээнд өөрчлөлт ороогүй бөгөөд сард 1.250.000 төгрөгийг төлж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд төлбөрөө бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёр тал ярилцаад манай төлсөн төлбөрийн баримт, мемориалын баримтыг үндэслэн хоёр талын нягтлангууд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг тооцоо нийлсэн актаар манайх төлбөрөө төлсөн харагдаж байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч нар өөрсдөө гаргасан гэж төлбөрийн дэлгэрэнгүй гэх баримтыг гаргаж, дахин түрээсийн төлбөр, алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тооцоо нийлэх актын хүрээнд төлсөн үнийн дүнгээр үндсэн төлбөрөө төлсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл төлсөн үнийн дүнгээс алдангийн төлбөрийг тооцож авсан тул үндсэн төлбөр гарч байна гэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж үндсэн төлбөрт 67.616.469 төгрөг, алдангид 33.808.234 төгрөг авто зогсоолын алдангид 13.581.432 төгрөгийг нэхэмжилж байна. Тэгэхээр төлбөр төлсөн үнийн дүнгээс алдангийн төлбөрийг тооцож суутгаж авсан хирнээ дахин алданги тооцож байгаа нь үндэслэлгүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин тооцоо нийлсэн актаас харахад оффис болон автозогсоолын төлбөрт 36.940.809 төгрөг төлөхөөс манай компани барьцаанд 25.000.000 төгрөг, дараа нь 6.636.520 төгрөг нийт 31.636.520 төгрөг төлсөн байх тул талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т түрээсийн гэрээ дуусгавар болж үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш барьцаа төлбөрөөс түрээсийн төлбөр ашиглалтын зардлыг суутгаж, үлдэгдэл барьцаа төлбөрийг буцаан олгоно гэж заасан дагуу суутгаж тооцоход 5.304.289 төгрөг үлдсэнийг төлөхөд татгалзах зүйлгүй. Хохирол учруулсан гэх төлбөрийн хувьд мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч оффисыг 2021 оны 12 дугаар сард хүлээлгэж өгөөд гарсан. Гэтэл 2022 оны 02 дугаар сард хүлээлцсэн акт дээр ******* ХХК-ийн хуульч гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа боловч ******* ХХК-ийг төлөөлөх эрхтэй субъект биш байна гэж үзэж байна. Компанийн тухай хуульд компанийг төлөөлөх эрхтэй субъектийг тодорхойлсон байдаг. Түрээсийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд хариуцагч талаас алданги нэхэмжилсэн байгаа. Нар урт ХХК-тай гэрээ байгуулаад үүргээ биелүүлсэн байхад алданги нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-т түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан байдаг. Иргэний хуулийн 289 дугаар зүйлийн 289.2.1-т хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж заасан байдаг. Үүнд дэлхий нийтийг хамарсан Ковид 19 халдварт өвчин цар тахлын үе болох 2019 оноос 2021 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд нийт 9 удаагийн хөл хорио тогтоосон. Энэ нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нөхцөл байдал бүрдэж зогсонги байдалд орсон боловч гэрээнд заасан үүргээ биелүүлж цаг бүрд нь төлбөрөө төлж байсан. Гэтэл гэрээний хугацаанд үүргээ биелүүлсэн байхад алданги болох нэмэлт төлбөр нэхэмжилж байгаа нь шударга байх зарчимд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамж төлсөн баримт, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн NUP201801 дугаар түрээсийн гэрээ, хавсралт, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн NUP201801 тоот оффисын талбайн түрээсийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн NUP201801 тоот авто зогсоол түрээслэх, түрээслүүлэх гэрээ, МПМ оффисын түрээсийн талбайн ашиглалтын журам, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн түрээсийн оффис хүлээлцэх акт, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн түрээсийн оффис хүлээлцэх акт, завсарлахаар тохиролцсон ажлууд, хавсралт зургууд, ******* ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх төлбөрийн дэлгэрэнгүй, ******* ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлбөрийн дэлгэрэнгүй, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/253 дугаар ******* ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/234 дугаар ******* ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/299 дугаар ******* ХХК-д санамж хүргүүлэх тухай албан бичиг, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1/172 дугаар ******* ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1/142 дугаар ******* ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1/126 дугаар ******* ХХК-д хүргүүлсэн шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1/118 дугаар ******* ХХК-д хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/113 дугаар шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1/110 дугаар ******* ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1/187 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1/129 дугаар хариу мэдэгдэх тухай албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/200 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/079 дугаар хариу мэдэгдэх тухай албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1/057 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/184 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/176 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1/116 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1/112 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1/096 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2021оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/105 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 5 дугаар сарын 10-ны 1/078 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1/065 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 03 дугаар сарны 03-ны өдрийн 1/030 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/189 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/023 дугаар шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/07 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/54 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/198 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн түрээсийн оффис хүлээлцэх акт, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн түрээсийн оффис хүлээлцэх акт, завсарлахаар тохиролцсон ажлууд, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн түрээсийн оффис хүлээлцэх акт, үнийн санал, Эрчим хүү ХХК-ийн нэхэмжлэх, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн NUP201801 тоот түрээсийн гэрээний сунгалт, хавсралт 1, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн NUP201801 тоот түрээсийн гэрээний сунгалт, хавсралт 1, МПМ цогцолбор, оффисын барилга, В1 давхар гаражийн шалны засварын ажил, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, ******* ХХК-ийн төлбөрийн дэлгэрэнгүй хүснэгт, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ******* ХХК, Нар урт ХХК-ийн тооцоо нийлсэн акт, ******* ХХК-ийн төлбөрийн дэлгэрэнгүй хавсралт 1 баримтыг,

 

Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, төлбөрийн баримтууд, ******* ХХК-ийн тооцооны баримт, цахим гүйлгээний баримт, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02/707 дугаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар бүрдүүлж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нар Урт ХХК-ийн ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 25.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг 31.336.524 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт орж сарын төлбөрийг 37.464.300 төгрөг болгохоор тохиролцсон. Гэтэл ******* ХХК гэрээгээр тохирсон хугацааг удаа дараа хэтрүүлдэг байсан бөгөөд тохирсон хугацаандаа төлөлтөө хийгээгүй. Нар урт ХХК-ийн зүгээс санхүүгийн тооцооллоор илүү төлөгдсөн төлөлтөөс өмнөх саруудын алдангийн төлбөрийг хасаж тооцдог байсан. 2018 оны 9 дүгээр сарын 25, 2018 оны 10 дугаар сарын 25, 2020 оны 5 дугаар сарын 25, 2021 оны 02 дугаар сарын 25, 2021 оны 4 дүгээр сарын 25, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрүүдийн ******* ХХК-ийн төлсөн нийт илүү төлөлт болох 39.389.000 төгрөгийг алдангид тооцож суутгаж байсан.Түрээсийн гэрээний хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор алданги тооцохоор гэрээнд тохиролцсон учраас оффис түрээсийн үндсэн төлбөрт 67.000.000 төгрөг, алдангийн төлбөрт 33.808.234 төгрөг, нийт 101.424.703 төгрөгийг ******* ХХК төлөх үндэслэлтэй. Мөн авто зогсоолын түрээсийн гэрээний дагуу хариуцагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* ХХК-иас илүү төлсөн төлбөрөөс 341.911 төгрөгийг алдангид тооцож авсан. Авто зогсоолын үндсэн төлбөрт нийт 55.000.000 төгрөг төлөх ёстойгоос хариуцагч 46.286.622 төгрөгийг төлж, 9.056.288 төгрөг дутуу байна. Хуульд заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцон нийт 13.581.432 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын хувьд ******* ХХК-иас оффис хүлээлгэж өгөхдөө талууд хоёр удаа хүлээлцэх актыг үйлдсэн. Түрээсэлж байсан оффист ******* ХХК 8 нэр төрлийн хохирол учруулсан ба хүлээлцэх акт үйлдэж байх үеэр уг хохирлыг засварлана гэж хэлсэн боловч засварлаагүй. Оффис хүлээлцэх хоёр удаагийн акт болон учирсан гэмтлийг баримтаар хэргийн материалд хавсарган өгсөн. Иймд оффис болон авто зогсоолын түрээсийн үндсэн төлбөр, алданги учруулсан хохирол нийт 123.544.575 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дуусгавар болж төлбөрийн үлдэгдэлгүй болсон. Авто зогсоолын гэрээнд өөрчлөлт ороогүй бөгөөд сард 1.250.000 төгрөгийг төлж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон. Нэхэмжлэгч тал оффис түрээсийн төлбөрт 67.616.469 төгрөг, алдангид 33.808.234 төгрөг, авто зогсоолын алдангид 13.581.432 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хоёр тал тооцоо нийлсэн акт үйлдэхэд манайх төлөх төлбөргүй гэж гарсан. Гэтэл нэхэмжлэгч өөрсдөө дахин төлбөрийн дэлгэрэнгүй гэх баримтыг гаргаж, төлбөр, алданги нэхэмжилж байна. Мөн манай төлсөн үнийн дүнгээс алдангийн төлбөрийг суутгаж авсан гэж тайлбарлаж байгаа хирнээ дахин алданги тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Оффисыг 2021 оны 12 дугаар сард хүлээлгэж өгөөд гарсан, гэтэл 2022 оны 02 дугаар сард хүлээлцсэн акт дээр ******* ХХК-ийн хуульч гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа боловч ******* ХХК-ийг төлөөлөх эрхтэй субъект биш гэж үзэж байна. Харин төлбөрийн үлдэгдлээс барьцаанд төлсөн 31.636.520 төгрөгийг хасаж 5.304.289 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч ******* ХХК 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч ******* ХХК-тай NUP201801 дүгээр түрээсийн гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Автозамчдын гудамжид байрлах, МПМ цогцолбор барилгын 11 давхар, 832.54 м.кв талбай бүхий объектыг 3 жилийн хугацаатай, түрээслэхээр харилцан тохиролцсон байна.

 

6.Улмаар талууд түрээсийн гэрээнд 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр NUP201801 тоот авто зогсоол түрээслэх, түрээслүүлэх гэрээгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Автозамчдын гудамжид байрлах, МПМ цогцолбор барилгын зоорийн В2, В1 давхрын 8-14 тоот хаягт байрлах, 7 авто зогсоолыг түрээслэжээ.

 

7.Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1-т ...Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурж баталгаажуулан хуульд нийцүүлэн хийсэн байх ба гэрээний дагуу түрээслүүлэгч ******* ХХК дээрх объектийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, түрээслэгч тал оффис болон автозогсоолын талбайг хүлээн авч, төлбөр төлөх үүргийг хүлээсэн байна.

 

8.Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан дагуу түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс маргаан гарсан гэж тайлбарлаж, оффис болон авто зогсоолын үндсэн төлбөр болон хугацаа хэтрүүлсэн алданги нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн ба харин хариуцагч түрээсийн төлбөрийг хугацаандаа төлж байсан боловч Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 халдварт өвчний улмаас 2019 оноос 2021 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд нийт 9 удаагийн хөл хорио тогтоосон нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлж үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бүрдэж зогсонги байдалд орсон ч гэрээнд заасан үүргээ цаг тухайд нь биелүүлж төлбөрөө төлж байсан, энэ нь талуудын хоорондын тооцоо нийлсэн актаар тогтоогдож байгаа, гэтэл төлсөн үнийн дүнгээс алдангийн төлбөрийг тооцож суутгаж авсан хирнээ дахин алданги тооцож байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байгаа болно.

 

9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр тал тооцоо нийлж, тооцоо нийлсэн актын талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгч тал төлбөрийн дэлгэрэнгүй гэх баримтыг өөрсдөө гаргасан гэж тайлбарлан шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага 156.609.943 төгрөгийг багасгаж 123.544.575 төгрөг нэхэмжилсэн.

 

10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлбөрийн дэлгэрэнгүй гэх баримтыг үндэслэн оффис болон автозогсоолын түрээсийн үндсэн төлбөр, алданги нэхэмжилж байх боловч дээрх тооцоо нийлсэн актаас харахад оффис түрээсийн төлбөрт 28.227.431 төгрөг, автозогсоолын төлбөрт 8.713.378 төгрөг нийт 36.940.809 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байх ба энэхүү актын талаар маргахгүй гэж тайлбарласнаас үзэхэд түрээсийн үндсэн төлбөрт 67.616.469 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

 

11.Харин нэхэмжлэгч тал хариуцагчийг алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож, оффис түрээсийн гэрээний алдангид 33.808.234 төгрөг, автозогсоолын түрээсийн гэрээний алдангид 13.581.432 төгрөг нэхэмжилж байна гэх боловч үндсэн түрээс болох 67.606.468 төгрөг, автозогсоолын түрээс болох 27.162.864 төгрөгийг биелүүлээгүйг хэрхэн тооцсоноо баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл уг тооцоо нь талуудын хооронд байгуулсан тооцоо нийлсэн актаас өөр зөрүүтэй, аль хугацаанаас тооцож, хэдэн төгрөгнөөс алданги тооцож, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, нөгөө талаар өмнөх саруудын алдангийг хариуцагчийн илүү төлсөн мөнгөнөөс тооцож суутгадаг байсан гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд алдангийг хэзээнээс хэрхэн тооцож, одоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар яаж тооцож дээрх үнийн дүн гарч байгаа нь ойлгомжгүй, ******* ХХК-ийн төлсөн илүү төлөлт болох 39.389.000 төгрөгийг алдангид тооцож суутгаж авсан гэж тайлбарлаж байгаа ч алдангид суутгасан гэх 39.389.038 төгрөгнөөс дахин алданги тооцсон нь үндэслэлгүй, үндсэн түрээсийн төлбөр, алдангийг хуульд нийцүүлэн хэрхэн тооцож гаргаснаа нотолж чадахгүй байна.

 

12.Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болж, хариуцагч ******* ХХК түрээсийн байрыг чөлөөлж, нүүхдээ обьектод хохирол учруулсан гэж 8.538.440 төгрөгийг нэхэмжилж хоёр удаа түрээсийн оффис хүлээлцэх акт үйлдсэн гэжээ.

 

13.2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн оффис хүлээлцсэн актад ******* ХХК-ийг төлөөлж, А.Эрдэнэтуяа гарын үсэг зурсан, тус актад 1-9 ширхэг засвар үйлчилгээг жагсааж, дээр дурдсан дутуу болон засварын ажлуудыг бүрэн гүйцэтгэсний дараа түрээсийн талбайг хүлээлцэнэ гэж, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн оффис хүлээлцсэн актад 1-3 ширхэг засварын ажлыг жагсааж, засварын ажлуудыг нэгтгэн үнийн дүнг гарган барьцаа төлбөрөөс хасуулна. Түрээсийн төлбөрийн тооцоо дуусаагүй байгаа бөгөөд тооцоо нийлэхээр тохиролцов гэж, ******* ХХК-ийг төлөөлж өмгөөлөгч П.Энхбаясгалан, Г.Батжаргал нар гарын үсэг зурсан байх боловч хариуцагч компаниас хуулийн зөвлөхөд оффис хүлээлцэх эрх үүргийг олгоогүй, улмаар уг баримтад өмгөөлөгч П.Энхбаясгалан, хуульч Г.Батжаргал нар гарын үсэг зурсан нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш гэж маргаж байгаа нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

14.Учир нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд хуульч П.Энхбаясгалан, Г.Батжаргал нарт ******* ХХК-ийг төлөөлж оролцох этгээд болохыг баталсан баримт хэрэгт авагдаагүй, 8.538.440 төгрөгийн хохирол учирсныг баримтаар нотлоогүй байх тул хохиролд 8.538.440 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

15.******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т түрээсийн гэрээ дуусгавар болж үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгчээс түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 7 хоногт түрээслүүлэгч нь барьцаа төлбөрөөс түрээсийн төлбөр ашиглалтын зардлыг суутгаж, үлдэгдэл барьцаа төлбөрийг буцаан олгоно гэж заажээ.

 

16.Хариуцагч ******* ХХК тооцоо нийлсэн актад дурдсан 36.940.809 төгрөгийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрсөн ба дээрх гэрээний заалтыг үндэслэн барьцааны төлбөрт төлсөн 31.636.520 төгрөгийг төлбөрийн үлдэгдлээс суутган тооцож /36.940.809-31.636520/= 5.304.284 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 5.304.289 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 118.240.286 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 941.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 99.819 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН