Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2023/0603

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Энх-Эрдэнэ,

Нэхэмжлэгч: Ц.Энхтуяа,

Нэхэмжлэгч: Д.Батбаяр,

Нэхэмжлэгч Д.Бор,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төв

Гуравдагч этгээд: Ц.Батбаатар нарын хоорондын барилгын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Энх-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбаатар, хариуцагч Барилга хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Солонго, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Энх-Эрдэнэ, Д.Батбаяр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа нараас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдуулан

- Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А\244 дүгээр захирамжийн иргэн Ц.Батбаатарт холбогдох хэсэг,

- Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017\18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар,

- Иргэн Ц.Батбаатарт амины орон сууц барих МЗХ 2017\18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр,

- Ц.Батбаатарын амины орон сууцны барилгын ажлын зураг төсөлд хийсэн Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14/13/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг хавсралтын хамт тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Маргаан бүхий газрыг иргэн С.Сэргэлэнд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууц зориулалтаар 433 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаар захирамж, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А\501 дугаар захирамжаар иргэн С.Сэргэлэнгийн газар эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгаж, 000494863 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрхийн гэрээг байгуулж, кадастрын зургийн баталгаажуулсан байна. \1хх-ийн 44-48, 51, 54-61\,

Иргэн С.Сэргэлэн, Ц.Батбаатар нарын 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хүсэлт зэргийг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А\244 дугаар захирамжаар Ц.Батбаатарт маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж \1хх-ийн 167-170\, Ц.Батбаатартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, кадастрын зургыг баталгаажуулж, 000678898 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ. \1хх-ийн 30-36\

Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн хот төлөвлөгөөний газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн МЗХ2017\18-14 дугаар Архитектурын даалгавар \1хх-ийн 70\, төлөвлөлтийн талбайн схем зураг \1хх 71\ зургийг баталсан байна.

Улмаар Барилгын хөгжлийн төвөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14/13/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт гарчээ. /3 хх-ийн 130-149/

3. Нэхэмжлэгч нараас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 612 дугаар байрны урд талд байрлах 500 мкв орчим хэмжээний газрын хашаалж, барилга барихаар төлөвлөж байгаа тухай гомдлыг Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж тус газраас 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 03\4037 дугаар албан бичгээр, Нийслэлийн Засаг даргын Газрын албанд хандахад 03\5200 дугаар албан бичгээр, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07\4225 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг авсан байна.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ маргаан бүхий захиргааны акт дараах үндэслэлээр хууль бус байна гэжээ. Үүнд:

1). Иргэн С.Сэргэлэнд дуудлага худалдаа зохион байгуулалгүй уг газар эзэмших эрх шууд олгож, С.Сэргэлэн нь газраа 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн, эрхийн зөрчилтэй байхад түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Ц.Батбаатарт шилжүүлэн Газрын тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийн заалтыг тус тус зөрчсөн, уг газар доор 61/2, 8/4 дүгээр байрнуудын болон Удирдлагын академийн 36 айлын инженерийн шугам сүлжээ байрлаж байхад барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгосон нь Эрчим хүчний тухай хуулийг зөрчсөн.

2). Иргэн Ц.Батбаатарт амины орон сууцны зориулалтаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 73, 74 дүгээр зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа зохион байгуулах тухай заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 4 дүгээр зүйлийн заалтыг тус тус зөрчин уг газрын эргэн торын иргэдийн саналыг авалгүй, оршин суугчдад мэдэгдэлгүй, дээрх орорн сууцны байрнуудын байгалийн гэрлийг хааж, байригын норм ба дүрмээр тотоосон барилга хоорондын зайг зөрчин, инженерийн шугам сүлжээ бүхий газарт барилга барихаар төлөвлөсөн нь иргэд бидний төдийггүй зэргэлдээ орших 61\2 дугаар байрны 1 давхарт Оргил Хүүхдийн цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Г.Цээрнчимэд, Богд Жавзандамбын гудамжны 8/4 дүгээр байрны оршин суугчид бид манай байрны зүүн тал, 61/2 байрны урд талд байрлах 500 м.кв орчим хэмжээтэй газрыг хашаалж, барилга барихаар төлөвлөсөн тухай мэдээллийг аваад Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газарт хандан иргэн Ц.Батбаатарт амины орон сууцны зориулалтаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 73, 74 дүгээр зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа зохион байгуулах тухай заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журамын 4 дүгээр зүйлийн заалтыг тус тус зөрчин уг газрын эргэн тойрны иргэдийн саналыг авалгүй, оршин суугчдад мдэгдэлгүй, дээрх орон сууцны байрнуудын байгалийн гэрлийг хааж, барилгын норм ба дүрмээр тогтоосон барилга хоорондын зайг зөрчин, инженерийн шугам сүлжээ бүхий газарт барилга барихаар төлөвлөсөн нь иргэд бидний төдөөгүй зэргэлдээ орших 61/2 дугаар байрны 1 давхарт Оргил хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буй талаарх гомдлыг тус газарт гаргахад 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 03/4073 дугаар албан бичгээр хариу өгснийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан.

Дээрх албан бичгээр болон бидэнтэй уулзалт хийхдээ газрын эрх олгогдсон тохиолдолд барилга барих зөвшөөрөл олгодог тул газрын эрхийн асуудлыг Нийслэлийн газрын албанд хандан шийдвэрлүүл гэсэн агуулгатай хариу өгсөн тул иргэд бид Нийслэлийн газрын албанд хандан иргэн С.Сэргэлэнд дуудлага худалдаа зохион байгуулаагүй уг газар эзэмших эрх шууд олгож, С.Сэргэлэн нь газраа 2 жил дараалан гэрээнд засан зориулалтын дагуу ашиглаагүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн байхад түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Ц.Батбаатарт шилүүлэн Газрын тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийн заалтыг тус тус зөрчсөн, уг газар доор 61/2, 8/4 дүгээр байрнуудын болон Удирдлагын академийн 36 айлын байрны инженерийн шугам сүлжээ байрлаж байхад барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгосон нь Эрчим хүчний тухай хуулийг зөрчихийн сацуу бидний эрхийг мөн зөрчиж байна агуулгатай гомдлыг Нийслэлийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирмжар С.Сэргэлэнгийн эзэмшиж байсан 433 м.кв амины орон сууцны зориулалттай газрын эрхийн гэрчилгээг иргэн Ц.Батбаатарт шилжүүлсэн тухай мэдэгдсэн хариуг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шуудангаар хүлэн авсан. Үүний дараа хуульд заасан хугацаанд дээд шатны захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргад хандан дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07/4225 дугаар албан бичгээр иргэн Ц.Батбаатарт газар эзэмших эрх олгосон шийдвэр болон 2017/18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар нь хууль зөрчөөгүй талаарх хариуг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бидэнд шуудангаар хүргүүлсэн бөгөөд үүнийг эс хүлээн зөвшөөрч ийнхүү шүүхэд хандаж байна. Иргэн Ц. Батбаатарт газар эзэмших эрх олгохоос эхлээд барилга төлөвлөх хүртэлх бух процесс хууль тогтоомжийг зөрчсөн төдийгүй уг газар дээр барилга барих тохиолдолд орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ гэмтэх, хамгаалалтын зурвасгүй болж хэвийн ашиглах нөхцөл алдагдах, байгалийн гэрэл хаах, хууль тогтоомжоор тогтоосон барилга хоорондын зай зөрчигдөх, үүнээс болж манай орон сууцны барилгын суурь, хана, бусад бүтээц эвдрэх, гэмтэх эрсдэлийг үүсгэж, 8/4 дүгээр байрны оршин суугчид бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Иргэн Ц.Батбаатарт газар эзэмших эрх олгосон шийдвэр болон барилга барих зөвшөөрөл буюу Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосноор иргэд бидний орон сууцны барилга, барилгын инженерийн шугам сүлжээг хэвийн ашиглах, байгалийн гэрэл үзэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх сэргэнэ гэж үзэж байна.

Иймд иргэн Ц.Батбаатарт газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирамжийн иргэн Ц.Батбаатарт холбогдох хэсэг, Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017/18-14 дүгээр. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Анх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амны орон сууцны зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 тоот захирамжаар 5 жилийн хугацаатай иргэн С.Сэргэлэнд газар эзэмшүүлсэн байна. Газар эзэмших эрх олгосон эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлт гаргаж улмаар нийслэлийн Засаг даргын 2009 оны 210 тоот захирамж, 2014 оны А/501 тоот захирамжаар тав таван жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн байна. Иргэн С.Сэргэлэн Ц.Батбаатар нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу холбогдох баримт бичийг бүрдүүлж хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирамжаар иргэн Ц.Батбаатарт газар эзэмших эрх шилжсэн байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/244 тоот захирамж нь нэхэмжлэгч Д.Батбаяр, Ц.Энхтуяа, Д.Бор иргэдийн хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны 61/2 дугаар байрны урд талд байрлах 433.0 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар иргэн Ц. Батбаатарт олгосон байна. Дээрх байршилд 2007 онд баталсан эх загвар зургийн хугацааг сунгуулах хүсэлтийг иргэн Ц.Батбаатараас Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын гуравдугаар бүлгийн 3.12 дугаар зүйл /Барилга байгууламжийн эх загвар зураг батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд барилга угсралтын ажил эхлээгүй бол уг барилга байгууламжийн эх загвар зургийг хүчингүй болгох эсэх асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ/-д заасны дагуу Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 18 дугаар хуралд хэлэлцжээ. Хурлаас, 2007 онд баталсан эх загвар зургийг барилгын давхрын тоог бууруулж, одоогийн байгаа тухайн орчинтой норм дүрэмд нийцүүлэх тухай шийдвэр гарснаар №2017/18-14 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөн олгосон байна. Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгын хэмжээг төлөвлөлтийн талбайгаар зааж өгсөн бөгөөд газар дээрх болон доорх дэд бүтцийн шугам сүлжээ эзэмшигч байгууллагуудтай зөвшилцөх, зөөж шилжүүлэх тухай асуудлыг шийдвэрлэсний дараа буюу эх загвар зураг батлах шатанд барилгажих талбайн хэмжээ багасгаж ирүүлэхээр даалгавар олгогдсон болно. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.Батбаатарын барилгын загвар зургийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн манай газар дээгүүр ж байгаа бусдын шугамыг зөөх болон холбогдох техникийн нөхцөл авахтай холбогдуулан загвар зураг батлуулах шаардлагатай байгаа тул.. гэсэн хүсэлтийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан бөгөөд танай шүүхэд тус газрын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09/3461 дугаартай албан бичгээр нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Хариуцагч Барилгын хөгжлийн төвийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Батбаатар нь Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт "UB town" амины орон сууцны барилга барихаар төлөвлөн 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр М3Х2017/18-14 тоот дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан байдаг. Улмаар төлөвлөсөн барилгынхаа зураг төсөлд магадлал хийлгэх хүсэлтийг тус төвд ирүүлсний дагуу дээрх архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн магадлалын ажлыг зохион байгуулж, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1413/2018 дугаар дүгнэлтийг гаргасан. Харин тус төвд хөрш зэргэлдээ газар эзэмшигчтэй маргаантай байгаа талаар ямар нэг мэдээлэл ирээгүй болно. Барилгын тухай хуульд зааснаар Хот төлөвлөлт хөгжлийн газар нь барилга байгууламжийн загвар зургийг батлах үүрэгтэй бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгавар нь тухайн барилгын байршлыг тодорхойлж буй баримт бичиг юм. Иймээс иргэн Ц.Батбаатарын эзэмшлийн газарт төлөвлөгдсөн барилгын зураг төслийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг шүүхээс хүчингүй болгосон нөхцөлд тухайн барилга уг байршилд баригдах боломжгүй болох тул магадлалын дүгнэлтийг хүчингүй болгох шаардлагагүй. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д зааснаар "загвар зураг гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ гэж заасан.

Энэхүү загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэн аймаг, нийслэлийн ерөнхий архитектор баталж өгдөг. Үүгээр тухайн барилга байгууламжийн орчны тоймыг тодорхойлдог учир эргэн тойрны барилга байгууламжийн өмчлөгчийн эрхийг зөрчигдөх эсэхийг тодорхойлно. Нэгэнт архитектур төлөвлөлийн даалгавар, загвар зураг хоёр батлагдсан нөхцөлд ажлын зургийг барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд боловсруулж, энэхүү хуулийн этгээдийн захирал, инженер, архитектор Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 5.4, 5.6-д зааснаар баталгаажуулна. Ийнхүү Баталгаажуулсан ажлын зурагт Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан эксперт хараат бус, бие даасан, мэргэжлийн дүгнэлтийг гаргаж, энэхүү дүгнэлтийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж ажилладаг. Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийн 6.15-д Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага экспертүүдээс ирүүлсэн зураг төслийн холбогдох хэсэг тус бүрийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, энэ дүрмийн хүснэгт 2-т заасны дагуу бүртгэлийн дугаар олгож, баталгаажуулна." гэж заасан. Иймд эксперт тус бүр өөрсдөө хариуцлага хүлээхээр гаргасан дүгнэлтийг тус төвөөс хүчингүй болгох, өөрчлөх эрхгүй болно. /БТХ-ийн 39.4.Эксперт барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж мэргэжлийн хариуцлага хүлээнэ/ Иймд тус төвд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Талуудын хоорондын маргаанд дурдагдаж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 61/2 дугаар байрны урд талд байрлах 433 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирамжийн дагуу иргэн Ц.Батбаатарт эзэмшүүлсэн байдаг. Уг газрыг анхлан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 тоот захирамжийн дагуу иргэн С.Сэргэлэнд 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг ба дээрх газрын эзэмших эрх нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 210 тоот захирамж, 2014 оны А/510 тоот захирамжаар тус тус 5 жилийн хугацаагаар сунгагдсан байдаг. Улмаар С.Сэргэлэн нь Ц.Батбаатартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж, Газрын тухай хуулийн 38-р зүйлийн дагуу хүсэлт гаргаж, Нийслэлийн засаг даргаас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А/244 захирамжийг гарган тус газрын эзэмших эрхийг Ц.Батбаатарт хууль ёсны дагуу олгосон болно. Гэтэл нэхэмжлэгчдээс Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирамжийн Ц.Батбаатарт холбогдох хэсэг. Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017/18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь Ц.Батбаатарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зорчиж байна. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирамжийн Ц.Батбаатарт холбогдох хэсэг, Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017/18-14 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар, амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Иймд иргэн А.Энх-Эрдэнэ, Д.Батбаяр, Ц.Энхтуяа, Д.Бор нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А.Энх-Эрдэнэ, Д.Батбаяр, Ц.Энхтуяа, Д.Бор болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяагийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төвд холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

2. Анх маргаан бүхий газрыг иргэн С.Сэргэлэнд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууц зориулалтаар 433 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаар захирамж, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А\501 дугаар захирамжаар иргэн С.Сэргэлэнгийн газар эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгаж, 000494863 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрхийн гэрээг байгуулсан.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /5хх 98-102, 133-136/

4. Иймээс дээрх захирамжууд хуулийн хүчин төгөлдөр байгаа тул С.Сэргэлэнд дуудлага худалдаа зохион байгуулалгүй уг газар эзэмших эрх шууд олгож, С.Сэргэлэн нь газраа 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн, эрхийн зөрчилтэй байхад түүний газар эзэмших эрхийг гэрчилгээг иргэн Ц.Батбаатарт шилжүүлэн Газрын тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийн заалтыг тус тус зөрчсөн гэсэн нэхэмжлэгч нарын үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй.

5. Түүнчлэн С.Сэргэлэн, Ц.Батбаатар нарын 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хүсэлт зэргийг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А\244 дугаар захирамжаар Ц.Батбаатарт маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, Ц.Батбаатартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, кадастрын зургыг баталгаажуулж, 000678898 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

6. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А\244 дүгээр захирамжийн иргэн Ц.Батбаатарт холбогдох хэсэг нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

7. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017\18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаварт эдэлбэр газрын талбайг 432.7 м2, төлөвлөлтийн талбайг 200.4 м2, барилгын төрөл, давхрын тоог 1-3 давхар /зоорьтой/ гэж төлөвлөж, баталжээ. /1хх 70-71/

8. Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв ТӨААТГ-аас 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр 1. Архитектур төлөвлөлтийн 2017\18-14 дугаартай даалгаврыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1413\2018 дугаартай магадлалын нэгдсэн дүгнэлтээр баталгаажсэн зургаар нэхэмжлэгч нарын оршин суудаг 61\2 дугаар байр \хойд талд байрших, одоогийн 8\2 дугаар байр\-аас 3.7 м, 8\4 дүгээр байр \баруун тал байрших\-аас 7.5 метрийн зайтай баригдахаар бйана. 2. Баригдах гэж буй барилга нь 3 давхар орон сууцны барилга тул барилга хоорондын зай хэмжээг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын 2010 оны 418 дугаар тушаалаар батлагдсан Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт \БНбД 31-01-10\-ийн заавал мөрдөх шинж чанартай барилгын норм ба дүрмээр зохицуулдаг. Энэхүү нормын хавсралт 4-т барилгын тууш, тууш талуудын хооронд 15м, барилгын тууш хөндлөн талуудын хооронд 10м байна гэж заажээ. Иймд нэхэмжлэгч нарын оршин суудаг 61\2 дугаар байр \хойд талд байрших, одоогийн 8\2 дугаар\ байраас 3.7 м, 8.4 дүгээр байр \баруун талд байрших\-аас 7.5 метрийн зайтай баригдахаар байгаа нь дээрх барилга хоорондын зай хэмжээний заалтыг зөрчиж байна. 3. Баригдах барилгын зураг төсөл болон Барилга, хот байгуулалтын Сайдын 2007 оны 179 дүгээр тушаалаар батлагдсан Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж \БНбД 23-04-07\ заавал мөрдөх шинж чанар барилгын норм ба дүрмийг үндэслэв. Тус нормыг шинээр төлөвлөх, шинэчлэн өөчлөх, орон сууц, олон нийтийн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гаргах, зураг төсөл боловсруулахад заавал дагаж мөрдөнө. Орон сууц, олон нийтийн барилгад эрүүл ахуйн чухал хүчин зүйл болсон нарын шууд тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааг энэхүү нормоор нормчилсон байдаг. Дээрх нормын 3.2-т зааснаар нормчлогдох хугацааг хавар-намрын улиралд тооцно гэж заасны дагуу 3 дугаар сарын 22-ны өдрөөр тооцсон ба тухайн орон нутгийн байршил, байгаль цаг агаарын болон барилгажилтын онцлогийг тусгав.

Улаанбаатар хот нь хойд өргөргийн 47.55 градуст байрлах тул нормын 3.6-ын дагуу нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг компьютер программ хангамжийн тусламжтайгаар тодорхойлно гэсэн заалтуудыг үндэслэв. Нарын тусгалын зургийн Sketch up pr2021 программаар дүрслэв. Тус барих гэж буй 3 давхар орон сууцны барилгын ертөнцийн зүгээр баруун талд 8\4 дүгээр байр, хойд талд 61\2 дугаар байр байршиж байна. Хавсралт зурагт үзүүлснээр 8\4 дүгээр байранд 09:30-12:30 цаг хүртэл нарын шууд тусгалын үзэхээр байна. Харин 61\2 дугаар байранд 13:00-14:00 цаг хүртэл нарны шууд тусгалыг үзэхээр байна. Иймд дээрх Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж \БНбД 23-04-07\ заавал мөрдөн шинж чанартай норматив баримт бичгийн шаардлагыг 8\4 дүгээр байранд хангаж, 61\2 \ хойд талд байрших, одоогийн 8\2 дугаар байр\ дугаар байранд хангахгүй байна. Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэгийг Зам тээвэр, барилга, хот, байгуулалтын Сайдын 2008 оны 44 дүгээр тушаалаар батлагдсан Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг \БНбД 23-02-08\-ийн нормын дагуу төлөвлөдөг. Уг норм нь шинээр барьж буй болон шинэчлэн өөрчилж буй төрөл бүрийн зориулалттай барилга байгууламж, барилгын гадна талд ажил явуулах газрууд, үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн талбай, үйлдвэрийн газрын төмөр замын гэрэлтүүлэг, хот, суурингийн гадна гэрэлтүүлгийн зураг төсөл боловсруулах ажилд хамаарна. Энэ нь байгалийн гэрлийн үндсэн дээр зохиомол гэрэлтүүлгийг төлөвлөх гэрэлтүүлэг төлөвлөлтийн норм. Хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-Физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөөллийг Орон сууц, олон нийтийн байргила сууцны барилгажилтын бүсийн нарын тусгалын хангамж \БНбД 23-04-07\ эрүүл ахуйн нормоор зохицуулна гэх дүгнэлтийг ирүүлжээ. \3хх 14-23\

9. Уг шинжээчийн дүгнэлтээс үзвэл барилга хоорондын зайг 7.5 м байна гэж тодорхойлсон ба гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс иргэн Ц.Батбаатарын төлөвлөсөн барилга баруун талаараа 1 давхар бөгөөд зүүн залгаа 3 давхар барилга хүртэл зай нь барилгын норм, дүрмийг хангаж байгаа гэж тайлбарлаж байна.

10. Хэрэгт авагдсан эскиз зураг /2хх 223-227/, магадлалын ерөнхий дүгнэлтэд барилга нь тэнхлэгээрээ 19.5:11.5 м хэмжээтэй, -+0.00 түвшнээс доош 1 давхар зоорьтой, 3 давхар байхаар төлөвлөсөн байна /3хх 130-136/ гэснээс үзвэл тухайн барилга нь 3 давхар бүхий цогц барилга байхаар төлөвлөгдсөн байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

11. Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барилгын үйл ажиллагааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 33.1.2 энэ хуулийн 5.1.1, 5.1.2-т заасан барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг батлах, 5 дугаар зүйлийн 5.1.1 барилгын норм, дүрэм, гэж заасан байх бөгөөд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалаар Барилгын норм ба дүрмийг баталжээ.

12. Барилгын норм ба дүрмийн 4 дүгээр хавсралтын 2.5-д орон сууц барилга хоорондын зайн хэмжээг тусгасан байх бөгөөд 2-4 давхар барилгад барилгын тууш урт талуудын хооронд 15 метр, барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10 метр байхаар тусгажээ.

13. Түүнчлэн Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж \БНбД 23-04-07\ заавал мөрдөн шинж чанартай норматив баримт бичгийн шаардлагыг 61\2 \ хойд талд байрших, одоогийн 8\2 дугаар байранд хангахгүй талаар шинжээчийн дүгнэлт гарчээ.

14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ц.Батбаатарт амины орон сууцны зориулалтаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 73, 74 дүгээр зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа зохион байгуулах тухай заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 4 дүгээр зүйлийн заалтыг тус тус зөрчин уг газрын эргэн тойрны иргэдийн саналыг авалгүй, оршин суугчдад мэдэгдээгүй гэж тайлбарлаж байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2-т заасан хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх гэдэгт тухайн асуудал хамаарахгүй, мөн дээрх журмын Дөрөвдүгээр бүлгийн 4.2-т Дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно гэж тусгаснаас үзвэл заавал санал авах зохицуулалтгүй байна.

15. Хэрэгт авагдсан инженрийн шугам сүлжээний зураг /1хх 159/, эскиз зурагт газар доорх шугам сүлжээг зөөж шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх /2хх 224/ зэрэг баримтаас үзвэл инженерийн шугам сүлжээ бүхий газарт барилга барихаар төлөвлөсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

16. Иймд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017\18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар, түүнийг үндэслэн гарсан амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр, Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14/13/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 ...шийдвэр нь үндэслэл бүхий байх хууль зүйн, барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож шүүх шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017\18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар, иргэн Ц.Батбаатарт амины орон сууц барих МЗХ 2017\18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр, Ц.Батбаатарын амины орон сууцны барилгын ажлын зураг төсөлд хийсэн Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14/13/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг хавсралтын хамт тус тус хүчингүй болгож, үлдэх хэсэг болох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А\244 дүгээр захирамжийн иргэн Ц.Батбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 2,586,320 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас 1,293,160 төгрөгийг, Барилгын хөгжлийн төвөөс 1,293,160 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас 35100 төгрөгийг, Барилгын хөгжлийн төвөөс 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ