Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2024/01437

 

 

 

 

 

 

 

 

2024 04 09 181/ШШ2024/01437

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Жамъян гүний 18/1, Даун таун, 0 тоот хаягт байрлах, ТХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Л.Х /РД:00/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Т ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр С ХХК-тай 23/115 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу хариуцагч Л.Х нь Саlаху А54 5 G(128GВ) гар утсыг, Gаlаху buds 2 гэх чихэвчийн хамт худалдан авах зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчтэй 2023/616-000061 дугаартай Зээлийн гэрээ байгуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон 2023 оны 06 дугаар сарын 06-ний өдөр Барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь 2023/616-000061 дугаартай Зээлийн гэрээний 4.2.3 дахь хэсэгт Зээлийн төлбөрийг Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу төлөх гэж заасан үүргээ 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 11 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гүйцэтгээгүй ба эхний сарын төлөлтөөс хойш нэг төгрөгийн ч төлөлт хийгээгүй байна. Зээлийн гэрээний 3.1.3 дах хэсэгт Зээлийн жилийн хүү: 42 %, 3.1.4 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа: 24 сар , 3.1.5 дахь хэсэгт Нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20/хорин/ хувь байна гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээний хүү 312,580.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,637.96 төгрөгийн үлдэгдэлтэй байх ба нэхэмжлэгч тал хариуцагчаас үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлбөрөө төлөөгүй болно. Нэхэмжлэгч болон С ХХК-ийн хооронд байгуулсан 23/115 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу С ХХК нь гэрээний хавсралтад заасны дагуу хариуцагч руу удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлэхгүй байна. Иймд Зээлийн гэрээг дуусгавар болгон цуцалж, Зээлийн гэрээний үүрэгт 2,038,189.56 төгрөг, зээлийн хүү 312,580.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 42,637.96 төгрөг нийт 2,505,018.53 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Гэтэл Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 0000 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У би хариуцагч Л.Х /РД:000/-ийг /Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 10 дугаар гудамж, 000 тоот/ эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Л.Х /РД:000/-г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Т ХХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Хуланг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь Л.Х-тай 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээний үүрэгт Л.Х-г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Л.Х нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 0 тоотод оршин суухаар иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх боловч тус хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч болох Л.Х-ийн оршин суугаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул Л.Х-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Л.Х /РД:/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Х-ийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Л.Х /РД:/-гийн оршин байгаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ТХК /утас:/-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА