Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/282

 

 

 

С.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Майбаяр,

шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/727 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Эын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2111000000934 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Сын Э, 2003 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт -тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

 

Шүүгдэгч С.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр -тоотод байрлах иргэн Б.Мын гэрийн хаалганы даруулга төмрийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 300.000 төгрөгийг хулгайлан авсан,

2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр -тоотод байрлах иргэн Ё.Шгийн гэрт хууль бусаар нэвтэрч, “Samsung А6 plus” загварын гар утсыг хулгайлан авч, 215.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө -тоотод байрлах иргэн Э.Мын гэрт хууль бусаар нэвтэрч, 360 загварын гар утас, мөн агуулахад нэвтэрч, “Кеnn” загварын гар тасдагч 2 ширхэг, бетон дрил 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 296.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогтой Сын Эыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эаас 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мад гаргуулан олгож, түүний цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч С.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Э давж заалдах гомдолдоо: “...би цагдан хорих 461 дүгээр ангид 61 хоног, 409 дүгээр хорих ангид 39 хоногийг өнгөрүүлэхдээ өөрийн гэм бурууг ухаарч ойлгон, хийсэн үйлдэлдээ гэмшиж, хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан. Үүнээс ч ойлгомжтой шалтгаан гэвэл хулгай хийх бол буруу гэдгийг ойлгож, бусдыг хохироогоод зогсохгүй, өөрийгөө ч зэрэмдэглэж, харанхуй нүхэнд унаж байгаагаа мунхаг би мэдсэнгүй. Хулгай хийхгүйгээр гэрэл гэгээтэй амьдрах боломжийг харж чадаагүйдээ өөрийгөө харааж зүхээд дуусашгүйг ойлгож авлаа. Мөн намайг нийгмээс тусгаарлахгүйгээр нас өндөр эцгийн минь асарч хамгаалах болон анх удаа хэрэг үйлдснийг минь бодолцон ял оногдуулахдаа харгалзан үзнэ үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч нь хохирлынхоо ихэнх хэсгийг төлсөн, үлдсэн хохирлоо  төлөхөө илэрхийлж, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. ...” гэв.

 

Прокурор Ц.Майбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан тухайн зүйлд заасан хорих ялын хамгийн бага хэмжээгээр оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч С.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 16-наас  2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бэлэн мөнгө болоод эд зүйлийг нь хулгайлан авч 811.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Эд зүйлээ алдсан талаар хохирогч Б.М /хх 10/, Ё.Ш  /хх 79/, Э.М  /хх 118/ нарын мэдүүлэг, гэрч Б.Алтантуяагийн ”...цонхоороо хараад зогсож байтал манай урд талын айл Анхбаярын хашаа руу намхан нуруутай, согтуу бололтой залуу газар унаж тусаж явсаар орж байгаа харагдсан. Хэсэг байж байгаад буцаад гарсан. ...Орой Анхбаяр манайд орж ирээд гэрт хулгай орсон байна, та анзаарсан уу. ...” гэсэн мэдүүлэг /хх 16-17/, С.Эын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүд хх 52-53, 98-99, 139-140/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6, 108-115/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх 91, 130/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 79, 122/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд С.Э гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч С.Эын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрх бүхий байгууллагаас тогтоосон эд зүйлийн үнэлгээг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоон, хохирогч нарт биет байдлаар буцаан олгосон болон нөхөн төлсөн дүнг хасч, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгч С.Эаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Эын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ,  300.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч С.Эын хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч С.Э шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 87 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/727 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 87 /наян долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                                  Т.ӨСӨХБАЯР

 

            ШҮҮГЧ                                                                                  Л.ДАРЬСҮРЭН