Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2017/ШЦТ/265

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л-д холбогдох эрүүгийн 1738000000021/2673 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Л,

Шүүгдэгч Б.Л нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг дэвсгэр “Алагцар” гэх газар хойд эцэг Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь баруун талын уушгины авчилт, баруун талын олон хавирганы хугарал, баруун атгаал ясны далд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Л нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг дэвсгэр “Алагцар” гэх газар хойд эцэг Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь баруун талын уушгины авчилт, баруун талын олон хавирганы хугарал, баруун атгаал ясны далд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Л-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 07-р сарын 27-ны өдрийн үдээс хойш хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Ханх  руу явж байсан жолооч Нямхүүгийн машинд суугаад Алаг-Эрдэнэ сумын 2-р багийн Алагцар гэх газарт байх хойд аав Батдэлгэрийн гэрт очсон. Хатгалд байхдаа би архи уучихсан согтуу очсон юм. Намайг гэртээ яваад ортол Батдэлгэр гэртээ согтуу манай ээж Батмөнх, хүү Б.Л-, Төгсөө нартай сууж байсан. Би гэрлүүгээ ороод суугаад Батдэлгэрт хандаж хүү нь жаахан ядарч явна даа гэхэд чиний ядрах надад ямар хамаатай юм бэ, яв зайл, Батмөнхийг дагаж ирсэн хоёр гөлгийг өдий хүртэл тэжээлээ, хоноцын шээс энэ тэр гээд доромжлоод байхаар нь Батдэлгэрийг галынхаа дээд талд сууж байхад шанаа руу нь гараараа түлхтэл уначхаар нь цээж хэсэг рүү нь тийрэн өшиглөөд гараад явчихсан юм. Гэрээс гараад иртэл тугалын хашааны хажууд Б.Л- эхнэртэйгээ алаг морь хөтөлчихсөн явж байхаар нь очоод морио өгчих гэж байтал Батдэлгэр бор иштэй тонгоргон хутга бариад хүрч ирж байхаар нь хойшоо ухраад газарт хэвтэж байсан хашааны шонгийн модыг аваад цээж хэсгийг нь гартай нь хавсраад нөгөө модоороо саваад цохитол Батдэлгэр газарт унасан. Газар унасан байхад нь шонгийн модоор цээж хэсэг рүү нь нэг удаа цохиод хоёр удаа дэвсчихсэн. Тэгээд Б.Л-оос морийг нь аваад явсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тэр өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн орчим миний дагавар хүү болох Б.Л согтуу хүнээр хүргүүлж ирээд надаас морь унаж явна гэж дайраад миний баруун гар руу модоор цохисон, тэр үед би ухаан алдсан байна, мөн миний гар хөдлөхөө болиод хавирга, ар нуруу руу өвдөж байсан, тэгэхээр намайг ухаан алдсан хойно зодсон байх гэж бодож байна. Тэгээд намайг сэрээгүй, өөрийнхөө гэрт хэвтэж байхад Б.Л хажуу гэрт Ням-Очирынд орж дүү Б.Л-, Бүрэнтөгс, ээж нартайгаа хэрэлдэж маргалдаад ээж нь зугтаасан байсан, тэгээд манай хүү Б.Л- түргэн дуудсан байсан, түргэн ирэхийн өмнөхөн Б.Л манайхаас миний морийг унаж яваад буцаж ирээгүй. Би түргэний машинаар төвд орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Л нь миний хүү бөгөөд овоглож явдаг, манай нөхөр Б болохоор Б.Л-ийн хойд аав гэсэн үг. Тэр өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шиг санаж байна орой 19-20 цагийн хооронд манай хүү Б.Л Нармандахын Нямхүү гэдэг жолоочоор хүргүүлж очсон, тэгэхдээ Б.Л согтуу очсон, тэгээд Нямхүүг явсны дараа манай хүү Б.Л эхнэр Бүрэнтөгстэйгээ хамт тугал хурааж ирэхээр явсан хойгуур манайд манай тэнд байдаг Ганзориг гэдэг хүү үхэр мал асууж гэрийн гадаа ирсэн, тэгэхээр би тэр Ганзоригтой уулзаад зогсож байхад Б.Л над руу гүйж ирээд өвгөн чинь хутга барьж над руу дайрлаа хутгыг нь Б.Л-т чинь өгсөн шүү гэж хэлж байсан. Би гэхдээ яг өвгөнийг Б.Л зодож цохихыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Л-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр би үхэртээ яваад орой 21 цагийн үед гэртээ ирэхэд Б.Л ах, аав хоёр үхрийн хашааны урд талд гадаа ноцолдож байсан, тэр үед аав газарт уначихсан Б.Л ах 60-70 см орчим урттай хашааны шонгийн гадас мод барьчихсан зогсож байсан, тэгэхээр нь би яагаад юу болоод байгаа юм гэж хэлэхэд Б.Л ах над руу модоо бариад цохих гээд гүйж ирэхээр нь би модон дээрээс нь барьж аваад булааж авсан. ...Ням-Очирын гэрт ороход Б.Л ээжтэй хэрэлдсэн зогсож байсан, тэгэхээр нь би та яах гэж хөгшин хүний гар руу цохиж байгаа юм гар нь хугарсан байна гэж хэлтэл наадах чинь над руу хутга барьж гүйж ирсэн гэж хэлж байсан, би бол тэр хутгыг нь үзэж хараагүй тэгээд эмнэлэг дуудахаар Ням-Очирын утсаар ярих гэтэл утасны аппаратыг нь салгаж аваад орны толгойн дээд завсар руу хаясан байсан, тэгэхээр нь би тэр утсыг авч залгаад эмнэлэг дуудсан, тэгээд гэрээс гарч ирэхэд Б.Л морь унаад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 471 дугаартай:

  1. Б.Б-ийн биед баруун талын уушгины авчилт, баруун талын олон хавирганы хугарал, баруун атгаал ясны далд хугарал бүхий гэмтлүүд учирсан байна.
  2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх баруун талын уушгины авчилт, баруун талын олон хавирганы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад баруун атгаал ясны далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Б.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Л нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 60/59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тэнссэн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 51-66 дугаар хуудсанд авагдсан шийтгэх тогтоолуудын хуулбараар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн 1738000000021 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа.

Шүүгдэгч Б.Л-ийн цагдан хоригдсон 65 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Л-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Л-ид оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-ийн цагдан хоригдсон 65 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
  5. Эрүүгийн 1738000000021 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ЭРДЭНЭ-ОЧИР