Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/310

 

 

 

 

 

   2022            03            17                                        2022/ДШМ/310                                                                                                                     

 

 

Г.Э-д холбогдох                                                                                                           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

            прокурор Ч.Түмэн-Өлзий,

            шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Ц.Дагвадорж,

            нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Ц.Дагвадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Э-д холбогдох 2110000000669 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Г-ийн Э-, Улаанбаатар хотод 1992 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “0” цайны газарт бэлтгэгч ажилтай байсан гэх, ам бүл 3, эх, ахын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Яармагийн 0 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

Г.Э- нь 2021 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Яармагийн 0 дүгээр гудамжны 000 тоот хашаанд дахь байшиндаа ахынхаа хамтран амьдрагч Ц.О-гийн хөл рүү 4 удаа хутгалж, гудамжинд чирч гарган толгой, цээжин рүү нь дэвслэж “... зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн, цавчигдсан олон тооны шарх, өвчүү, баруун 2, 3, 5, 6, зүүн 2, 3 дугаар хавирганы хугарал, толгойн хуйхан доор цус хуралт, шанаа, чих, эрүү, хүзүү, эгэм, мөр, дал, хөх, гарын бугалга, шуу, хөлийн шилбэнд олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Э-г хүнийг алах гэмт хэргийг онц гаргис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, цагдан хоригдсон 149 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ж-д амь хохирогчийн оршуулахтай холбоотой зардалд 9,542,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр тогтоолд заажээ.

Шүүгдэгч Г.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би ээж, ахын хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 4-125 тоотод амьдардаг, хэрэгт холбогдохоос өмнө “Өсөх” цайны газарт бэлтгэгчээр ажиллаж байсан ба урьд ял эдэлж байгаагүй болно. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлан, оршуулгыг заррдлыг төлсөн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу, Ц.Дагвадорж нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.Э- нь гэмт хэрэг хийсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан хорих ялаас хасч, тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу хүндрүүлэх шинжид нийцүүлэн 13 жил хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нотлох баримтыг шийтгэх тогтоолдоо дурьдаагүй. Шүүгдэгч Г.Э- нь 29 настай, эхнэр хүүхэдгүй, цэргийн алба хаагаагүй, зан төлөв зөөлөн, нийтэч, гэр бүлээ хүндэлж хайрладаг, ажиллаж амьдрах насан дээрээ яваа залуу хүн байгаа. Тэрээр хэрэгт холбогдохоос өмнө ресторанд ажиллаж байсан, олон нийттэй харьцаж сурсан. Гэмт хэрэг гарах үед архи ууссан байсан учраас хохирогчид олон тооны гэмтэл учруулж амь насыг нь хохироосон. Энэ гэмт хэргийн улмаас арилшгүй хор хохирол учирсан. Прокуророос олон тооны гэмтэл учруулсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн. Онц харгис хэрцгий шинжийг Шүүх, эмнэлгийн шинжилгээний гэмтлийн талаас нь үзэх боломжгүй. Г.Э- нь субъектийн хувьд үзэхэд онц харгис хэрцгий хүн биш байгаа. Тухайн гэмт хэрэг гарах үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглсний улмаас гэмт хэрэг шалтгаан болсон. Хохирогч байнга архи уудаг байсан гэдгийг гэрч Жаргалбаяр болон хамт амьдарч байсан хүмүүс бүгд мэдүүлдэг. Тухайн үед шүүгдэгч Г.Э- архи уусан үедээ хохирогчтой маргасан. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-д оногдуулсан ял төрөл, хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, хувийн байдалд нь тохирсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг харгалзан онц харгис хэрцгий шинжийг дүгнэх боломжгүй гэсэн тайлбар хийлээ. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад хохирогчийг гэрт нь гуя, хөл хэсэг рүү нь хутгалж, цавчсан байдаг. Тухайн үед хохирогч нас бараагүй байсан. Гудамжинд чирч гарган зодох хүртэлх хугацаанд амь тэмцсэн байдалтай байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоодог. Энэ нөхцөл байдлыг нь харгалзан онц харгис хэрцгий шинжид хууль зүйн дүгнэлт хийсэн болно. Иймд Г.Э-д оногдуулсан ялыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргээс үзэхэд, хохирогч Ц.О-гийн цогцост зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн, цавчигдсан олон тооны шарх, өвчүү, баруун 2, 3, 5, 6, зүүн 2, 3 дугаар хавирганы хугарал, толгойн хуйхан доорх цус хуралт, зүүн шанаа, чихний доод хэсэг, эрүү, хүзүү, баруун эгэм, мөр, дал, зүүн эгэм, хөх зүүн бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт, дух, баруун, зүүн шанаа, зүүн хацар, чих, баруун мөр, дал тохой, зүүн тохой, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон ба талийгаач нь зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн болон цавчигдсан олон тооны шарх гэмтлийн улмаас гадуур цочмог цус алдаж нас барсан гэх шинжээчийн 1591 тоот дүгнэлт /1-р хх 126-130/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 3-15, 16-25, 26-29/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 34-40/, эд мөрийн баримтаар хураагдсан хутганы ажлын хэсгийн гадаргуу дээр цус илэрсэн болохын тогтоосон шинжээчийн 3651 тоот дүгнэлт /1-р хх 165-166/, гэрч Г.З-гийн “... Г.Э- 00:00 цагийн үед согтуу, уурлаж бухимдсан байдалтай орж ирээд ширээн дээрээс шаргал модон иштэй хутга аваад гарсан. Удалгүй Ц.О-гийн байшинд түжигнэх чимээ сонсогдсон. Г.Э- нүүр нь цус болсон эргэж орж ирээд шаргал иштэй заазуур аваад гарсан. Би араас нь гараад Ц.О-гийн байшинд ороход хүнгүй, орны өмнө шалан дээр цус болсон байхаар тэр даруй буцаад гарсан. Г.Э- хашааны хаалгаар баруун гартаа заазуур барьчихсан орж ирээд ээжийн байшин руу орсон. Би дүүгээсээ айж байсан учир хашаанаас гараад зүүн тийш гүйсэн. Гудамжинд миний хамтран амьдрагч дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...” /1-р хх 89-90/, гэрч Ж.Ө-ын “... эгч Ө, хүргэн ахын дүү Э бид гурав очоод харахад тухайн эмэгтэй хажуугаараа харсан байдалтай хөл нь маш их цус болсон газар хэвтэж байсан...” /1-р хх 94/, дуудлагаар хэргийн газарт очсон цагдаагийн алба хаагч А.Б, Х.А /1-р хх 105-107, 111/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд  зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э- нь 2021 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 4 дүгээр гудамжны 125 тоот хашаан дахь байшиндаа төрсөн ахынхаа хамтран амьдрагч Ц.О-гийн хөл рүү олон удаа хутгалж, гудамжинд чирч гарган толгой, нүүр болон бие рүү нь дэвслэх зэргээр зодож, олон тооны хатгагдаж, зүсэгдсэн, цавчигдсан болон ясны хугарал гэмтлүүд учруулж алсан болох нь нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Э- нь хохирогчийг гэртээ хүмүүс цуглуулж архидан согтуурсанд нь бухимдаж энэ гэмт хэргийг үйлдсэн гэх боловч шинжээчийн 1591 тоот дүгнэлтэд “... Химийн шинжилгээгээр спиртын зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөх бодис илрээгүй ...” гэснээр үгүйсгэгдэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Г.Э- нь хохирогчийг ямар ч шалтгаангүйгээр зүүн гуянд нь нийт 4 удаа хутгалж, цавчин, гудамжинд чирч гаргаад цээжин дээр нь дэвсэж зодон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон олон тооны гэмтлүүдийг учруулжээ.

Хохирогчийн гуянд хутгалж, цавчсан үйлдлүүдийн улмаас цочмог цус алдалт явагдсан бөгөөд нас барах хүртэл нь шүүгдэгч түүнийг зодсоор өвчүү, хавирганы хугарал гэмтлүүдийг учруулсан хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд хүнийг зориуд тарчилган зовоож алсан, хохирогч биедээ олон тооны гэмтлүүд авч нас барах хүртлээ өвдөж шаналах, зовж зүдрэхээр нөхцөлд байсан тул хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Э-д 16 жил хорих ял шийтгэж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчим, ялын зорилгод нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “... Хорих ялыг хөнгөрүүлж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Ц.Дагвадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э- нь 2022 оны 01 дүгээр сарын 04ий өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН