Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 00269

 

 

 

 

 

    2017          10               18                                                 269        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Баянбилэг,

Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаянхярваагийн Алтанцэцэгт холбогдох эрүүгийн 1738002300070 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х.А, 1978 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Хямд барааны дэлгүүрт хувиараа наймаа эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ..................... дугаартай,

Шүүгдэгч Х.А нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Зах дотор үйлчилгээ явуулдаг “Хямд” дэлгүүрт иргэн Г.М-тай хэрүүл маргаан үүсгэн гутлаар шидэж эрүүл мэндэд нь баруун бугалга, цээж, зүүн хөхөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.А нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Зах дотор үйлчилгээ явуулдаг “Хямд” дэлгүүрт иргэн Г.М-тай хэрүүл маргаан үүсгэн гутлаар шидэж эрүүл мэндэд нь баруун бугалга, цээж, зүүн хөхөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Х.А-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хэрүүл маргааныг М гэх хүн өөрөө эхлүүлсэн. Энэ хүн өөрөө эхэлж миний наймаа эрхэлдэг лангууг нааш цааш нь түлхэж намайг хэл амаар доромжилж эхэлсэн. М гэх хүний дүү нь Хямд дэлгүүрт миний харалдаа лангуу түрээсэлж наймаа эрхлээд 3 сар болсон. Энэ хугацаанд бид хоёр нэг ч удаа хэрэлдэж маргалдаж байгаагүй. Гэтэл эгч нь болох М гэх хүн орж ирээд 3 хоног надаас хэрүүл өдөж бид хоёр хэрэлдсэн. Би санаандгүй М гэх хүн рүү дуугүй бай гээд хүүхдийн жижиг пүүз авч шидтэл зүүн талын хөхөн дээр нь оносон. Өөр ямар нэгэн асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

Хохирогч Г.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 08-р сарын 30-ны өдөр би Мөрөн сумын зах дотор үйлчилгээ явуулдаг Хямд дэлгүүрт байрлах өөрийн дүүгийн ажиллуулдаг хувцасны лангуун дээр наймаа хийж байсан юм. Манай дүү өөрөө ажилтай байсан болохоор оронд нь би наймааг нь хийж байсан юм. Ингээд тус өдрийн 12 цагийн барагцаанд би өөрийн дүүгийн лангууны урд талын лангуун дээр наймаа эрхэлдэг А гэх хүүхэнд хандан “Чи хоёр лангуу зэрэгцүүлээд тавьчихсан болохоор бид хоёрын лангууны зай багасаад хоёр лангууны урдуур хүн өнгөрөх гэхээр хөлтэй лангуунд чинь хүүхэд бүдэрч унаад байна. Хоёр хүүхэд бүдэрч уналаа чи хараа биз дээ” гэж хэлээд чи лангуугаа хойш нь жаахан түлхчих гээд лангууных нь булангаас хойш нь жаахан түлхтэл А лангуугаа буцааж түлхээд энэ муу яасан даварчихсан авгай вэ хүн дуугүй байгаад байхад, наадах дэлгүүрийг чинь би худалдаж авсан, чи муу зайл гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Ингээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Ингээд байж байтал А.туяа намайг чи муу хар дархад гэж хэл амаар доромжилж байснаа, чи муу миний хоёр хүүхдийг идэж ууна гэлээ гээд гутал барьж аваад над руу дайраад барьж байсан гутлаараа миний толгой, цээж, гар луу цохисон. Тэгтэл хажууд нь зогсдог Ж гэх хүүхэн А.туяаг барьж авч надаас холдуулсан. Тэгээд байж байтал А.туяа над руу гурван ширхэг гутал авч шидээд хоёр нь миний толгой дээр тусаад, нэг нь миний хөхөн дээр туссан. Ингээд хүмүүс боль гээд больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Гэрч Д.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 08-р сарын 30-ны өдрийн 12 цагийн барагцаанд би өөрийн түрээсэлж ажиллуулдаг Хямд нэртэй дэлгүүрт ороход манай дэлгүүрт надтай хамт лангуу түрээсэлж наймаа эрхэлдэг А эгч болон М гэх хүн хоёр хэрэлдэж байсан. Тэгээд би А эгчээс юу болсон яасан юм бэ гэж асуухад тэр хоёр лангуун дээрээс болж хэрэлдсэн бололтой юм ярьж байсан. Тэгээд намайг лангуун дээрээ байж байхад тэр хоёр хоорондоо хэрэлдээд би чадах уу, чи чадах уу гээд хэрэлдэж байснаа М гэдэг эгч би чиний гурван хүүхдийн хараана, дараа нь чамайг хараана гэсэн утгатай юм ярьтал А эгч чи миний 3 хүүхдийг хараана гэлээ гээд өөрийн лангуу дээрээс 2 ширхэг гутал аваад шидэж байгаа харагдсан. А эгчийн шидсэн 2 ширхэг гутлын нэг нь М гэх хүний цээж, хөх хавь руу нь онож байгаа харагдсан. Нөгөөх нь дээшээ өөр юм оноод шалан дээр унаж байгаа харагдсан. Алтаа эгчийг гутал шидэхийн өмнө М гэх хүн чиний лангуунууд зай их эзэлж байна гээд А эгчийн лангуун дээр өрөөстэй байсан гутлуудыг нь газарт авч шидээд байсан. Тэгээд Ж эгч бид хоёр тэр хоёрыг боль гээд А эгчийг холдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Л.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг өглөө ажил дээрээ очтол Хямд дэлгүүрт лангуу түрээсэлж зогсдог А болон О гэх дүүгийнхээ оронд бараан дээр нь зогсож наймаа эрхэлж байсан М гэх хоёр хоорондоо лангуугаа түлхэлцээд хэрэлдээд байсан. Тус өдөр өдөржингөө л хэрэлдээд байсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 08-р сарын 30-ны өдөр би ажил дээрээ 11 цагийн барагцаанд очиход дахиад лангуунаасаа болоод М гуай болон А нар хэрэлдэж байсан. Тэгээд би хүн ихтэй болохоор лангуун дээрээ зогсоод хажуугаар нь гарч орж байгаад бие засчхаад ороод иртэл тэр хоёрын дуу нь бүр чангарчихсан А нь М гэх хүнийг цохих гээд хоосон гараа далайчихсан очиж байхад нь би очиж барьж авсан. Хальт цохиж авсан байж магадгүй. Тэгээд би салгаж аваад боль яагаад хүн цохих гэж байгаа юм бэ гээд тайвшруулаад хойш нь суулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 561 дугаартай:

  1. Г.М-ын биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Г.М-ын биед баруун бугалга, цээж, зүүн хөхөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Тухайн цаг хугацаанд үүссэн байна.
  4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  6. Гэмтлээс үүдэлтэй сэдэрсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Х.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Х.А нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Г.М нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1738002300070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-т дөрвөн зуун тавин нэгэн нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Х.А-т оногдуулсан 451.000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  5. Эрүүгийн 1738002300070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.ЭРДЭНЭ-ОЧИР