| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2009012180860 |
| Дугаар | 2022/ДШМ/311 |
| Огноо | 2022-03-17 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2022/ДШМ/311
2022 03 17 2022/ДШМ/311
Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Түвшинбаяр,
хохирогч Д.Алтанхуяг,
шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч О.Анхбаяр,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/333 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Б-д холбогдох 2009012180860 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Н-гийн Б-, Улаанбаатар хотод 1985 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “0” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хорооллын 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/
Н.Б- нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны салбарын захирлаар ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Д.А-т “Танд дараа зээл авахад чинь туслана, мөн гэрчилгээ чинь хэрэгтэй бол тэр үед нь шууд чөлөөлөөд өгнө” гэж хуурч Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “0” хотхоны 0 дугаар байрны 00 тоот орон сууцыг нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Голомт банкны 98,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиулж, зээлийн мөнгийг өөрийн дансаар авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан ба уг зээлийг эргэн төлөөгүйн улмаас барьцааны хөрөнгө шүүхийн шийдвэрээр хураагдаж, улмаар хохирогч Д.А-т 208,358,750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1726 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902009910088 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэх мөрдөн байцаалт явуулж болно” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Н.Б-д холбогдох хэргүүдийг тус тусад нь шийдвэрлэсэн тохиолдолд хэд хэдэн шийтгэх тогтоолоор түүнд ял оногдуулж эрх зүйн байдал нь дордох нөхцөл үүсч болзошгүйн гадна Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад зөрчилтэй асуудлууд тулгарахаар байх тул хэргүүдийг нэгтгэн шалгаж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан хэрэг нэгтгэх зохицуулалтыг шүүх үндэслэл болгон хэргийг прокурорт буцаажээ. Гэтэл энэ нь зөвхөн мөрдөн байцаалтын явцад прокуророос хэргийг хэрхэн нэгтгэх талаар зохицуулсан болохоос биш шүүхийн хэрэглэх зохицуулалт биш юм. Н.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжсэн байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс хэргийг буцааж болох гурван үндэслэл дотор өөр шүүх дээр хэлэлцэж байгаа эрүүгийн хэргийг нэгтгэхийн тулд прокурорт буцаах талаар байхгүй. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах хуулийн зохицуулалт байгаа тул шүүгдэгч Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг заавал буцаах шаардлагагүй байсан. Миний үйлчлүүлэгчийн хүсэл зориг нь дээрх хоёр эрүүгийн хэргийг тусад нь шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд үүний хууль зүйн үр дагаварыг бүрэн ойлгож мэдсэн. Шүүх өөр хэрэг шүүх дээр байна гэх үндэслэлээр хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас хальж дүгнэлт гэж үзэж байна.
Мөн шүүгчийн захирамжид дурьдсан нөхцөл байдал өөрчлөгдсөн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан боловч уг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцээд уг шийдвэрийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, Н.Б-д холбогдох эрүүгийн хэрэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорт буцах боломжгүй болсон. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү...” гэв.
Хохирогч Д.Алтанхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд хэргийг хурдан шийдүүлэх хүсэлтэй байгуу учраас тусад нь шийдвэрлүүлэх зөв гэж үзэж байна.” гэв.
Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Б- нь хэд хэдэн удаагийн үйлдлээр нэг төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна. Хэд хэдэн удаагийн үйлдлээр нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд зааснаар хэргийг нэгтгэх үндэслэлд хамаарах ба шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх учраас шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гарсан гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргээс үзэхэд шүүгдэгч Н.Б- нь Голомт банкны салбарын захирлаар ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Д.А-гийг “Танд дараа зээл авахад чинь туслана, мөн гэрчилгээ чинь хэрэгтэй бол тэр үед нь шууд чөлөөлөөд өгнө” гэж хуурч Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, “0” хотхоны 0 дугаар байрны 00 тоот орон сууцыг нь Голомт банкны 98,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиулж, зээлийн мөнгийг авч ашигласан ба уг зээлийг эргэн төлөөгүйн улмаас барьцааны хөрөнгө шүүхийн шийдвэрээр хураагдаж, 208,358,750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсоныг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Гэтэл дээрхтэй адил зүйлчлэлтэй хэрэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа болох нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар магадлал /2-р хх 246/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэх мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу Н.Б-д холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэж, нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан шийдвэрлэх зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарчээ.
Шүүгдэгч Н.Б-д холбогдох 1902009910088 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлт, гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гэж үзсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1726 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар магадлалын үндэслэл нь энэ хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаас өөр байгаа учир шүүгдэгчид холбогдох хоёр хэргийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад харшлахгүй.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хуульчилсан. Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд, шүүгдэгчийн өмнө үйлдсэн гэмт хэрэг нь шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй байх нөхцөл шаардаж байна. Шүүгдэгч Н.Б-ын холбогдсон нэг төрлийн хоёр хэргийн аль аль нь шүүхээр шийдвэрлэгдээгүйн гадна тусад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болох нь шүүхийн шатанд тогтоогдсоноор дээрх журмыг баримтлан хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Хэргийг нэгтгэх, тусгаарлах асуудал прокурорын эрх хэмжээнд хамаардаг бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хүсэл сонирхлыг харгалзан үзэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоогоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгчийн захирамжид заасан үндэслэлээс гадна дараах асуудлыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах шаардлагатай.
Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч Н.Б-ыг Голомт банкны салбарын захирлаар ажиллаж байхдаа Д.Алтанхуягийг хуурч Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Жаргалан” хотхоны 5 дугаар байрны 28 тоот орон сууцыг нь Голомт банкны 98,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиулан мөнгийг нь өөртөө авч ашигласан атлаа зээлийг эргэн төлөөгүйн улмаас барьцааны хөрөнгө шүүхийн шийдвэрээр хураагдаж, 208,358,750 төгрөгийн хохирол учруулсан гэсэн агуулгаар тусгажээ.
Хэргээс үзэхэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/01973 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1618 дугаар магадлалаар хариуцагч Д.А-аас 83,216,575.60 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 0-00 тоот 107 м.кв улсын бүртгэлийн Ү-2206006046 дугаар бүхий 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ. /1-р хх 167-171/ Иргэний шүүхийн шийдвэрт зааснаар хохирогч Д.А-ийн өмчлөлийн орон сууцнаас зөвхөн Голомт банкны нэхэмжилсэн 83,216,575.60 төгрөгийн хэмжээгээр төлбөр гаргуулахаар байхад прокурор дээрх орон сууцыг бүхэлд нь залилсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
Иймд хохирлын хэмжээг тодорхой болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/333 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН