Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 108

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Б.Даваадалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авга дархан овгийн Баатарын Даваадалайд холбогдох 1728000000024 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Б.Даваадалай нь 2017 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг Зүлэгбаатар гэх газарт Э.Дамдинсүрэнгийн бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Даваадалайд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлага болон хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Даваадалай нь 2017 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг Зүлэгбаатар гэх газарт Э.Дамдинсүрэнгийн бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Б.Даваадалайгийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Э.Дамдинсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

Хохирогч Э.Дамдинсүрэнгийн... “2017 оны 08 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед байх би Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг болох Хоолт багийн Зүлэгбаатар гэдэг газарт байдаг Мөнхчулуун гэдэг айлд айргаар хуруудаж байгаад би түрүүлээд айрганд цадчихаад гэрээс гараад гадаа жаахан байж байгаад гэрт ороод сууж байтал Даваадалай намайг “Чи дээр яагаад намайг зодох гээд байсан юм, уучлалт гуйсан чинь үнэн юм уу” гээд намайг өдөөд байсан. Бид хоёр гэрээс гараад хоорондоо зууралдаж байгаад би Даваадалайг толгойгоороо нэг удаа мөргөсөн тэгтэл Даваадалай намайг цохиж авах гэхээр нь би Даваадалайг барьж байгаад ташиж газар унагачихаад түүний дээр гараад сууж байтал ах Даваадорж хүрч ирээд салгах гэтэл Даваадалай миний нүүр лүү нэг хоёр удаа өшиглөсөн. Манай эхнэр Амартүвшин ирээд бид хоёрыг салгатал Даваадалайг ах Даваадорж хүрч ирээд салгасан тэгээд би ойрхон гэр лүүгээ явж харьж амарсан. Даваадалайтай ямар нэгэн байдлаар маргалдсан зүйл байхгүй. Даваадалай өөрөө намайг зүгээр байхад муухай хараад, дээр намайг яагаад зодох гээд байсан гээд хэрүүл хийгээд байсан. Өөрөөр бол ямар нэгэн зодолдох шалтгаан байхгүй. Би Даваадалайг цохиж зодсон зүйл байхгүй. Хэд хоногийн өмнө Даваадалай айлд агсам тавих гээд байхаар нь би тэвэрч аваад газар унагааж байсан. Даваадалайд өс хонзон санасан зүйл байхгүй. Би архи уугаагүй айраг л уусан байсан. Даваадалай архи үнэртүүлчихсэн байсан гэхдээ айраг их уугаад байсан. Бид нар айраг ууж байхдаа архи уугаагүй. Миний биед Даваадалай гэмтэл учруулсан. Тухайн үед Даваадалайтай л маргалдаж зодолдсон. Чулуун дээр байсан цус бол миний хамраас гарсан цус байгаа юм. Даваадалай миний нүүр лүү өшиглөсөн тэгээд хамраас цус гарсан юм. Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт, нэхэмжпэх зүйл байхгүй , нэмж шалгуулах хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Гэрч Б.Амартүвшингийн... “2017 оны 08 дугаар сарын 13-ны орой 23 цагийн орчимд Мөнхчулуун ахын гэрт Дамдинсүрэн, манай нөхрийн ах Дамдин, Элбэгжаргал, Алимаа нарын хамт очиж хуруудаад хожигдсон нь айраг ууж байсан юм. Айрганд хуруудацгаагаад айрганд цадаад би нөхрийн хамт гэр рүүгээ явахааар гэрийн үүдэнд Элбэгжаргалыг хүлээгээд сууж байсан. Тэр үед Даваадалай манай нөхрийг Сүрэн ах гараад ир гээд дагуулаад гарсан. Удаагүй байж байтал Элбэгжаргал, Алимаа, Дамдин нар айргандаа цадаад бид нар гэр лүүгээ явахаар гэрээс гартал гадаа манай нөхөр Дамдинсүрэнг цохисон. Дамдинсүрэн барьж аваад газар унагаагаад дараад хэвтсэн. Бид нар болиоч, яагаад байгаа юм бэ гэж чанга хэлэхийг гэрт дотор байсан хүмүүс сонсоод юу болов гээд гараад ирцгээсэн. Даваадалайгийн ах Даваа гарч ирээд дүү Даваадалайгаа өмөөрч манай нөхөр лүү дайрахад нь Дамдин ах Давааг татаж авсан. Тэр үед манай нөхөр Даваадалайгийн доор нь орчихсон байсан. Алимаа эгч намайг чи жирэмсэн хол бай цохиулчихвал яана гээд ойртуулаагүй юм. Гэрээс гарч ирсэн хүмүүс Даваадалайг салгаж аваад гэр рүү оруулсан. Манай нөхрийн ухаан нь балартсан байдалтай газар түрүүгээ хараад хэвтэж байсан, дүү Цэндханд нь ахыг зодуулахгүй гээд дээр нь гараад хамгаалаад хэвтэж байсан. Дамдинсүрэнг босоход хамраас нь цус гарсан нүүр ам нь цус болсон байсан. Мөнхчулуун ах ус хийж өгч цусыг нь цэвэрлэсэн. Дамдинсүрэн цусаа цэвэрлэчхээд уурандаа гэрт орж Даваадалайг дуудсан. Даваадалай өөдөөс нь босоод ирэхэд нь тэнд сууж байсан хүмүүс Даваадалайг гаргаагүй. Бид нар тэгээд гэр гэр лүүгээ явцгаасан. Гэр рүү явж байх замд Дамдинсүрэн цустай юмаар бөөлжсөн. Гэртээ ирээд огиулаад хамраас нь цус гараад тогтохгүй байсан. Би айж сандраад сумын төв рүү эмнэлэгт дуудлага өгсөн. Дамдинсүрэн архи уугаагүй байсан. Даваадалайгаас архи үнэртэж байсан гэж манай нөхөр Дамдинсүрэн, Эрдэнэчулуун нар хэлж байсан. Өмнө нь энэ оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай ээж Балбурамынх унаганы үрс хийхэд үрсэн дээр Даваадалай согтчихоод Очироо гэх залууг мөргөж зодож агсам тавиад байсан. Тэр үед би Дамдинсүрэнтэй хамт худаг дээр ус аваад зогсож байхдаа хараад байж байсан юм. Усаа аваад гэрт очиход Даваадалай Очироо руу дайрч агсарсан хэвээрээ байсан. Манай нөхөр салгах санаатай Даваадалайг тэвэрч аваад газар унагаж суулгасан. Тэр үйл явдлыг Даваадалай Дамдинсүрэнг хүмүүстэй нийлж зодсон гээд өширхөөд байсан юм байна лээ. Миний ойлгосноор Даваадалай манай нөхөрт өс санаж хэргээс муудалцсан юм байна лээ. Даваадалай Дамдинсүрэн хоёрын зодоонд өөр хүн оролцоогүй. Дамдинсүрэнгийн зүүн нүдний хөмсөг орчимд нь хавдсан байсан. Баруун нүдэнд нь цус хурсан байдалтай улайсан байсан. Хамар нь гэмтсэн, цустай юмаар бөөлжиж байсан. Зодоон дуусаж тэр хоёрыг салгахад Даваадалайгийн нүүр ам нь зүгээр ямар нэгэн цус болооогүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Б.Даваадоржийн... “2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Мөнхчулуун ахын гэрт айрганд хуруудахаар дүү Даваадалайгийн хамт 22 цагийн орчим очсон. Очоод айрганд хуруудсан. Олон хүн цугласан байсан. Хуруудаж айраг ууж байгаад би бие засахаар 01 цаг өнгөрч байхад гэрээс гарсан.  Гэрийн зүүн урдхан Дамдинсүрэн, Даваадалай хоёр муудалцсан, зууралдсан байдалтай хоёулангийнх нь нүүр цус болсон байсан. Би өөрийн дүү Даваадалайг аваад гэр рүү орсон. Гэрт хуруудсан 03 цагийн орчимд Мөнхчулуун ахын гэрээс Даваадалайтай хамт гэр рүүгээ явсан. Даваадалай, Дамдинсүрэн хоёр хоёулаа архи уугаагүй эрүүл байсан. Тэр хоёрыг юунаас болж маргалдаж зодолдсоныг мэдэхгүй. Даваадалайгийн нүд нь хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч С.Мөнхчулууны... “2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манайх ойр хавийн айлуудаа дуудаж айрганд хуруудацгаасан. 22 цагийн орчимд хуруудаж эхэлсэн. 23 цагийн үед Дамдинсүрэн эхнэр хүүхдийн хамт манай гэрт ирсэн. 01 цагийн үед гэнэт гэрийн гадаа хүмүүс шуугилдаад зодоон боллоо гэсэн. Би гэрээс гараад очиход гэрийн зүүн урдхан 8 метр орчим зайтай Даваадалай Дамдинсүрэн хоёр зодолдсон, муудалцсан байдалтай Дамдинсүрэнгийн хамраас цус гарсан байсан. Даваадалай гэр рүү орсон. Би Дамдинсүрэнгийн цусыг усаар угааж цэвэрлэж өгсөн. Тэгээд Дамдинсүрэнг эхнэр Алимаа нь гэр рүүгээ аваад явсан. Даваадалай хуруудаж байгаад удалгүй бас гэр рүүгээ явсан. Тэр хоёрыг архи уусах эсэхийг би мэдээгүй. Дамдинсүрэнгийн хамраас цус гарсан, Даваадалай зүгээр харагдаж байсан. Гэмтэл учраагүй байсан. Уг зодоонд өөр хүн оролцоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч Ө.Алимаагийн... “2017 оны 08 дугаар сарын 13-ны шөнө хуруудаж айраг уухаар Мөнхчулууны гэрт Дамдинсүрэн, Амартүвшин, Дамдин, Элбэгжаргал нарын хамт очсон. Дамдинсүрэн, Амартүвшин, Дамдин бид 4 айрганд цадаад гэрийн үүдэнд Элбэгжаргалыг хүлээгээд сууж байсан юм. Тэгтэл Даваадалай гэрээс гарахдаа Дамдинсүрэнг гараад ир гээд дуудаад аваад гарсан. Бид нар санаанд ороогүй гэрт Элбэгжаргалыг хүлээгээд сууж л байсан. Элбэгжаргал айрганд цадаад бид нар гэрээс гарахад гэрийн гадна Даваадалай, Дамдинсүрэн хоёр муудалцчихсан байдалтай байдалтай зогсцгоож байсан. Би анзаараагүй байж байтал Дамдинсүрэн Даваадалайг барь аваад газар унагаж байгаа харагдсан. Дуу чимээнээр гэрт байсан хүмүүс гарч ирцгээсэн. Дамдинсүрэн Даваадалайгийн дээр нь гараад дараад хэвтчихсэн байсан. Гэрээс Даваадалайгийн ах Даваа гарч ирээд дүүгээ өмөөрч Дамдинсүрэнг татсан. Тэр үед Дамдин очиж Давааг авч явсан. Даваа Дамдинсүрэнг татахад доор нь байсан Даваадалай Дамдинсүрэнгийн дээр нь гарчихсан байсан. Амартүвшин жирэмсэн байсан болохоор би Амартүвшинг зодоонд ойртуулахгүй гээд Амартүвшинтэй хамт зодооноос зайдуу хараад зогсож байсан. Харанхуй шөнө байсан болохоор хэн нь хэнийгээ яаж цохиж зодсоныг харж чадаагүй. Даваадалайг хэн салгаж авч явсныг нь анзаараагүй, ямарч байсан Дамдинсүрэн газар доошоо хараад хэвтчихсэн дүү Цэрэнханд нь ахыгаа хамгаалаад дээр нь дараад хэвтчихсэн байсан. Тухайн үед Дамдинсүрэн атирчихсан бие нь их хүнд манарсан шоконд орсон байдалтай байсан. Дамдинсүрэн босоход хамар амнаас нь шүлс, цус гарсан байдалтай нүүр ам нь их цус болсон байсан. Гэрээс Мөнхчулуун ус авчирч нүүр амыг нь угаалгасан. Дамдинсүрэн нүүр гараа угаачхаад Мөнхчулууны гэр лүү ороход Даваадалай ухас гээд Дамдинсүрэн лүү босоод ирэхэд гэрт байсан хүмүүс Даваадалайг гаргаагүй суулгасан. Тэгээд бид нар гэр лүүгээ явцгаасан. Гэр лүү явах замдаа Дамдинсүрэн цустай юмаар бөөлжсөн. Дамдинсүрэнгийн хамраас гарсан цус нь тогтохгүй гараад байсан. Гэрт ирэхэд цус нь тогтохгүй толгой тархи нь өвдөөд бие муу байна гээд сумын төв рүү эмнэлэг, цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн. Дуудлагыг Амартүвшин өгсөн. Би хэн нь хэнийгээ яаж цохисонг огт хараагүй, мэдэхгүй байна. Даваадалай, Дамдинсүрэн хоёроос өөр хүн зодолдоогүй, зодоонд оролцоогүй.” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Яллагдагч Б.Даваадалайгийн... “2017 оны 08 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Мөнхчулуун ахын гэрт айрганд хуруудахаар очсон. Ойр хавийн хөдөөний малчид бас ирсэн байсан. Дамдинсүрэн ах эхнэр хүүхэдтэйгээ удалгүй бас ирсэн. Айрганд хуруудаж байхад Дамдинсүрэн ах над руу үе үе муухай хараад байсан. 02 цагийн орчимд байх Дамдинсүрэн гэрийн зүүн доод үүд орчимд сууж байсан юм. Би Дамдинсүрэн ахыг гаръя гээд дагуулаад гарсан. Гадаа гараад би Дамдинсүрэнд та над руу яагаад муухай хараад байгаа юм бэ? Би танд ямар гэм хийсэн юм бэ гэхэд Дамдинсүрэн ах дуугараагүй. Тэгэхлээр нь би та дээр намайг зодчихоод уучлалт гуйхдаа үнэн сэтгэлээсээ уучлалт гуйсан юм уу гэж асуухад Дамдинсүрэн ах та нар шиг бацаанууд амждаггүй юм гээд намайг мөргөсөн. Би зөрүүлээд гараараа нэг цохисон чинь намайг ташиж унагаагаад миний дээр гарч суугаад намайг хэд хэд цохиж авсан. Би Дамдинсүрэнгийн доороос гарч ирээд Дамдинсүрэнгийн нүүрлүү нь 2 удаа өшиглөсөн. Дамдинсүрэнгийн эхнэр дүү нь ирээд салгаад авсан. Тэр үед Дамдинсүрэн над руу дайраад цохисон. Тэгээд манай ах Даваадорж ирж намайг авсан. Дамдинсүрэнгийн гэр бүл машиндаа суугаад явцгаасан. Би 03 цагийн орчимд явсан. Би архи уугаагүй, айраг уусан байсан. Дамдинсүрэн эрүүл байсан. Энэ оны 07 дугаар сард Бурмаа эгчийн унаганы үрсэн дээр Дамдинсүрэн болон түүний найзуудад би зодуулсан. Тухайн үед би Дамдинсүрэн, түүний найз нар бид бүгд архи уусан согтуу байсан. Энэ явдлаас хойш бид 2 таарамж муутай болсон. Дамдинсүрэнд өс санасан юм байхгүй. Миний баруун нүд хөхөрсөн. Толгой хөндүүртэй байгаа. Өөр гэмтэл байхгүй. Дамдинсүрэнгийн биед ямар гэмтэл учирсныг мэдэхгүй байна. Харанхуй байсан болохоор хараагүй. Бид хоёрыг зодолдож байхад өөр хүн оролцоогүй. Гэрт байсан хүмүүсээс зарим нь зодооныг салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №392 дугаар дүгнэлт:

1. Б.Даваадалайгийн биед баруун дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №392 дугаар дүгнэлт:

1. Э.Дамдинсүрэнгийн биед хамрын таславчийн муруйлт, баруун нүдний алимны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 27 дугаар хуудас/,

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 27 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн 1728000000024 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайханы 4 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №1203 тоот тодорхойлолтод: “Баатар овогтой Даваадалай нь КИ95022410 регистрийн дугаартай, 4 дүгээр баг, Дундсайханы 1-56 тоотод, ам бүл 4-үүл оршин суудаг нь үнэн болно.” гэх /хх-ийн 45 дугаар хуудас/

 Шүүгдэгч Б.Даваадалайгийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 46 дугаар хуудас/

 Ял шийтгэлийн тэмдэглэлд “Б.Даваадалай урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх /хх-ийн 47 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 37-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирснаар гэмт хэрэг төгссөнд тооцогдох ба гэм буруутай этгээдийн үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Даваадалайгийн гэмт үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хууль ёсны бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Даваадалайг хохирогч Э.Дамдинсүрэнгийн халдашгүй байдалд шууд санаатай халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулсан буюу хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Б.Даваадалай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож , мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хохирогч Э.Дамдинсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадалайг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадалай нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Авга дархан овгийн Баатарын Даваадалайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадалайг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадалайд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадалай нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадалай нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадалай нь цагдан хоригдсон хоноггүй, зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ТӨМӨРХҮҮ