| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2111009690940 |
| Дугаар | 2022/ДШМ/281 |
| Огноо | 2022-03-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2022/ДШМ/281
Ч.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Уянга,
шүүгдэгч Ч.Г,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2111009690940 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Чын Г, 1969 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Нийслэлийн түргэн тусламжийн төвд харуул ажилтай, ам бүл ганцаар, -тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, - тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:-/;
Шүүгдэгч Ч.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчим - тоотод Ю.Стай “гэрээсээ хөөлөө, гомо гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар баруун хөлний дотор тал, давсаг, сав хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн бугалгын гадна ар доод хэсэг, цээжний баруун тал, баруун гуяны дотор доод хэсэг, шилбэний гадна дээд хэсэг, зүүн гуяны гадна хажуу дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Чын Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Гөөс нийт 308.050 төгрөгийг гаргуулан хохирогч Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, Дэнжийн 56 цагаан байрны 5 тоотод оршин суух Ю.С /РД:-/-д олгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анх удаа ийм муухай үйлдэл хийж, гэм буруугаа хүлээж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирогчийн эмнэлгийн зардал болох 308.050 төгрөгийг төлж барагдуулж уучлалт гуйсан. Би эрх зүйн мэдлэггүйгээс болж анхан шатны шүүх хурлын дараа 308.050 төгрөгийг төлсөн. Би “Т” ХХК-д хамгаалагчаар 600.000 төгрөгийн цалинтай ажилладаг бөгөөд эрүүл мэндийн хувьд байнгын өндөр даралттай, зүрхний хэмнэлийн өөрчлөлттэй, эмчийн тогтмол хяналтад байдаг зэргийг харгалзан үзэж 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг, эрх зүйн мэдлэггүй, шүүх хуралдаанд өөрийгөө илэрхийлэх чадваргүйгээсээ болж ялын талаар саналаа хэлж чадаагүй гэсэн гомдол гаргаж байна. Түүний гаргасан саналыг дэмжиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах боломжтой. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Ч.Гт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянаж үзэв.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.
Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Ч.Гийг хохирогчийн баруун хөлний дотор тал, давсаг, сав хэсэг рүү нь өшиглөж, бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн бугалгын гадна ар доод хэсэг, цээжний баруун тал, баруун гуяны дотор доод хэсэг, шилбэний гадна дээд хэсэг, зүүн гуяны гадна хажуу дээд хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянавал зохих дараах нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, прокурорын яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын талаар Ч.Гийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ю.Стай маргалдан улмаар баруун хөлний дотор тал, давсаг, сав хэсэг рүү нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж гэмт хэрэг гарсан байдлыг тодорхойлсон бол анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Гийг Ю.Стай маргалдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх дүгнэлтийг хийжээ.
Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 7737 дугаартай дүгнэлтээр “...Ю.Сгийн биед бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, ...” гэмтэл тогтоогдсон байх ба /хх 37-38/ прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ямар үйлдлийн улмаас дээрх гэмтэл учирсан талаар дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл хохирогчийн баруун хөлний дотор тал, давсаг, сав хэсэг рүү хөлөөрөө өшиглөхөд бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал үүссэн гэхэд эргэлзээтэй байна.
Яллах дүгнэлтэд, хэн, хэрхэн яаж хохирол учруулсныг тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.
Түүнчлэн маргалдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж хэргийн үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-т заасан шаардлагад нийцэхгүй байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Гт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэв.
Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Ч.Гийн ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийхгүй орхиж, хэргийг прокурорт очтолд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Гт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ч.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН