Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1952

 

 

 

 

 

 

 

 

 

“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01518 дугаар шийдвэртэй, “Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч АМ,ГТГ-т холбогдох, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 451 773 372 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2014 онд төрийн байгууллага болох Газрын тосны хэрэг эрхлэх газар өөрийн эзэмшлийн газар дээр хөнгөлөлттэй үнээр ажилчдын орон сууц бариулж хамтран ажиллах санал тавьж, улмаар 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 18/14 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г 15 сар 10 хоногийн хугацаатай байгуулж, ажилчдын орон сууц барих ажлыг эхлүүлсэн. Уг гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Газрын тосны хэрэг эрхлэх газрын эзэмшил газар дээр 12 давхар бүрэн цутгамал үйлчилгээтэй орон сууцыг барьж, ороны сууцны 2.948,55 м2 ашигтай талбай буюу 55 айлын байрыг 1 м.кв-ыг 1 350 000 төгрөгөөр борлуулахаар болж, байрны үлдсэн хэсгийг манай компани зарж, борлуулах эрхийг олж авсан билээ. Гэрээний 2.1.7.-д Б тал буюу Газрын тосны хэрэг эрхлэх газар нь ажил үүргээ биелүүлэхэд шаардагдах бичиг баримт болон бусад мэдээллийг саадгүй гаргаж өгөх /газрын захирамж, техникийн нөхцлүүд гэх мэт/ үүргийг, мөн гэрээний 2.1.5-д А талын захиалагчид нь барилгын 1-р орц /барилгын баруун тал/-ны 55 айлын орон сууцыг худалдан авах гэсэн үндсэн үүргийг тус тус хүлээсэн юм. Орон сууцны барилга барих ажлын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хувьд гэрээний 2.1.11 болон 2.1.12.-д заасны дагуу хариуцагч талын хүлээх үүргийг нарийвчлан зохицуулж өгсөн. Үүнд: Газрын тосны хэрэг эрхлэх газар нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор ажилчдынхаа худалдан авах байрны урьдчилгаа төлбөр 30 хувийг, 60 хувийн гүйцэтгэлийн графикийн дагуу “Х-” ХХК-д шилжүүлэхэд анхаарч, зарцуулалтад хяналт тавьж, үлдсэн 10 хувийг түлхүүр гардуулахад саадгүй шилжүүлэхэд анхаарах үүргийг хүлээсэн болно. Хэрэв хариуцагч тал санхүүжилтийн хувьд ийнхүү онцгойлсон, нарийвчилсан үүрэг хүлээгээгүй бол тухайн үед бид Хамтран ажиллах гэрээ-г байгуулахгүй байх байсан. Гэвч хариуцагч нь гэрээнд заасан дээрхи үүргүүдээс нэгийг ч биелүүлээгүй тул барилгын талбай чөлөөлөх, барилгын ажил эхлүүлэх болон угсрах зөвшөөрөл, газрын зөвшөөрөл зэрэг бүхий л ажиллагааг манай компани өөрийн хөрөнгөөр хариуцагчийн хусэлтээр хийж гүйцэтгэн барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулсаар 2017 оны 8 дугаар сарын 04-ны өдөр орон сууцыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл, барилга барих бичиг баримтын ямар ч зөвшөөрөл гаргаж өгөөгүйн улмаас 1 жилийн дотор баригдаад дуусах байсан барилга бүхэл бүтэн 4 жилийн турш сунжирч удааширсан болно. Энэ бүх хугацаанд хариуцагч тал худалдан авах байрны урьдчилгаа болох 30 хувийг ч зохион байгуулж чадаагүй, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг өгөөгүй тул үүнтэй холбоотойгоор манай компанид их хэмжээний хор уршиг учирсан болно. Эцсийн дүнд гуравдагч этгээдийг оролцуулж барилгыг дуусгахаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд манай байгууллага үүнээс болж асар их алдагдалд орж хохирол амссан. Энэ бүх нөхцөл байдлыг Газрын тосны хэрэг эрхлэх газар мэдэж байсан бөгөөд нэгэнт эхэлсэн ажил байсан тул захиалга өгсөн өөрсдийнх нь ажилчдыг бодоод ажлыг дуусгахыг хүссэний дагуу бид бүх хүч, эд хөрөнгөө дайчлан ажилласаар орон сууцыг барьж дуусгасан болно. Үүнтэй холбоотойгоор жил бүр буюу 2015 оны 7 дугаар сарын 09, 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрүүдэд Хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг цаг тухай бүрт нь сунгаж байсан. Хэдийгээр тус байгууллага уг хэлцлийн улмаас манайд учирсан хор уршиг санхүүгийн хүндрэлийг мэдэж байсан боловч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гэрээний нөгөө талын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан бодит хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч байгууллага үүргээ биелүүлээгүйн улмаас буюу барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх болон газрын зөвшөөрөл, баримт бичиггүйн улмаас Мэргэжлийн хяналтын газраас бидэнд тухай бүр акт, торгууль тавьж үйл ажиллагааг зогсоож байсан бөгөөд үүний төлбөрт нийт 1 960 000 төгрөг, Орон сууцны барилгын ажлын санхүүжилт болон бараа материалын төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулаагүйн улмаас манай байгууллага бусдад дараах байдлаар алданги болон хүү төлөхөөр болсон. Үүнд, Иргэн Ч.Нямдаваагаас 250 000 000 төгрөг зээлсэн бөгөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу хүү, алданги, улсын тэмдэгтийн хураамжид 72 295 450 төгрөг, талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-г үндэслэн иргэн Д.Туул орон сууцны барилгад 250 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу уг Хөрөнгө оруулалтын гэрээний ашиг болох 250 000 000 төгрөг, “Батгүен” ХХК-аас бетон зуурмаг худалдаж авсан бөгөөд үүнээс үүсэх алдангид Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу алданги, Улсын тэмдэгтийн хураамжид 85 301 732 төгрөг, “Дөл Цамхаг” ХХК-аас арматур худалдаж авсан бөгөөд үүнээс үүсэх алдангид 22 558 240 төгрөг, Барилгын талбай чөлөөлөхөд гарсан зардал болох нийт 7 000 000 төгрөг, Барилга барих газрын зөвшөөрөл авахад гарсан зардал буюу газрын төлбөрт нийт 3 000 000 төгрөг буюу нийт 451 773 372 төгрөгийн хохирол учраад байна. Хэрэв хариуцагч тухайн цаг үед үүргээ зохих ёсоор үүргээ биелүүлж байсан бол энэхүү үр дагавар гарахааргүй байсан. Бидний хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-ний 4-р зүйлийн 4.2-т "гэрээний үүргийг зөрчсөн тал нөгөө талдаа гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас үүссэн аливаа хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэсний дагуу бид хариуцагч талыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж өөрт учирсан хохиролыг нэхэмжилж байна. Иймд нөхцөл байдлыг хуульд заасан журмын дагуу судлан үзэж бидний нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газраас 451 773 372 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу дараах тайлбарыг гаргаж байна. “Х-” ХХК-ийн гэрээнээс учирсан хохирол болох 451 773 372 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Газрын тосны газар /хуучин нэрээр/ 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн 9011087076, регистрийн 5122023 тоот дугаартай “Х-” ХХК-тай харилцан тохиролцож Монгол Улсын Иргэний хууль, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн бусад актуудыг үндэслэн 12 давхар бүрэн цутгамал үйлчилгээтэй орон сууц барих талаар Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээний хүчин төгөлдөр хугацаа 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болохоор байсан. Ийнхүү Газрын тосны газар өөрийн эзэмшлийн авто баазын хашаанд орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн. Гэрээний хугацаа ёсоор 2015 оны 3 дугаар улиралд багтаан барилгыг барьж дуусган ашиглалтад оруулахаар тохиролцсон тус байгууллагын ажиллагсадтай байгуулсан гэрээнүүдэд ч дээрх хугацаанд орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохирсон байсан. Газрын тосны газрын хувьд “Х-” ХХК-ийн ажлын туршлага, санхүүгийн чадавхыг гэрээ байгуулах тал дээр давуу тал болгож байсан бөгөөд тодруулбал тус компаниас 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн албан бичигт ...2013 онд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ажилчдын 144 айлын орон сууцыг барьсан туршлагатай, орон сууцыг өөрийн хөрөнгөөр барих хүсэлтэй байгаа.. талаар дурдаж байсан нь бидэнд ажиллах туршлагатай, ажиллах хүчний хувьд бололцоотой гэх итгэл үнэмшлийг төрүүлсэн төдийгүй төлөвлөсөн графикт хугацаанд гэрээгээр тохирсон ажлыг багтаан хийх боломжтой гэсэн ойлголтыг өгсөн. Хэрэв нэхэмжлэгч талын ийнхүү ажлын туршлага, санхүүгийн чадавхад итгэл үнэмшилгүй байсан бол тухайн үед Хамтран ажиллах гэрээг байгуулахгүй байх байсан. Гэтэл тус компани нь барилгын ажлын туршлагагүй, үйл ажиллагаандаа барилгын салбарын холбогдох дүрэм журмыг баримтлаагүйгээс манай газрын чиг үүрэгт хамаарах үйл ажиллагаа зогсоох хүртэл хохирол учруулж байсан. Тухайлбал, Гэрээнд заагдсан орон сууцны суурь ухах үедээ тус газрын авто баазын хашаанд хийгдсэн газардуулгыг хөндөж улмаар сайжруулсан зэсүүд алга болсон, барилгын үйл ажиллагаа явуулж байхдаа ойролцоо байрлах, шинээр ашиглалтад ороод 1 жил болж байсан Газрын тосны бүтээгдэхүүн, чанарын хяналтын лабораторийн барилгын бохирын худгийг хагалж цөмлөснөөс үүдэн худаг хөлдөж лабораторийн үйл ажиллагаа зогсоход хүрч байсан. Энэ талаар “Х-” ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2/472 тоот албан бичгээр шаардлага хүргүүлж байсан. Нэхэмжпэгч тал нэхэмжлэлдээ: ...гэрээнд заасан үүргүүдээс нэгийг ч биелүүлээгүй тул талбай чөлөөлөх, барилгын ажил эхлүүлэх болон угсрах зөвшөөрөл, газрын зөвшөөрөл зэрэг ажиллагааг өөрийн хөрөнгөөр хийсэн, барилга барих ямар ч зөвшөөрөл гаргаж өгөөгүйн улмаас барилгын ажил 4 жилийн турш сунжирсан... гэж төрийн захиргааны байгууллагыг буруутгаж байгаа нь огт үндэслэлгүй юм. Учир нь Хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7 болон 2.1.10-т заасны дагуу төрийн захиргааны байгууллага нэхэмжпэгч талд ажил үүргээ биелүүлэхэд нь шаардагдах бичиг баримт болон бусад мэдээллийг саадгүй гаргаж өгөх, барилгын орчны зөвшөөрөлгүй гаражуудыг нүүлгэн шилжүүлэх гэх мэт ажилд хороо, дүүргийн холбогдох албатай хамтарч ажиллах үүргийг хүлээсэн. Тодруулбал, Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь барилгын ажил эхлүүлэх болон угсрах зөвшөөрөл, газрын зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд биш юм. Харин төрийн захиргааны байгууллагаас ажилчдын орон сууц барих газрын зориулалтын захирамжийн асуудлыг холбогдох журмын дагуу Төрийн өмчийн хороонд хүргүүлж ажиллаж байсан бөгөөд хүсэлтийг хурлаар оруулж холбогдох шийдвэр гаргаагүй байгаа тухай 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1/608 тоот албан бичгээр нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан. Мөн барилгатай холбоотой гарах бичиг баримтуудыг холбогдох байгууллагаас авах, газрын захирамж, техникийн нөхцөл авах, зургийг экспертизээр батлуулах ажлуудыг холбогдох компаниар дамжуулан зохион байгуулж байгаа тухай 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4/1315 албан тоотоор нэхэмжпэгчид хүргүүлж байсан. Ийнхүү төрийн захиргааны байгууллага холбогдох арга хэмжээг авч, нэхэмжлэгч талд ажил үүргээ биелүүлэхэд нь шаардагдах бичиг баримт авах тал дээр хичээл зүтгэл гарган ажиллаж байхад холбогдох хуулиар үйл ажиллагааны чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар буруутгаж, гэрээнд заагаагүй үүргийг хүлээгээгүйгээс үүссэн хохирол нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал нэхэмжпэлдээ: ... Ажилтнуудынхаа худалдан авах байрны нийт төлбөрийн урьдчилгаа 30 хувийг 2014 оны 7 сарын 1-ний дотор, үлдэгдэл 60 хувийн төлбөрийг гүйцэтгэлийн графикийн дагуу шилжүүлэхэд анхаарч, түүний зарцуулалтад хяналт тавьж үлдсэн 10 хувийн төлбөрийг түлхүүр гардуулахад саадгүй бүрэн шилжүүлэхэд анхаарах үүргийг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй... гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Газрын тосны газар /хуучин нэрээр/ нь тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.11 болон 2.1.12-д заасан үүргээ биелүүлэхийн тулд орон сууц худалдан авах гэрээ байгуулсан ажилтнуудыг орон сууцны урт хугацааны зээлд хамруулах зорилгоор МУ-ын Сангийн сайд, Монгол банкны хамтарсан тушаалаар батлагдсан Засгийн газрын болон төсвийн байгууллагын дансыг Монгол банк, банканд нээх, хаах журам-ын дагуу Улаанбаатар хотын банктай улсын төсвийн орлогын дансыг нээх болон түүний төлбөр тооцоог зохицуулах гэрээ байгуулах зөвшөөрлийг Сангийн яамнаас авах зэрэг ажпыг гүйцэтгэсэн. Гэвч энэ асуудал нь Засгийн газар солигдсон зэрэг төрийн байгууллагаас шууд хамаарахгүй шалтгаанаас удааширч байгаа талаар 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 4/07 албан тоотоор нэхэмжпэгчид мэдэгдэж байсан. Түүнчлэн өөрийн ажилчдыг болон төрийн захиргааны төв байгууллагын ажилчдыг орон сууц худалдан авах гэрээ байгуулахтай холбоотой мэдээлэл хүргэх, уулзалт хурал зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж, гэрээний үүргээ биелүүлж ажилласан байдаг. Нэхэмжпэгч тал өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах ёстой. Гэтэл гэрээнд заасан хугацаа, нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй. Байгууллагын ажилчдын хувьд Сонгино хайрхан дүүрэгт баригдаж байгаа ижил төстэй орон сууцны үнэ 1м.кв нь 1 100 000 төгрөгөөр борлуулж байхад байгууллагын газар дээр газрын нэмэлт төлбөргүйгээр баригдаж байгаа орон сууцанд “Х-” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 1 250 000-1 350 000 төгрөг төлж байгаа нь төрийн албан хаагчдын хувьд хохиролтой бөгөөд цаг хугацаа, хөрөнгө мөнгө /банкны өндөр хүү төлөх зэрэг/-ний ихээхэн хохиролтой байгаа талаар төрийн захиргааны байгууллагад байнга гомдол ирүүлж байсан. Ийнхүү тус байгууллагаас “Х-” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө төлсөн ажилтнууд нийгмийн асуудлаа шийдэх эрмэлзэл, хичээл зүтгэл нь талаар болж банк болон хувь хүмүүсээс зээлсэн зээлийн өндөр хүү төлж хохиролтой байтал өөрийн туршлагагүй, санхүүгийн чадамжгүй байдлаас үүссэн хохирлыг төрийн байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна. Иргэний эрх зүйн гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын дагуу талууд 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 18/14 тоот хамтран ажиллах гэрээ, 2015, 2016 оны хамтран ажиллах нэмэлт гэрээг тус тус байгуулж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, харилцан тохиролцож байгуулсан. Төрийн захиргааны байгууллага нь Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажпын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно” гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хугацаа, нөхцөлийг харилцан тохиролцон өөрчилж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, биелүүлэх талаар ажил, арга хэмжээ зохион байгуулж байсан. Иймд төрийн захиргааны байгууллагыг гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байх тул “Х-” ХХК-ийн нэхэмжилж байгаа 451 773 372 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 448 773 372 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 416 817 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Харганат Цамхаг групп" ХХК-ны нэхэмжлэлтэй "Ашигт малтмал газрын тосны газар"-т холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувиар дараах гомдлыг гаргаж байна. Уг иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр №182/ШШ2019/011518 тоот шийдвэрээр хянан шийдвэрлэсэнийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байгаа бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг ач холбогдолтой, хамааралтай, тал бүрээс нь харьцуулан үнэлж дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Үүнд, Шийдвэрийн үидэслэх хэсэгт утга агуулгын ноцтой зөрчил гарсан тухай:

Шийдвэрийн үндэслэх хэсгийн эхэнд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж буй талаархи дүгнэлт хийсэн. Үүнээс харахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгох нь зүй ёсны байтал мөн зүйлийн 11.2.2-т заасныг удирдлага болгож шийдвэрлэсэн байгаа нь ойлгомжгүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх агуулга алдагдсан байна.

2.   Талуудын хооронд байгуулагдсан гэрээг "нэрлэгдээгүй гэрээ " гэж дүгнэсэн тухай;

Шүүхээс 2014.05.07-ны өдөр байгуулагдсан 18/14 тоот "Хамтран ажиллах гэрээ"-г Иргэний Хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д үаасны дагуу нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэсэн нь эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэж үзэхэд хүргэсэн. Учир нь Иргэний Хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу талууд гэрээний нөхцлөө чөлөөтэй илэрхийлж байгуулсан байна. Мөн Иргэний Хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.4-т "гэрээний үгийн шууд утга анхаарч, хоорондоо зөрчилтэй бол гэрээний агуулагт илүү тохирсон утга санаагаар тайлбарлана" гэж заасны дагуу дээрхи гэрээ нь нэг талаас захиалгын дагуу барилгын ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажилчиддаа орон сууц бариулах захиалга өгсөн тул түүний үнийг төлж худалдан авахтай холбоотой утга агуулга бүхий ерөнхий харилцааг зохицуулсан гэрээ байна. Иймд энэ нь Иргэний Хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэттэх гэрээний шууд утга агуулгыг илэрхийлсэн гэрээ байх тул тухайн гэрээний зохицуулалтаар шийдвэрлэгдэх нь зүйн хэрэг юм.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний биелэгдэх боломж болон итгэл үнэмшлийн тухай: Шүүхээс талуудыг анхнаасаа биелэгдэх боломжгүй, итгэл үнэмшил бий болох хууль зүйн үндэсгүй гэрээ байгуулсан тул гэрээний үүргээ зөрчсөний улмаас бий болсон хохиролд тооцохгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь 2 талт, харилцан үүрэг хүлээсэн гэрээ байх бөгөөд хэн аль нь хууль зүйн хувьд бие даасан хуулийн этгээд байх тул өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас бусдад учирсан хохирлыг төлөх үүрэг бүхий тухайн хариуцлагаа ухамсарлан ойлгох боломжтой субьектүүд байна. Гэтэл шүүхээс зөвхөн хариуцагч талыг нийтийн эрх зүйн субьект гэдэг утгаар нь дөвийлгөн авч үзэж орон сууцны төлбөр төлөх боломжгүй гэж үзсэн нь нэхэмжлэгч тал чухам орон сууцны төлбөр шаардсан уу, эсхүл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролоо шаардсан эсэхийг ялгаж салгаагүйтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, хариуцагч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй ч гэсэн төсвөөс санхүүждэг байгууллага учраас орон сууцны төлбөрийг төлнө гэдэг биелэгдэх боломжгүй, итгэл үнэмшлийн хувьд зүй ёсны үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Шүүхийн шийдвэрт дурдсан гэрээний зохицуулалт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас харахад нэхэмжлэгч орон сууцны төлбөр нэхээгүй, харин хариуцагч тал ажилчдынхаа дунд орон сууцны төлбар төлүүлэх болон барилга барихад шаардлагатай бүхий л баримт бичиг гаргуулах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүрэг нь тодорхой хугацааны дотор хэрэгжих байсан. Талууд анхнаасаа л ийм итгэл үнэмшилтэйгээр гэрээг байгуулсан шүүхийн тайлбарлан дүгнээд байгаачлан орон сууцны төлбөрийг төрийн байгууллагаас шаардсан, эсхүл өөр төрлийн эд хөрөнгө шаардсан зүйл огт байхгүй. Бид зөвхөн гэрээнд заасан хугацааны дотор шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх болон урьдчилгаа төлбөрийг графикийн дагуу төлүүлэх үүргээ биелүүлээгүй гэж маргаж байгаа болохыг шүүх анхаарч үзсэнгүй. Гэсэн хэдий ч шүүх хариуцагч талыг маргаан бүхий харилцаанаас ямар үүрэг хүлээж байсныг тодорхойлсон байдаг хэрнээ тухайн үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхэд үнэнэлт, дүгнэлт хийгээгүй. Зөвхөн биелэх боломжгүй, итгэл үнэмшил төрүүлэхүйц биш гэсэн утгаар битүү, тойруу, ойлгомжгүй тайлбарыг гаргасан. Хариуцагч тал тухайн барилга барихад шаардлагатай баримт бичгийг гаргуулан өгөх боломжтой, тухайн графикийн дагуу ажилчдаа дотооддоо зохион байгуулах бүрэн боломжтой байсан тул энэ гэрээг биелэгдэх боломжтой, итгэл үнэмшил төрүүлэхүйц биш гэж дүгнэсэн дүгнэлт учир дутагдалтай бодит байдал нийцэхгүй байна. Хэдийгээр нэхэмжлэгч тал орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах тухай гэрээний заалт байгаа боловч энэ нь нийт буюу 110 айлын орон сууцны хувьд хэрэгжих зохицуулалт юм. Гэрээний 2 дугаар зүйлйин 2.1.5 болон график бүхий хавсралтаас харахад хариуцагчийн зохион байгуулах ёстой байсан орон сууцны төлбөр нь зөвхөн 55 айлын 1 орц бүхий зөвхөн хариуцагч тал ажилчиддаа худалдах үүрэгтэй шууд хамааралтай байгаа гэдгийг шүүх анхаарч үзээгүй. Хэрэв хариуцагч тал энэхүү гэрээгээр дээрхи байдлаар үүрэг хүлээж оролцох амлалт өгөөгүй, рэрээ тухай нөхцөлөөр байгуулагдаагүй бол нэхэмжлэгч тал энэхүү барилгын ажлыг эхлүүлэх байсан. Түүнчлэн, хариуцагч тал хэрэв захиалагч биш, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгогүй байсан бол талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2016, 2017 онуудад 2 удаа дахин зггаппан сунгах шаардлагагүй байсан юм. Иймд нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй жуулийг хэрэглэсэн хэргийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр №182/ШШ2019/011518 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч АМ,ГТГ-т холбогдуулан барилгын ажил эхлэх, үргэжлүүлэх болон газрын зөвшөөрөл, баримт бичиггүйн улмаас Мэргэжлийн хяналтын газраас актаар тогтоосон торгуулийн төлбөрт 1 960 000 төгрөг, Газрын тосны газар нь ажилтнуудынхаа 30 хувийн урьдчилгааг цаг тухайд нь төлөөгүйгээс шалтгаалан орон сууцны барилгын ажлын бараа материалыг бусдаас авснаас учирсан хохирол, үүнтэй холбоотой хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлсэнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр нийт 439 813 372 төгрөг, Барилга барихаар талбай буюу газар чөлөөлөх зардалд 7 000 000 төгрөг, Газрын эзэмшлийн зориулалтыг өөрчлөн шинэ зориулалтаар газар эзэмшихээр төлсөн төлбөр 3 000 000 төгрөг, нийт 451 773 372 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс хохирол учирсан” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, үүрэг зөрчөөгүй” гэх агуулгаар тус тус тайлбарлажээ.

 

            Зохигчдын хооронд 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Хамтран ажиллах” нэртэй гэрээ байгуулагдаж, “Х-” ХХК нь Газрын тосны газрын эзэмшилд байгаа аж ахуйн хэрэгцээний зориулалттай газрыг орон сууцны зориулалттай болгон зохих хэсгийг өөрчлүүлсний үндсэн дээр тухайн газар дээр 110 айлын нийтийн орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж, уг орон сууцны тал хэсэг болох 2948 м.кв талбайг Газрын тосны газрын ажилтнуудад хөнгөлөлттэй үнээр худалдах, үлдэх хэсгийг өөр этгээдүүдэд худалдах нөхцөлтэйгээр харилцан тохиролцож, гэрээг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, 2016 оны 7 дугаар сарын 09, дахин 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл тус бүр 1 жилийн хугацаагаар 2 удаа сунгасан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 9-11, 13-16 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн ажилтнуудыг зах зээлийн үнээс хямд үнээр орон сууцтай болгох зорилгоор, эзэмшилийнхээ газар дээр орон сууцны зориулттай барилгыг нэхэмжлэгчээр бариулах, нэхэмжлэгч нь өөрийн барьсан орон сууцны тал хэсгийг нь бусдад худалдан борлуулж ашиг олох зорилгоор дээрх нөхцөлийг харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгүүдэд заасан, ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээний шинжүүдийг агуулаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Учир нь хариуцагч уг барилгыг өөрийн өмчлөл, эзэмшилд хүлээн авч, хөлс төлөх, эсхүл ашиг олох, алдагдал хуваах, өөрийн оруулсан газар эзэмших эрхийнхээ хувь, хэмжээгээр хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах зэргээр эрх эдэлж, үүрэг хүлээх талаар тохиролцоогүй байна.

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/04690 дугаартай шийдвэр, мөн шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/01642 дугаартай шийдвэр, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1612 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ХТ2017/01499 дүгээр тогтоол зэргээс үзвэл нэхэмжлэгч орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэхийн тулд иргэн Ч.Н-аас 250 000 000 төгрөг зээлсэн бөгөөд уг зээлийн төлбөрийн алдангид 75 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 2 500 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1 795 450 төгрөг, мөн иргэн Д.Т-тай хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон, ашиг 250 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2 657 950 төгрөг, “Б” ХХК-аас бетон зуурмаг худалдаж авахаар байгуулсан гэрээний үүргийн алданги, улсын тэмдэгтийн хураамжид 85 301 732 төгрөг, “Д” ХХК-аас арматур худалдаж авсны алдангид 22 558 240 төгрөг, нийт 439 813 372 төгрөгийн төлбөрийг төлөхөөр болсон үйл баримт тогтоогдож байх боловч, энэ нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй. /хэргийн 50-54, 57-77 дугаар тал/

           

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т "гэрээний үүргийг зөрчсөн тал нөгөө талдаа гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас үүссэн аливаа хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” байхаар зохицуулсан хэдий ч гэрээний 2.1.11-д “Ажилтнуудынхаа худалдан авах байрны нийт төлбөрийн урьдчилгаа 30 хувийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний дотор, үлдэгдэл 60 хувийн төлбөрийг гүйцэтгэлийн графикийн шилжүүлэхэд анхаарч, түүний зарцуулалтад хяналт тавих” гэж, мөн 2.1.12-т Орон сууц захиалсан ажилтнууд үлдэгдэл 10 хувийн төлбөрийг түлхүүр гардуулахад саадгүй бүрэн шилжүүлэхэд анхаарах” гэж зааснаас үзэхэд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч байгууллагад тухайн орон сууцыг барихад төлбөр төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь уг гэрээний 3.1.7-д “барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын зүгээс тавигдсан шаардлагыг зураг төсөв, ажлын тоо хэмжээний хүрээнд хариуцан өөрийн зардлаар гүйцэтгэх” гэсэн үүргийг хүлээсэн байх тул хариуцагч төлбөр төлөх үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид дээрх хэмжээний хохирол учирсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн барьсан орон сууцнаас хариуцагч байгууллагын ажилтнууд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг төлөхөөр тохиролцсон болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

            Иймээс нэхэмжлэгч байгууллага барилга барихад шаардлагатай материал санхүүжилтийг бусдаас авсны улмаас 439 813 372 төгрөгийн төлбөр төлөх болсонд хариуцагч үүргээ биелүүлээгүйтэй холбоотой болох нь тогтоогдохгүй байна.

            Иймд шүүхээс нэхэмжлэгчийн 439 813 372 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

            Мөн шүүхээс барилгын ажил эхлэх, үргэлжүүлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу хүлээн аваагүй байхдаа барилгын ажил эхлүүлсэн явдал нь “Х-” ХХК-ийн өөрийн хүлээх хариуцлагад хамаарна гэж дүгнэн Мэргэжлийн хяналтын газраас актаар тогтоосон торгуулийн төлбөр 1 960 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Учир нь хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч байгууллагыг барилгын ажлыг эхлүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд оруулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

            Хариуцагч байгууллага нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.10-т зааснаар барилгажих талбайгаас гадна материал хураах, хадгалахад хүрэлцэхүйц талбайг чөлөөлөх, барилгын орчны зөвшөөрөлгүй гараажуудыг нүүлгэн шилжүүлэх гэх мэт ажилд хороо дүүргийн холбогдох албадтай хамтран ажиллах үүргийг хүлээсэн байх боловч хэргийн 85-87 дугаар талд авагдсан баримтаар газар чөлөөлүүлэхэд гарсан зардал 7 000 000 төгрөгийг нэхэмжлэгч бус, “Х- констракшн” ХХК-аас төлж барагдуулжээ.

 

            Иймээс уг зардлыг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Өөр этгээдийн төлсөн төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэн авсан нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Харин хариуцагч байгууллага өөрийн эзэмшлийн аж ахуйн зориулалттай газрыг орон сууц барих зориулалттай болгон өөрчилж эзэмших хүсэлтийг холбогдох журмын дагуу Нийслэлийн Засаг даргад гаргасан байх бөгөөд энэ үйлдлийн улмаас төрийн байгууллагад төлбөл зохих төлбөр, хураамжийг өөрийн хөрөнгөөр хариуцахыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зохицуулсан байх тул шүүхээс “Х-” ХХК-ийн газрын төлбөрт төлсөн 3 000 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн хариуцагч АМ,ГТГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 448 773 372 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01518 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 416 817 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

 

                                                С.ЭНХТӨР