Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/280

 

 

С.А, А.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Халиун,

шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Ц.Батзориг,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/848 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Аийн өмгөөлөгч Г.Ганбадрахын гаргасан давж заалдах гомдлоор С.А, А.М нарт холбогдох эрүүгийн 2002005000118 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Сын А, 1980 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ -ээр ажиллаж байсан, - тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, - тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:-/;

 

2. -овгийн -ийн М, 1982 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ -аар ажиллаж байсан, - тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

 

Шүүгдэгч С.А нь -ээр ажиллаж байхдаа 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй” гэж, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2-д “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх, 2.3.4-д заасан авилга, хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх”, 2.3.6-д “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-д “...албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэж, 2.4.9-д “...шалгаж байгаа өргөдөл, гомдол, хэрэг, маргааны оролцогчидтой хувийн харьцаанд орохгүй байх” гэж тус тус заасныг зөрчиж, Тээврийн цагдаагийн албанаас хүргүүлсэн Замын цагдаагийн газрын Хамгаалалтын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Мийг ахлах зохицуулагчийн албан тушаалд дэвшүүлэн томилох эсэх материалыг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Албан тушаал дэвшүүлэх” /код 909/-д зааснаар хянах хугацаандаа А.Мийн ахлах зохицуулагчийн албан тушаалд дэвшин томилогдох ашиг сонирхлын үүднээс албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2.2 дахь хэсэгт заасан “...хариуцсан алба, нэгжийн хүний нөөцийг судлах...”, 2.3 дахь хэсэгт заасан “...удирдах албан тушаалтныг хүний нөөцийн мэдээллээр хангах...” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд А.Мөөс 500.000 төгрөгийн хахуулийг өөрийн Хаан банкны - дугаарын дансаар шилжүүлэн авсан,

шүүгдэгч А.М нь -аар ажиллаж байхдаа 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл, Согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2-д “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх”, 2.3.4-д “авлига, хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх” гэж заасныг тус тус зөрчиж, тушаал дэвших буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ахлах зохицуулагчийн албан тушаалд дэвшүүлэн томилох эсэх материалыг хянаж буй - С.Аэд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахуулийг өөрийн Хаан банкны - дугаарын данснаас шилжүүлэн өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: С.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар, А.Мийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Сын Аийг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч -овогт -ийн Мийг “нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мийг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч С.А, А.М нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аэд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч А.Мөд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.А, А.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Аийн өмгөөлөгч Г.Ганбадрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Авлигын эсрэг хуулийн 7 , 8 дугаар зүйлийн холбогдох заалтыг, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан холбогдох заалтуудыг зөрчсөн гэж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Албан тушаал дэвшүүлэх” /код 909/-д зааснаар материалыг хянах явцдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд А.Мөөс 2020 оны 7 дугаар сарын 25-ны өглөө 09 цаг 12 минутад 500.000 төгрөгийн хахуулийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага, ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/848 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэл байна гэж үзэж давж заалдах шатны шүүхэд хандаж байна.

1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй:

- Эрүүгийн 2020005000118 дугаартай хэрэг нь миний үйлчлүүлэгч С.Аийн мэдээллийн дагуу шалгагдсан хэрэг байдаг. Миний үйлчлүүлэгч Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журамд зааснаар шууд удирдах газар, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлсэн байхад гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцон ял халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. С.Аийн зүгээс А.Мөөс 2020 оны 7 дугаар сарын 25-ны өглөө 09 цаг 12 минутад 500.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн болохыг мэдсэн даруйдаа өөрийн удирдлагадаа мэдэгдсэн. А.Мийн хууль бус үйлдлийг баримтжуулах зорилгоор өөрийн дансны дугаараа өгсөн болохоо, түүнчлэн урьд болсон үйл явдлаас улбаатай шалтгаан нөхцөлийн улмаас дансны дугаараа өгсөн талаар дэлгэрэнгүй илтгэсэн. /дээрх үйл баримт шийтгэх тогтоолын 5-9 дүгээр хуудаст тодорхой тусгагдсан.

Гэрч Ж.Баясгалан нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд эргэлзээ бүхий зөрүүтэй мэдүүлгийг өгсөөр байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шийтгэх тогтоолын 10 дугаар хуудаст гэрч Ж.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн.. “..тэгээд С.А надад илтгэх хуудас бичиж өгөхгүй удаад байхаар нь би өөрөө Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын нэр дээр ахлах мэргэжилтэн С.Аийн утсаар ярьж байсан асуудлыг надад амаар танилцуулсан хүрээнд илтгэх хуудас бичсэн юм...”,

шийтгэх тогтоолын 8 дугаар хуудаст гэрч Ж.Баясгалан шүүх хуралдаанд “... ажлын байраа орхисон асуудал байхгүй. С.А илтгэх хуудсаа бичиж өгөхгүй он, сарын баримжаагүй болтол явсан. Тэгээд би илтгэх хуудсыг бичиж өгсөн”. Энэхүү мэдүүлгээр С.Аийн мэдээллийн дагуу шалгагдсан хэрэг болох нь нотлогддог.

Шийтгэх тогтоолын 8 дугаар хуудаст гэрч Ж.Баясгалан шүүх хуралдаанд “...тухайн өдөр бямба гариг байсан. Өглөө С.А залгаж А.М миний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. 7 дугаар сарын 25, 8 дугаар сарын 01-ний өдөрт хоёуланд нь С.Атэй ярьсан байдаг. Тухайн асуудлын талаар яг аль өдөр ярьсан талаар тодорхой санахгүй байна. С.А шаардлагатай тохиолдолд хүмүүстэй холбогдоно. Харин шийдвэр гаргах эрхгүй. Тухайн үед С.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж магадгүй, халамцуу байсан зүйл ажиглагдсан”. Шийтгэх тогтоолын 8 дугаар хуудаст гэрч Ж.Баясгалан шүүх хуралдаанд ..”...С.А миний дансанд 500.000 төгрөг сая шилжүүлсэн гэж хэлсэн. ...”. Энэхүү мэдүүлгээр С.Аийн мөрдөн байцаалтын, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь үнэн зөв, бодитой болохыг нотолдог. Миний үйлчлүүлэгч Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журамд зааснаар шууд удирдах газар, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлсэн, уг өдөр нь 7 дугаар сарын 25-ны өдөр буюу бямба гариг байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж, 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульчилсан.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-т заасан үндэслэлийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар хуульчилсан. Шийтгэх тогтоолын 18 дугаар хуудаст “...гэвч шүүх хуралдаанд шүүгдэгч А.М би миний материалыг дутуу баримтыг бүрдүүлж өгөх хүртэл буцаалгүй байлгах, тусалж дэмжих асуудал байна уу гэсэн агуулга бүхий мессэж бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно” гэжээ. Миний үйлчлүүлэгчээс мөрдөн байцаалтын шатанд А.Мийг бодит байдалд нийцээгүй худал мэдүүлэг өгч байгааг, түүнийг таньж мэдэхгүй болохоо, мөнгө зээлээгүй талаарх бодит байдал, үнэн зөвийг шалгаж тогтоолгох талаар гомдол, хүсэлт гаргаж байсан. Учир нь А.М нь С.Аийн албаны үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаатай нь холбогдуулж, хууль бус зүйлийг гуйж, санал болгож, утсаар ярьж, олон удаагийн давтамжтай мессэж илгээж, ёс зүйгүй, эрээ цээргүй байдлаар халдаж байсан байдаг. Дээрх шалтгаан нөхцөлийн улмаас түүний хууль бус үйлдлийг баримтжуулах зорилгоор С.А нь өөрийн дансны дугаарыг өгч, хууль бус үйлдлийг баримтжуулсан болохоо анхнаасаа үнэн зөв тогтвортой мэдүүлсэн байхад мөрдөх байгууллага, прокурорын зүгээс шалгалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. /Дээрх үйл баримт шийтгэх тогтоолын 4, 5 дугаар хуудсанд тодорхой тусгагдсан/. Шийтгэх тогтоолын 7 дугаар хуудсанд шүүгдэгч А.М шүүх хуралдаанд “...би С.А рүү тусалж, дэмжиж өгөөч гэж мессэж бичсэн нь үнэн. Яагаад гэхээр манай байгууллага босоо удирдлагатай, тодорхой хэмжээнд дэмжлэг авахгүй бол гээд яригддаг л зүйл. ...”. А.М нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дээрх үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь миний үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон байхад шүүх анхаарч үзээгүй. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.Мийн өмгөөлөгч Ц.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.М нь болсон үйл явдлын талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж байсан. Анхан шатны шүүхээс гэм буруутай гэж дүгнэсэн. Эрүүл мэндийн байдал хүнд байгаа учраас гэм бурууд маргахгүй гэдэг байр суурьтай байгаа. С.А нь болсон үйл явдлын талаар тогтвортой мэдүүлэг өгч байгаагүй. Анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлэхгүй байгаад нь харамсаж байна. С.А А.М рүү 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 5 удаа залгасан байдаг. 500 секунд, 800 секунд, 1800 секунд, нийт 50 орчим минут утсаар ярьсан үйл баримт тогтоогдд. Тухайн өдөр нь хагас сайн өдөр байсан ба 500.000 төгрөг зээлж авсан. Тэрээр А.М өөртөө давуу байдал бий болгох зорилгоор мөнгө шилжүүлсэн, үүнийг баримтжуулсан гэх зүйлийг ярьдаг. Ж.Баясгаланд 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр буюу болсон үйл явдлаас 7 хоногийн дараа хэлсэн байдаг. А.Мийн мөнгө өгсөн үйлдлийг баримтжуулсан гэх үйлдэл байгаа бол уг мөнгийг 5 сарын дараа буцааж өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд гэрийнхээ гадаа дуудаад бэлнээр өгсөн гэж худлаа мэдүүлсэн. Дараа нь “сандарсандаа мөнгийг нь өгсөн гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг. С.Аийн өгч байгаа мэдүүлэг нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй. Хэрэг Авилгатай тэмцэх газар шалгагдахаас өмнө Цагдаагийн ерөнхий газрын дотоод аюулгүй байдлын хэлтэст шалгагдаж байх хугацаандаа С.А А.Мийг эхнэр Хулангийнх нь хамт өөрийнхөө лагерийн байшинд дуудаж уулзсан байдаг. Тухайн үед болсон үйл явдлыг дүрс, бичлэгээр баримтжуулсан нь хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан. Уг бичлэгт үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байгаа. “Тухайн үед би согтуу байсан байна. Чамруу яах гэж залгав аа, намайг уучлаарай, чамайг муухай юманд орооцолдуулчихлаа” гэсэн яриа болсон байдаг. С.А нь согтуу байхдаа мөнгө зээлсэн, уг үйл баримтаа дараа нь санадаггүй. С.А нь архи уусан үедээ хүнээс мөнгө зээлдэг гэдэг нь хэргээс харагддаг. А.М нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байшин дээрээсээ унаад нурууны 2 дугаар үе, баруун, зүүн хөлийн өсгий, шагай хугарсан гэмтэлтэй эмнэлэгт хэвтэж байсан. Бодлого тодорхойлдог, дэд хурандаа цолтой хүн рүү далайлган сүрдүүлэх, ажил албан тушаалд томилохыг шаардах үйлдэл гаргах боломж байхгүй. Цагдаагийн байгууллага босоо удирдлагатай. А.М нь болсон үйл явдлын талаар бодит үнэнийг мэдүүлсэн, С.А нь уснаас хуурай гарах гэж болоогүй зүйлийг болсон мэтээр, тусламж хүсэж мөнгө зээлсэн үйлдлээ намайг шахаж мөнгө өгсөн гэсэн байдлаар ханддаг. А.М нь шүүх гэмт хэрэг гэж үзэж байгаа бол хүлээн зөвшөөрнө гэдэг, мөн биеийн байдал нь маш хүнд байгаа. Анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулсан. Цаашдаа гадагшаа явж эмчлүүлэх, өдөр, шөнө, амралтын өдөр, баяр, ёслолын үеэр өвдөх асуудал гардаг бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлага бий болж зорчих эрх хязгаарлах ялын хэрэгжилт хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хүссэн үедээ эмнэлгийн байгууллага болоод гадагшаа явж эмчлүүлэх боломжоор хангаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү. А.М нь тэтгэвэртээ гарсан, тодорхой хэмжээний орлоготой учраас торгох ялыг биелүүлэх боломжтой. Ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Энэ гэмт хэргийн улмаас ямар нэгэн хор хохирол учраагүй. ...” гэв.

 

Шүүгдэгч С.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/848 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүхээс намайг Авлигын эсрэг хүүлийн 7, 8 дугаар зүйлийн холбогдох заалтыг, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан холбогдох заалтуудыг зөрчсөн гэж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Албан тушаал дэвшүүлэх” /код 909/-д зааснаар хянах явцдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд А.Мөөс 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, өглөө 09 цаг 12 минутад 500.000 /таван зуун мянган төгрөг/ -ийн хахуулийг шилжүүлэн авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн тогтоолд гомдолтой байна. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Энэ хэргийн бүрдэл хангагдаагүй, тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын нөхцөл байдлуудыг тал бүрээс нь эргэлзээгүй үнэн зөв, бодитойгоор тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдлуудыг бүрэн хэмжээгээр нотлоогүй” гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан нөхцөлийг тодруулаагүй байж анхан шатны шүүхээс дан ганц А.Мийн мэдүүлэгт хэт хөтлөгдөж түүний үйлдэл, үйл явдлаар намайг яллаж байгаа нь хуульд нийцэхгүй. Миний хувьд А.Мийг урьд өмнө нь огт таньж мэдэхгүй, ажил төрлийн болон хувийн ямар нэгэн харилцаагүй, зүс ч үзэж байгаагүй хүмүүс. Гэтэл би огт танихгүй ажлын шаардпагаар нэг удаа ярьсан хүн рүү мөнгө хэрэгтэй талаар утсаар ярих нь угаасаа үнэнд нийцэхгүй, итгэл үнэмшилгүй, ёс зүйгүй үйлдэл бөгөөд хууль бус үйлдлийг илчилсэнд өсөрхсөн, мөн уг буруутай үйлдлээ нуух зорилгоор илтэд худал мэдүүлгийг өгч, намайг гүтгэсний улмаас өнөөдөр би гэм буруутан болж байна. Хэрэг бүртгэх, прокурорын хяналт, анхан шатны шүүх хуралдааны явцад гэм буруугүйг минь тогтоогдох байх гэсэн итгэл найдвар байсан боловч, энэ хэрэгт ял оногдуулж шийдвэрлэсэнд үнэхээр харамсаж байна. А.М болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх бүхий л явцад үнэн зөв, тогтвортой мэдүүлсээр ирсэн гэх бөгөөд “500.000 төгрөг зээлсэн, намайг уулзах талаар ярьсан, өвчтэй байсан учир боломжгүй гэж хэлсэн, мессеж огт бичиж байгаагүй, С.А худал ярьж байна” гэж мэдүүлдэг боловч алхам тутамд худал ярьсан нь тогтоогдож, үнэнд гүйцэгддэг. Тухайлбал, шүүх хуралдааны үеэр мэдүүлэхдээ “Би С.А рүү тусалж, дэмжиж өгөөч гэж мессеж бичсэн нь үнэн. Яагаад гэхээр манай байгууллага босоо удирдлагатай, тодорхой хэмжээнд дэмжлэг авахгүй бол гээд яригддаг л зүйл” гэх, мөн миний утсанд ирүүлсэн “Ахлахаа хоёулаа нэг яриа хөөрөө өрнүүлмээр байна яаж уулзах уу” гэх мессежнээс харахад уулзах, хууль бус ажиллагаагаа хэрэгжүүлэх санаа зорилготой байсан нь илт харагддаг. Шүүх дээрх байдалд дүгнэлт хийхийн оронд прокурорын яллах дүгнэлтэд хэт хөтлөгдөн дан ганц яллах талыг барьсан нь учир дутагдалтай. Энэ гэмт хэргийн талаар миний өгсөн мэдээллийн дагуу уг хэргийг буцаагаад эх сурвалж болох намайг хэрэгтэн болгосныг ойлгохгүй байна. Мэдүүлэгт гүтгээд байгаа найз нөхөдтэйгээ уулзаж, архи ууж байсан, мөнгө шаардлагатай зүйл огт байхгүй, тухайн үед надад тодорхой хэмжээний мөнгө байсан, мөн тэр мөнгийг хэрэглээгүй нь миний албаны шалгалтын хүрээнд өөрөө сайн дурын үндсэн дээр гаргаж өгсөн банкны хуулга болох нотлох баримтаар тогтоогддог. Би нэг бол А.Мийг гэмт хэрэгт холбогдуулах эсвэл, хахууль авах шунахайн зорилгыг агуулсан сэдэлт, зорилготой байсан бол өөрийн дансыг өгч, мөнгө шилжсэн даруйд шууд удирдах даргадаа энэ талаар мэдэгдэх нь огт утгагүй, үндэслэлгүй юм. Энэ хэргийн бүрдэл хангагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаа гүйцэт хийгдээгүй, хэрэгт ач холбогдолтой зарим зүйлийг шалгуулах, мэдүүлгүүдийн зөрүүг арилгах зорилгоор нүүрэлдэх боломжоор хангах, мессеж, болсон үйл явдпын цаг хугацааг тогтоох тухай хүсэлт гаргасан боловч хангаагүй, прокурорт хандахаар шүүхээр мэтгэлцээний журмаар шийдүүлээрэй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх хүсэлт гаргахад гэм буруугийн хурлаар хэлэлцүүл гэж хойшлуулсан боловч шүүх хуралдаанаас хүсэлтийг хэлэлцэхгүй гэж шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдпыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг бүрэн хангаагүй. Хэргийн болсон үйл явдпын бодит байдлыг тогтоож чадаагүй. Анхан шатны шүүх энэ хэргийн шүүгдэгч А.Мийн архи уусан согтуу үедээ мөнгө шилжүүлсэн үйлдэл, холбогдпоор намайг хахууль авсан гэж дүгнэсэн. Түүний санаа зорилго, сэдлээр миний санаа зорилго, сэдлийг тодорхойлж, зохисгүй үйлдлийг таслан зогсоож, хуулийг хэрэгжүүлэн шууд удирдах даргадаа мэдэгдэж шалгуулсан байхад хэлмэгдүүлсэнд гомдолтой байна. Хэрвээ А.М, түүний эхнэр Хулангийн байнгын зөрүүтэй, харилцан уялдаагүй үг, мэдүүлэг нь дангаараа үнэн зөв нотлох баримт болж байна гэж үзвэл өдийг хүртэл зөвхөн үнэн зөв, тогтвортой мэдүүлж буй миний үнэнийг тогтоох ёстой. Шүүх талуудын эрх тэгш байдлыг хангаагүй. Гагцхүү прокурорын яллах дүгнэлтэд хөтлөгдсөн, үг үсгийн зөрүүгүй хуулсныг гайхаж байна. Уг нь бол шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгээр талуудын мэтгэлцээнийг үнэлж, дүгнэлт гаргадаг гэж би ойлгодог. Шүүхийн тогтоолд Ж.Баясгалангийн болоод А.Мийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үеийн мэдүүлгүүд зөрүүтэй, түүний бичсэн мессежинд шинжилгээ хийгээгүй зэрэг олон эргэлзээг тогтоогоогүй. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Мөн хуулийн “шударга ёсны", хууль ёсны”, “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмуудыг бүхэлд нь зөрчсөн. Мөрдөгч, прокурор нь энэ хэргийг хоёр жил орчим хугацаанд шалгахдаа миний гаргасан тайлбар, мэдүүлэг, бичгийн нотлох баримтад миний болон өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж аваагүй атлаа “Хаан" банкны дансны 2018 оноос хойших хуулга, мэдээллийг авч, Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа болон ажиллаж байсан, Цагдаагийн сургуулийн магистрантурт хамт суралцаж байсан 30 гаруй хүнээс С.А нь шан харамж, хахууль авсан мэтээр мэдүүлгийг авч, хөтөлж, тулгаж асуусан байдаг. Гэвч миний хувийн зан байдал, ёс суртахуун, хүмүүжил, төлөвшил, ажлын хандлага, гүйцэтгэл, албан үүргээ гүйцэтгэхдээ баримталдаг зарчим зэрэг цагаатгах талаар нэг ч асуулт, хариулт байхгүй байгаад хэт нэг талыг барьж, хэргийн талаар эцсийн чиг баримжааг урьдчилан тодорхойлоод түүндээ нийцүүлэн мөрдөх ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж хүсэхэд анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ “Шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх” гэж заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөнийг тогтоолгох, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын “Шийтгэх, цагаатгах тогтоол үйлдэхэд анхаарах зарим асуудлын тухай” зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын “б”-д шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болон үүнийг баталж байгаа нотлох баримтыг дурдана. Үүнд: б/ улсын яллагч анхаарч үзэлгүй орхигдуулсан шинэ нотлох баримтыг гаргах” гэж заасны дагуу уг хэргийн шалтгаан болох мөн А.Мийн зүй бусаар албан тушаапд нөлөөлж, худал мэдүүлсэн, үйл явдал болон цаг хугацааг тогтоох ач холбогдол бүхий мессежийг үнэлж, дүгнүүлэхээр прокурорт хандсан боловч шүүхээр хэлэлцүүлээрэй гэж орхигдуулж, мөн шүүхээс үнэлж, нотлох баримт болох боломжгүй гэж шийдвэрлэсэн, А.Мийн утасны хуулгаар тухайн үед хэдэн удаагийн давтамжтай хэдэн цагт мессеж явуулсныг тогтоолгох хүсэлтэй байна. Ж.Баясгалангийн мэдүүлгээс “даруй шууд удирдах апбан тушааптанд мэдэгдсэн”, үүргээ хэрэгжүүлсэн, шан харамж, хахууль авах, шунахайн сэдэлт, зорилгогүй гэдэг нь тогтоогдох байтал мөрдөн байцаалт, шүүх хуралдааны үед цаг хугацааг зөрүүтэй мэдүүлдэг, А.М нь хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр өгсөн мэдүүлэг, анхан шатны шүүх хуралдааны үеэр өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, эргэлзээтэй хэвээр үлдсэн. Дээрх зөвлөмжийн 2.1.3 дахь заалтад “Тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд болон яллах талын цуглуулсан нотлох баримтын тапаар эргэлзээ төрвөл “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан зарчмыг шүүх удирдлага болгон шийдвэрлэнэ. Ингэхдээ шүүх өөрийн эргэлзэх болсон үндэслэлээ тодорхой тайлбарлах ёстой. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ төрвөл дээрх журмыг баримтална” гэж заасан байна. С.А надад холбогдох хэргийн бүрдэл хангагдахгүй, би энэ хэрэгт ямар нэгэн байдлаар оролцоогүй, холбоогүй миний мэдүүлгийг шалган хэргийг тап бүрээс нь бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж, өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна. Ажил төрлийн холбооноос болж 500.000 төгрөг шилжүүлсэн зүйл байхгүй. Архи уусан үедээ над руу залгаад 500.000 төгрөг зээлээч гэсэн, манай эхнэр дэлгүүр ажиллуулдаг, эхнэрээсээ гуйгаад, эхнэр маань миний данс руу мөнгө хийгээд, энэ хүний данс руу шилжүүлсэн. Шийтгэх тогтоолыг хүндэтгэж байна. ...” гэв.

 

Прокурор Э.Халиун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.А нь А.Мийг ахлах зохицуулагчийн албан тушаалд дэвшүүлэн томилох эсэх материалыг хянах хугацаандаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд А.Мөөс 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Хаан банкны дансаар 500.000 төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдсон. Гэрч Ж.Баясгалангийн мэдүүлэгт  “С.А над руу 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 8 цаг 55 минутад залгаж ярьсан. Ажил дээрээ ирээд ямар асуудал болоод байгаа талаар асуугаад илтгэх хуудас бичиж өг гэж удаа дараа хэлсэн. Надаас тойрч зугтаад байсан учраас би Цагдаагийн ерөнхий газрын дэд даргад илтгэх хуудас бичиж өгсөн” гэдэг. Уг мэдүүлгээс харахад С.А нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өөрийн шууд удирдлагад мэдэгдсэн гэж байгаа нь үгүйсгэгдэж байгаа юм. А.Мийн “С.А гэдэг хүнтэй уулзаж учирч байгаагүй, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр бил үү, 8 дугаар сарын 1-ний өдөр над руу залгаад, сонин сайхан юу байна, бие дажгүй юу, чиний ахлах зохицуулагчийн албан тушаалд томилогдох асуудал чинь буцсан шүү. Чи ахлах зохицуулагчийн нөөцөд ороогүй байна шүү” гэх мэдүүлгээс харахад С.А нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өөрийн шууд удирдлагад мэдэгдсэн гэж байгаа нь үгүйсгэгдэж байгаа юм. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн шалгаж тогтоосон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд гаргасан шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.А, А.М нарт холбогдох  хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Аийн өмгөөлөгч Г.Ганбадрахын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Аийг -ээр ажиллаж байхдаа Замын цагдаагийн газрын Хамгаалалтын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Мийг ахлах зохицуулагчийн албан тушаалд дэвшүүлэн томилох материалыг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Албан тушаал дэвшүүлэх” /код 909/-д зааснаар хянах хугацаандаа 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр А.Мтэй утсаар ярьж “өөрийн чинь материал над дээр ирсэн...нөөцөд яагаад ороогүй. ...” талаар тодруулж ярьсаны маргааш буюу 7 дугаар сарын 25-ны өдөр дахин утсаар холбогдож “найз нөхдүүдтэйгээ уугаад 500.000 төгрөгийн хэрэг байна, миний данс руу 500.000 төгрөг шилжүүлээч. ...” гэж өөрийн Хаан банкинд бүртгэлтэй - тоот дансаар 500.000 төгрөг шилжүүлж авсан,

шүүгдэгч А.М нь дээрх байдлаар С.Аэд 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкинд бүртгэлтэй - тоот данснаас шилжүүлж өгсөн нөхцөл байдал, үйл баримтыг уг мөнгийг шилжүүлж өгсөн талаарх А.Мийн удаа дараагийн өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 24-ний орой 17-18 цагийн үед - С.А гэж хүн над руу яриад “Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн чиний ахлах зохицуулагчийн материал над дээр ирсэн, чи хаана байна, одоо надтай ирээд уулзаадах” гэж хэлэхээр нь би “Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна, хөл, нуруу хугарсан” гэдгээ хэлсэн. Тэгэхэд С.Алтансхүх “чи яагаад нөөцөд ороогүй юм бэ” гэхээр нь “би ахлах зохицуулагчийн нөөцөнд орсон байгаа, жил болгон хэлтсийн хурлаар ороод явсан, миний асуудал хэлтсийн хурлаар ороод цаашаа явсан эсэхийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан би хэлтсийнхээ хурлаар ороод нөөцөд орсон байгаа, нарийн ширийн учрыг нь би мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд С.А “за би чам руу эргээд яръя” гэж хэлээд утсаа салгасан. ...Би С.А рүү тусалж, дэмжиж өгөөч гэж мессеж бичсэн нь үнэн. Яагаад гэхээр манай байгууллага босоо удирдлагатай, тодорхой хэмжээнд дэмжлэг авахгүй бол гээд яригддаг л зүйл. ...Би дутуу материалыг бүрдүүлж өгөх хүртэл буцаахгүй байлгах талаар л хэлсэн. С.А согтуу байхдаа яриад 500.000 төгрөг өгсөн асуудал болсон. ...” /3хх 210, 4хх 155/ гэх мэдүүлэг, нөхрийнхөө дансруу мөнгө шилжүүлсэн талаар гэрч Б.Хулангийн “...нөхөр Мийг сахиад эмнэлэгт байхад 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн үдээс хойш манай нөхрийн гар утас руу нэг хүн залгаад утсаар яриад байсан. Хэн гэж хүн ямар асуудлын талаар ярьсан эсэхийг нь мэдээгүй. Маргааш нь буюу 25-ны бямба гаригийн өглөө 09 цагийн үед нөхрийн гар утас руу нэг хүн нилээн удаан яриад байсан. Утсаар ярьж дууссаны дараа нөхөр маань надад “манай Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн ярьж байна, миний материалыг судалж байгаа юм байна, найз нөхдүүдтэйгээ уугаад 500.000 төгрөгний хэрэг байна гэнэ, миний данс руу 500.000 төгрөг шилжүүлээч” гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны данснаас нөхрийнхөө Хаан банкны 5111... дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. ...Нөхөр маань гар утасныхаа мобайл банкаар 500.000 төгрөгийг тэр хүний данс руу шилжүүлчихлээ гэж хэлж байсан. ...” /3хх 65-67/ гэх мэдүүлэг, А.М мөнгө шилжүүлсэн гэж С.А утсаар ярьсан талаар гэрч Ж.Баясгалангийн “...би Авлигын эсрэг хуульд зааснаар авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй гэдгээ мэдэж байсан. Ахлах мэргэжилтэн С.А 2020 оны 8 дугаар сарын 01-ний өглөө 08 цаг 55 минутад над руу залгаад “Тээврийн цагдаагийн албаны Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.М нь томилолтын асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд 500.000 төгрөг миний дансанд хийчихлээ” гэж ярьсан. С.Аийн ярианаас түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэдгийг мэдсэн. Тэгээд тухайн үед түүнийг загнаад аргадах маягтай “одоо архи дарс уухаа боль, гэртээ амраад нэг дэх өдөр ажил дээр уулзъя” гэж хэлээд утсаа салгасан. Ингээд даваа гарагийн өглөө ажил цуглараад С.Аийг өрөөндөө дуудаж уулзаад “юу болоод байгаа юм, болсон асуудлынхаа талаар надад илтгэх хуудас бичээд өг” гэж амаар үүрэг өгөөд гаргасан. Тэгсэн С.А надад илтгэх хуудас бичиж өгөхгүй удаад байхаар нь би өөрөө Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын нэр дээр ахлах мэргэжилтэн С.Аийн утсаар ярьж байсан асуудлыг надад амаар танилцуулсан хүрээнд илтгэх хуудас бичсэн. ...” /3хх 121-122, 4хх 57-58/ гэх мэдүүлэг, С.Аийн “...А.Мийн нөөцөд ороогүй талаарх эргэлзээг арилгахаар түүний 93021229 дугаарын утас руу 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 32 минутад анх удаа дуудлага хийж холбогдон нөөцөд бүртгэгдсэн эсэхийг тодруулахад 2019-2020 онд ахлахын нөөцөд бүртгүүлэхээр албанаас санал хүргүүлсэн, дэмжиж байсан гэх тайлбар өгч байсан. ...Маргааш нь буюу 25-ны бямба гариг амралтын өдөр байсан өглөө 08 цаг 50 минутад сэрэхэд миний утсанд 93021229 дугаарын утаснаас “ахлахаа би он гараад тэтгэвэртээ гарах гэж байгаа, цол дөхсөн, ахлахын албан тушаалд томлигдох асуудлыг дэмжиж, туслалцаа үзүүлж өгөөч” гэх агуулга бүхий хэд хэдэн удаагийн давтамжтай мессеж илгээсэн байсан. ...” /3хх 239/ гэх мэдүүлэг, энэхүү үйл явдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 150 дугаартай мэдээлэл шалгасан тухай дүгнэлт /3хх 108-114/, А.М нь өөрийн Хаан банкны данснаас 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн баримт /1хх 17/, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 45-55/, А.М нь “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын албан тушаал дэвшүүлэх нөөц”-д бүртгэгдээгүй. ...” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 5б/5044 дугаартай албан тоот /1хх 21/, С.А, А. М нарын ажлын байрны тодорхойлолт /1хх 106-110, 215-219/, С.Аийг Хүний нөөц сургалтын хэлтсийн хувийн хэрэг, мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон тушаал /1хх 111/, А.Мийг ахлах зохицуулагчийн албан тушаалд дэвшүүлэн томилуулах санал /1хх 231/, С.Аийн 95999395 дугаарын гадагш ярьсан болон илгээсэн мессежний билл /2хх 11-23/, 95999395 дугаарын утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 87-88/, С.А, Б.Хулан нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 19, 2хх 29/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч С.А, А.Мөнгөнцөг нар нь гэм буруутай эсэх, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч А.Мийн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2, 2.3.4-д тус тус заасныг зөрчин өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу ахлах зохицуулагчийн албан тушаалд дэвшүүлэн томилуулах саналтай материалыг хянаж байсан  - С.Аэд 500.000 төгрөг өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Аийн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.5, 8 дугаар зүйлийн 8.1, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2, 2.3.4, 2.3.6, 2.4.2, 2.4.9-т тус тус заасныг зөрчин А.Мийн ашиг сонирхлын үүднээс түүнийг ахлах зохицуулагчийн албан тушаалд дэвшүүлэн томилох материалыг хянах хугацаандаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 500.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъектыг “Нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно.

 

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “Төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг, 13 дугаар зүйлийн 13.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн”-г төрийн тусгай албан тушаалд хамааруулахаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Аийн хувьд -ээр, А.Мийн хувьд -аар тус тус ажиллаж байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг заасан гэмт хэргийн субъектын шинжийг хангасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч С.Аийн өмгөөлөгч Г.Ганбадрах “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, А.Мийн буруутай үйл ажиллагааны улмаас түүний хууль бус үйлдлийг баримтжуулах зорилгоор С.А нь өөрийн дансны дугаараа өгч мөнгө шилжүүлж авсан, ...А.Мийг ахлах зохицуулагчийн албан тушаалд томилох боломжгүй гэх хариу өгсөн, А.Мийн эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасан, түүнд ямар нэг давуу байдал олгоогүй, ...хахууль авсан үйл баримт огт болоогүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч А.М нь С.Аийг утсаар ярьж материал дутуу байгаа талаар мэдэгдсэний дараа, С.А рүү дутуу материалыг бүрдүүлж өгөх хүртэл буцаалгүй байлгаж байх, тусалж дэмжих асуудал байна уу гэсэн мессеж бичиж гуйсантай холбогдуулан С.А нь согтуу, найзуудтайгаа архи ууж байна, 500.000 төгрөгийн хэрэг байна гэхээр нь мөнгө өгөх хэрэгтэй юм байна гэж ойлгоод дансаар нь мөнгө шилжүүлсэн талаарх мэдүүлэг нь нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу “Хахууль өгөх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа талаар, шүүгдэгч С.А нь А.Мийн ахлах зохицуулагчийн албан тушаалд томилуулах материалыг хянах явцдаа түүнтэй утсаар холбогдож, улмаар хувийн харилцаа тогтоон өөрийн дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авсан нь “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “Хахууль авах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэдийгээр шүүгдэгч С.А нь баримтжуулах зорилгоор дансаа явуулж мөнгө авсан, энэ талаар дээд шатны удирдах албан тушаалтанд мэдэгдсэн гэж байгаа хэдий ч Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...8 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 08 цаг 55 минутад ахлах мэргэжилтэн С.А над руу залгаад “Тээврийн цагдаагийн албаны Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.М томилолтын асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд 500.000 төгрөг миний дансанд хийчихлээ” гэж хэлсэн. С.Аийн ярианаас түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэдгийг мэдсэн. Тухайн үед түүнийг загнаад аргадах маягтай “одоо архи дарс уухаа боль, гэртээ амраад нэг дэх өдөр ажил дээр уулзъя” гэж хэлээд утсаа салгасан. Ингээд даваа гарагийн өглөө ажил цуглараад С.Аийг илтгэх хуудсаа бичиж өг гэж удаа дараа шаардсан, тэрээр илтгэх хуудас бичиж өгөлгүй байсаар 9 дүгээр сарын 03-ны өдөр би өөрөө илтгэх хуудас бичиж шалгуулсан. ...”  талаар мэдүүлсэн бөгөөд уг хүний мэдүүлгийг гэмт хэргийг нотлоход ашигласан нь хууль зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо нотлох баримт нэг бүр болон тэдний бүхэлдээ юуг илэрхийлж байгааг тодорхой үнэлж, дүгнэсэн бөгөөд энэ хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

С.А нь А.Мийн эрх ашгийн эсрэг шийдвэрийг гаргасан, түүнд ямар нэг давуу байдал олгоогүй гэжээ. Нэгдсэн Үндэстний Байгууллага /цаашид НҮБ гэх/-ын Ерөнхий Ассамблей Авлигын эсрэг конвенцийг 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан бөгөөд Монгол Улс тус конвенцид 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэгдэн орж, 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Ингэснээр манай улс тухайн олон улсын гэрээг даган мөрдөх, түүний хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт тавих үүргийг олон улсын өмнө албан ёсоор хүлээж, улмаар авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Авлигын эсрэг хуулийг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус тус баталсан.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 3 дугаар зүйл /Конвенцийн хамрах хүрээ/-ийн 2 дахь хэсэгт “Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгод, энэхүү конвенцид заасан гэмт хэрэг нь энд өөрөөр заагаагүй бол эцсийн дүндээ нийтийн эд хөрөнгөд хохирол буюу гэм хор учруулсан байх албагүй.” гэж, 15 дугаар зүйл /Үндэсний төрийн албан тушаалтны хахуульдах/-д “...төрийн албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь аливаа үйлдэл хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох, төрийн албан тушаалтан өөрийн албан үүргийг хэрэгжүүлэх явцад аливаа үйлдэл хийх эсхүл хийхгүйн тулд өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг шаардаж хясан боогдуулах эсхүл давуу тал авах үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна.” гэж тусгасан.

            Тус конвенцийн дагуу авлигын гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан гэдгийг манай улс үндэсний хууль тогтоомж болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн хувьд хууль тогтоогч хор уршиг заавал учирсан байхыг шууд хуульчлан тодорхойлолгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамааруулсан.

            Ингэхдээ тухайн зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж, 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжүүдийг тодорхойлсон.

Төрийн албаны үйлчилгээ нь тухайн албан тушаалд хэн байхаас үл хамаарч хүн, хуулийн этгээдэд тэгш, шударга, хууль ёсны дагуу хүрч байх ёстой байдаг тул ажиллагааны явцад хууль ёсоор эдлэх эрх, хүлээх хариуцлагыг хэн нэгнээс давуу байдлаар олгох, улмаар эд хөрөнгө, үйлчилгээ олж авсан нь энэ гэмт хэргийн шинжийг хангана.

 

   Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн хор уршиг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдагт оршдог.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч С.А нь албаны чиг үүргийн хувьд А.Мийг ахлах зохицуулагчийн албан тушаалд дэвшүүлэн томилох материалыг хянах хугацаандаа түүнтэй утсаар холбогдож, улмаар хувийн харилцаа тогтоон өөрийн дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авсан, А.М нь дутуу материалыг бүрдүүлж өгөх хүртэл буцаалгүй байлгаж байх, тусалж дэмжих асуудал байна уу гэх мессеж бичиж, мөнгө өгөх хэрэгтэй юм байна гэж ойлгоод С.Аийн дансруу 500.000 төгрөг шилжүүлсэн байдал нь тэдний хооронд ашиг сонирхлын нэгдэл байсныг илэрхийлж байх тул С.А нь А.Мийн эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасан нь хэргийг цагаатгах үндэслэл болохгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.А, А.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан С.Аийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар, А.Мийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ... зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, ... хугацааг тоолно.” гэж заасныг анхаарч үзэлгүй тэдгээрт оногдуулсан эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэх гэж Эрүүгийн хуульд байхгүй зохицуулалтыг хэрэглэсэн, мөн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх. ...” гэж заасныг орхигдуулсан байх тул эдгээр өөрчлөлтийг тус тус оруулж, шүүгдэгч С.Аийн өмгөөлөгч Г.Ганбадрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/848 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мийг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй. ...” гэж,

6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аэд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч А.Мөд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс тоолохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Аийн өмгөөлөгч Г.Ганбадрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                                    Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                                    Л.ДАРЬСҮРЭН