| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00368/И |
| Дугаар | 130/ШШ2024/00456 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2024/00456
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: С. Хаяг:Б аймаг, С сум, 05 дугаар багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн С сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, 1992 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цагаан хэрэглээний болон сав угаагч, тогооч, бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчийн тайлбар, бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С нь анх шүүхэд Б аймгийн С сумын дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 31-ний дуустал үйлчлэгчээр, 1992 оны 4 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргасан.
Харин хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үед хүсэлтийн шаардлагын үндэслэлийг өөрчилж, Б аймгийн С сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, 1992 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сав угаагч, бэлтгэгч, тогоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч С нь тус аймгийн С сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, 1992 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цагаан хэрэглээний болон сав угаагч, тогооч, бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоож өгөхийг хүсэж байна.
1.2 Сав угаагчаар 1992 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр томилох үед цэвэрлэгчээр ажиллаж байсан нь тогтоогдож байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтад цагаан хэрэглээний болон сав угаагчаар мөн бэлтгэгчээр цалин хөлс авч байсан нь тогтоогдсон. Мөн зарим саруудад тогоочоор ажиллаж цалин хөлсийг авч байсан.
1.3 Хүсэлт гаргагчийн 1994 онд ажиллаж байсан талаарх материал хэрэгт байхгүй байгаа боловч тэрээр 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сургуулиас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байх тул үргэлжлүүлэн одоо хүртэл ажиллаж байгаа болно.
1.4 Харин шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэхэд хүсэлт гаргагчийн зүгээс татгалзах зүйл байхгүй гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хамт ажилласан гэх К , М , А нарын тодорхойлолт, С ийн иргэний үнэмлэх, БӨ-00 дугаартай тогоочийн мэргэжлийн үнэмлэх, талон, 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр С сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас олгосон №00 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №000 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, уг дэвтрийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн үргэлжлэл, С ийн №00 дугаартай Боловсролын үйлчилгээний хүндэт ажилтны тэмдэг, С сумын ЕБ-ын сургуулийн захирлаас 2022.12.30-ны өдөр олгосон Өргөмжлөл, 1992 оны 06, 12 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүсэлт гаргагчаас өмгөөлөгч С д олгосон итгэмжлэл, 2024.04.25-ны өдрийн хүсэлтийнхээ шаардлагыг тодруулсан тухай тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШЗ2024/01432 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн нийгмийн даатгалын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 225 дугаартай албан бичгээр тус газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч А д олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 533, 534, 535 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 472 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч С болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн зааварлагч, арга зүйчийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 182 дугаар албан бичиг, Б аймгийн С сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн тус сургуулийн 1992 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай тушаал, 1992, 1993 онуудын цалингийн тооцооны хүснэгт, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүх хуралдаанд хамт ажилласан гэх К , М , А нарыг гэрчээр оролцуулсан, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр С сумын 10 жилийн сургуулийн цалингийн тооцооны хүснэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хүсэлт гаргагч С нь тус аймгийн С сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, 1992 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал цагаан хэрэглээний болон сав угаагч, тогооч, бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоож өгөхийг хүсэж байна. Харин шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэхэд хүсэлт гаргагчийн зүгээс татгалзах зүйл байхгүй гэжээ.
6.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
6.1 Тус шүүхээс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Б аймгийн С сумын 10 жилийн дунд сургуулийн 1992-1993 онуудын цалингийн тооцооны хүснэгтэд үзлэг хийхэд хүсэлт гаргагч С нь 1992 оны 01-5 дугаар сар дуустал цагаан хэрэглээний угаагчаар, 06-08 дугаар сарын цалин хөлсний баримтад өөр өнгийн балаар тогооч гэж бичсэн, 9-10 дугаар сар дуустал сав угаагчаар, 11-12 дугаар сарын цалин хөлсний баримтад тогоочоор, 1993 оны цалин хөлсний баримтын 01 дүгээр сарын баримтад тогоочоор, 02 дугаар сар бэлтгэгч, 3-р сарын цалин хөлсний баримтад өөр өнгийн балаар нэмж тогоочоор гэж бичигдсэн, 4-12 дугаар сарыг дуустал бэлтгэгч гэж бичигдсэн ба 1994 оны тус сургуулийн захирлын тушаал болон цалин хөлсний баримт тус сургуулийн архивд байхгүй байна.
6.2 Хамт ажилласан гэх К , М , А нарын бичсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хүсэлт гаргагчийг 1992 оны 01 дүгээр сараас одоо хүртэл гал тогоонд талх баригч, тогоочоор ажилласан гэж мэдүүлдэг боловч тус сургуулийн цалин хөлсний баримтад үзлэг хийхэд тэрээр тус сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сар хүртэл цагаан хэрэглээний угаагчаар, 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэл сав угаагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний хүртэл тогоочоор, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 он дуустал хугацаандаа бэлтгэгчээр ажилласан болох нь тогтоогдсон. Энэ нь Б аймгийн С сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн цалингийн тооцооны хүснэгтэй тохирч байна.
6.3 Цалингийн тооцооны хүснэгтийн зарим сарын цалин хөлсний баримтад нэмж өөр өнгийн балаар тогооч гэж бичсэнийг тухайн саруудад тогоочоор ажилласан гэж үзээгүй бөгөөд өмнөх сард бичигдсэн албан тушаал болох цагаан хэрэглээний угаагчаар ажилласан байна гэж шүүхээс үзлээ. Харин 1992 оны 11 дүгээр сараас 1993 оны 02 дугаар сар хүртэлх дараалан 3 сарын цалин хөлсний баримтад засваргүй албан тушаалыг нь тогооч гэж бичигдсэн тул тухайн саруудад хүний оронд тогоочоор ажилласан байна гэж шүүх дүгнэлээ.
6.4 Тус сургуулийн 1994 оны захирлын тушаал болон цалин хөлсний баримт нь тус аймгийн архивын тасаг болон сургуулийн архивд байхгүй байгаа боловч 1995 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон түүний №000 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, уг дэвтрийн үргэлжилсэн дэвтрүүдэд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш үргэлжлүүлэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал болон одоо хүртэл тус сургуульд тогоочоор ажиллаж Хүндэт ажилтан, тус сургуулийн захирлын нэрэмжит шагнал болох Өргөмжлөл зэрэг бичгийн нотлох баримтыг харгалзан тэрээр 1992 оноос одоо хүртэл тус сургуульд үргэлжлэн ажиллаж байсан байна гэж шүүх дүгнэлээ.
6.5 Харин Б аймгийн С сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн тус сургуулийн 1992 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай тушаалын 2 дахь заалтад хүүхдийн хоолны нормыг хулгайлан завшсан тогооч Кү , сав угаагч Т нарыг албан тушаал буруулан Кү ийг жирэмсний амралт авсан К ы оронд, Т ыг халуун усны цэвэрлэгч С ийн оронд, С ийг гал тогоонд сав угаагчаар томилсон ба энэхүү тушаалыг хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь, хүсэлт гаргагч С бус С ийг сав угаагчаар томилсон ба 1992 оны цалин хөлсний баримтад 01-09 дүгээр сар хүртэл цагаан хэрэглээний угаагчаар, 1992 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл сав угаагчаар ажилласан тогтоогдож байгаа тул С гэх өөр хүний тушаал байна гэж шүүх үзлээ.
7.Дээрх үйл баримтаас үзэхэд хүсэлт гаргагч С нь тус аймгийн С сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 14-ний хүртэл үйлчлэгчээр бус 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний хүртэл цагаан хэрэглээний угаагчаар ажилласан байх бөгөөд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэхэд хүсэлт гаргагчийн зүгээс татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул хэрэгт авагдсан тус сургуулийн цалингийн тооцооны хүснэгт, үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлт гаргагчийг тус аймгийн С сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний хүртэл цагаан хэрэглээний угаагчаар, 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний хүртэл сав угаагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний хүртэл тогоочоор, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл бэлтгэгчээр тус тус ажилласан болохыг тогтоох нь зүйтэй байна.
8.Хүсэлт гаргагч С нь Б аймгийн С сумын 10 жилийн дунд сургуульд цагаан хэрэглээний болон сав угаагч, тогооч, бэлтгэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
9.Иймд хавтаст хэрэгт хүсэлт гаргагчаас болон шүүхийн санаачилгаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн багасгасан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С ийн Б аймгийн С сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл цагаан хэрэглээний угаагчаар, 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэл сав угаагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний хүртэл тогоочоор, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ