Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/304

 

 

 

 

 

   2022            03            17                                        2022/ДШМ/304                                                                                                                     

 

Т.Б-, Б.Б- нарт                                                                                     холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

            прокурор Д.Ганчимэг,

            шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа,

            шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,  

            нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/1291 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-, Б.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн тэдэнд холбогдох 2008000001309 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Т-ийн Б-, Орхон аймагт 1988 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 0 дугаар баг, Ширээ нуруугийн гудамжны ............ гэх газарт оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон,

2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ялыг дүйцүүлэн хасч суллагдсан,

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн.

             2. С овгийн Б-ы Б-, Говь-Алтай аймагт 1993 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 0000000/

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

Т.Б-, Б.Б- нар бүлэглэн, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон:

1. 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Хилчний 000 тоот Д.Н-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, “LG” загварын 43 инчийн зурагт, архи зэрэг эд хөрөнгийг нь авч 925,780 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Хангайн 000 тоот У.Э-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, зөөврийн компьютер, “Nokia 3300”, “Blackberry” загварын гар утаснууд, дунд гарын хаш чулуун хөөрөг зэрэг эд хөрөнгийг нь авч 1,174,800 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хангайн 000 тоот Б.Э-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 43 инчийн зурагт, “Dell” загварын зөөврийн компьютер, өсгөгч, индүү, ус буцалгагч, хувцас хатаагч, сандал, хөнжил, ширээ, монетон бөгж, цахилгаан тогоо, бэлэн мөнгө зэрэг эд хөрөнгийг нь авч 2,294,700 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөн дээрх хаягт оршин суух Б.Б-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, халуун тогоо, бэлнээр 500,000 төгрөг, монетон бөгж зэрэг эд хөрөнгийг нь авч 944,400 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Б- нь:

1. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчний 00 тоот Д.Э- гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Аrina” загварын 50 инчийн зурагтыг нь авч 639,920 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Дунд нарангийн 00 тоот Э.Н-н гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, “ТCL” загварын 32 инчийн зурагтыг нь авч 205,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Алтайн 0-000 тоот Г.О-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Panasonic” загварын 42 инчийн зурагтыг нь авч 499,997 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тоосгоны 0-00 тоот С.Б-ы гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 43 инчийн зурагт, гар утас зэрэг эд хөрөнгийг нь авч 860,000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б- нь:

1. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Хайрханы 000 тоот О.Э гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, “BSB” загварын 32 инчийн зурагтыг нь авч 210,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Т.Б-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Б-, Б.Б- нарыг ганцаараа болон бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-г 6 жил хорих ялаар, шүүгдэгч Б.Б-ыг 5 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 6 жил хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6 жил 10 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зааж, шүүгдэгч Т.Б-гийн цагдан хоригдсон 334 хоног, шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 266 хоног тус тусын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-гээс 4,872,757 төгрөг гаргуулан хохирогч Д.Э-д 639,920 төгрөг, хохирогч Л.Н-д 205,000 төгрөг, хохирогч Г.О-д 499,997 төгрөг, хохирогч С.Б-д 860,000 төгрөг, хохирогч Д.Н-т 462,890 төгрөг, хохирогч У.Э-т 587,400 төгрөг, хохирогч Б.Э-д 1,147,350 төгрөг, хохирогч Б.Б-д 470,200 төгрөг, шүүгдэгч Б.Б-оос Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан хохирлын 3,395,000 төгрөгөөс хохирогч О.Э-д 210,000 төгрөг, хохирогч Д.Н-т 462,890 төгрөг, хохирогч У.Э-т 587,400 төгрөг, хохирогч Б.Э-д 1,147,350 төгрөг, хохирогч Б.Б-д 470,200 төгрөг тус тус олгож, илүү төлөгдсөн 517,160 төгрөгийг данснаас буцаан гаргуулан шүүгдэгч Б.Б-од олгохыг даалгаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Т.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэж эрх зүйн байдлыг минь дордууллаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр 5 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ДШТ/444 дүгээр магадлалаар 3 жил хорих ял болгож, Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус хөнгөрүүлсэн. Энэхүү 3 жилийн хорих ялыг эдлээд дуусаж байх үед дээрх гэмт хэргийг шийдээгүйн улмаас 2021 оны 01 дүгээр сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын хорих 413 дугаар ангиас 461 дүгээр хорих анги руу шилжүүлэн цагдан хорьж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн. Нэг өдөр болсон хэрэг дээр салгаж яллаад 9 жил хорих ял шийтгэж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Гагцхүү цагдан хоригдсоноос болж төлөх боломж гараагүй. Би өндөр настай, тэтгэврийн ээжтэйгээ хамт амьдардаг. Мөн миний биеийн байдал муудаж, элэгний хатуурал, В, С вирус, бөөрний архаг өрөвсөлтэй амьдрах хугацаа богино болсон. Надад оноосон 6 жил 10 сар хорих ял хүнд байна. Иймд миний биеийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хулгайн гэмт хэргээр олсон эд зүйлийг амьдралын эх үүсвэрээ болгоогүй тул гомдолтой байна. Би үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хулгайлах гэмт хэрэгт холбогдохоос өмнө Түвшин центрон харуул хамгаалалтын компанид ажилладаг байсан хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар батлагдана. Би ам бүл 5; аав, ээж, дүү нар маань тус тусын мэргэжлээр хөдөлмөр эрхэлж байгаа. Иймд ар гэрийн байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Т.Б-гийн холбогдсон хэргийн хувьд үргэлжилсэн үйлдэлтэй хэдий ч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхгүй байна. Эрүүгийн хуулийн тайлбарт хулгайлах гэмт хэргийг ар гэрээ тэжээн тэтгэхийн тулд үйлддэг байхыг ойлгоно. Гэтэл шүүгдэгч Т.Б-гийн хувьд хулгай хийж олсон зүйлээ зарж борлуулан архи уусан байдаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчлэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Б- нь дөрвөөс дээш үйлдэлтэй учраас байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хулгайлсан эд зүйлээр өөрийн болон гэр бүлийн амьжиргааг залгуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө шүүгдэгч Б.Б- нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байсан ба анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Хэрэг үргэлжилсэн цаг хугацааг авч үзвэл 6 сарын хугацаанд үйлдсэн нөхцөл байдал бий. Сүүлийн 4 үйлдэл нь нэг цаг хугацаанд буюу 7 хоногийн зайтай үйлдэгдсэн. Иймд шүүгдэгч Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Тэрээр хохирлыг анхан шатны шүүхэд төлж барагдуулсан ба хийсэн хэрэгтээ маш их гэмшсэн байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзнэ үү. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь хангалттай тогтоогдсон. Тухайн цаг хугацаанд шүүгдэгч нар тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, удаа дараа мөрдөн байцаалт болон шүүхээс оргон зайлсан. Хулгайлах гэмт хэрэг үйлдэн олсон мөнгөөрөө зочид буудал орж, архи, хоол унд, хувцас, бүх зүйлээ авсан нь тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.Б-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нарын давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргээс үзэхэд шүүгдэгч Т.Б-, Б.Б- нар бүлэглэн:

1. 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Хилчний 000 тоот Д.Н-н гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, “LG” загварын 43 инчийн зурагт, архи зэрэг эд хөрөнгийг нь авч 925,780 төгрөгийн хохирол учруулсан;

2. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хангайн 0-00 тоот У.Э-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, зөөврийн компьютер, “Nokia 3300”8 “Blackberry” загварын гар утаснууд, дунд гарын хаш чулуун хөөрөг зэрэг эд хөрөнгийг нь авч 1,174,800 төгрөгийн хохирол учруулсан;

3. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хангайн 0000 тоот Б.Э-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 43 инчийн зурагт, “Dell” загварын зөөврийн компьютер, өсгөгч, индүү, ус буцалгагч, хувцас хатаагч, сандал, хөнжил, ширээ, монетон бөгж, цахилгаан тогоо, бэлэн мөнгө зэрэг эд хөрөнгийг нь авч 2,294,700 төгрөгийн хохирол учруулсан;

4. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөн дээрх хаягт оршин суух Б.Б-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, халуун тогоо, бэлнээр 500,000 төгрөг, монетон бөгж зэрэг эд хөрөнгийг нь авч 944,400 төгрөгийн хохирол учруулсан;

шүүгдэгч Т.Б- нь:

1. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчний 00 тоот Д.Э-ы гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Аrina” загварын 50 инчийн зурагтыг нь авч 639,920 төгрөгийн хохирол учруулсан;

2. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Дунд нарангийн 00000 тоот Э.Н-н гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, “ТCL” загварын 32 инчийн зурагтыг нь авч 205,000 төгрөгийн хохирол учруулсан;

3. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Алтайн 8-865 тоот Г.О-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Panasonic” загварын 42 инчийн зурагтыг нь авч 499,997 төгрөгийн хохирол учруулсан;

4. 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тоосгоны 0-00 тоот С.Б-ы гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 43 инчийн зурагт, гар утас зэрэг эд хөрөнгийг нь авч 860,000 төгрөгийн хохирол учруулсан;

шүүгдэгч Б.Б- нь:

1. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Хайрханы 00000 тоот О.Э-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, “BSB” загварын 32 инчийн зурагтыг нь авч 210,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хулгайд эд хөрөнгөө алдсан талаар хохирогч Д.Э, О.Э, У.Э, Б.Э, Б.Б, Д.Н, Ц.Ж, Г.О, С.Б нарын мэдүүлгүүд /1-р хх 25, 91, 142, 211, 2-р хх 52, 114, 240-241, 195, 3-р хх 39/, хохирогчийн гэрээс эд зүйл алдагдсан болохыг мэдсэн гэрч Б.Ө, Н.Э, Н.Г нарын мэдүүлгүүд /1-р хх 27, 29, 214/, хэргийн газрын үзлэг хийж орон байранд хэрхэн нэвтэрч эд хөрөнгийг нь авсан болохыг бэхжүүлсэн тэмдэглэл /1-р хх 6-9, 76-81, 128-135, 198-205, 2-р хх 45-48, 117-124, 182-185, 3-р хх 27-33/, шүүгдэгч Т.Б-, Б.Б- нарын хаанаас, ямар эд хөрөнгийг, хэрхэн авсан болохоо тайлбарлан мэдүүлснийг бэхжүүлсэн тэмдэглэлүүд, гэмт хэрэг үйлдсэн газрыг яллагдагч нараар заалган мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх 32-35/, хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1-р хх 38-39, 99-100, 152-153, 159-160, 219-220, 249-250, 2-р хх 5-6, 94-95, 101-102, 207-208, 3-р хх 57-58/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэдэг нь тухайн гэмт хэргийг олон удаагийн давтамжтай үйлдэж, цаг хугацааны хувьд удаан үргэлжилсэн байхаас гадна гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөөр амьдрал ахуйгаа залгуулсан шинжээр тайлбарлагдана. Хэргийн зүйлчлэлийг тогтооход үйлдлийн тоо, шинж чанар, үргэлжилсэн хугацаа, давтамж, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт хууль зүйн дүгнэлт хийх учиртай.  

Шүүгдэгч Т.Б- нь нийт 8 удаагийн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авч, гэмт хэргийн улмаас олсон мөнгөөр амьдарлаа залгуулж байснаас гадна өмнө нь олон удаагийн хулгайлах гэмт хэрэг үйлдэн шүүхээр ял шийтгүүлсэн байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Т.Б-гийн үйлдсэн хэрэгт нь тохирсон байна.

Анхан шатны шүүхээс хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг авсан буюу дээрэмдэх гэмт хэрэгт өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журамд нийцжээ.

Харин шүүгдэгч Б.Б- нь нийт 5 удаагийн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн байх ба тэрээр тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байсан, өмнө нь мал хулгайлах хэрэгт 1 удаа ял шийтгүүлсэн боловч цаг хугацааны хувьд одоо холбогдсон хэрэгтэй нь давхцаж байгаа зэргээс дүгнэхэд хулгайлах гэмт хэргийн “... байнга үйлдэж амьдралын эс үүсвэр болгосон ...” гэсэн хүндрүүлэх шинжид нийцээгүй байх ба энэ талаар давж заалдсан гомдлууд үндэслэл бүхий гарчээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Б- холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаар болон бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын харгалзан үзэж 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Түүнчлэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг судалж үзвэл шүүгдэгч Б.Б-од оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “... Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар өршөөлд хамруулахад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэсэн шаардлагатай.

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлсөн /7-р хх 13/, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул биеэр эдэлсэн 352 хоногийн хорих ялыг хасч, үлдсэн 1 жил 13 хоног хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрөөр дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оршин суух хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21ий өдрийн 2021/ШЦТ/1291 дүгээр шийтгэх тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Б-од холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын шүүгдэгч Б.Б-од холбогдох хэсгийгШүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаар болон бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч Б.Б-од холбогдох хэсгийг “Шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 13 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.Б-од Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт нийт 352 хоног цагдан хоригдсон болохыг дурьдан түүнийг нэн даруй суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-гийн 2021 оны 12 дугаар сарын 21ий өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН         

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН