Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/106

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Т.Нандинболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батынхан овгийн Тодбаярын Нандинболорт холбогдох 1728000220025 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:...

Холбогдсон хэргийн талаар:

Т.Нандинболор нь 2017 оын 07 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Их-Уулын 3-11 тоотод хохирогч Т.Гантулгын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ    

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Нандинболорт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Т.Нандинболор нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь амгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Их-Уулын 3-11 тоотод өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч Т.Гантулгатай маргалдан, гэм буруугийн шууд санаатайгаар хэлбэрээр хохирогч  Т.Гантулгыг гэрээс гарах үед нь шилэн стакан шидсэний улмаас зүүн шилбэ оногдон  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нандинболор  өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Нандинболорын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна. Үүнд:

Гэрч Т.Гантулгын... “2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би Их-Уулын 03-11 тоотод найз Нандинболор эхнэр нь Отгоо, Мөнхөө бид дөрөв тэдний гэрт нэг шил ерөөл 0.75 граммын архи хувааж уусан. Мөнхөө, Нандинболор бид гурав хөзөр тоглож байгаад Нандинболор бид хоёр хоорондоо муудалцсан. Тэгээд маргалдаад байж байхад Мөнхөө дундуур орж бид хоёрыг салгасан. Энэ үед авсан архиа хуваагаад уугаад дууссан байсан. Тэгээд би гэрээс гадагшаа гараад явсан. Тэгсэн чинь Нандинболор араас юм шидсэн. Зүүн хөлний шилбэний арын булчингийн дээр ирээд юм онох шиг болсон. Тухайн үед би чулуу шидчих шиг боллоо гээд цаашаа явсан. Тэгсэн булчингаас цус гараад ирсэн. Тэгэхээр нь би өөрийн эгчийндээ очих гээд явсан. Манай эгчинд хүн байгаагүй. Хажуу талд нь буюу зүүн талын хашаанд байдаг айлынд орсон. Миний хөлний цусыг харчихаад цагдаад дуудлага өгсөн. Өчидөр хагалгаанд осрон одоо биеийн байдал гайгүй байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/

Хохирогч Т.Гантулгын... “Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар бүгдийг нь ярьсан. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би цагдаагийн байгууллагаар цаашид шалгуулмааргүй байна. Нандинболор бид 2 бүр багын найзууд. Тухайн үед жаахан маргалдаад ийм асуудал болсон. Ямар ч гомдол санал надад байхгүй. Бид 2 бол багын найзууд. Би уг нь цагдаад дуудлага өгөөгүй. Тухайн үед жаахан маргалдаад ийм асуудал гаргасан. Иймхэн юмнаас болоод би найзыгаа хэрэгт хийчихмээргүй байна. Өөр надад нэмж ярих зүйл, санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/

          Гэрч Д.Мөнхөөгийн... “Би 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн үдээс хойш Цэцийгээс ирээд гэртээ харьчихаад Их-уулын 3-11 тоотод байх найз Нандинболорын гэрт очсон. Очсон чинь Гантулга, Нандинболор нар байсан. Тэгээд би очоод 2 найздаа 1 шил 0,75 грамын ерөөл архи авч бид 3 хувааж уусан. Бид 3 архи ууж байхдаа хоорондоо хөзрөөр покер тоглосон. Тэгсэн чинь Нандинболор, Гантулга 2 хоорондоо муудалцсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгасан. Энэ үед Гантулга би явлаа гээд гэрээс түрүүлээд гараад явсан. Энэ хооронд нь би гутлаа өмсөх гээд доошоо тонгойгоод байж байсан. Гантулгын араас нь Нандинболор нэг юм шидэх шиг болсон би юг юу шидснийг нь хараагүй. Тэгээд Нандинболор Гантулгын араас гарах гэж байхад нь би барьж аваад буцаагаад гэрт гэрт оруулсон. Тэгсэн чинь гаднаас Нандинболорын эхнэр нь ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад Нандинболор юм хэлээгүй. Тэгээд хэсэг байж байгаад тайвширсан. Энэ үед нь би Гантулгыг буцаад ороод ирэх байх гэж бодоод би Нандинболорын гэрт байж байсан. Тэгсэн чинь удаагүй цагдаа нар ирсэн. Энэ үйл явдал болоход бид 3-аас өөр хүн гэрт байгаагүй. Нандинболорын эхнэр нь гадаа хүүхэдтэйгээ хамт сүүдэрт байсан. Маргаан болсны дараа Нандинболорын эхнэр нь гаднаас орж ирсэн. Хөзөр тоглож байгаад л маргалдаад муудалцсан. Тухайн үед 3-лаа 1 шил 0,75 гараммын архи хувааж уусан. Нэг их согтоогүй байсан. Гэрт маргалдаж барьцалдаж байхдаа Нандинболор гартаа юм бариагүй байсан. Гантулгыг гараад явах үед нь хойноос нь юм шидсэн. Яг юу шидснийг нь би хараагүй. Халбага сэрээ бол тухайн үед газраар бутарчихсан байсан.Тэр 2 барилцаж авах үед би хажууд нь байж байсан учраас голоор нь орж салгасан. Гантулгын хойноос Нандинболор юм шидэх шиг болсон яг юу шидсэнийг нь би хараагүй. Би тухайн үед доошоо хараад гутлаа өмсөж байсан. Гэнэт чанга юм шидэж байгаа дуу гарсан. Нэгнийгээ тэгж гэмтээчихнэ гэж бодоогүй гайгүй байх гэж бодож байсан. Гэр дотор зодолдсон асуудал байхгүй. Харин Гантулгыг түрүүлээд гараад явахад нь араас нь Нандинболор гэрийн зүүн талын орон дээрээс араас нь юм шидэх шиг болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн  10-11 дүгээр хуудас/,

Гэрч М.Оюунтуулын... “тухайн зодоон болдог өдөр Их-Уулын 3-11 тоотод гэртээ нөхөр Нандинболор, Гантулга бид гурав байж байхад Мөнхөө 11 цагийн үед ирсэн. Тэгээд манай нөхөр Нандинболор найз нартайгаа хөзөр тоглоно гээд байсан. Мөнхөө гэх нөхрийн найз өглөө ирэхдээ 0.75 гарммын ерөөл архи авчирсан. Тэр шилтэй архиа хувааж уугаад байсан. Ууж байхдаа хоорондоо маргалдсан зүйл болоогүй. Би хүүхдээ салхилуулах гээд хашаанд байж байсан. Тэгээд удалгүй Гантулга хашаанаас гараад явж байгаа харагдсан. Би гэрлүү ороод очиход манай нөхөр согтуу Мөнхөө хоёр сууж байсан. Мөнхөө, Гантулга эмнэлэгт очсон гэнэ хувцасыг аваад явлаа гээд гараад явсан. Тэгээд удалгүй манай нөхрийг цагдаа нар аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн  12-13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Нандинболор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...” 2017.07.15-ны өдөр би гэртээ эхнэр болон Гантулга бид гурав гэрт байж байхад найз Мөнхөө 1 шил архитай гэрт ирсэн тэгээд нөгөө архийг нь Гантулга, Мөнхөө бид гурав хувааж уунгаа хөзөр тоголсон, энэ үед эхнэр хүүхдээ аваад гадаа гарсан байсан тэгээд архиа уугаад тоглож байгаад би хоёр идсэн гэж хэлсэн тэгсэн чинь Гантулга намайг нэг идсэн гэх ялихгүй зүйлээс болж маргалдсан тэгж байгаад би Гантулгыг гэрээсээ зайл гэж хэлсэн, тэгсэн чинь Гантулга уурлаад гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би араас нь хажууд байсан жижиг шилэн стаканыг аваад шидсэн юм. Тэгсэн Гантулга тэр чигээрээ яваад өгсөн, тэгээд Мөнхөө бид хоёр гэрт байж байхад цагдаа нар хүрээд ирсэн юм. Тэгээд намайг авч яваад Цагдаагийн газар дээр авч ирээд цагдаа Мөнх-эрдэнэ уулзаад намайг гадаа сууж бай гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд би хэсэг байж байгаад гэрлүүгээ яваад очиход эхнэр цагдаа нар ирээд явсан гэж хэлсэн. Тэгээд маргааш Баяндалай сумруу хувийн ажлаар явж ирчихээд Цогтцэций сум явсан юм. Тоглож байгаад муудалцсан түүнээс болоод л араас нь шидсэн юм бусдаар бол гэмтээе гэсэн санаа байгаагүй. Гантулга бид хоёр багийн найзууд байгаа юм.”  гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №321 дүгээр шинжээчийн дүгнэлт

  1. Т.Гантулгын биед зүүн шилбэний хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Т.Нандинболорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Нандинболорын гэм буруутай үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хууль ёсны бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Т.Нандинболорт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1.Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Т.Нандинболорын гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нандинболорыг 660 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 660.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

          Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 сарын хугацаанд баргадуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч Т.Гантулга гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн 1728000220025 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон нотлох баримтууд:

Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 22 дүгээр хуудас/

Шүүгдэгч Т.Нандинболорын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 23 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 7 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт: Т.Нандинболор нь Даланзадгад сум, Оюут 7 дүгээр багийн 8-02 тоотод, ам бүл 5, оршин суудаг нь үнэн болно. /хх-ийн 24 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 26-34 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.