| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 21020035550251 |
| Дугаар | 2022/ДШМ/301 |
| Огноо | 2022-03-17 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэмбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2022/ДШМ/301
А.Тод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Эрдэмбаатар,
шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Тод холбогдох эрүүгийн 21020035550251 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн Аын Т, 1996 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжгийн багш мэргэжилтэй, Шинжлэх ухаан технологийн их сургуульд бүжгийн багш ажилтай, ам бүл 5, өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх нарын хамт -тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;
Шүүгдэгч А.Т нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1249.3 грамм бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” зочид буудлын 206 тоот өрөөнд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: А.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Аын Тыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Аын Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “№1 гэж дугаарласан гялгар уутны хамт 559.4 грамм жинтэй өвс мэт зүйл ээс Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 543.3 грамм Каннабис, №2 гэж дугаарласан “Хужирт” гэсэн бичигтэй хуванцар савтай 749.8 грамм жинтэй өвс мэт зүйлээс Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 706 грамм Каннабис”-ыг /Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа/ тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, А.Т нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, А.Тод авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний зүгээс хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшин харамсаж, гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Хойшдоо алдсан алдаанаасаа суралцаж, алхам бүртээ хяналт тавин, өөрийгөө хөгжүүлж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Би өөрийн мэдлэг боловсрол, авъяас чадвараараа дамжуулан АНУ-ын “Movtion dance creative” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр бүжгийн спортыг өргөжүүлэх, өв тэгш боловсрол олгох сургалттай клубыг 2022 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод нээн хэрэгжүүлж эхлэх үүрэг даалгаврыг өөрийн биеэр хариуцан авсан.Энэ клубын үйл ажиллагаагаар дамжуулан ирээдүй хойч болон өсвөр үеийн хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, нийгмийн энэ давхаргад хүчтэй нөлөө үзүүлж буй хар тамхины хэрэглээ, хор уршиг, хорт нөлөө, муу үр дагаварыг залуу үеийнхэндээ ойлгуулж, холуур байхыг өөрийн алдсан алдаан дээр үндэслэн зааж зөвлөн ажиллах болно гэдгээ үүгээр харуулахыг хүсэж байна. Иймд миний хувийн болон эрх зүйн байдлыг минь харгалзан үзэж надад 1 удаа боломж олгож, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Тын өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Тод оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Шүүхээс А.Тод эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнээд, харин “тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Тэрээр байгальд ургадаг өвсийг түүж хэсэгхэн хугацаанд хадгалсан гэмт үйлдэл хийсэн. Тэр химийн аргаар боловсруулсан хар тамхийг олж авч хадгалаагүй. Монголчууд бидний “Хогийн олс” гэж нэрлэдэг энэ өвс нь химийн аргаар боловсруулан гаргаж авсан герион, кокайн, айс/мөс/, ЮР, экстази гэх мэт хар тамхинуудаас хоруу чанарын хувьд хэдэн арав дахин бага болох нь судалгаагаар нотлогдсон. Энэ ургамлыг эмийн үйлдвэрт өргөн хэрэглэж, олон эмийн найрлагад оруулж, тэдгээр эмүүдээр нь иргэдийг эмчилж байна. Манай улсын эмнэлгийн байгууллагад эмчилгээнд хэрэглэж байгаа тайвшруулах үйлчилгээтэй олон эмийн найрлаганд “дельта-9 тетрагидроканнабинол" гэх бодис орсон байна. АНУ-ын 33 муж, Канад, Герман, Нидерланд, Португаль, Сингапур, Аргентин, Норвеги, Швейцарь, Израйль, Гүрж, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс зэрэг олон оронд энэ өвсийг хэрэглэхийг хуулиар зөвшөөрдөг. Байгальд ургадаг өвс болон синтетик /химийн/ аргаар боловсруулан гаргаж авсан хар тамхинуудын энэ ялгамжтай байдлуудыг шүүх харгалзан үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулаагүйд гомдолтой байна. Шүүгдэгч А.Тыг нийгмээс тусгаарлаж, хорих ялыг биечлэн эдлүүлэх зайлшгүй шаардлага байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд 5 хүртэл жилээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэсэн бол мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" гэж заасан. Тэрчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болно гэж заасан байна. Шүүгдэгчид ашигтай, хүмүүжлийн шинж чанартай, үр өгөөжтэй, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн эрүүгийн хуулийн эдгээр заалтуудын бүх шаардлагыг шүүгдэгч А.Т бүрэн хангасаар байтал шүүх эдгээр заалтуудыг хэрэглэлгүй гагцхүү хорих ял оногдуулж шоронд хорихоор шийдвэрлэсэнд гомдож байна. Шүүгдэгч А.Т нь “хогийн олс” гэх энэ ургамлаас хамааралтай болчихсон түүнийг байнга хэрэглээд явдаг хүн биш болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын дүнэлтээр нотлогдож байгаа. А.Т нь бүжгийн спортын төрлөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож шагналт 6 дугаар байр эзэлж явсан олонд танил болсон хүн. Тэр тодорхой оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилтай, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзлэн гэр бүлийн хамтын ажиллагааг зохиож өрхийн тэргүүн болж яваа залуу хүн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсэн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино." гэж заасан байна. А.Т нь амьдралд дөнгөж хөл тавьж байгаа сэхээтэн залуу. Ёс суртахуун, зан чанар, ертөнцийг үзэх үзэл нь төлөвшиж яваа насандаа шоронд хоригдвол сайн хүн болж төлөвшихгүй нь лавтай. Санамсар болгоомжгүй, хэнэггүй, саваагүй зангаасаа болоод анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, дахин ийм алдаа дутагдал огт гаргахгүй байж чадна гэдгээ илэрхийлсээр байна. Тэр энэ хэргээсээ дахин алдахааргүйгээр том сургамж авсан. А.Тыг зан үйлээ засах сургалтанд хамруулж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож түүнд шүүхээс нэг удаа боломж олгож, нийгмээс тусгаарлахгүй байх нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй, хүмүүжлийн шинжтэй болох юм. Хорих байгууллагад хорих ял эдэлснээр нийгэмшиж сайн хүн болж төлөвшиж гарч ирэх нь одоогоор маш бага хувьтай байна. Хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг бага гэж үзээд хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамааруулсан. НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дэх хэсгийн С-д “Хор уршиг багатай гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэж яллахын оронд хүмүүжүүлэх, эмчлэх, эмнэлэгийн дараах эмчилгээ хийх, нийгмийн амьдралд эргэн оруулахыг чухалчлах нь зүйтэй“ гэж заасан байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд, А.Тын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухааран ойлгосон байдал зэргийг харгалзан үзэж, нэг удаа боломж олгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл 5 хүртэл жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял оногдуулсан. Түүнд оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.Тод холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч А.Т нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1249.3 грамм бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэн, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” зочид буудлын 206 тоот өрөөнд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
гэрч Т.Зын “...Т бид хоёрын байсан буудалд ирж үзлэг хийхэд Т өөрөө хадгалж байсан өвсөө гаргаж ирсэн. ...” /1хх 42-43/,
гэрч Н.Эын “...манай дүү З ... манай найз Төрөө Оаа эгчийн буудалд 1 сар амьдрахаар болоод оруулсан чинь өвс хадгалж байгаад баригдсан, одоо яана.” гэж ярьж байсан. ...” /1хх 60/,
гэрч Э.Оы “...Тамирын хүү найз Ттойгоо хамт ирээд надад 400.000 төгрөг өгөөд 206 тоотод байхаар болсон. Гэхдээ Зын нэрээр орсон найз гэх Т нь тус өрөөнд байсан. Би 00-ын бөглөөс гаргадаг зүйлийг авах гээд өрөөнд нь ороход З байгаагүй, Т ганцаараа байсан. ...” /1хх 64/,
А.Тын яллагдагчаар өгсөн “...би сонирхоод түүчихсэн юм, хүнд мэдэгдэхгүйгээр өөрийн үүрч явсан цүнхэн дотроо хийгээд ирсэн. Улаанбаатар хот руу хөдлөх гэж байхдаа би нөгөө түүсэн өвснөөсөө жааханыг авч цаасанд боож байгаад татаж хэрэглэсэн. ...” /1хх 95-96/ гэсэн мэдүүлгүүд,
“...А Т - 2021.8.19” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 3827 дугаартай дүгнэлт /1хх 77-78/, “...Хар өнгийн гялгар уутанд хийсэн 543.З г хөгц ургаж чулуу шороотой холилдсон байдалтай өвс ургамал, улаан өнгийн тагтай Хужирт гэсэн бичиглэлтэй цэвэр усны савтай 706.0 г өвс ургамалд тус тус дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3826 дугаартай дүгнэлт /1хх 77-78/, “...А.Т нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тогтооход түүний шээснээс ТНС түвшинд эерэг гэсэн болохыг тогтоосон...” хүний биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /1хх 24-29/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-16/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх 67/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд А.Т гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч А.Тын 1249.3 грамм бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс түүж бэлтгэн, өөрийн байрлаж байсан зочид буудалд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нар “...ял оногдуулахгүйгээр тэнсэх, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, олж авсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.
Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгч А.Тын гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон байна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.Т шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 77 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН